Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

    2025       05          27                                          2025/ШЦТ/125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000122 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Эгийн О (РД: ...), 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаангом сумын тохижилт үйлчилгээ ОНТҮГ-т хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл нэг, ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.О нь Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө “Toyota prius-30” загварын, 17-25 УВС улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ жолоодсон нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), шүүгдэгчийн жолоодож явсан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авсан жолоочийн мэдээлэл лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/1301 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), шүүгдэгчийн согтуурлыг 6820 загварын багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), гэрч О.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), гэрч Б.Ө-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), гэрч Б.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Э.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.О нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Э-гийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах, 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА