Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/01543

 

 

 

 

 

 

 

 

2022 04 06

101/ШШ2022/01543

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,******* тоотод оршин суух Дарханчин овогт Бэгзийн Д /рд:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, дүгээр байр хаягт оршин байрлах Ш /рд:/-т холбогдох,

 

Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д намайг Ш хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Ш хүрээлэнд даалгах, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхгүй орхигдуулсны улмаас өөрт учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг Ш хүрээлэнгээс гаргуулах

Б.Д миний бие тус хүрээлэнд 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ш хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 2016 онд БНХАУ-ын Өвөр монголын их сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр археологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар болж, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргасан. Миний гаргасан хүсэлтийг тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус хүрээлэнгийн захирлын 53 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдөр ажлын байр хадгалах  дугаартай гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр ажилтан 2016 оны 09 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд суралцах, ажил олгогч уг хугацаанд ажлын байраар хангах үүргийг хүлээсэн байдаг. Миний хувьд дээрх хугацаанд судлах ёстой хичээлийг бүрэн судалж, дүнгээ авсан, диплом хамгаалах сэдвээ батлуулан авсан. Дипломын хамгаалалт нь 2021 оны 06 дугаар сард болох байсан бөгөөд цар тахлын улмаас шалтгаалан хил хаагдах, тухайн сургуульд очиж холбогдох судалгааны ажлыг хийх боломжгүй болсон. БНХАУ-ын Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн холбогдох албан тушаалтантай холбогдоход заавал биеэр ирж хамгаалах, уулзах шаардлагатай, цахимаар хамгаалах хүндрэлтэй, боломжгүй талаар утсаар хэлсэн. Ингээд миний бие Монгол Улсад байх хугацаандаа хариуцагч байгууллагад хандаж, эрх бүхий албан тушаалтантай уулзахад сургуулиа төгсөх шаардлагатай, юу ч гэсэн гэрээт ажилтан хийх талаар санал болгосны дагуу гэрээт судалгааны ажилтнаар нь 2021 оны 06 дугаар сараас 11 сарыг дуустал ажилласан. Миний өмнө ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заавал докторын зэрэгтэй байхыг шаарддаггүй бөгөөд одоо тэр ажлын байранд мөн л суралцаж байгаа хүнийг гаднаас авч ажиллуулж байгаа нь тэгш байх Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг ноцтой зөрчсөн. Ковидын нөхцөл байдал тодорхойгүй, хэзээ сургуульдаа очиж дипломоо хамгаалах нь мэдэгдэхгүй байсан тул арга буюу өөрийн өмнө эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах талаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр хүсэлтээ гаргасан боловч албан ёсны хариуг надад мэдэгдээгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дараа захирлын туслахтай уулзахад миний гаргасан өргөдлийн доор референт-д ...ажлын байр хадгалах гэрээний дагууд сургуулиа төгсөж, дипломоо аваагүй тул үндсэн орон тоонд авч ажиллуулах боломжгүй байна гэх цохолттой байхыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр харсан. Миний бие тус байгууллагад хоёргүй сэтгэлээр төрийн албан хаагчийн хувьд ажиллаж, өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхээр БНХАУ-ын Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуульд тус улсын тэтгэлгийг авч суралцсан бөгөөд надаас үл шалтгаалах хүчин зүйлсээс болж дипломоо авч чадаагүй, үүнийг үл харгалзан үзэж өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас иргэн миний Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Миний хувьд шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд төрийн албан хаагчийн өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх нийтлэг үүргийг биелүүлэхээр тэтгэлэг авч, суралцсан, өөрөөс үл хамаарах нөхцөл байдлаар дипломоо хамгаалж чадаагүй, ажлын байр хадгалах гэрээний хугацаа дууссан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон холбогдох дүрэм, журамд зааснаар ажил олгогч ажлын байраар хангах үүрэгтэй тул Б.Д намайг Ш хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Ш хүрээлэнд даалгаж өгнө үү. Мөн миний гаргасан хүсэлтийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэсэн бол өнөөдрийг хүртэл цалин, орлогогүй хохирохгүй байсан тул өөрт учирсан хохирлоо ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээгээр тодорхойлон нэхэмжилж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар өмнө гаргасан миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд татгалзлын үндэслэлээ ...ажил олгогч гэдэг нь байгууллага байх бөгөөд харин удирдлага хэрэгжүүлж буй албан тушаалтан нь ажил олгогч биш юм гэж тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ, гэж зааснаас үзвэл ажил олгогч гэдэг нь зөвхөн байгууллага гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Ш хүрээлэн нь Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгаа боловсруулалтын ажил эрхлэх, төсөл хэрэгжүүлэх, хэвлэлд шилжүүлэх ном, эрдэм шинжилгээний материалыг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Шхүрээлэнгийн дүрэмд зааснаар хамтын буюу эрдмийн зөвлөл болон захиргааны зөвлөлийн хамтын удирдлагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх хууль тогтоомжид зааснаар хариуцагчаар тодорхойлсон Шхүрээлэн хариуцагчаар бус захиргааны зөвлөлийн дарга буюу хүрээлэнгийн захирал тухайн байгууллагын салбар, нэгжийн дарга, албан хаагчдыг томилж, чөлөөлөх эрхтэй этгээдийнхээ хувьд хариуцагч болох учиртай. Өөрөөр хэлбэл, намайг өмнө ажиллаж байсан албан тушаалд томилох эрхтэй этгээд бол Шхүрээлэн бус Шхүрээлэнгийн захирал, тухайн захирлын ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүйгээс миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн юм. Гэхдээ дээрх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/Ш32022/02956 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хийсэн ...удирдлага хэрэгжүүлж буй албан тушаалтан нь ажил олгогч биш юм гэх дүгнэлтийн дагуу хариуцагчийг Шхүрээлэн гэж нэхэмжлэлдээ дурдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд миний гаргасан нэхэмжлэл хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул миний бие улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болно. Манай салбарт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус комисс ажилладаггүй тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

ШУААХ-н дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгуулна. Би тус хүрээлэнд 2010.6.1-с эхлэн ажиллаж байгаа 2016 онд БНХАУ-д тэтгэлгээр докторын зэрэг хамгаалах болсон. Улмаар хариуцагчид хүсэлт гаргаж, эрх бүхий албан тушаалтан нь хүлээн авч захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, ажлын байр хадгалах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 5 жилийн хугацаанд суралцах улмаар ажлын байраар хангах үүрэг хүлээсэн. Би судлах зүйлээ судлаад хамгаалахад бэлэн болсон. Гэвч ковидоос болж боломжгүй болсон. Сургуультай холбогдоход заавал биеэр очих болсон. Улмаар хариуцагчтай уулзахад сургуулиа төгсөх шаардлагатай гэсэн тул туслах ажилтнаар ажилласан. Миний ажиллаж байсан ажил доктор байхыг шаардахгүй. Ковид хэзээ дуусах нь тодорхойгүй байсан тул 2021.11 сард хариуцагчид хүсэлтээ өгсөн боловч хариу өгөөгүй. Гэтэл 2022.1 сард боломжгүй гэж цохолт хийсэн байсан. Өөрөөс үл хамаарах нөхцөл үүссэн юм. Ковидын хуульд зааснаар ажлын байраар хангах үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ш хүрээлэн нь шүүхэд болон түүний төлөөлөгч З.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хүрээлэнгийн нэр дээр Бэгз овогтой Д 2022 оны 02-р сарын 24- ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь албан тушаалд эргүүлэн томилуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг хүрээлэнгээс гаргуулах гэсэн байна. Нэхэмжлэл гаргагч Б.Д нь 2016 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэл ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ажиллаж байгаад мөн оны 09-р сараас БНХАУ-д суралцахаар явжээ. Ийнхүү явахдаа тухайн үеийн хүрээлэнгийн удирдлагатай ажлын байр хадгалах гэрээг байгуулсан байна. 2019 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу ШУА-ийн хүрээлэнгийн бүтцэд өөрчлөлт орж, Түүх-археологийн хүрээлэнг Түүх, угсаатны хүрээлэн болон Археологийн хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсан. Энэ үед Археологийн хүрээлэнг 43 хүний орон тоотойгоор дахин байгуулсан бөгөөд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан шинэ хүрээлэнгийн орон тоонд нэхэмжлэл гаргагчийн орон тоо, нэр ороогүй байдаг. Тиймээс ШУА-ийн Археологийн хүрээлэн нь нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг хүлээн авч ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэл гаргагч нь 2021 оны 03-р сард ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-д үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй болсон тул хүрээлэнд ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж, ажилд орох өргөдөл өгсөн. Хүрээлэнгийн удирдлага хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 6-р сараас 11-р сар хүртэл гэрээт ажилтан-аар авч ажиллуулсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг хангалттай биелүүлээгүй тул хүрээлэнгийн зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг зогсоосон юм. Б.Д нь гэрээт ажлын хугацаа дуусахтай зэрэгцэн 2021 оны 11-р сарын 24-ний өдөр Археологийн хүрээлэнгийн захиргаанд дахин өргөдөл гаргасан. Уг өргөдөлд суралцахаар явахад Түүх, археологийн хүрээлэнтэй ажлын байр хадгалах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу үндсэн орон тоон дээр ажиллах хүсэлт өгсөн байв. Уг гэрээ нь 2021 оны 07-р сар хүртэл 5 жилийн хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дууссан байна. Түүнээс гадна гэрээний 2.2 дахь заалтад Гэрээнд заасан хугацаандаа ирж, хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ, 2.3-д Эрдэм шинжилгээний ажилтан нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж захирлын зөвлөл үзвэл ажлын байраар хангана хэмээн заажээ. Гэрээний үндсэн заалт нь нэхэмжлэл гаргагч Б.Д БНХАУ-д докторантурт суралцаж, докторын зэрэг хамгаалж ирэх явдал юм. Гэвч нэхэмжлэл гаргагч нь цар тахлын нөхцөл байдлаас болж докторын зэргээ хамгаалж чадаагүй бөгөөд хэзээ хамгаалах нь тодорхойгүй байна. Энэ асуудлаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Захиргааны зөвлөл 2022 оны 02-р сарын 14-ний өдөр хуралдаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул үндсэн ажилтнаар авч ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Дээр өгүүлсэн зүйлсээс тодорхой харагдаж байгаачлан нэхэмжлэл гаргагч Б.Дийн хувьд ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй шүүхийн маргаан үүсгэх нөхцөл байдал байхгүй юм. Мөн Түүх, археологийн хүрээлэнтэй байгуулсан ажлын байр хадгалах гэрээ-ний үндсэн заалт болох докторын зэргээ хамгаалж буцаж ирэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ШУА-ийн Археологийн хүрээлэн уг хүнийг ажлын байранд авч ажиллуулах боломжгүй байна. Түүнчлэн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн зүгээс нэхэмжлэл гаргагч Б.Дийг 5 сарын хугацаанд тодорхой ажлын байраар хангаж, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэхийг хичээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг хангалттай биелүүлээгүй тул цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан болно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх маргааныг шийдвэрлэхдээ манай хүрээлэнгээс гаргаж буй энэхүү тайлбар, нөхцөлийг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Дээр дурдсан зүйлстэй холбоотой тушаал, шийдвэр, гэрээний хуулбар, өргөдлийн хуулбар, хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр зэрэг холбогдох бичиг баримтыг хавсралтаар хүргүүлэв. Мөн нэмж лавлах, асууж тодруулах зүйл гарвал эргэн холбогдоно уу.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хүрээлэнд дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан. Улмаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар ажлын байр хадгалах гэрээ байгуулсан. Энд докторын зэрэг хамгаалсан тохиолдолд эгүүлэн ажилд авахаар тохиролцсон. Мөн зохион байгуулалт өөрчлөгдөж уг ажлын байр байхгүй болсон. Мөн ажлын байр хадгалах гэрээний үүргээ биелүүлээгүй. Баримтаар хамгаалсан эсэх нь тодорхойгүй байна. Баримт нь шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ажлын байр хадгалах гэрээтэй холбогдуулан гаргасан байна. 2.3-т гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж захирлын зөвлөл үзсэн тохиолдолд эгүүлэн авахаа заасан байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн түүхийн тэнхимийн докторант Б.Дийн дүнгийн мэдээллийн орчуулга /хэргийн 10 дугаар тал/, ажлын байр хадгалах гэрээний хуулбар /хэргийн 12 дугаар тал/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 13-17 дугаар тал/, Шинжлэх ухааны академийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/30 дугаар албан тоот /хэргийн 18 дугаар тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02956 дугаар захирамж /хэргийн 58-59 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Ш хүрээлэнгийн дүрмийн хуулбар /хэргийн 24-28 дугаар тал/, Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 328 дугаар тогтоол, түүний хавсралтын хуулбар /хэргийн 35-38 дугаар тал/, түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /хэргийн 39-41 дүгээр тал/, археологийн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/11 дүгээр албан тоот, түүний хавсралтын хуулбар /хэргийн 42-44 дүгээр тал/, археологийн хүрээлэнгийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тушаал, түүний хавсралтын хуулбар /хэргийн 45-47 дугаар тал/, Б.Дийн өргөдлийн хуулбар /хэргийн 48 дугаар тал/, ажлын байр хадгалах гэрээний хуулбар /хэргийн 49 дүгээр тал/, ШУА-н археологийн хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн хуулбар /хэргийн 50-51 дүгээр тал/, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн Б/33 дугаар тушаалын хуулбар /хэргийн 68 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ш хүрээлэнд Б.Дийг тус хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 2,810,973.88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Д нь Ш хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ш хүрээлэн нь ажлын байр хадгалах гэрээнд заасан докторын зэрэг хамгаалах үүрэг биелэгдээгүй, ажлын байраар хангах үүрэггүй гэж маргасан.

 

Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн нь Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 328 дугаар тогтоолоор Археологийн хүрээлэн болж өөрчлөн зохион байгуулагдсан болох нь уг 328 дугаар тогтоол, түүний хавсралтын хуулбар, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар, Археологийн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/11 дүгээр албан тоотын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 35-44 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Д нь Түүх, археологийн хүрээлэнд дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдсон. /хэргийн 13-17 дугаар тал/ Улмаар мөн өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ажлын байр хадгалах гэрээ байгуулсан байна. /хэргийн 12 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь ажлын байр хадгалах гэрээнд зааснаар докторын зэрэг хамгаалах үүргээ биелүүлээгүй, мөн уг гэрээгээр ажлын байраар хангах үүрэггүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь энэ асуудлын талаар судлах ёстой хичээлийг судалж дуусгасан бөгөөд цар тахлын улмаас хил хаагдсан тул зэрэг хамгаалж чадаагүй гэж тайлбарласан.

 

Ажлын байр хадгалах гэрээгээр ажилтан буюу нэхэмжлэгч нь судлаачийн үүргээ биелүүлэх, хятад хэл эзэмших, эрдмийн зэрэг хамгаалах, хүрээлэн буюу хариуцагч нь судалгааны ажилд хяналт тавих, захирлын зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, үүргээ биелүүлсэн гэж дүгнэвэл ажлын байраар хангах үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрхээс үзэхэд хэдийгээр тодорхой нөхцөл заасан боловч хариуцагчийн төлөөлөгчийн ажлын байраар хангах үүрэггүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь судалгааны ажил, хийж энэ талаар үүргээ гүйцэтгэсэн болох нь Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн түүхийн тэнхимийн докторант Б.Дийн дүнгийн мэдээллийн орчуулгаар тогтоогдож байна. /хэргийн 10 дугаар тал/

Энд дээрх баримтын хятад хэл дээрх хувь нь нотариатаар гэрчлэгдсэн, улмаар орчуулгад тэмдэг дарагдсан тул нотлох баримтаар үнэлж, харин хэргийн 58-59 дүгээр талд байгаа баримтын хувь нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Ажлын байр хадгалах гэрээгээр 2016 оны 09 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд суралцахаар тохиролцсон байна.

Улмаар 2020 оноос 2021 онуудад цар тахлын улмаас хөл хорио тогтоогдож, улсын хил хаагдсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх нотлох шаардлагагүй.

Нэгэнт хөл хорио тогтоогдож, улсын хил хаагдсан тул нэхэмжлэгчийн зэрэг хамгаалах ажиллагаа нь түүнээс үл шалтгаалах нөхцөлийн улмаас гүйцэтгэгдэх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ШУА-н Археологийн хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.Дийг ажилд эгүүлэн томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гэрээний үүрэг биелэгдээгүй гэж дүгнэжээ. /хэргийн 50-51 дүгээр тал/

 

Гэвч дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь судалгааны үүргээ биелүүлсэн бөгөөд харин зэрэг хамгаалах нь түүнээс үл шалтгаалах нөхцөлөөс болж биелэгдэх боломжгүй болсон бөгөөд гэрээний хугацаа дууссан байна.

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

 

Мөн зохигчид нэхэмжлэгчийг 2021 оны 06 дугаар сараас эхлэн 11 сар хүртэлх хугацаанд гэрээт ажилтнаар ажилласан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээт ажилтны үүргээ биелүүлж дуусаад үндсэн ажилтнаар ажиллах тухай хүсэлт гаргасан болох нь түүний өргөдөл, дээрх захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 48 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлын байранд буцаан томилоогүй нь эс үйлдэхүйн хувьд буруу байх тул ажил, албан тушаалд буцаан томилохыг даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд буцаан томилох нь зүйтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Харин эхлэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сар хүртэл гэрээт ажилтнаар ажилласан, улмаар хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдөлд боломжгүй гэсэн цохолт хийж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлийн хариуг өгсөн байх тул 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 48, 18 дугаар тал/

 

Ийнхүү тооцвол анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 4 сар 6 хоног юм.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 06-08 дугаар саруудад сард 658,822 төгрөгийн цалин хөлс авдаг байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 13-17 дугаар тал/

Иймд 1 хоногт ногдох цалин хөлс нь 29,280.98 төгрөг тул 4 сард 2,635,288 төгрөг, 6 хоногт 175,685.88 төгрөг, нийт 2,810,973.88 төгрөгийн олговор тооцогдоно.

 

Түүнчлэн хэдийгээр нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч ажилгүй байсан хугацааны олговор олгогдох тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар албан журмаар даатгуулж, шимтгэл төлөх бөгөөд энэ асуудлыг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Энэ төрлийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.

Харин хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ажил албан тушаалд эгүүлэн томилох болон олговорт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнд нэхэмжлэгч Дарханчин овогт Бэгзийн Д /рд:/-г тус хүрээлэнд дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны ажил, албан тушаалд томилохыг даалгасугай.

2.            Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,810,973.88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 130,125.59 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД