Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00054

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Г.Баярмаа,
Гэрч О.Гансэнгэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр,
шүүгдэгч М.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0042/Э индекстэй, 201706000012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин, “Эко алт” ХХК-д операторчин, ам бүл 4, ээж, эгч, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 2-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хартугчин овогт Буянхишигийн Амартүвшин /РД: ФМ81102213/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Амартүвшин нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт 49-27 ОРХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Баярмаад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Амартүвшингийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Гансэнгэтэй уулзаад түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд байж байсан юм. Энэ үед Баярмаа над руу утсаар залгаад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу явж өгөхийг гуйсан. Би түүнд явах болможгүй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа над руу хэсэг дахин утсаар залгаад явж өгөхийг гуйсан. Би түүнд шатахуун байхгүй гэдгээ хэлэхэд шатахуун хийж өгнө гэж хэлсэн. Ингээд Гансэнгэ бид хоёр Баярмааг гэрээс нь очиж авсан. Орхон аймгаас гарахаасаа өмнө шатахуун авсан. Замд бороотой зам халтиргаатай байсан. Их муу зам байсан учраас би өөр замаар явахаар болж замаасаа гарсан. Бид замаасаа гарсаны дараа төөрсөн, мөн тээврийн хэрэгсэл шаварт суусан. Зам дээрээс тээврийн хэрэгслээс тусламж авах гэсэн боловч тээврийн хэрэгслүүд зогсохгүй байсан. Харин нэг тээврийн хэрэгсэл зогссон бөгөөд түүгээр өөрийн тээврийн хэрэгслээ шавраас татуулсан. Тэр тээврийн хэрэгслийн жолооч нь Баярмаагийн танил нь байсан. Гансэнгэ бид хоёрыг тээврийн хэрэгслээ шавраас гаргаж байхад тэр тээврийн хэрэгслийн жолооч архи гаргасан байсан. Ингээд бид тээврийн хэрэгслээ шавраас гаргаад цааш замдаа гарсан. Баярмаа тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн хөгжимийн дууг чангалсан. Энэ үед миний анхаар саринсан, үүнээс болж тээврийн хэрэгсийн тэнцвэр алдагдсанаас болж зам тээврийн осол болсон. Бид нар маргааш өглөө нь ухаан орсон, ухаан ороход бороо орж байсан. Гансэнгэ хадам ээж рүүгээ ярьсан байсан. Би Гансэнгэ, Баярмаа нарыг зүгээр эсэхийг асуухад зүгээр гэж хэлсэн. Гансэнгийн хадам ээж ирж бид Орхон аймгийн төв рүү явсан. Баярмааг гэрт нь хүргэж өгөхөд нуруу өвдөөд байна гээд байсан. Би түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Би Баярмаагийн эмчилгээний төлбөрийг төлсөн. Зам тээврийн осол болсны дараа Баярмаа зүгээр байсан болохоор би цагдаа, эмнэлгийг тусламж дуудаагүй. Баярмаа эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Энэ хугацаанд би эмчилгээний төлбөрийг төлсөн. Үүний дараа Баярмаа Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Би түүнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний төлбөрийг өгч байсан. Улаанбаатар хотод 1 сар болсон байх. Би Баярмаатай эмчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Ингээд би Заамарт Эко алт ХХК-д ажилд орсон. Эко алт ХХК нь цалингаа цаг тухайд нь өгөхгүй байсан учраас би Баярмаад мөнгө өгөх боломжгүй болсон. Үүний дараа Баярмаа цагдаагийн газарт гомдол гаргасан байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Баярмаагийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр надад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу явах ажил гарсан юм. Ийм учраас би Амартүвшинг явж өгөхийг гуйсан. Харин Амартүвшин шатахуун байхгүй гээд явах боломжгүй гэдгээ хэлсэн. Үүний дараа би дахин утсаар залгаад гуйсан. Үүний дараахан 10 минутын дараа Амартүвшин над руу залгаад гэрийн гадаа ирсэн гэдгээ хэлсэн. Бид Орхон аймгаас 2300 цагийн үед гарсан бөгөөд замаараа 10000 төгрөгт шатахуун авсан. Замд явж байхад урдаас цагдаагийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Энэ үед Амартүвшин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гээд замаас гарч өөр замаар явсан. Би өөр замаар явж байгаад төөрсөн, мөн тээврийн хэрэгсэл шаравт суусан. Тээврийн хэрэгслийг шавраас гарахаар түрсэн боловч гарахгүй байсан. Ингээд бид зам дээр гарч бусад тээврийн хэрэгслээс тусламж авах гэсэн боловч замаар явж байгаа тээврийн хэрэгслүүд зогсохгүй байсан. Харин сүүлд суудлын тээврийн хэрэгсэл зогссон. Тэр тээврйин хэрэгслийн жолооч бидэнд туслахыг зөвшөөрсөн бөгөөд шаварт суусан тээврийн хэрэгслийг татсан боловч гарахгүй байсан. Ингээд бид дахин өөр 2-3 хүмүүсээс тусламж авсан бөгөөд тээврийн хэрэгсэл шавраас гарсан. Амартүвшин тусласан тээврийн хэрэгслийн жолоочийг миний танил хүн байсан гээд байна. Миний таньдаг хүн байгаагүй. Харин зүс мэдэх хүн байсан. Бидэнд тусласан хүмүүс архи гаргасан бөгөөд түүнээс Гансэнгэ, Амартүвшин нар 2-3 удаа уусан. Дараа нь бид цааш замдаа гарсан. Амартүвшин их хурдан яваад байхаар нь би хурдаа хасахыг сануулсан. Харин Амартүвшин надад найз нь сандраад байна гэж хэлсэн. Үүний дараа зам тээврийн осол болсон. Намайг ухаан ороход Амартүвшин санаа зовсон байдалтай гүйгээд байсан. Биднийг Гансэнгийн хадам ээж ирж авсан. Тухайн үед миний нуруу өвдөөд байсан. Би нуруугаа гайгүй болох байх гэж бодсон. Гэртээ очсоны дараа хөл рүүгээ харахад маш их цус гарсан байсан. Энэ үед манай захирал над руу утсаар залгасан. Би захиралд болсон үйл явдлын талаар хэлсэн. Ингээд захирал, сургалтын менежер нартай хамт эмнэлэг явсан. Би Орхон аймгийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Амартүвшин тээврийн хэрэгслээ зохицуулаад ирье гэж хэлсэн. Би түүнийг тээврийн хэрэгслээ авч ирэх гэж байна гэж бодсон. Үүний дараахан надаас мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Миний шинжилгээний хариу гарсан бөгөөд олон хавирганы хугарлтай, мөн хавсарсан гэмтэлтэй гэсэн байсан. Эмч надад хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор эмч, сувилагч нар, мөн тээврийн хэрэгсэл хөлслөсөн. Намайг Орхон аймагт байхад Амартүвшин 600000 төгрөг өгсөн. Улаанбаатарт очиход 1000000 төгрөг өгсөн. Би эмч, сувилагч нарын гарыг цайлгаж мөнгө өгсөн. Би нийт 2000000 төгрөгөөр хагалгаанд орсон. Буцаад Орхон аймаг руу явах болохд мөн л тээврийн хэрэгсэл хөлслөх шаардлагатай болсон учраас Амартүвшин рүү утсаар ярьж түүнээс 200000 төгрөг авсан. Үүнээс хойш Амартүвшин мөнгө байхгүй Заамар руу явж ажил хийж надад мөнгө гэж хэлээд явсан. Амартүвшин Заамар руу явснаас хойш сураггүй алга болсон. Орхон аймагт сайн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Амартүвшин холбоогүй алга болсон учраас би гомдол гаргасан. Миний гэмтлүүд одоо эдгэрч байгаа. Би одоо 5 сартай жирэмсэн, мөн ажлын ачаалалтай ажиллаж байна. Үүнээс болж миний нуруу их өвдөж байгаа. Би цаашид гарах хохирол төлбөрийг тухай бүрт нь Амартүвшингээс нэхэмжилнэ. Өмнөх шүүх хуралдаан болоход Амартүвшин надад 1000000 төгрөг өгнө, харин цаашид эмчилгээтэй холбоотой гарах хохирол төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ хийхээр тохиролцох санал тавьсан. Үүний дагуу бид эвлэрлийн гэрээг байгуулсан. Дараа нь өгнө гээд байсан 1000000 төгрөгөөс 200000 төгрөгийг амьдралын шаардлагаар өөр зүйл зарцуулсан гэдгээ хэлсэн. Би хохирол төлбөр буюу эмчилгээний зардалд 2700000 төгрөг авсан. Цаашид эвлэрлийн гэрээний дагуу цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад гомдол, санал байхгүй. Одоо хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж болно гэх мэдүүлэг,
Гэрч Гансэнгийн өгсөн: “Би тэр өдөр Амартүвшингээр гэртээ хүргүүлэх гэж байсан юм. Гэтэл Баярмаа Амартүвшинрүү удаа дараа залгаж Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу хүргээд өгөөч гээд байсан. Амартүвшин зөвшөөрч машиндаа шатахуун хийчихээд Хялганат тосгон руу хөдөлсөн. Замд бороотой байсан тул өөр замаар явж байгаад шаварт суусан. Тэгээд замын унаагаар татуулж машинаа гаргаад цааш хөдлөөд явж байхдаа осолд орсон. Маргааш нь сэргэхэд гадаа бороотой байсан ба би хадам ээжийгээ дуудаж авахуулсан. Тухайн үед Баярмаа гайгүй байх шиг байсан гэх мэдүүлэг,
201706000012 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Г.Баярмаагийн өгсөн: “... Би 2016 оны 08 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас шөнийн 23 цаг 30 минутын орчимд байх Булган аймгийн Хангал сум руу жолооч Б.Амартүвшин, түүний найз О.Гансэнгэ гээд залуугийн хамтаар Пажеро маркийн 49-27 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найзтайгаа уулзах гээд гарсан юм.Тэгээд жолооч Б.Амартүвшин шороон замаар явж байсан. Тэгээд нэлээн хурдтай яваад байхаар нь чи хурдтай яваад байна ш дээ гэж хэлэхэд Б.Амартүвшин нь би аль хэдийн жолооны хүрдээ алдчихсан явж байна, машинаа хянах чадвараа алдсан гэж хэлээд улам хурдаа нэмээд байсан. Тэгээд нэг мэдэхэд машин замаас гарч онхолдоод өнхөрсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд өглөөний 07-гоос 08 цагийн хооронд О.Гансэнгийн хадам ээж болох Д.Сэлэнгээ нь бид 3-ыг ослын газраас ирж аваад намайг гэрт Б.Амартүвшингийн хамт хүргэж өгсөн. Тэр үед миний хоёр хөлний шилбэнээс цус гараад байсан тухайн үед гайгүй байх гэж бодсон боловч миний нуруугаар маш их хөндүүрлэж өвдсөн.Тэгэхээр би Амартүвшингийн хамт захирал Г.Баярааг дуудаж Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн.Тэгсэн хүлээн авахын эмч рентген зураг авахуулаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд шууд гэмтлийн тасагт хэвтсэн. Тэгээд эмнэлэгт хоёр хоног хэвтэн эмчлүүлж байгаад дахин нурууны рентген зураг авахуулаад түүний хариу гармагц Эрдэнэтийн эмч нар манай нөхцөлд хагалгаа хийх боломжгүй гээд Улаанбаатар хот руу явах шаардлагатай гээд хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон.Түүнээс хойш би эмнэлгийн байгууллагаар тогтмол эмчлүүлэх болсон ба 2016 оны 08 дугаар сарын 28-наас биеийн байдал сайжирч Улаанбаатар хотын эмнэлгээс Эрдэнэтийн амбулиторын тасагт ирж хэвтэх болсон.Тэгээд Эрдэнтийн эмнэлэгт 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл эмчлүүлсэн.Түүнээс хойш миний биеийн байдал гайгүй болж байгаа бөгөөд ер нь байнгын эмнэлгээр явж эмчлүүлж байна.Би 10000000 төгрөг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/
Гэрч О.Гансэнгийн өгсөн: “...Гурвуулаа Хялганат тосгон руу явсан ба Баярмаа шатахуун түгээх газраас бензин авсан. Хангал сумын наад талд шороон замаар явж байтал машин бөгс хэсэг рүү хоёр тийшээ дайвалзаад Б.Амартүвшин жолооны хүрдээ тэнцвэржүүлэх гэсэн боловч чадалгүй замаас гарч онхолдсон.Тэгээд осол болсоны дараа би хэсэг хугацаанд ухаан алдсан ба нэг мэдэхэд Баярмаа ёо ёо гээд гээд орилоод байсан.Тэр үед Амартүвшин газарт ухаангүй хэвтэж байсан ба Амартүвшин ухаан ормогц Баярмааг машинд өргөж оруулсан. Би ээж Сэлэнгээг утсаар дуудсан.Тэгтэл манай ээж машинтай ганцаараа ирж бид гуравыг аваад Баян-Өндөр суманд ирсэн. Би гэртээ үлдсэн. Ээж нөгөө хоёрыг аваад эмнэлэг хүргэж өгөхөөр явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай
1. Г.Баярмаагийн биед хавсарсан гэмтэл, сээрний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун 2,3,4-р хавирганы суганы урд шугамаар зөрөөгүй, 5,6,7, 8,9 дүгээр хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, уушигны няцрал, цээжний хөндийд хий хуралдалт, 2 шилбэнд шарх зэрэг гэмтэл үүсчээ.
2. Эдгээр гэмтэл нь мохоо зуйлийн олон удаагийн цохих, цохигдох, дарах, дарагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний үүссэн байж болно.
4. а. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
б.Цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун 2,3,4-р хавирганы суганы урд шугамаар зереегуй, 5,6,7, 8,9-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал , уушигны няцрал, цээжний хөндийд хий хуралдалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, сээрний 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал нь тус бүрт ээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хундэвтэр зэрэгт, 2 шилбэний шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
б.Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх 41тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 тал/, мөрдөн байцаагч дэслэгч М.Нандинэрдэнийн илтгэх хуудас /хх 16 тал/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх 30 тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт /хх 51,52 тал/, “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх 57-61 тал/, шүүгдэгч Б.Амартүвшингийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 74-77 тал/, ял шалгуурын хуудас /хх 79 тал/, ам бүлийн тодорхойлолт /хх 81 тал/, хохирогч Г.Баярмаагийн өвчний түүх /хх 89-100 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Амартүвшин нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт 4927 ОРХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.Баярмаагийн биед хүнд гэмтэл учруулсан хууль зүйн факт болжээ.
Энэ үйл баримт нь хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Амартүвшингийн “...би дээрх зам тээврийн осол гаргасан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн..” гэх мэдүүлэг, Г.Баярмаагийн ”... нэлээн хурдтай яваад байхаар нь чи хурдтай яваад байна ш дээ гэж хэлэхэд Б.Амартүвшин нь би аль хэдийн жолооны хүрдээ алдчихсан машинаа хянах чадвараа алдсан гэж хэлээд улам хурдаа нэмээд байсан. Тэгээд нэг мэдэхэд машин замаас гарч онхолдоод өнхөрсөн. Үүнээс үүдэн эрүүл мэндээрээ хохирсон . Би хохирол төлбөр буюу эмчилгээний зардалд 2700000 төгрөг авсан. Цаашид эвлэрлийн гэрээний дагуу хохирол төлбөрөө нэхэмжлэнэ. Одоо хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж болно гэх мэдүүлэг, гэрч О.Гансэнгийн ...машин бөгс хэсэг рүү хоёр тийшээ дайвалзаад Б.Амартүвшин жолооны хүрдээ тэнцвэржүүлэх гэсэн боловч чадалгүй замаас гарч онхолдсон..” гэх мэдүүлэг, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9 тоот дүгнэлт, ....Цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун 2,3,4-р хавирганы суганы урд шугамаар зөрөөгүй, 5,6,7, 8,9-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал , уушигны няцрал, цээжний хөндийд хий хуралдалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, сээрний 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй хугарал нь тус бүрт ээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хундэвтэр зэрэгт, 2 шилбэний шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Амартүвшин нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас зам, тээврийн осол гаргаж, хүний биед хүнд гэмтэл учруулсан” үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч М.Амартүвшинг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Амартүвшингийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баярмаа нь биеэ эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардал 12460000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мон Агро ХХК-иас эм тариа авсан 185000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монос Улаанбаатар эмийн сангаас эм авсан үнэ 6000 төгрөг, 46500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Гэмтэл эмийн сангаас авсан барааны үнэ 5900 төгрөг, 6000 төгрөг, 19300 төгрөг, 16000 төгрөг,18600 төгрөг, 15600 төгрөг, гуурсны үнэ 30000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл эмийн сангаас авсан барааны үнэ 2000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Гэмтэл эмийн сангаас авсан барааны үнэ 15000 төгрөг, 18000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монос-Энхжин эмийн сангаас авсан наалтны үнэ 4500 төгрөг, 18600 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монос Улаанбаатар эмийн сангаас авсан эмийн үнэ 30500 төгрөг, SGT эмийн сангаас авсан тосон түрхлэгний үнэ 13000 төгрөг, 6300 төгрөг, 5700 төгрөг, 11600 төгрөг, 3500 төгрөг нийт 477660 төгрөг гаргуулж хохирогч Баярмаад олгох үндэслэлтэй боловч шүүгдэгч нь эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 2700000 төгрөг төлсөн ба хохирогч гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч Баярмаа нь ажилгүй байсан хугацааны цалин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний ЭМД-ын 15% буюу 76134 төгрөг, хагалгааны зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Амартүвшинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохиролыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4927 ОРХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож түүнийг эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, 3 дугаар хороолол 23-154 тоотод оршин суух Довдонгийн Буянхишиг нь 2012 оны 7 дугаар сарын 4-ны өдөр нас барсан байх тул түүний төрсөн хүү Б. Амартүвшинд буцаан олгох нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хартугчин овогт Буянхишигийн Амартүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Амартүвшинд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Баярмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 49-27 ОРХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнийг эзэмшигч Довдонгийн Буянхишигтын төрсөн хүү Б. Амартүвшинд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Амартүвшинд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амартүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ