Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0883

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С г д******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: “С г д******” ХХК газар эзэмших эрхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С г д******” ХХК-иас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар  сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар тус дүүргийн Хонхор  нэртэй газар 2000 м.кв хэмжээтэй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг “А н т******” ХХК-д олгожээ.

3.Харин “А н т******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/002 дугаар шийдвэрээр “А н т******” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дэх “А н т******” ХХК-ийн нэрийг “С г д******” ХХК болгож өөрчилсөн.

4.Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/48 дугаар албан бичгээр ...хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тул 000304361 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, 2590204 тоот регистрийн дугаартай, солигдсон нэр болох “С г д******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлсэн байна.

5.Баянзүрх Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/499 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нэртэй газар 19995 м.кв газрыг    Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 000023762 дугаар  гэрчилгээг “С г д******” ХХК-д олгожээ.

6.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.5, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С г д******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

7.Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13/563 тоот албан бичгээр нэхэмжлэгчид ...”газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөх...”, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох...” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.

8.Нэхэмжлэгч “С г д******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24, 25, 26, 27 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй, захиргааны акт гарсны дараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д “заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн тус тус хуульчлан заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д “заасан нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсохтой холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн” гэж үзэж байна.

2/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.4-т “....зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлээгүй/ барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй  г.м/байхыг ойлгоно хэмээн заасан. Манай компани 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 тоот шийдвэрийг үндэслэн, 2021 оны 4 дүгээр сарын  06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа энэхүү заалтыг үндэслэн цуцалсан байна.

3/Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтыг уг захирамжид үндэслэсэн бөгөөд энэхүү нөхцөл хангагдсан тохиолдолд цуцлах үндэслэл болох учиртай. Гэтэл хуулийг хэрхэн удаа дараа, ноцтой зөрчсөн талаарх аливаа мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд газар эзэмшигч байгууллагын хувьд аливаа зөрчил гаргаагүй.

4/ “..., газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэжээ. Татварын ерөнхий газартай хамтран дундын мэдээллийн сан байгуулж Газрын төлбөр, татварыг цахим системээр дамжуулан ногдуулалтыг үүсгэж Татварын удирдлагын цахим системд илгээснээр иргэн, хуулийн этгээд нь цахим орчинд и-баримт болон

интернет банк зэрэг ашиглан дээрх газрын төлбөр, татваруудыг төлөх боломжийг

бүрдүүлсэн.

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан боловч 2022 онд газрын төлбөр төлөх төлбөрийн нэхэмжлэл гарч байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэмээн ойлгож, газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүссэн даруйд Монгол улсын Газрын төлбөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 2021, 2022 онуудад нийт 10,737,316 /арван сая долоон зуун гучин долоон мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг төлсөн.

Иймд Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, “С г д******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо А/369 тоот захирамж хууль бус болохыг тогтоож, манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/409 тоот шийдвэрийн дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор хаягт байрлах нэгж талбарын 1333105619 дугаартай газрыг худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалттай 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр авсан. Хэдийгээр дэлхий нийтээр цар тахал гарч ажил хийх боломжгүй хязгаарлагдмал нөхцөл байдал байсан хэдий ч уг газар дээр бүтээн байгуулалтын ажилтай холбоотой ажлыг хийж холбогдох гэрээ хэлцэл хийх шатандаа явж байтал 2021 оны 07 сарын 28-ны өдрийн А/369 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсныг бусдаас олж мэдсэн бөгөөд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24, 25, 26, 27 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны акт гарсны дараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримт цуглуулах үүргийг хүлээдэг. Захиргааны актыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал тайлбар хийх боломж олгох талаар хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд үүнд газар эзэмшигч газар дээрээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу барилга байгууламж зам дагуу бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Манай компани 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/409 тоот шийдвэрийг үндэслэн 2021 оны 04 сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа газар эзэмших эрхийг цуцалсан. 3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай. Гэтэл ийм зөрчил гаргаж байгаагүй. 4. Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн. Татварын ерөнхий газартай хамтран мэдээллийн сан байгуулж аж ахуйн нэгжийг цахим системд татварыг төлөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. 2021 оны 07 сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо захирамж гаргасан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчинтэй гэж үзсэн тул газрын төлбөрийн даалгавар үүссэний дагуу 2021, 2022 онд нийтдээ 10 737 316 төгрөг төлсөн байдаг. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******** шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/149 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хо******” ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 20000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаартай “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар “А н т******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн шийдвэрлэсэн.

2/Улмаар дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/499 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар газар эзэмшигчийн нэр өөрчилж, “С г д******” ХХК-д 19995 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон.

3/Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “С г д******” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэл 5 602 165 (Таван сая зургаан зуун хоёр мянга нэг зуун жаран тав) төгрөг байна.

4/Тус компани нь дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй байсан тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, A/309 дүгээр захирамж, 2016 оны А/967 дугаар захирамжаар “2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх”-ээр даалгасан тул дээрх аж ахуй нэгж байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилсэн болно.

Дээрх нөхцөл байдлууд нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудын үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон байна. Иймд “С г д******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 369 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтын тус хуулийн этгээдэд хамаарах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2014 оны 02 сарын 05-нэхэмжлэгч  өдрийн А/28 дугаар захирамжаар "А н т******" ХХК-ийн нэр дээр эзэмшиж эхэлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 19/002 дугаартай “А н т******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр уг компанийн гэрчилгээ, дүрэм дэх нэрийг “С г д******” ХХК болгож өөрчилсөнтэй холбоотойгоор дүүргийн Газрын албанд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/48 дугаартай албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган ... солигдсон нэр болох С г д****** ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, Засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/499 дугаар захирамжаар газар эзэмшигчийн нэр солигдож, хугацааг сунгасан байна.

2/Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”. 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална гэж заасан.

3/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” 40.1.5- “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6-д  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-ийг үүрэг болгосон байна.

Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, зориулалтын дагуу ашиглах заалтуудыг зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна.

Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2017 онд 660,000 төгрөгийг, 2020 онд 1,803,210 төгрөгийг дутуу төлсөн зөрчил гаргасан бөгөөд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгоход буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 5,602,165 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.

3/Нэхэмжлэгч нь 2014 оны 02 сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/499 дугаар захирамжаар эзэмших эрхийг шилжүүлж, хугацааг сунгах хүртэл 6,8 жил, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарах хүртэл 7,5 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж газар эзэмшсэн бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021.04.05-ны өдрийн 13/563 дугаартай мэдэгдлээр олгосон боломжит хугацаанд дуудлага худалдааны анхны үнийг төлөх арга хэмжээ аваагүй.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 33.1.2-т заасан заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин

дуудлага худалдаанд оруулна” гэж заасан.

          4/Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт “нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны ажиллахыг” Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон.

5/Сонсох ажиллагааны тухайд; Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд Газар зохион байгуулалтын албанаа 2021.04.05-ны өдрийн 13/563 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар,саналаа ирүүлээгүй

болно.

          Нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагчаас гарах шийдвэр, түүний ур дагавар өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор  нэртэй газар 2000 м.кв хэмжээтэй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 000304361 дүгээр  эрхийн гэрчилгээг “А н т******” ХХК-д олгож, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулжээ.

2.“А н т******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/002 дугаар шийдвэрээр “А н т******” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дэх “А н т******” ХХК-ийн нэрийг “С г д******” ХХК болгож өөрчилжээ.

3.Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/48 дугаар албан бичгээр ...хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тул 000304361 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, 2590204 тоот регистрийн дугаартай, солигдсон нэр болох “С г д******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлжээ.

4.Харин Баянзүрх Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/499 дүгээр захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нэртэй газар 19995 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 000023762 дугаар  гэрчилгээг “С г д******” ХХК-д олгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээг дахин байгуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоож байна.

5.Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчээс “Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бүрдээгүй, сонсох мэдэгдэх мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчаас “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, захирамж хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

1.Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

1.1.Нэхэмжлэгч нь “А н т******” ХХК /хуучин нэрээр/ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №420190039 дүгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 10000 төгрөгийг, мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  №420190039 дүгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 5,602,165 төгрөгийн үлдэгдэлтэй.

1.2.Мөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №420190039 дүгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт гарсны дараа газрын төлбөрийг төлж 3,734,166 төгрөгийг үлдэгдэлтэй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, гэж тус тус заасан.

1.3.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг төлөөгүй, төлөх боломжит хугацааг олгон мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

1.4.Мөн нэхэмжлэгч компани нь маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 5,602,165 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, эдгээр төлбөрийн үлдэгдэл нь 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, оны үлдэгдэл төлбөрийн нийлбэр гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон.

1.5.Иймд Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгч компанийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

2.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ...манай компани нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 06-ын өдөр газар эзэмших гэрээ  байгуулсан, ...газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.3. Учир нь дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар “А н т******” ХХК /хуучин нэрээр/-д газар эзэмших эрх олгосон, хувьцаа эзэмшигчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/002 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөний улмаас дахин газар эзэмших гэрээ байгуулсан байх тул үүнийг шинээр газар эзэмших эрхтэй адилтгах, уг хугацаанаас газар эзэмших эрхийг тооцох хууль зүйн үндэслэлгүй.

2.4.Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас болон хөрөнгө оруулалтын улмаас газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж буй хэдий ч нэхэмжлэгчид тус газрыг эзэмших эрх анх үүссэн буюу дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 7 жил, 4 сар, 23 хоногийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул дээрх хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулах үндэслэлгүй.

2.5.Иймд маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

2.6.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт газрын үзлэг хийх шаардлагагүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Сонсох ажиллагааны тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “”захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэжээ.

3.1.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн оролцоог бүрэн хангаагүй хэдий ч  энэ нь нэхэмжлэгчийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй, маргаан бүхий газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С г д******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар  сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/369 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах””-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭН