Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/437

 

У.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Л.Баттогтох,

нарийн бичгийн дарга П.ЭрхэмБ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.М, У.Б нарт холбогдох эрүүгийн 2002 00134 0204 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн У-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...  ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хэсэг, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ... /;

Б овгийн Б-ын М, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, одоо ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт өөрийн найзууд болох Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчлийг илрүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, тусгай хамгаалалтын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад У.Б-д нөлөөлж, үйлдэгдсэн зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулаагүй давуу байдал бий болгосон,

У.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицерын албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт иргэн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зөрчлийг илрүүлж, харьяалах Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй албан үүрэг, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: У.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, И овогт У-ийн Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ы нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял, У.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор, Б.М-аас 1.200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд нийцээгүй, яллах болон цагаатгах талаарх үндэслэлээ тайлбарлаагүй, тодорхой бус, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тайлбарлаагүй, тодорхой бус, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, нотлох үйл баримтуудыг тодорхой тусгаагүй, хуульд нийцээгүй. Хэрэг 2019 оны 9 дүгээр сарын 30-нд буюу 1 жилийн өмнө болсон ба 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргахдаа хуульд заасан ажиллагааг дутуу хийсэн. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлээгүй, хэргийн гол учир болох Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан зөрчлийн хэрэг мөн эсэх талаар баримт нотолгоо огт бүрдүүлээгүйн улмаас мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэт яллах талыг баримтлахгүйгээр бүх талаас нь харгалзан шийдвэрлэх ёстой байсан. М-ы хамт явсан гэрчүүдийн тухайн цаг хугацаанаас хойш удаж байж 2020 оны 1 дүгээр сараас хойш нэг цаг хугацаанд бүгд ижил хариулттай, хуулж авсан мэдүүлгүүд байх ба мөрдөгч нь уг гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь харьцуулж шалгах ажиллагаа хийгээгүй, өөр хэрэгт ач холбогдол бүхий бусад ажиллагаанууд, үйл явдал болсон объектын камерын бичлэг, тухайн газар ажлын байран дээрээ ажиллаж байсан гэх ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг аваагүй. Гэтэл зөвхөн мэдүүлгээр буруутган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчиж, прокурор, шүүгчийн зүгээс хэргийг тал бүрээс нь нягтлан шалгаж, эцэслэн тодруулахгүйгээр дутуу бүрдүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан хуулийн зүйл, хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. У.Б нь Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажилласан, эхнэр, 4 хүүхэдтэй, ажиллаж байх хугацаандаа ял, шийтгэл эдэлж байгаагүй, олон гавьяа шагнал авч, олон хэргийг илрүүлж байсан ажилтан бөгөөд тэтгэвэрт гарахад 1 жилийн хугацаа үлдсэн байсан. Түүний ажлын байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон үйл явдал гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Б.М-г хилс хэрэгт хэлмэгдүүлсэн. Б.М нь өөрийн танилтай уулзах гэж байсан газарт очсон бөгөөд тэнд байсан хүмүүс хоорондоо хөзөр тоглож байхад нь цагдаа нар орж ирсэн ба танил У.Б-аас хөзөр тоглож байсан хүмүүсийн хураагдсан бичиг баримт, эд зүйлийг буцаан өгсөн үйл явдлыг яллах дүгнэлтээр мөрийтэй тоглоом тоглосон, зөрчил үйлдсэн гэж буруутгасан. Зөрчлийн тухай хуульд байхгүй, зөрчил биш зүйлийг зөрчил болгосон. Нөгөө талаар зөрчил биш зүйлд давуу байдал олгосон гэж яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд хамрагдах, хэрэглэгдэх боломжгүй байхад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж гэм буруутай гэж тулган ялласан. Яллах дүгнэлтэд “...хуулиар хориглосон Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом тоглох зөрчлийг илрүүлсэн...мөрийтэй тоглоом тоглосон болох нь...мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан...мөрийтэй тоглоом тоглох зөрчлийг Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулаагүй...” гэсэн ба тухайн үед дагаж, мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд мөрийтэй тоглоом зохион байгуулах зөрчил байсан ба мөрийтэй тоглоом тоглох гэсэн зөрчил байгаагүй. Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан зөрчилд зөвхөн зохион байгуулсан хүн л зөрчлийн хэргийн субъект байх ёстой байтал мушгин гуйвуулж, мөрийтэй тоглоом тоглох зөрчил гаргасан гэж болохгүй ба мөрийтэй тоглоом тоглох бол хуулиар хориотой, зөрчил гэж өөрийн үзэмжээр өөрчлөн найруулж яллах дүгнэлт бичсэн нь хууль бус. Хөзөр тоглох бол хуулиар хориглоогүй, мөрийтэй тоглоом тоглох гэсэн зөрчил байхгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ямар ч хууль зүйн боломжгүй юм. Мөрийтэй тоглоом тоглох зөрчилд холбож, үүгээр дамжин бусдад давуу байдал бий болгосон гэж ял халдааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол хууль үйлчлэх цаг хугацааны зарчмын хүрээнд тулгаж буй гэмт хэргийн объектив шинжийн шалтгаант холбоогүй, ээлжийн амралттай байсан шүүгдэгч Б.М нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангах боломжгүй. Зөрчлийн шинжгүй, зөрчлийн хэрэг биш асуудалд өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэсэн явдал бол хэтрүүлэг, таамаглал төдий учраас нийгэмд аюултай үйлдэл биш, хохирол, хор уршиг учруулаагүй учир гэмт хэргийн шинжгүй. Хэрэгт хэн ч, хэнээс ч ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй байхад хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ямар ч тогтоол, хүсэлт, санал байхгүй байхад шүүх яллах дүгнэлтэд дурдсан “...1.200.000 төгрөгийг зөрчил гаргагч нарт буцаан олгож давуу байдал бий болгосон...” гэсэн, мөнгө буцаан олгосон нөхцөл байдал байсаар байтал шүүгдэгч Б.М-аас 1,2 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр. ...Яллах дүгнэлтийг дэмжин гэмт хэрэг үйлдсэн болгож гэм буруутайд тооцсон нөхцөл байдал нь бодит амьдрал дээр гэмт хэргийн шинжгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим алдагдсан. Зөрчил гарсан  байна гэдэг нь нотлогдсон байна гэж дүгнэсэн. Зөрчлийн хуульд заасны дагуу арга хэмжээ авахдаа хэргийн оролцогч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.3 дугаар зүйлд заасны дагуу хэн нэгний гомдлоор болон өөрийн санаачилгаар шалгах ёстой. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой. Энэ байдал тогтоогдоогүй. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасны дагуу өөртөө болон бусдад эдийн ашиг сонирхол үүссэн байхыг шаарддаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч нь гадаад болон дотоодод мөрийтэй тоглоом тоглосон бол төрийн албанд ажиллах боломжгүй болох зохицуулалт орсон. Прокурор энэ бүгдийг шалгаагүй. Тухайн хэргийн газар байсан хүмүүс нь Авто тээврийн үндэсний төвд ажилладаг, ахлах мэргэжилтнүүд байсан. Тухайн хүмүүст Засгийн газрын 33 тоот тогтоолыг хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал олгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Мөрийтэй тоглоом тоглосон гэх зөрчлийн хэргийн талаар шалгах ёстой. Шүүхийн шийдвэр эргэлзээтэй байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дэд хурандаа Б-оос энэ зүйл үүдэлтэй. Цагаатгах байр суурьтай байна. Хийгээгүй хэргээс болж яллагдагчаар татагдсандаа харамсаж байна. Тухайн газар ороход тоглож байсан зүйл байгаагүй. Үзлэг шалгалтаар илэрсэн зүйлсийг хүлээлгэж өгсөн. Тухайн газар үсчин ажиллаж байсан. Тухайн хүнийг гэрчээр асуух боломжтой байсан. Бие биеийгээ таньдаг найз нөхдүүд байсан. Ямар нэгэн зөрчил байгаагүй учраас үзлэгээр илэрсэн бичиг баримт, хөзөр, читоныг буцааж өгөх үүрэг өгсөн. Дахиад тоглож магадгүй гэж үзэн читоныг хурааж авсан. Бичиг баримтыг тухайн үед нь буцааж өгсөн. Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй тохиолдлоор үзлэг хийсэн бол тэмдэглэл үйлддэг. Шалгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр У.Б нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хяналт шалгалтаар гадуур явж байсан байдаг. Хэсэг бүлэг хүмүүс хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглосон зөрчил гаргасан байхад албан үүргийнхээ дагуу баримтжуулж, бичиг баримтыг хурааж авч, гэмт хэрэг, зөрчлийн тоо бүртгэлд бүртгүүлж шалгуулах ёстой байсан. Гэтэл тухайн зөрчлийг илрүүлээд Б.М-ы гуйлтаар, хамт ажиллаж байсан гэсэн шалтгаанаар тухайн хүмүүсийн бичиг баримтыг буцааж өгөөд тухайн үйлдлийг цааш нь шалгах ажиллагааг тасалдуулсан үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Хэн нэгэн этгээдэд давуу байдлыг бий болгосноор тухайн гэмт хэрэг төгсдөг. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон тухайн үйлдлийг шалгаад гарах шийдвэр нь энэ гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Зөрчил биш эсэх асуудлыг У.Б шалгаж шийдвэрлэх эрх бүхий этгээд биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн гэдэг талаараа тодорхой тайлбар гаргадаггүй. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж заасан байдаг. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мөрийтэй тоглоом тоглосон үйлдлийг зөрчилд хамааруулахаар тусгасан. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан гэдэг үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Б, Б.М нар бусад хэргийн оролцогч, гэрч, тухайн үед хамт ажиллаж байсан цагдаагийн албан хаагч, тухайн газар мөрийтэй тоглож байсан хэсэг бүлэг хүмүүст хэргийн нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл, мэдүүлэг өгөх талаар нөлөөлсөн нөхцөл байдал үүсээгүй учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт өөрийн найзууд болох Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон “Мөрийтэй тоглоом тоглох” /Мөрийтэй тогтоом зохион байгуулах/ зөрчлийг илрүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, тусгай хамгаалалтын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад У.Б-д нөлөөлж, үйлдэгдсэн зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулаагүй давуу байдал бий болгосон,

У.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицерын албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт иргэн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зөрчлийг илрүүлж, харьяалах Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй албан үүрэг, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Э.У-ын: “...21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын хойд талд байрлах хойшоо харсан “Үсчин, Оёдол” гэсэн хаягтай газар орж, мухрын өрөөнд ороход уг өрөөнд миний найзууд болох С, Б, О, С-ийн ажлын 2 хүн гээд хүмүүс ирсэн байсан. Тэгээд бид техас тоглоё гээд хүний 100.000 төгрөгийн бооцоо тавьж, 1 цаг орчим тоглож байхад миний найз, Замын цагдаагийн газарт ажилладаг М гаднаас орж ирээд бид нарыг тоглож байхыг хараад сууж байсан. Удалгүй өрөөний цонх, хаалгыг цагдаа нар нүдээд “Хаалгаа онгойлго” гэж хэлж байснаа гэнэт 4 цагдаа, хойноос нь 1 офицер буюу ахмад цолтой цагдаа орж ирээд “Бичиг баримтаа шалгуул” гэж хэлэхээр нь бид нар бичиг баримтаа гаргаж өгөхөд хураан авч нэг цагдаа нь эд зүйл хураах протокол бичиж байснаа бичихээ болиод, цагдаа нар биднээс читон, хөзөр, 1.200.000 орчим төгрөгийг хурааж, читоны төмөр цагаан цүнхэнд хийгээд уг өрөөнөөс гарсан. Бид үсчний гадаа зогсож байх үед манай найз М нь уг цагдаа нарыг ахалж явсан ахмадыг таньж байсан болохоор уг ахмадтай 5-10 минут уулзан ярилцаж байгаад бид нарын бичиг баримтыг аваад хүрээд ирсэн. ...” /1 хх 32/,

гэрч С.С-ийн: “...20 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын хойд талд хойшоо харсан “Үсчин, Оёдол” гэсэн хаягтай газар орж, мухрын өрөөнд орж ширээ тойрч суугаад хөзөр, 13 тоглосон. Мөн уг өрөөнд читон байхаар нь читоноор тоглоё гээд өөрсдийн боломжоороо читоноо мөнгөөр цэнэглээд тоглосон. ...  22 цагийн үед гаднаас цагдаа нар орж ирсэн. 4-5 цагдаа хувцастай хүмүүс орж ирээд бид нарын бичиг баримтыг шалгаад, ширээн дээр байсан читон, хөзөр, бооцооны мөнгийг хурааж аваад гарах үед манай найз М тэр цагдаа нарыг ахалж байсан ахмад цолтой цагдааг таньж байхаар нь бид нар М-д “Бид нарын бичиг баримтыг аваад өгөөч” гэж хэлсэн. ...М цагдаа нартай уулзахаар буусан. 10 орчим минутын дараа М бид нарын 3-4 бичиг баримтыг аваад машинд орж ирсэн. ...” /1 хх 35/,

гэрч Т.Б-ын: “...цүнхтэй читон, мөнгө, түр хураах тэмдэглэл, хөзөр зэргийг ахмад У.Б хүлээлгэн өгөөд зогсож байхад мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь У.Б-д цагдаагийн үнэмлэх үзүүлээд “Адилхан төрийн албаны хүмүүс, авто тээврийн хүмүүс байна “ гээд гуйгаад үлдсэн. ...” /1 хх 38/,

гэрч М.Х-ын: “...уг тоглож байсан хүмүүсийн нүдэн дээр 1.200.000 орчим төгрөг, читон, дэвтрийн цаасан дээр бичсэн эд зүйл түр хураан авсан тэмдэглэлийн хамт читон хийх зориулалтын дөрвөлжин цүнхэнд хийж, дээрх хүмүүсийн хамт бичгийн цаасан дээр нэг мөсөн бүгдийг нь шинээр тэмдэглэл бичихээр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явахаар уг цүнхийг ширээн дээрээс цагдаагийн ахмад У.Б аваад гарсан. Гадаа гараад хэлтэс рүү явах гэтэл Мижээ гэх залуу нь цагдаагийн ахмад У.Б-тай уулзаад “Адилхан төрийн байгууллагад ажилладаг улсууд байна. Цаашаа дүүрэг рүү өгөөд дэмий юм биш үү” гээд хоорондоо ярилцаад байсан. ...” /1 хх 44-45/,

гэрч Т.Оийн: “...10 орчим минутын дараа М бид нарын 6-7 бичиг баримтыг гартаа бариад машинд орж ирсэн. ...С М-д хандаж “Ядаж читоныг нь авмаар байна. Хүний юм байгаа юм. Чи ядаж читоныг нь аваад өгөөч.” гэхэд “Одоо боломжгүй байна. Наадуул чинь халгаахгүй байна.” гэсэн. ...” /1 хх 50/,

  гэрч Ц.Б-ийн: “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.М над руу утсаар яриад “Би чиний данс руу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн гээд АТГ-аас дуудаж мэдүүлэг авахаар нь хэлчихлээ. Чи надаас дансаар мөнгө авсан гээд хэлээд өгөөч.” гэсэн утга агуулгатай юм ярьсан. ...” /1 хх 219/,

гэрч Б.Б-ын: “...Би хураалгасан мөнгөө буцааж аваагүй. Б.М хураалгасан мөнгийг буцааж авч өгсөн асуудал байхгүй. Тухайн мөнгийг цагдаад хураалгасан болохоор улсын орлого болгочихдог юм байх гэж бодоод ямар нэг мөнгө нэхэмжлээгүй. Тухайн асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгагдаж, ямар нэг хариуцлага тооцуулсан асуудал болоогүй. ...” /1 хх 221/,

гэрч Л.Б-ийн: “...Би хураалгасан мөнгийг аваагүй. ...Би тухайн асуудлаас болж ямар нэг зөрчлийн арга хэмжээ авагдаагүй. Бид нарыг ямар нэг цагдаагийн газарт авч очиж болсон асуудлыг шалгасан зүйл байхгүй. ...” /1 хх 222/,

шүүгдэгч Б.М-ы: “...Би Б-тай урьд өмнө хамт ажиллаж байсан, бие биеэ таньж мэддэг байсан болохоор л тухайн үед Б-аас хураагдсан эд зүйлийг гуйгаад буцааж аваад найзууддаа өгчихсөн юм. ...” /2 хх 29/,

шүүгдэгч У.Б-ийн: “...Миний ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. ...” /2 хх 41/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Б, Б.М нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь аливаа хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээр нь арилсан эсэх зэргээс үл хамаарч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор тус тус тогтоосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийтийн албан тушаалтан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны офицер У.Б нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт нэр бүхий иргэдийн зөрчлийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг илрүүлж, зохих тэмдэглэлийг үйлдэж, эд зүйлс, бичиг баримтыг хураах ажиллагаа явуулсан атлаа тус үйлдлийг шалгах эрх бүхий байгууллагад мэдэгдэх, бүртгэлд оруулан шалгуулах албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй нуун дарагдуулсан үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, нийтийн албан тушаалтан Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан У.Б-д нөлөөлж, нэр бүхий иргэдийн зөрчлийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад бүртгэлжүүлэн шалгуулаагүй, хураалгасан эд зүйлсийг буцаан авч  өөртөө, бусдад давуу байдал бий болгосон нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны тухайн өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” зөрчлийг хуульчилсан байсан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр байжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж “...мөрийтэй тоглоом тоглосон бол...” зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.Б, Б.М нар нь бусдыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад давуу байдал бий болгосон нь “тухайн үйлдэл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэгдсэн эсэх”-ийг шалгахаас өмнө үйлдэгдсэн, албаны эрх нөлөөгөө ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Б, Б.М нарт анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмэгдэл ял болох эрх хасах ялыг тус зүйл, хэсэгт зааснаар хамгийн бага хугацаагаар буюу нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, сонгох санкциас хамгийн хөнгөн төрлийн ял буюу торгох ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээ болох 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар “...Зөрчлийн шинжгүй, зөрчлийн хэрэг биш асуудалд өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэсэн явдал бол хэтрүүлэг, таамаглал төдий учраас нийгэмд аюултай үйлдэл биш, хохирол, хор уршиг учруулаагүй учир гэмт хэргийн шинжгүй. ...ээлжийн амралттай байсан шүүгдэгч Б.М нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангахгүй...Б.М-г цагаатгаж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б нь зөрчилд холбогдсон этгээдүүдийн үйлдлийг “Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэх”-ийг шалгуулах албан үүргээ биелүүлээгүй, харин шүүгдэгч Б.М нь эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан өөрийн найзуудын үйлдлийг “Зөрчлөөр шалгуулахгүй байх” хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэмт санаа, зорилгоор зөрчлийн шинжтэй эсэхийг шалгах, эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахаар мэдээлэх, бүртгэлжүүлэн шилжүүлэх үүрэг бүхий У.Б-д албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байхаар нөлөөлж, бусдыг болон өөрөө гэмт хэрэг үйлдэх үр дагаврыг бий болгосон байх ба түүний ээлжийн амралттай байсан, эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ уг үйлдлийг хийсэн эсэхээс үл хамаарч тус гэмт хэргийн шинж хангагдсан байна.

Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Л.Баттогтох шүүх хуралдаанд “...Засгийн газрын 33 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тайлбар гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх ёс зүйн хэм хэмжээний хүрээнд тус тогтоолын 3.1.4.г-д зааснаар гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээлгэсэн байна.

Харин тус тогтоолын 6.1-д зааснаар дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд шийдвэр гаргаж, хариуцлага хүлээлгэх эрх бүхий этгээд нь төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллах Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл байх бөгөөд энэ нь тус эрүүгийн хэрэгт хамааралгүй, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Б.М-ы өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ