Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 400

 

З.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Б.М, хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, З.Б-д холбогдох 201506000106 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 5/18 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.М-, хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон хамба овогт З-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Б-ийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг баримтлан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 4 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг шалгаагүйгээс гадна шүүгдэгчийн үйлдэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, З.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.М гаргасан гомдолдоо “Миний аав Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-ны шөнө шилжих шөнө Булган аймгийн Дашинчэлин сумын 4 дүгээр баг Гандан хороо гурилын үйлдвэрийн хашааны урд талын шороон замд бусдад алагдаж, аав, ээж, эхнэр, үр хүүхдээ орхиж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Дээрх эрүүгийн хэрэгт З.Б-ийг холбогдуулан шалгаснаас хойш даруй 3 жил гаруй боллоо. Энэ хугацаанд 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж 50 гаруй гэрч асууж, 16 удаа шинжээч томилогдон, шинжээч нарыг хурал болон мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа асуусан мэдүүлгүүд байсаар атал давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шалгуулах шаардлагатай гэж буцаасан нь үндэслэлгүй юм. Зам тээврийн осол мөн эсэх талаар Булган аймаг дахь Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагчийн шинжээчийн 26 дугаар дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас гарсан гэх нотлох баримтгүй, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын шинжээчийн 685 дугаар дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, З.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн мэргэжлийн байгууллагын зүгээс гаргасан дүгнэлтүүдтэй талууд бүгд танилцаж байсан. Аавыгаа цаг бусаар алдсанаас хойш хэргийн үнэн зөвийг олуулахаар Булган аймаг руу явсан тоогоо ч мартах хэмжээнд хүрээд зогсохгүй миний ээжийн зүгээс Булган аймгийн Дашинчэлинд мал ахуйгаа маллаж амьдарч байгаа ба хурал болгонд Улаанбаатар хотоор дайран явж зардал чирэгдэл ихээр гарсан байна. Энэ эрүүгийн хэргийг үнэн зөв шийдэгдэхийг хүлээсэн аав, миний өвөө 2018 онд анхан шатны хурал болохын өмнө нас барлаа. Одоо төрүүлсэн эх, хань, хүүхдүүдэд нь шийдэгдэхийг хүлээсээр л байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн үнэн зөвийг олж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 24,122,050 төгрөг, цаашид сар бүр олгогдох 680,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийг зөрчсөн. Учир нь шүүхээс цагаатгах тогтоол гарах үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ганцхан тохиолдол байхыг хуульчилж өгсөөр атал гэм буруутайг тогтоосон дээрх эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашлаад иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь бүрэн хааж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Ниссан экстрайл” загварын 32-02 БУЛ улсын дугаартай автомашиныг З.Б-д олгож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар заасан тул дээрх автомашиныг хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх хүсэлтэй байгаа болно.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад анхан шатны шүүх хуралдааны тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь учир дутагдалтай болсон. Давж заалдах шүүх хуралдаан завсарлаж дуусаад шүүх бүрэлдэхүүн орж ирээд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй нь буруу тул анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан гэж танилцуулсан атлаа магадлал бичгийн хэлбэрээр гаргахдаа өөрөөр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт буюу “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэснийг зөрчсөн байна. Дээд шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаав гэж шийдвэрээ танилцуулахдаа ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлаагүй ба магадлалд өмнө нь тогтоогдсон үйл баримтыг тогтоолгохоор талууд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргаагүй байхад буцаасан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, нотолбол зохих байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Дээрх эрүүгийн хэрэг 2015 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гарсан ба үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад 2 удаа буцаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дуусч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гурав дахь удаа эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэнээс хойш даруй 10 гаруй удаа шүүх хуралдаан товлогдсон боловч хэргийн оролцогчоос шалтгаалж хойшлогдож байсан. Энэ хугацаанд хэргийн оролцогчдын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахаар ямарваа нэгэн хүсэлт тавьж байгаагүй бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байна, журам зөрчсөн гэдэг шалтгаанаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 хэсгийг зөрчсөн. Дээрх эрүүгийн хэрэг 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, 50 гаруй гэрч асууж, 16 удаа анхан болон давтан шинжээчийг томилсон ба зам тээврийн осол мөн эсэх талаар 26,  685 дугаар дүгнэлтээр З.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэсэн. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 24,122,050 төгрөг, талийгаач Б.Б-ын асрамжид үлдсэн охин Б.А-ыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 680,133 төгрөгийг гаргуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ниссан экстрайл” загварын 32-02 БУЛ улсын дугаартай автомашиныг хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Булган аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 5/18 дугаартай эсэргүүцэлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б-ыг болгоомжгүй алсан болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, гэрч А.Ц, З.А, Ш.А, Д.Ж, Д.Э нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 20 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Г, Ж.Б нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан 2924 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 60 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагчийн дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3499 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг судалж үзэхэд “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад З.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ. Прокурорын яллах дүгнэлтэд “...хохирогч Д.Б-ыг болгоомжгүй алсан...” гэж тодорхой бус тусгагдсан, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байна...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдлыг буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдал”-ыг нотолсон гэж үзнэ. Дээрх гэмт хэргийн тухайд шүүгдэгч З.Б нь иргэн Д.Б-ын амь насыг хохироосон үйл баримтыг шууд нүдээр үзсэн, харсан гэрч байдаггүй. Харин гэрч Д.Э нь “...А 2 танихгүй хүний хамт “Ниссан экстрайл” загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн, 2 залууг гэртээ дагуулж орсон... өндөр, нам 2 залуу нэгнийгээ сугадаад нилээн согтсон байдалтай А-ийн гэрээс гарч...манай байрны хажуугаар нэгнийгээ дагуулаад чирсэн байдалтай хашааны хаалгаар гараад машинаа асаагаад...өндөр хаазлаад яваад өгсөн. ...Маргааш өглөө нь...очиж үзэхэд Амархүүгийн гэрт ирсэн 2 залуугийн нэг нь байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэгтээ болон шүүх хуралдааны явцад онлайнаар өгсөн мэдүүлэгтээ тууштай мэдүүлдэг. Мөн гэрч З.А  “...Гэрээс З.Б талийгаач Д.Б хоёр 23 цагийн хавьцаа Д.Б-ыг мотоцикль байгаа газар нь хүргэж өгнө гээд гарч явсан...”, гэрч Ш.А “...Д.Б, З.Б хоёр манайхаас гарч явсан...” гэж тус тус мэдүүлсэн нь гэрч Д.Э-ийн мэдүүлэг З.А, Ш.А нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангана.

Иргэн Д.Б-ын амь насыг хохироосон гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэнийг шүүгдэгч З.Б-өөс өөр гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоох боломжгүй бөгөөд гэмт хэрэг гарсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн даруйд холбогдох бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Гэмт хэрэг 2015 оны 4 дүгээр сард үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 3 жил 3 сарын хугацаа өнгөрсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ул мөр бүрэн арилсан байхад гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэнийг тогтоолгохоор урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоосон гэж үзнэ. Иргэн Д.Б-ын амь насыг хохироосон гэмт хэргийн тухайд шүүгдэгч З.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ниссан экстрайл” загварын 32-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсоноос шалтгаалсан болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 20 дугаартай дүгнэлт, криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон.

Прокурорын яллах дүгнэлтэд “...хохирогч Д.Б-ыг болгоомжгүй алсан...” гэж дурдсан нь хуульд заасан холбогдох бүхий л ажиллагааг хийж, шалгавал зохих асуудлуудыг шалгуулсны үр дүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгсөнтэй холбоотой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж заасны дагуу З.Б-өөс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн талаар асууж тодруулаагүй. Гэмт хэргийг шууд харсан гэрчгүй, хэрэг гарах үед шүүгдэгч З.Б, амь хохирогч Д.Б хоёр хамт байсан тул хэрхэн, яаж үйлдсэнийг тогтоох боломжгүй юм. “...Дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна. Замын Цагдаагийн газрын шинжээч нарын дүгнэлтүүдээр “...шалтгаан тогтоох боломжгүй...” гэсэн байх боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын аль заалтыг хэн, хэрхэн зөрчсөн, осолд нөлөөлсөн шалтгаан зэргийг заавал тогтоосон байхыг шаардана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын аль заалтыг хэн, хэрхэн зөрчсөн, осолд нөлөөлсөн шалтгаан зэргийг заавал тогтоосон байхыг шаардана” гэж магадлалд дурдсан байх боловч Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч нарын 2015 оны 10  дугаар сарын 29-ний өдрийн 685 дугаартай удаа дараагийн дүгнэлтүүдээр жолооч З.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй. Жолооч З.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын аль заалтыг хэрхэн зөрчсөнийг тогтоолгох зорилгоор хуульд заасан холбогдох ажиллагааг хийж, 1, 3, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг удаа дараа гаргуулсан байхад уг ажиллагааг дахин гүйцэтгүүлэхээр магадлалд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг алдагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаасан дээрх үндэслэл хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Мандах хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Удаа дараагийн техникийн шинжээчийн дүгнэлтээр дээрх хэрэгт автын шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдагдсан шиг хэргийн газар өөр тээврийн хэрэгсэл явсан гэх нотлох баримтууд хэрэгт байдаггүй” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал болон тэмдэглэл 2 өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Энэ хэрэг өмнө нь 2 удаа мөрдөн байцаалтад буцаж байсан. Оролцогч нарын хэн аль нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай хүсэлтийг гаргаагүй. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй. Мөн хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг анхаарч үзэхийг хүсье” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байхад шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан зүйл байхгүй. Явж байсан машинаас хүн өөрөө чирэгдээд нас барсан гэх үйл баримтыг болгоомжгүйгээр бусдын амь насыг хөнөөсөн гэж үзэх үү гэдэг асуудал байна. Хохирогчид маш олон тооны гэмтэл учирсан байхад 23 цагийн үед гараад явсан хүн өглөө 7-8 цагийн хооронд олдсон цогцос бүлээнээр байсан гэхээр эргэлзээ төрж байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хэлсэн саналдаа “Хохирогч талаас гаргасан гомдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар огт дурдаагүй байна. Харин прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн 39.8 дугаар зүйлийг зөрчсөн талаар дурдсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт Булган аймгийн цагдаагийн хэлтсийн нэг шинжээч аймгийн замын цагдаагийн хэлтсийн гурван шинжээч, нийслэлийн замын цагдаагийн албаны нэг шинжээч тус тус оролцож дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтүүдээр зам тээврийн ослын улмаас хохирогч нас барсан эсэх нь эргэлзээтэй нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай бичигдсэн гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 5/18 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.М, хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтуугаар Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гандан хороо” гурилын үйлдвэрийн урд 32-02 БУЛ улсын дугаартай “Ниссан Экстрал” загварын автомашиныг жолоодож явах үедээ иргэн Д.Б-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх З.Б-ийн үйлдсэн хэргийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын аль заалтыг зөрчсөн болохыг тогтоолгохоор урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлээс учирсан хор уршгийг хүсээгүй байдгаараа бусад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгтэй төсөөтэй боловч тухайн харилцааг хамгаалсан дүрэм, журмыг санаатай зөрчсөн байдгаараа нийгмийн хор аюулаар илүү ноцтойд тооцогдох тул болгоомжгүй гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас харьцангуй хүнд ял шийтгэл оногдуулдаг байна.

Зам тээврийн ослын хэргийн тухайд шууд гэрчгүй, зам бус газар үйлдэгдсэн, хэргийн ул мөр тод үлдээгүйн улмаас зам тээврийн ослын шалтгааныг тогтоох, замын хөдөлгөөний дүрмийн аль заалт зөрчигдсөнийг тогтооход төвөгтэй, энэ талаар шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй нь тогтоогдсон бол болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан, тухайлбал З.Б-д холбогдох хэргийн тухайд хүнийг болгоомжгүй алах гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт хангагдсанд тооцогдоно.

Энэ тохиолдолд шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хооронд байх шалтгаант холбоог эргэлзээгүй нотолсон байхыг шаардана.

Болгоомжгүйгээр бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг нь эрх бүхий байгууллагаас тогтоосон аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж уг хор уршгийг болгоомжгүй учруулах гэмт хэргийг өөртөө агуулдгаас гадна нийгмийн хор аюулаар харьцангуй бага, оногдуулах ял шийтгэлийн хувьд хөнгөн учир шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй, эрүүгийн эрх зүйн суурь зарчмууд хөндөгдөхгүй тул дээрх байдлаар шийдвэрлэх нь хууль хэрэглээний зөв практикт тооцогдоно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Б.М-ын гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН