Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 50

 

Г.Б, С.Ц нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн

Газрын албанд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Өлзийтүвшин

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0832 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч С.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.М нар,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ж.О, А.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нараас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г, П.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г-гийн нэр дээр нэгж талбарын 186443109......... дугаар газрыг бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0832 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г, П.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Д.Г-гийн нэр дээр 186443109..... дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн нийслэлийн Газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасанчлан “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохоо нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч иргэн Г.Б, С.Ц нар нь өөрсдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэхийг тодорхойлсонгүй.

4. Нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаагүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчин дур мэдэн газрыг ашиглаж байсан атлаа хууль ёсоор буюу нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжийн дагуу газар эзэмшиж буй этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй байх тул нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Нэхэмжлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж “нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 186443109......... дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлд дурдагдаагүй асуудалд дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх үүрэгтэй боловч шаардлагад дурдагдаагүй, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0832 дугаар магадлалыг хүчингүй болгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. 1994 оны Газрын тухай хууль, 2002 оны Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...иргэн Г.Б, С.Ц нар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины тоосгон гражийг 1997-1998 онуудад худалдан авч эзэмшиж эхэлсэн, өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлж байсан нь тогтоогдсон, хойшид ч өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхолтой болох нь тогтоогджээ” гэжээ. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгаа талаар болон нэхэмжлэгч Г.Б, С.Ц нарын хуульд заасан ямар эрх зөрчигдсөн үйл баримтын хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй байна.

9. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

10. Тус маргаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Г.Б, С.Ц нарын хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнээгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтаас эрх нь зөрчигдсөн талаар тогтоогдохгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нар 1997-1998 онуудад “Б Т” ХХК-иас худалдан авсан гэж байгаа боловч нэхэмжлэгч Г.Б, С.Ц нар нь өөрсдийн ашиглаж байгаа гражийн доорх газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй, холбогдох баримт буюу шийдвэр гарснаа нотолж чадаагүй нь Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10/866 дугаартай албан тоотоор газар эзэмших эрх үүсээгүй нь тогтоогдож байна.

11. Нэхэмжлэгч нарын граж худалдаж авсан гэх үйл баримт 1997 он гэж тайлбарлах ба тухайн үед 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Газрын тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт 1997 он буюу граж худалдан авсан гэх цаг хугацаанд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна. Шинэчлэн найруулсан Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасны дагуу одоог хүртэл нэхэмжлэгч нарт газар эзэмших хууль ёсны эрх үүсээгүй байна. Хуулийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй байхад газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүй газарт дураараа барилга, байгууламж барьсан хүмүүсийг өөгшүүлсэн, өөр бусад хүмүүс энэ мэтчилэн хууль бусаар газар эзэмшиж болохоор юм шиг шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргасныг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

12. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн зохих заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасны дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслээгүй, хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Учир нь, нэхэмжлэгч нар анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “2014 оны А/947 дугаар захирамжийн иргэн Д.Г, П.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд иргэн Д.Г-гийн нэр дээр нэгж талбарын 186443109......... дугаар үүсгэсэн бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх иргэн Б.Ц-гын газар эзэмших эрх үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болсон үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж дүгнэлт хийсэн.

13. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг огт мөрдөөгүй, магадлалын хянасан хэсэгт бичигдсэн дүгнэлтүүд нь хийсвэр, таамаглалаар бичигдсэн. Магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх журмаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж үзсэн нь буруу байна. Нөгөө талаар хариуцагчийн зүгээс “...Б.Ц-гын газар дээр өөр барилга баригдсан” гэж тайлбарладаг. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь биш болохоо Д.Г, П.Н нарын зүгээс илэрхийлж байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас Б.Ц-гын газар эзэмших эрх 2004 онд дууссаны дараа тэрээр 2008 он болтол хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байна” гэж тус тус дүгнэсэн нь Монгол Улсын Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

14. ...Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 614, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1920 дугаар албан бичгүүдээс тус тус харахад граж эзэмшигчдийн нэр, бүртгэл зөрүүтэй хөтлөгдсөн ба газар чөлөөлүүлэх мэдэгдлийг удаа дараа гаргаж байсанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн газар эзэмших, ашиглах гэрээний дагуу хугацаа хоцорсон төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хариуцлагаа газар эзэмшиж ашиглах гэрээний дагуу хүлээж алданги тооцож төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд газар эзэмших эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг мушгин гуйвуулсан гэж үзэж байна.

15. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар одоо 0,01 га газрыг эзэмшиж байгаа Д.Г, П.Н нарын газар нь анх Б.Ц-д 2002 онд эзэмшүүлсэн тэрхүү газар биш байна. ...Б.Цэрэннадмидын газар эзэмших эрх дуусгавар болсон учраас тухайн газарт өөр этгээдэд газар эзэмшүүлэх, улмаар уг этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө барьсан байж болохоор байна. Ийм учраас Б.Ц-гын анх эзэмшсэн газрыг шилжүүлэх боломжгүй болсон тул Д.Г-д өөр байрлалд “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай ойлголт биш шинээр “газар эзэмшүүлэх” тухай ойлголт болно. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулагдахгүй, газрын чөлөөлснийхөө дараа бусдад тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 33 дугаар зүйлд заасан журмаар захиргааны акт гаргах ёстой” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний маш том алдаа гэж үзэж байна. Учир нь, 2002 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 гэх заалт байхгүй ба хуулийн 33 дугаар зүйлийн аль зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг тайлбарлаагүй. Үүнээс гадна магадлалын “Тогтоох” хэсэгт Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа нь магадлалын дүгнэлтүүд хоорондоо логик холбоогүй, утга агуулгын зөрүүтэй байхаас гадна “Тогтоох” хэсэгт баримталсан хуулийн заалтууд нэхэмжлэлийн шаардлагыг хангахтай хэрхэн нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.

16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг энэ заалтаар хориглосон байхад огт газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдийн эрх ашгийг хангаж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний маш том алдаа гаргасан гэж үзэж байна.

17. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг “газар эзэмших эрх шилжүүлэх” бус “газар эзэмшүүлэх тухай” ойлголт гэж дүгнэсэн нь иргэн Б.Ц-гын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Иргэн Б.Ц-д нь өөрийн эзэмшлийн газраа охин Д.Г-д шилжүүлэн өгснөөрөө газар эзэмших эрх нь хүчингүй болсон. Б.Ц-гын газар эзэмших эрх хүчингүй болсон үйл баримт Д.Г, П.Н нар газар эзэмших эрх шилжүүлэн авсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байна.

18. Газрын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасны дагуу нийслэлийн Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7-д заасны дагуу нийслэлийн Газрын алба нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон. Ингэж гэрээ байгуулахдаа тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан журмын дагуу гэрээ байгуулахаас гадна Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10.1-д заасны дагуу Газрын кадастрыг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлж, мөн хуулийн 10.2.1-д газрын кадастрыг удирдах, зохион байгуулах ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Үүнээс гадна Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тусгайлсан журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “энэ журмын 2.1-д “эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ” гээд 2.1.1-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх”, 2.1.2-т “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-т “хээрийн судалгаа хийх”, 2.1.4-т “Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах”, 2.1.5-д “Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх”, 2.1.6-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах”, 2.1.7-д “газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох”, 2.1.8-д “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх”, 2.1.9-д “газрын улсын бүртгэлд бүртгэх”, 2.1.10-т “газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх”, 2.1.11-д “нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх” гэж тус тус заасан ба заагдсан үйл ажиллагаа бүрэн хийгдэж холбогдох шийдвэр гарсан тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ” гэж зохицуулсан байна. Дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нийслэлийн Засаг дарга, Газрын албанаас иргэн Б.Ц-ээс Д.Г, П.Н нарт газар эзэмших эрхээ шилжүүлснийг бүртгэж баталгаажуулсан. Харин шилжүүлэх үед 2002 онд Б.Ц-д газар эзэмших эрх авахад зэрэгцээ газар эзэмших эрх авч байсан Т.С, В.Т нарт олгосон газарт төв шугам татсан газар давхардсан тул Б.Ц-гын газар руу хойшлуулж олгосон ба түүнд олгох газрыг мөн хэмжээгээр хойшлуулан олгож нэгж талбарын дугаар 18644310........ болсон гэдгийг нийслэлийн Газрын алба хариуцагчийн тайлбар, тухайн үед газрын мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч Э.Т-гын мэдүүлэг ...зэргээр тус тус тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх хууль бусаар улсын газар дээр граж барьсан иргэдийг өөгшүүлсэн шийдвэрийг гаргалаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцсэн байна.

20. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар 63 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэний дотор иргэн Б.Ц-гын 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Г, П.Н нарт шилжүүлсэн, нэхэмжлэгч Г.Б, С.Ц-д нараас “...эрхийн гэрчилгээгээр эзэмших газрын байршлыг өөрчлөн шилжүүлсэн нь хууль бус, ...газрын кадастрын мэдээллийн хууль бус өөрчлөлтийг үндэслэн Д.Г, П.Н нарт нэгж талбарын 186443109....... дугаар бүхий газар эзэмших эрхийг олгосон, ...бидний 18 жил гаруй тасралтгүй эзэмшиж, газрын төлбөр төлж ашигладаг гражийн газартай давхцуулан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

21. Анх нийслэлийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжийн 9 дэх заалтаар иргэн Т.С, В.Т, Б.Ц нарт “...14 дүгээр байрны зүүн урд талд байршуулан” гэж зааж тус бүрт 0.01 га газар, 2 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Б.Ц-гын 2006, 2007 онд гаргасан “газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авах”-ыг хүссэн өргөдлүүдийн дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх хугацааг 5 жилээр сунгаж, уг захирамжийг үндэслэн нэгж талбарын 6003/0307 дугаар бүхий 100 м.кв газар эзэмших эрхийн 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 0180... дугаартай гэрчилгээ олгосон, мөн Б.Цэрэннадмидын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “газар эзэмших эрхийг сунгуулах тухай” өргөдлийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 2 жилээр сунгаж, 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 000494... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулжээ.

22. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2002 оны 361 дүгээр захирамжаар Т.С, В.Т, Б.Ц нарт тус бүрт эзэмшүүлсэн 0.01 га газарт эдгээр иргэд үйлчилгээний зориулалттай 3 павильон барихаар төлөвлөсөн, “инженерийн шугам сүлжээ” бүхий газарт давхцалтай байснаас Б.Ц-д /павильоны/ техникийн зөвшөөрөл өгөгдөөгүй, тэрээр тухайн газрыг бодитойгоор эзэмшээгүй, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр иргэн Б.Ц-гын 2008 оны 0180... дугаар, 2014 оны 000494... дугаар “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан нэгж талбарын 186443109....... дугаар бүхий 100 м.кв газар нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн граж байрлах газраас өөр газар, харин маргаан бүхий захиргааны актаар Б.Ц-ээс шилжүүлж, Д.Г, П.Н нарт эзэмшүүлсэн нэгж талбарын 186443109.......... дугаар бүхий газар нь нэхэмжлэгч нарын гражийн газарт давхацсан зэрэг нь тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

23. Түүнчлэн, “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх үед Б.Ц-гын газар эзэмших эрхийн 000494... дугаар гэрчилгээгээр баталгаажсан 100 м.кв газар дээр бусдын барилга баригдсан, иймээс уг газрыг бусдад шилжүүлэн эзэмшүүлэх боломжгүй, харин зөвшөөрөлгүй баригдсан гражуудын газрыг чөлөөлүүлэх замаар уг газрыг буюу нэгж талбарын өөр дугаар бүхий, өөр байршилд Д.Г, П.Н-д эзэмшүүлэх /шилжүүлэх/-ээр шийдвэрлэсэн гэдгээ хариуцагч нийслэлийн Газрын алба хүлээн зөвшөөрсөн нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогджээ.

24. Эндээс үзвэл, давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжаар “газар эзэмших эрх шилжүүлэх бус, харин шинээр “газар эзэмшүүлэх” шийдвэр гаргасан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, маргааны үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

25. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжийн Д.Г, П.Н нарт холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” харилцааны агуулгад нийцэхгүй, “анх олгогдсон газраа эзэмших боломжгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гражийн газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь “газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгч нарын граж байрлах газарт давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө граж эзэмшигчтэй урьдчилан тохиролцоогүй, Газрын тухай хуульд заасны дагуу “газар чөлөөлөх” хугацаатай мэдэгдэл өгөх, улмаар хэрэгжүүлэх бололцоог хангаагүйгээс нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчжээ.

26. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь гражийн газрыг Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу хууль ёсоор эзэмшээгүй боловч уг газрыг 1997 оноос хойш ашиглаж, газрын төлбөр төлсөн, хариуцагч хүлээн зөвшөөрч байсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” замаар гуравдагч этгээд нарт шинээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь уг актын үндэслэлд хамааралгүйн зэрэгцээ газар эзэмшүүлэх нөхцөл журмыг зөрчиж гаргасан акт гэж үзнэ.

27. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О, А.Э нараас хяналтын журмаар гаргасан “нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй тул нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан тэдний гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0832 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ