Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

    2025       05          30                                          2025/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000125 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт М-ийн Б (РД: ...), 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт ... аймгийн ... сумын... дүгээр багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл шүүгдэгч М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:  Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Туулай халиун” нэртэй дэлгүүрийн арын замд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Муцибуши лансер” загварын, 72-91 УВА улсын дугаартай автомашин жолоодсон нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), шүүгдэгчийн жолоодож явсан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан жолоочийн мэдээлэл, лавлагаа (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/627 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), шүүгдэгчийн согтуурлыг 6820 загварын багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), гэрч Б.С-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), гэрч Б.Ц-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрч Ц.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч М.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Б нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт М-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах, 2’700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА