| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0113/э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
2025 05 27 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Д.Г, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000094 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Д-гийн Б (РД: ...), 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, ... аймгийн .... сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Од центр” төвийн гадна автомашины зогсоол дээр хохирогч Д.Гийн “урагшаа явчих, араас чинь оръё” гэж хэлсний улмаас шалтаглан нүүр тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас биед нь 11, 21 дүгээр шүдний булгаралт, 22, 23 дугаар шүдний сулрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас), хохирогч Д.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрч М.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэл, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 60-61, 68 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 141 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Цодгор монгол лоунжийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);
- Хохирогч Д.Гийн “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Од центр” төвийн урд талын зогсоол дээрээс таксинд явж хүмүүст үйлчилсэн. Би нэг хүргэж өгөөд буцаж “Од центр” төвийн зогсоол дээр буцаж ирж, зогсоолд орох зорилгоор урдаа байсан “Toyota Probox” загварын, 82-86 УВХ улсын дугаартай автомашинтай Д.Б гэх залуу байхаар нь сигнал дуугаргаж анхааруулаад “урагшаа явчих, араар чинь оръё” гэж хэлэхэд Д.Б нь автомашинаасаа бууж ирээд миний талын хаалга дээр ирж онгорхой цонхоор гараа оруулж миний уруул хэсэгт 1 удаа цохисон. Энэ үед миний дээд талын үүдэн хоёр шүд унаж цус гарч эхэлсэн. Би автомашинаасаа бууж Д.Бид шүд уначихлаа гэдгийг хэлж, цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);
- Гэрч М.Б-ын “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гарсан. Тухайн өдрийн 12 цагийн үед байх нөхөр Б.Г над руу гар утсаар залгаж “намайг хүн цохичихлоо одоо цагдаа руу явж байна” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллага дээр ирэхэд Д.Гийн урд талын үүдэн хоёр шүд нь уначихсан, буйлнаас нь цус гарч байсан. Би нөхөр Д.Гээс хэн цохисон гэж асуухад хажуудаа хамт байсан Д.Б гэх залуу руу заасан. Уг хүнээс яагаад цохисон талаар асуухад уучлаарай гэж хэлээд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);
- Шүүгдэгч Д.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “....2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyota probox” загварын, 82-86 УВХ улсын дугаартай автомашинаар Улаангом сумын 3 дугаар баг, “Од центр” төвийн урд талын автомашины зогсоол дээрээс таксинд явж иргэдэд үйлчлэхээр зогсож байхад хажуугаар “Toyota ist” загварын, 41-89 УВХ улсын дугаартай автомашин дайрч орж ирээд 2-3 удаа автомашины дууд дохиогоо дарахаар нь би автомашины цонхоо буулгаад “яасан бэ?” гэж асуухад “сохор мал минь, доголон тэнэг минь” гэж янз бүрээр хэлж доромжлоод байхаар нь миний уур хүрч автомашинаа урагшлуулчхаад автомашинаасаа бууж очоод нүүр тус газарт нь 1 удаа цохисон. Тэгэхэд уг хүний амнаас цус гарч, шүд нь уначихсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. ...Д.Гэд учирсан бодит хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) зэргээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Од центр” төвийн гадна автомашины зогсоол дээр шүүгдэгч Д.Б, хохирогч Д.Г нар зогсоолоос болж маргалдан нэгнийгээ зүй бус үгээр гутаан доромжилж улмаар шүүгдэгч хохирогчийн уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч Д.Гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 141 дугаартай “...Д.Гийн 11, 21 дүгээр шүдний булгаралт, 22, 23 дугаар шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 11, 21 дүгээр шүдний булгаралт, 22, 23 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах “Од центр” төвийн гадна автомашины зогсоол дээр шүүгдэгч Д.Б, хохирогч Д.Г нар зогсоолоос болж маргалдан нэгнийгээ зүй бус үгээр гутаан доромжилж улмаар шүүгдэгч хохирогчийн уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед 11, 21 дүгээр шүдний булгаралт, 22, 23 дугаар шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
3.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч Д.Г “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоолгоно. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэж (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), мөн шүүх хуралдаанд “эмчилгээний зардалд 2’000’000 төгрөг нэхэмжилж байна” агуулгатай мэдүүлэг өгчээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээний ХОВ0825/053 дугаартай “...Хохирогч Д.Гэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байгаа нь сэтгэцийн хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт гарсан байна. Хохирогч Д.Г уг шинжилгээг хийлгэхээр Ховд аймаг руу явж, ирэхэд 190’000 төгрөгийн зардал гаргасан нь хавтаст хэргийн 58 дугаар хуудаст бэхжүүлсэн баримтаар нотлогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар болон 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-т буюу хүснэгтэд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор журамласан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660’000 төгрөгөөр тогтоосон. Тодруулбал 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед уг хэмжээг дагаж мөрдөж байсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 792’000 төгрөг болж нэмэгдсэн. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосон болно.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-т зааснаар хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруу, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660’000₮)-г 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2’640’000 (хоёр сая зургаан дөчин мянга) төгрөгөөр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээний төлбөр болох 166’756 төгрөгийг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), 2025 оны 05 дугаар 13-ны өдөр хохирогч Д.Гэд эмчилгээний төлбөрт 5’000’000 төгрөг тус тус төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар тогтоогдож байна.
Дээр үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Д.Боос сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2’640’000 төгрөгийг, хохирогч сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явж, ирэх зардалд зарцуулсан 190’000 төгрөгийг буюу нийт 2’830’000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч урьдчилан 5’000’000 төгрөгийг төлжээ.
Хохирогч нь шүд хийлгээгүй, шүд хийлгэх зардлаа нэхэмжлэх боловч зардлаа нотолсон баримтаа ирүүлээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр түүний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч нь хохирогчид 2’170’000 төгрөгийг илүү төлснийг дурдаж, тухайн үнийн дүнгээс илүү хэмжээний зардал гарсан тохиолдолд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...миний уур хүрч автомашинаа урагшлуулчхаад машинаасаа бууж очоод нүүр рүү нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн 2 шүд унасан гэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
4. Мөрдөгч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг Ди Ви Ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Д-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь хохиролд 2’170’000 төгрөг илүү төлснийг дурдаж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн 2’170’000 төгрөгөөс илүү гарсан эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА