Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2020/00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р багт оршин суух, ажилгүй, ******* регистерийн дугаартай, Шарайд овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг ******* тоотод оршин суух, ******* багш ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт Цэрэнжавын *******т холбогдох Хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.        

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2011 онд танилцсан. 2012 оноос хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2013 онд хүү г төрүүлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан. Тухайн үед хүүгээ ааваар нь овоглож төрсний гэрчилгээг авсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч таарч тохирохгүй болсон учир хамтдаа амьдрахаа больж би хүүгээ өөрөө авч өсгөж байна. Одоо хүү маань 6 настай Дашбалбар сумын сургуульд 1-р ангид сурдаг. Энэ хугацаанд ******* нь биднийг эргэж хүүгээ харж хандаж байгаагүй учир хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй, хүүгээ өөрийнхөө асрамжинд авна. Бид тусдаа амьдрах хугацаанд би *******ын зөвшөөрснөөр хүүгээ өөрийнхөө нэрээр овгийн сольж гэрчилгээг нь авсан гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд өгнө. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа эднийх нь бүгдээрээ хачин ааштай байдаг байсан учир таарч нийлэхгүй тусдаа амьдарч байна. Би одоо гэр бүл, хүүхэдтэй болсон. Тухайн үед хүүгээ төрөхөд нь хүүгээ би өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээг нь авсан. Гэтэл ******* өөрийнхөө нэр дээр авна гэсэн би зөвшөөрсөн. Энэ хугацаанд хүүтэйгээ очиж уулзахад хүү маань ноомой, томоотой болсон байсан. Ээж нь надтай уулзахыг зөвшөөрдөггүй гэсэн. Өөр зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц.******* нар нь  2011 онд танилцан дотно харьцаа тогтоож хамт амьдрах хугацаандаа  2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Д.г төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

            Нэхэмжлэгч Л.******* нь хүү Д.г өөрийн асрамжинд байх хугацаанд эцэг Ц.*******ын зөвшөөрөлтэйгээр өөрийн нэрээр овоглосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар батлагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хэдийгээр нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар “Гэрлэлтээ бүртгүүлээгүй  хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ“ гэж хуульчилсан байна.

            Иймээс 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.гийн төрсөн эцэг ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт Цэрэнжавын *******ыг мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 101 764  төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******аас 101 764 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

          1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Д.г эх Л.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.г 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 1 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Ц.Эрхэмбаяаар тэжээн тэтгүүлсүгэй

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 764  төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******аас 101 764  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

 

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Т.БАЙГАЛМАА