| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0109/э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
2025 05 27 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000090 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Х-гийн Р (РД: ....) 1958 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл хоёр, эхнэрийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, Цагаан хөшөө .... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Х.Р нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, “Гивааны баатар”-ын талбайн урд замд өөрийн эзэмшлийн “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, явган зорчигч Д.Пын биед баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, баруун уушгины няцрал, зүүн дал ясны хугарал, дагзны хуйханд шарх, нуруунд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас), шүүгдэгч Х.Ргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) мөрдөгч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), шүүгдэгч Х.Ргийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас), автомашинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас), хохирогч Д.Пын мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас), 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4584 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-59 дүгээр хуудас), 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 64-69 дүгээр хуудас), шүүгдэгч Х.Ргийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Х.Ргийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), хохирогч Д.Пын мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас), мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчид 3’500’000 төгрөг дансаар шилжүүлсэн баримт зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас);
- Замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас);
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас);
- Хохирогч Д.Пын “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хамаатны айлд очоод тухайн айлд цай ууж, 3 хундага архи уугаад гарсан. Түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. ...Тухайн хүнийг би зүс танина. Ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн хүн надад эмчилгээний зардал гэж нийт 3’000’000 төгрөг өгсөн. Би цаашид хийгдэх эмчилгээ, асаргааны зардлыг нэхэмжилмээр байна. Одоогоор бол мөнгөн дүнг хэлэх боломжгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Х.Ргийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 38-89 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож Увс аймгийн Улаангом сум дотор хувиараа такси үйлчилгээнд явж байсан. 15 цаг өнгөрч байх үед би Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гиваан баатар”-ын талбайгаар дээшээ эргээд явж байтал 2 хүн гараа өргөхөөр нь зогсож тухайн хоёр хүнийг суулгаад хөдөлж байтал автомашины асфалтан зам дагуу 1 согтуу хүн явж байсан. Тухайн үед би сандарч хажуу тийшээ эсрэг урсгал руу орж буцаад өөрийн явж байсан урсгал руу ортол тухайн хүн унах шиг болохоор нь би замаас гараад эргээд иртэл тухайн хүний хацраас цус гарсан байхаар нь шууд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Би хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардалд одоогоор нийт 5’500’000 төгрөг төлсөн. Над руу залгаж мөнгө хэрэгтэй гэх болгонд би тухайн мөнгийг нь өгч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Х.Р нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гиваан баатар”-ын талбайн урд замд өөрийн эзэмшлийн “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа хохирогч Д.Пыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
2.2. Тухайн автомашинд мөргүүлсэн хохирогч Д.Пын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/4584 дугаартай “...Д.Пын биед баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, баруун уушгины няцрал, зүүн дал ясны хугарал, дагзны хуйханд шарх, нуруунд цус хуралт учирсан гэмтлүүд нь хүний амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас)-ээр уг зам тээврийн ослоос болж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон.
2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Х.Р нь “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гивааны баатар”-ын талбайн урд замд хохирогч Д.Пыг мөргөж зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг шүүгдэгч Х.Р зөрчиж, “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Д.Пыг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар уг ослын улмаас хохирогч Д.Пын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.
3.2. Шүүгдэгч Х.Р нь “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Пын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Х.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар Х.Р нь өөрийн өмчлөлийн “Toyota rumion” загварын, 38-89 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Д.Пыг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Пын эрүүл мэнд хүнд хохирол учруулсан.
Шүүгдэгч Х.Р нь энэхүү гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 6’042’920 төгрөг, хохирогч Д.Пт 5’000’000 төгрөг төлсөн нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт, шүүгдэгчийн хүү Ргийн Чимэд-Очирын Хаан банкны 5309277354 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.П “...Тухайн хүн надад эмчилгээний зардал гэж нийт 3’000’000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Д.П “…Би цаашид хийгдэх эмчилгээ, асаргааны зардлыг нэхэмжилмээр байна. Одоогоор бол мөнгөн дүнг хэлэх боломжгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) өгсөн байх боловч шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Х.Рэнцэнхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.Р нь эхнэрийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Тухайлбал тус хэсгийн 1.1-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлийг хангасан байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон эрх хасах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Мөрдөгч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Х.Рд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) авсан байх шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Х.Ргийн 128310 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Рд буцаан олгож, 1 ширхэг Ди Ви Ди дискийг нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Х-гийн Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Рг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Х.Ргийн 128310 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА