| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн ** сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн урд талын уулзвар дээр 2024 оны 10 арын 07-ны өдрийн 20 цагийн орчимд ***улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 9.5 тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Бг мөргөж, биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн **дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрийн урд талын уулзвар дээр 2024 оны 10 арын 07-ны өдрийн 20 цагийн орчимд ***улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Г.Бг мөргөж, биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т өгсөн: “..Хүүхэд хичээл дээ муу болсон. Унаж, татдаг болсон. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. Хичээлдээ гүнзгий ангийн хүүхэд байсан. Шөнө болгон хамар битүүрээд унтаж чадахаа байсан. Одоо хичээлээсээ жаахан хоцрогдолтой байна. Тэмцээн уралдаанд оролцож чадахаа байсан. Хүүхдийн маань сэтгэл, санаа муу байгаа.. 400.000 төгрөг өгсөн, эхний өдөр 30,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Б өгсөн: “..2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн оройн 20 цаг 01 минутад 3 дугаар хороонд байдаг эмээгийндээ очихоор ***дэлгүүрийн уулзвараар явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явахдаа машинд мөргүүлсэн. Тэр машин намайг мөргөж унагаачихаад жолооч нь уулзалгүй шууд яваад өгсөн. Машинд мөргүүлчихээд замаас гараад байж байхад ***дэлгүүрийн таньдаг эгч гарч ирээд намайг дэлгүүр лүүгээ оруулж Т.А эгч эмнэлэг болон эмээ рүү залгаж мэдэгдсэн. .. Би ганцаараа явж байсан. Харанхуй болсон байсан гэрэлтүүлэг ассан байсан. Би явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар хоёр тийшээ машин байгаа эсэхийг харахад ямар нэгэн машин харагдахгүй болохоор нь тайван алхаж гарч байхад хойшоо эргэхдээ тэр машины жолооч намайг мөргөж унагаасан. 2 хавирга цуурсан, мөн хамар мурийсан, баруун хөлний өвдөг, зүүн хөлний шагай, зүүн гарын тохой хугарсан зэрэг гэмтэл учирсан. Маргааш нь эмнэлэг дээр нөгөө намайг мөргөсөн машины жолооч гээд ах ирж рентгэн зураг зэрэг намайг үзүүлж харуулсан. Мөн мөнгө төгрөг хоолны мөнгө гээд 30,000 мянган төгрөг өгсөн. Тэр ах 2 өдөр хамт явсан тэрнээс хойш яваад ирээгүй. Өөрөөр эмчилгээний зардал өгөөгүй. Би гомдолтой байгаа энэ осол болсноос хойш миний хамар битүүрч өвдөөд байгаа. Энэ ослоос болж би нэг сар хичээлдээ яваагүй одоо хичээлээ нөхөхийн тулд хувиараа төлбөртэй давтлага авч байгаа. Би хот руу явж хамраа үзүүлэх гэж байгаа тул энэ бүх зардлыг нөгөө ахаас гаргуулж авмаар байна.. Энэ хэргээс учирсан бүх зардлыг гаргуулж авмаар байна. .. Тухайн жолооч нь намайг мөргөчихөөд шууд яваад өгсөн. Надад тусламж үзүүлээгүй. Одоо хэрэгт хавсаргах баримт байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн болоод хичээлдээ явж байгаа гэхдээ удаан зогсох явган явах зэрэгт хөл өвдөөд байдаг. Эмчилгээний зардал нэхэмжилнэ... 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн оройн 20 цагийн үед 3 дугаар хороонд байдаг гэрээсээ гараад эмээгийндээ очихоор **дэлгүүрийн урд талын уулзвараар замын баруун талаасаа зүүн тийшээ зөвшөөрсөн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах гээд зам руу ороод замын голд явж байхад миний баруун тал руу тухайн уулзвараар баруун эргэсэн машин мөргөж унагаасан. Бүрэнхий болж машинууд гэрлээ асаасан явж байсан. Замын гэрэлтүүлэг ассан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-27, 33-34 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “... Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 37.082 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч Ч.О өгсөн: “..2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед нар жаргаж, гэгээ тасарч байх үед би **-н тэндээс машинд суугаад “**” дэлгүүрийн уулзвараар хойноосоо нэвтрэхээр зөвшөөрсөн гэрлэн дохио хүлээгээд /тоёота приус-30 маркийн ***дугаартай арын серийг нь санахгүй байна/ хүний машинд зорчиж явж байхад тухайн машинд мөргүүлсэн хүүхэд явганы гарцаар баруунаас зүүн тийшээ чиглэлтэй дэлгүүр тал руугаа гарч явахад пропокс маркийн тээврийн хэрэгсэл уулзвараар баруун тийш эргэхдээ мөргөж унагасан. Тухайн хүүхэд нилээн хол шидэгдэж зам дээр унасан. Яг тэр үед мөргүүлсэн хүүхэд тэр дороо босоод явчихсан. Харин мөргөсөн машин нь зогсоогүй. Цаашаа хойшоо чигээрээ явсан. Би тэр үед дэлгүүр рүү орж мөргүүлсэн хүүхэдтэй уулзахад нүүр ам нь зүгээр харин хөл нь хөдлөхгүй байна гэж хүүхэд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 546 дугаартай: “..Г.Бгийн биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн: “.. Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг 18 дугаар гудамжинд байрлах Учран дэлгүүрийн урд уулзварын замд явган гарц дээр явган зорчигч машинд мөргүүлсэн гэх хэргийн газарт үзлэг хийхэд: А цэгээр явган зорчигчийн машинд мөргүүлсэн газрыг тэмдэглээд Б цэгээр явган зорчигчийн мөргүүлж унасан газрыг үл хөдлөх цэгээр тэмдэглэсэн. А цэгээс Б цэг хүртэл хэмжилт хийхэд 4.5 метр, А цэгээс зорчих хэсгийн зүүн зах хүртэл 3.6 метр, Б цэгээс зорчих хэсгийн зүүн зах хүртэл 3.6 метр А цэгээс үл хөдлөх цэг хүртэл 4.6 метр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,
Мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Уг хяналтын камерын бичлэг нь цагдаагийн газрын нэгдсэн хяналтын камерын бичлэг байх ба ертөнцийн зүгээр хойд зүг буюу Учран дэлгүүрийн замын уулзвар хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг байна. Тухайн хяналтын камерын бичлэгт 20 цаг 32 минут 53 секундэд явган зорчигчийг зам хөндлөн гарч байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун эргэж байгаа тээврийн хэрэгсэл мөргөж газарт унагааж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байлаа. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь ослын газарт зогсолгүй цааш хөндлөөд явж байгаа нь мөн хадгалагдсан байсанг хуулбарлан авч хэргийн материалд хавсаргахаар тогтов. Хяналтын камерт бичлэгт үзлэг хийх ажиллагааг 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад дуусгав..” гэх тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 49 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 12-13 тал/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 66 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн: “...Хэрэг болох үед 72-*** тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Энэ дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” магадлагаа /хх-ийн 52-53 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаартай: “... Г.Б-н /*** /-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу шүүхээс тогтооно..” гэх дүгнэлт /хх-ийн 123-125 тал/,
Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сумын *** дугаар багт байдаг захаас Мөрөн сумын *** дугаар хороо руу мах ачиж явсан түүнийгээ 3 дугаар хороонд аваачиж өгөх гэж яваад зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед хүүхэд шүргэснээ мэдээгүй миний машины урдуур ямар нэгэн хүүхэд орж ирж харагдаагүй. Би өөрөө зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор явсан. Би тухайн хүүхдийг шүргэж мөргөснөө мэдээгүй учир цааш явж махаа буулгасан. Би хохирогч Б.Нтай хамгийн сүүлд хэзээ уулзсан. Осол болсны дараагаар 2-3 хоног аймгийн нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж үзүүлж харуулсан. Дараа нь биеийн байдал нь ямар байгаа асуух зорилгоор залгахаар утсаа аваагүй, Эмнэлгээр явж эмчлүүлэхэд 400-500 мянган төгрөг болсон байх тэрийг нь би төлсөн надаас мөнгө төгрөг нэхээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/ зэрэг нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан санал, дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн урд талын уулзвар дээр 2024 оны 10 арын 07-ны өдрийн 20 цагийн орчимд **улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Энэ дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний явган зорчигч Г.Бг мөргөж, биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн өгсөн мэдүүлэг, 546 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, таньж олуулах үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Д.Мын өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.М нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Г.Б, гэрч Ц.О нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч нь ослын улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн биед хүндэвтэр гэмтэл үүссэн болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 546 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл жолоочийн лавлагаа мэдээлэл, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн урд талын уулзвар дээр 2024 оны 10 арын 07-ны өдрийн 20 цагийн орчимд *** улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 9.5 тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Г.Бг мөргөж, биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн биед баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр гэмтэл үүссэн болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Мын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Тодруулбал: тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.М нь “Тоёота” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Энэ дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна ..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь: “..цаашид гарах эмчилгээний зардал, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг тус тус нэхэмжилж байна..” гэх тайлбар гаргаж хэрэгт нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаартай : “...“...Г Б.Н /** /-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхэс хамаарна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу шүүхээс тогтооно..” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн биед нь баруун талын бугалга ясны сэлтэрсэн хугарал, цээжний зүүн талд 8-р хавирга, баруун талд 3-р хавирганы цуурал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь “хүүхэд унаж, татдаг болсон, хамар нь битүүрээд унтаж чадахаа байсан, сэтгэл, санаа муу байгаа..” гэх тайлбар, хохирогчийн нас, шүүгдэгч Д.Мын тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”болгоомжгүй” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь ***хамт амьдардаг түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт хохирогч олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 5.280.000 төгрөг болж байна. /660.000*8= 5.280.000/.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 5.280.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч П.Т нарт олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эмчилгээ үйлчилгээ авсан 37.082 төгрөгийг шүүгдэгч Д.М-аас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 37.082 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.М-аас 37.082 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.М-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээр ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ:“...Хүүхэд цаашид эмчилгээнд явбал зохих хэмжээндээ тусална...” гэжээ.
Шүүгдэгч Д.М-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.М-ын нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Д.М-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.М-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.М-ын нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Д.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.М-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.М-аас 37.082 (гучин долоон мянга, наян хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ***дугаартай дансанд олгож, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 5.280.000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг шүүгдэгч Д.М-аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч П.Т нарт олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН