Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0899

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б х х т******” НҮТББ,

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Маргааны төрөл: “Б х х т******” НҮТББ-д газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, газар маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө******** Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*****, Ч.У*********, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***********, хариуцагч Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б х х т******” НҮТББ-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Б х х т******” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт, Могой дэнж   нэртэй газар 38000 м.кв хэмжээтэй газрыг мод үржүүлэг зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн  газар ашиглах эрхийн 000029022 дугаар  гэрчилгээг “Б х х т******” НҮТББ-д олгожээ.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр албан бичгүүдээр ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт, Могойт дэнжид 8550 м.кв талбай бүхий газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан.

4.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/300 дугаар албан бичгээр, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаар албан бичгээр “...8550 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ..., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.

5.Нэхэмжлэгч “Б х х т******” НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Манай байгууллага нь 6 га газраа 2001 оноос хойш хашаалан зориулалтын дагуу санхүүгийн нөөц бололцооныхоо хэрээр нийт том, жижиг 10 гаруй объект барьж байгуулан, жил бүр зорилт тавин мод бут тарьж, арчлан хамгаалж ирсэн үнэ цэнтэй газар юм. Өмнө нь тухайн газраа гэрчилгээжүүлэн авах талаар төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа ханддаг байсан боловч Туул гол орчмын хамгаалалтын бүсэд хамаардгаас Арцат могойт дэнжийн ойр орчимд газар олгогддоггүй гэх шалтгаанаар өргөдөл хүлээн авдаггүй байсан тул албан ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй.

Улмаар 2021 оны 09 дүгээр сараас эхлэх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дуудаж, хүсэлтээ гаргаад газраа гэрчилгээжүүлэн авах талаар мэдэгдсэн нь одоогийн нөхцөл байдлаас харахад зохион байгуулалттай ажил байсан гэж харагдаж байна. Учир нь манай байгууллагын нийт ашиглаж ирсэн 6 га газраас 3.8 га талбайд газар эзэмшүүлэх хүсэлт гаргуулахдаа үлдсэн газар нь манайд хамааралгүй гэх албан бичгийг бичүүлэн авсан ба ингэхдээ Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн гэх н.А******, газрын дарга Ө.Бат-Өлзий нар нь “үерийн аманд газартай 0.07 га талбай бүхий 14 айл, өрхийн газрыг шилжүүлэн өмчлүүлье, мөн танай газар болон айл өрх хооронд нийтийн эзэмшлийн зам гаргана” гэж тайлбарлаж байсан.

Манай төрийн бус байгууллага өөрөө нийгэмд үйлчилдэг байгууллага, тасралтгүй 22 жил хүний өмнө нүүр бардам гаргаад үзүүлэх хийсэн, бүтээсэн ажилтай бид бүхэн хүнд хэцүү нөхцөлд байгаа 0.07 га газарт нийт 14 айл, өрхийг нүүлгэн эзэмшүүлэхийг зөвшөөрсөн.

2/Гэтэл манай 3.8 га талбайн дээрх газар эзэмших хүсэлт шийдвэрлэгдэж, газар эзэмших гэрчилгээ гараагүй байтал 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шөнийн цагаар цагаан шохойгоор тэмдэг тавьж, 2022.10.04-ний өдөр шөнийн цагаар том машинтай хүмүүс манай байгууллагын 21 жил эзэмшиж, хашаалж ирсэн өмчийн хашааг буулгаж, суурь цутгасан, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн л шөнийн цагаар хашаа зоосон. Үерийн аманд байрлах 14 айл, өрх ийм дээрмийн үйлдлүүд хийх үү, эсвэл газрын алба ийм эрх хэмжээ, чиг үүрэгтэй юу? Тус байгууллага нь энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаар албан бичгээр хандахад бидэнд ямар ч хариу өгөөгүй.

Уг газар нь “Б х х т******” НҮТББ-ын 22 жил үйл ажиллагаа явуулж, маш олон хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хайр, хөлс хүч шингэсэн үнэ цэнэтэй газар бөгөөд тухайн газраас амьдралд итгэх итгэлээ алдсан, шантарсан, цөхөрсөн, тусламж шаардлагатай олон хүмүүс өсөж өндийсөн, итгэл найдвараа олсон, ажиллаж хичээж сурсан үнэ цэнэтэй газар учраас хэн нэгэн эрх дархтай, мөнгөтэй хүний наймааны газар болгохыг хүсээгүй тул 855 м.кв талбай бүхий 22 жил арчлан хамгаалж, мод бут тарьж ургуулсан газраа эзэмших хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №07 дугаар албан бичгээр газрын албанд хүргүүлсэн.

3/Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албанаас 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 13/300 дугаар тоотоор “урд талын 855 м.кв талбайг хашаалсан хашаагаа буулгахгүй бол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан гэх үндэслэлээр эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж мэдэгдсэн тул манай байгууллага нь 22 жилийн өмнө төрийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хашаалсан байсан хашааг нураасан болно.

Улмаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаар актаар “Танай байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа газрын урд талд байрлах 855 мкв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” буюу газар эзэмших эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн захиргааны актыг гаргасан болно.

4/Манай байгууллагын гишүүд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын “Иргэд олон нийтийг хүлээж авах өдөрлөг”-т тус дүүргийн Засаг даргатай уулзаж нөхцөл байдлаа танилцуулахад "нийгэмд үйлчилдэг, хийсэн харуулах зүйлтэй, тарьсан мод буттай байгууллагад газрыг нь олгоход татгалзах зүйлгүй, танилцъя" гэж хэлсэн. Бид чадах чинээгээрээ хийсэн ажлуудаа дэлгэрэнгүй байдлаар бэлдэж, танилцуулсан боловч өнгөн талдаа олон нийтийн өмнө хийсэн бүтээснийг дэмжье, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн гэх боловч бидний хүсэлтийг авч хэлэлцээ ч үгүй, хариу ч өгөөгүй.

Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай гомдлыг Баянзүрх дүүргийн Засаг даргад 2022.05.10-ны өдрийн ...дугаар болон тус өдрийн ... дугаар гомдлыг тус тус нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

Захиргааны байгууллагуудаас бидний гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх, гомдол дурдсан асуудлуудыг хянаж шалгах, оролцоо, мэдээлэл авах эрхээр хангах, захиргааны акт гаргах ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх зэргийг огт хийх байгаа тул арга буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

5/Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаар газар эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б х х т******” НҮТТБ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзий-Учир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Б х х т******” нь 2000 оны 11 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Зорилго нь нийгмийн халамж анхаарал бодит тусламж үйлчилгээ шаардлагатай бүхий л давхаргын ард иргэддээ хүрч үйлчлэх, амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь туслах түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон эхчүүд, нэн ядуу айл өрхүүд, өндөр настнуудад тусламж үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг оношилгоо эмчилгээг үнэ төлбөргүй гадаадад болон дотоодод хийх, мод үржүүлгийн ажлыг тасралтгүйгээр хийж экологи ээлтэй орчин бий болгох цаашлаад тасралтгүй үйл ажиллагааг тууштай явуулж, эерэг хандлагыг бий болгох нь   “Б х х т******” НҮТББ-ын зорилго юм. 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улс дахь монгол хүүхдүүдэд зориулсан цогцолбор сургуулийг үүсгэн байгуулсан. Тухайн сургууль нь одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сөүл хотод Монголчуудад зориулсан Улаанбаатар соёлын төвийг үүсгэн бий болгосон. Тухайн хоёр байгууллагыг үүсгэн байгуулсан байгууллагаас нь манай төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ч И С****** төлөөлөгчийг Монгол улс руу илгээсэн. Монголчуудын хийсэн дээрх ажлуудад талархан тухайн үеийн эрх бүхий байгууллагууд шийдвэр гарган Гачуурт дахь газрыг албан ёсоор олгосон. Тухайн үеийн Засаг дарган н.Энхболд, газрын албаны дарган н.Цэ****** нар тууз хайчлан албан ёсоор газрыг манайд олгож байсан. Гэгээрлийн өргөө барихаар 3 га газар, мод үржүүлгийн зорилгоор 3 га нийт 6 га газрыг олгосон байгаа юм. Анх Гачуурт дахь Соёлын төвийг бий болгоход санхүүжилт нь хаанаас орж ирсэн бэ, гэвэл Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн С Ж Ё******* гэх эмэгтэй Монгол улсад анх удаа 2000 онд ирсэн. Монголчуудыг гэсэн зөв сэтгэлтэй 27 настай охин сайн үйлсийг эхлүүлээд нутаг буцсан байгаа.

2001 онд сайн үйлсээ үргэлжлүүлэхээр ирэх замдаа осолд ороод нас барсан. Энэ зүйлээр дамжуулаад тухайн охины гэр бүл, албан байгууллагаас нь амь даатгал болох 100 сая воныг Монголчуудын төлөө тусалж, байгууллага байгуулж анхны санхүүжилтийг хийсэн нь  одоогийн “Б х х т******” НҮТББ байгаа юм. Монголчуудын төлөө сайн үйлсийг эхлүүлсэн “Б х х т******” НҮТББ, Гэгээрлийн өргөө нь одоогоор 10 гаруй объектыг барьж байгуулсан төдийгүй орчны тохижилт, моджуулах, ойжилтыг жил болгон хийж, жил бүр 500-800 модыг тарьж одоог хүртэл арчилсаар байна. Анх манай газар байх үед Туул голын эргээр олон айл байгаагүй. Анхны айл  нь манайх гэж хэлж болно. Эргэн тойронд бууж байгаа айлдаа цэвэр усаар хангах, цахилгаанаар хангах зүйлийг хийж байсан. Манай төрийн бус байгууллага Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд харьяалагддаг. Мөн манайх хороотойгоо сайн хамтарч ажилладаг. Энэ газрыг 16 жил харж хайрлаж хамгаалж байгаа манай дээр ажилдаг н.Долгорсүрэн ажилтан маань ирсэн байна. Анх яагаад  манай байгууллагад албан ёсны гэрчилгээ олгогдоогүй шалтгаан нь жил бүр 2001 оноос хойш  Баянзүрх дүүргийн Газрын албанд газрыг гэрчилгээжүүлэх хүсэлт өгдөг боловч манай хүсэлтийг хүлээж авдаггүй. Тухайн үед газрын төлөвлөгөөнд ороогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа гэх шалтгаанаар манай албан бичгийг аваагүй 20 жилийн турш явсан байгаа юм. Тухайн үед байсан айлд 2021 он хүртэл гэрчилгээ олгогдоогүй байсан. Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.А****** 2021 оны 09 дүгээр сард танай байгууллага ирж уулзах ёстой байна гээд очиж уулзсан. Тухай үед манай 20 дугаар багийг хариуцаж байсан н.А******, газрын албаны дарга н.Б******** нар байсан. Танай урдах талбайг хурааж аваад, үер усны аюул бууж байгаа, аюулд байгаа 14 айл өрхийг буулгахаар болсон байна гэж хэлсэн. Манай байгууллага хүсэлт өгсөн боловч танай байгууллагад тухайн газрыг өгөхгүй гэсэн албан бус хариуг өгсөн.

Манай байгууллагын удирдах зөвлөлүүд ярилцаад нэг хүний хувийн эрх ашгийн төлөө биш 14 айл дээр ярилцаж байсан. Танайх урд талбайгаа өгөхгүй бол газрын гэрчилгээ гарахгүй, газрыг хурааж авах болно гэсэн хариу өгсөн. Анхны уулзалт өнгөрөөд удаагүй байтал н.А******* энэ цэг дээр хатгуулаад кадастрын зураг хийлгээд аваад ир гэсэн. Хийлгээд аваад очиход 3.9 га биш 3.8 га газар юм байна, манай дарга андуурсан байна. Дахиад кадастрын зураг хийлгэх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Энэ уулзалт дуусаад 7 хоноогүй байхад 2021 оны  10 дугаар сарын эхээр шөнийн цагаар том кран машинтай хүмүүс ямар нэгэн албан бичиг байхгүйгээр манай хашаа руу орох гэж оролдох үед манай манаач та нар ямар албан бичигтэй юм бэ, зөвшөөрөлгүй бусдын зүйлд яагаад халдаж байгаа юм бэ, гэсэн учраас тухайн шөнөдөө буцсан байгаа юм. Манай байгууллага тухайн хашааг барихад олон хүмүүсийн хүч хөдөлмөр цаг зав шингэсэн төмөр хашаа байсан. Энэ үед мэргэжилтэн н.А****** төлөөлөгч над руу залгаад ажилтнаа чимээгүй байлгаач, танайх тохиролцсон биз дээ, эргэн тойрны хүмүүс газрын албыг юу гэж бодох юм бэ, манайх албаар хурааж байна гэж бодно тийм болохоор энэ хүнээ дуугай байлга гэж над руу олон удаа залгаж сүрдүүлсэн байгаа. Үүний дараа дахин 7 хоногийн дараа олон ажилтан залуучууд очоод хашаа тусгаарлаж шууд хундам цутгасан байгаа. Та нар ямар зөвшөөрөлтэй явж байгаа хүмүүс вэ, албан бичгээ үзүүл гэж хэлэх үед тийм зүйл байхгүй. н.А****** гэх мэргэжилтэн бид нарыг хийлгэж байгаа гэж хэлсэн.  Манай ажилтан н.Долгорсүрэн энэ газрыг ямар хүн авсан юм бэ, гэж асуухад мэдэхгүй нэг том хүн авч байгаа юм шиг байна лээ гэсэн хариулт өгсөн. Энэ талаар тодруулга авах үүднээс Баянзүрх дүүрэгт хүсэлтийг удаа дараа өгөхөд албан ёсоор хариу өгөөгүй. Танайх хашаагаа нураахгүй бол албан хүчээр очиж нураах болно гэсэн албан бичиг өгсөн байгаа. Үүний дараа танай байгууллага хэл амтай байгууллага юм, 3.8 га талбайгаас өмнөх талбай манайд хамааралгүй гэдэг бичиг хийж ирж байж танай газрын гэрчилгээг олгоно гэж хэлсэн. 20 жил газрын гэрчилгээ авах гэж хөөцөлдсөн боловч өгөөгүй учраас гэрчилгээгээ авахын тулд тухайн бичгийг хийж өгсөн. Тухайн газар хэн нэгний хувьд энгийн газар юм шиг байж болно, бидний хувьд их үнэ цэнэтэй, нэг хүний амиар бий болсон газар юм. Энэ газар ямар нэгэн буруу зүйл бол хийгддэггүй.  Нөхөрлөл бий болгох зорилгоор бий болсон 200-300 мод тарьсан газар байсан. Хашаа нураасан учраас тарьсан моднууд бүгд үхсэн байна. Хөл бөмбөгийн талбайтай учраас олон залуучууд цагийг өнгөрүүлээд явдаг байгаа. 2021 оны 09 дүгээр сараас эхлэн манай байгууллагын хувьд хэцүү, хүнд байна. Яагаад гэвэл энэ газрыг 20 жил хайрлаж Монголчуудын төлөө маш олон үйл ажиллагааг хийж байгууллага юм.

Жил бүр “Б х х т******” НҮТББ, Гэгээрлийн өргөөгөөс 15 мянган хүмүүс очиж амарч цагийг өнгөрөөж туршлага солилцдог байсан. Одоо ингээд очиж амардаг хүмүүсийн хувьд харамсалтай байна. Энэ үйл ажиллагаа болсны дараа н.А****** байцаагч ажлаасаа чөлөөлөгдсөн. 14 айлд газраа өгсөн хүмүүс нь одоо авах гээд байна гэж хэлээд хашааг нураасан байгаа. Дараа нь шүүх хуралд өгсөн хариулт нь ямар ч газар олголт хийгдээгүй газар байгаа гэж хэлсэн. Энэ хоёрын хооронд ямар нэгэн эрх ашгийн асуудал, эрх мэдэлтэй хүний хийж байгаа асуудал биш байгаа гэж бодож байгаа. Манай урд талын хамгийн үзэсгэлэнтэй, гоё талбай байхад урд талд байшин баригдаад эсхүл хувийн эрх ашиг сонирхлын төлөө баригдвал тэр газар хэцүү болно. Тийм учраас манай газрыг хамгаалж өгнө үү гэж хэлмээр байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б х х т******” НҮТББ-аас хариуцагч Баянзүрх дүүргийн  Засаг дарга тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн  шаардлага Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын  албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Б х х т******” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан  журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 22 жил эзэмшиж ирсэн газрын хойд талд байрлах 3.8 га газрын 2021 онд гэрчилгээжүүлж авсан. Урд талын хэсэгт 8555 м.кв талбай бүхий газар эзэмших хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Энэ хүсэлт нь 3.8 га газрын урд талын хэсэг газар нийт 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн зориулалтаар бид нар газраа эзэмшье гэсэн хүсэлт гаргасан. Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид хариу ирүүлсэн. Ирсэн хариуд манай газар эзэмших хүсэлтэд холбогдолгүй, зөвшөөрөлгүй  хашаалсан хашаагаа буулгахгүй бол танай газрыг хүчингүй болгоно гэх албан тоотыг ирүүлсэн.

 Үүний дагуу манайхаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 албан тоот явуулсан. Нэг нь эзэмшил бүхий газрынхаа урд талын хашааг буулгасан, нөгөө нь 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэсэн албан тоотыг явуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр маргаан бүхий акт гарсан. Энэ актыг үзсэн даруйдаа Захиргааны  ерөнхий хуулийн 92,93, 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээд шүүхэд 30 хоногийн нэхэмжлэлээ гаргаад маргаад явж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан. Маргаад байгаа захиргааны акт маань захиргааны байгууллагаас гаргасан байх шаардлагатай, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар 5.1.1 дэх зүйлд заасан. Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх шаардлагын тухайд гэвэл тодорхойлж болохуйц этгээдэд хандсан, тухайлсан нэг асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Энэ тохиолдолд “Б х х т******” НҮТББ нь тодорхойлж болохуйц этгээдэд хандсан. Танайд газар эзэмшүүлэхээс татгалзлаа буюу нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэсэн захиргааны акт байна гэж харж байгаа.  Зохицуулаад байгаа харилцааны маань үр дагавар өөрөө нийтийн эрх зүйн хүрээнд хэрэгжигч шинжийг агуулна. Өөрөөр хэлбэл энэ харилцаан дээр ямар эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж байна вэ, гэдгээр тухайн харилцаа үйлчлэх вэ, гэдэг тодорхойлно.

 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийг үндэслэсэн. Энэ нь газрын тухай хууль нийтийн эрх зүйн хэм хэмжээ учраас нийтийн эрх зүйн харилцаа байна гэдэг тодорхой харагдана. Дотоодод чиглэсэн харилцааг зохицуулсан биш гадагш чиглэсэн шинжийг агуулах ёстой гэж байна. “Б х х т******” НҮТББ нь  бие даасан хуулийн этгээд учраас гадагш чиглэсэн хуулийн шинжийг агуулна. Захиргааны акт эрх зүйн үр дагаврыг шууд бий болгох ёстой гэж байна.  Эрх зүйн үр дагаврыг бий болгоно гэдэг нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх дуусгавар болгох аливаа этгээдийн эрхийг хязгаарлах хориглох, зөвшөөрөх журамлах, татгалзах гэсэн шинжийг агуулсан. Танай газар эзэмших эрхийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй буюу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээд байгаа юм. Гэрчилгээ аваагүй ч гэсэн 22 жил эзэмшилдээ байлгаад арчлан хамгаалсан газраа албан ёсоор гэрчилгээжүүлж авах боломжийг ноцтойгоор зөрчөөд байгаа юм. Магадгүй бид татгалзсан шийдвэрийнхээ дараа дахиад газраа авч болох уу гэх хүсэлтийг гаргах гэхээр танай асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар хэсэгт зааснаар энэ газраа дахин авах боломж үүсэхгүй, нөгөө талаараа гэрчилгээжүүлж авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн нь өөрөө татгалзсан шийдвэр буюу эрх зүйн ноцтой үр дагавар үүсгээд байна гэж харж байгаа. Энэ шийдвэр нь захирамжилсан шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл манай байгууллага энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  гэснээс үл хамаараад энэ шийдвэр нь хэрэгжинэ. Татгалзсан шийдвэр нь эрх зүйн захирамжилсан буюу тэгш бус харилцааг бий болгоод байгаа учраас захиргааны актын 6 шинж хангалттай бүрдэж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Хавтаст хэргийн 237 дугаар тал дахь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/1927 дугаартай бичиг шүүхэд ирүүлсэн. Маргаан бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй байна гэж байгаа. Бидний маргаад байгаа 8555 м.кв болон манай гэрчилгээжүүлээд авсан байгаа 3.8 га газар бүхэлдээ бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон давхцалгүй бүртгэл байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Үүнтэй холбогдуулан сансрын зураг хоёрыг ирүүлсэн. Үүн дээр нэгж талбарын дугаар олгогдоогүй, ямар нэгэн байдлаар эргэлтийн цэгүүдийг тодорхойлоод кадастрын зураг хийгдсэн нөхцөл байдал харагдахгүй байгаа юм . Хавтаст хэргийн 240 дүгээр талд хариуцагч байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1677 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичгээр 8555 м.кв газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар төлөвлөлт хийж тус дүүргийн Засаг даргын захирамжаар олгохоор шийдвэрлэсэн боловч маргаантай асуудлын улмаас өөр байршил олгосон гэсэн тайлбар өгсөн байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаад энэ хүсэлтийг 04 дүгээр сарын 22-ны өдрийн маргаан бүхий актаараа шийдвэрлэх үед бидний маргаад байгаа газар дээр иргэн, аж ахуйн нэгж иргэдэд гэр бүлийн зориулалтаар газрыг олгоогүй байсан байна гэдэг нь тодорхой харагдаж байна.

Газрын тухайн хуулийн 35.3.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигчийн үүргийг танай байгууллага зөрчөөд байна гэсэн хуулийн үндэслэлийг заасан хэр нь газар олгоогүй. Бид нарын хүсээд байгаа юм юу байсан бэ, гэхээр албан ёсны дагуу танай байгууллагат энэ газрыг олгох хууль зүйн үндэслэлгүй байна вэ, гэдгийг холбогдох баримтын дагуу гаргаж өгнө үү гэхэд гаргаж өгөөгүй. Тэгэхээр маргаан бүхий акт маань өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд бидний гаргаж байгаа хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлагыг шүүхэд тавиад байгаа юм. Миний хувьд өнгөрсөн 10 дугаар сараас хойш маргаантай асуудал үүсээд явсны дараа энэ асуудлыг мэдсэн. Газар зохион байгуулагч н.А****** болон н.Б****** захиралтай уулзсан. Тухайн үед танайх энэ газраа гэрчилгээжүүлж авах эрх нь байна. 2001 оны н.Ц****** даргын шийдвэр байна гэдгийг тайлбарласан. Гэхдээ талбай нь том байгаа учраас иргэдэд олгоё та нар зөвшөөрнө үү гэдгийг тайлбарласан. Ингэхдээ иргэдэд олгох газар, танайд олгох газрын хооронд нийтийн эзэмшлийн зам явуулна гэж байгаа. Тэгэхэд бид нар энэ газрыг моджуулъя гэж байгаа юм. Энэ байгууллага нь өөрөө төрийн байгууллагаас тусламж дэмжлэг авдаггүй, хэн нэгэн хүнээс санхүүжилт олгодоггүй. Энэ байгууллагын олж байгаа орлого нь гишүүдийн хандив тусламж юм. Газрын албаны н.А****** гэх мэргэжилтэн нь энэ асуудлыг маргаж эхлэнгүүт ажлаа өгсөн. Засаг даргын иргэдийг хүлээж авч уулзсан уулзалт дээр болсон зүйлээ хэлсэн. Баянзүрх дүүргийн төлөвлөгөө мянган мод гэдэг хөтөлбөр хэрэгжээд байгаа бол манай моджуулъя гэдгийг дэмжихгүй байгаа юм бэ, гэхэд н.Баянмөнх засаг дарга хэлэхдээ төрийн бус байгууллага танайх хийсэн ажилтай бол хийсэн ажлыг нь дэмжье гэж тайлбарлаж байсан. Тэгээд манай мэргэжилтэнтэй уулзаад бүх юмаа тайлбарлаад, баримт бичгээ өгөөрэй гээд зузаан материал өгөхөд манай материалыг нэг ч эргүүлж хараагүй. Танай асуудлын талаар газрын алба хариу өгсөн юм байна. Материалаа буцааж ав гэж хэлсэн. Энэ нөхцөл байдлыг Нийслэлийн газрын алба дээр хэлэхэд материалыг эргүүлж харсан хүн байгаагүй. Хавтаст хэргийн 14 дүгээр талд 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны газрын дарга н.Цэ****** даргын 1/353, 1/350 дугаартай 2 албан бичиг байгаа.

Тухайн албан бичигт юу гэж бичсэн бэ, гэхээр Монгол Солонгос залуучуудын сургалт семинар зохион байгуулах, урлаг спортын тэмцээн, харилцан нөхөрлөх, орчныг моджуулах зорилгоор Гачуурт тосгоны 3 га газрыг, 6 га газрыг эзэмшүүлэхээр тогтлоо гэдэг албан бичгийн дагуу Гэгээрлийн өргөөг барихаар болоод хавтас хэрэгт байгаа 2002 оны 07 дугаар сард н.Цэ****** дарга буюу Улаанбаатар хотын ерөнхий архитектур гээд бүх албан тушаалтан дарга, мэргэжилтэн, архитектур нь бүгд гарын үсгээ зураад зөвшөөрсөн. Үүн дээр 5 га газрыг Гэгээрлийн өргөөг барихаар шийдвэрлэлээ гээд архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарчихсан. Үндэслэлгүй тухайн газар дээр хашаа бариад Газрын тухай хуулийг зөрчөөгүй. Хавтас хэрэгт байгаа 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн газрын албаны албан бичиг дээр танай 3.8 га газрыг олгож байгаа үндэслэл нь 2001 оны н.Цэ****** даргын албан бичиг, Газрын тухай хуулийн 21.3.4 дэх хэсэг мөн бусад баримт бичгийг үндэслээд олголоо гэсэн. Тэгвэл олгох үндэслэлтэй гээд байгаа юм бол танайд олгохгүй гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх олгох эсхүл татгалзах шийдвэр гаргах ёстой. Газар эзэмших эрхээс татгалзах шийдвэр буюу маргаан бүхий акт 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Газрын тухай хуулийн 31.3 дэх хэсэг, 35.3.3 дэх хэсэг буюу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй байна гэдгийг зөрчөөд байгаа учраас танай төрийн бус байгууллагын газар эзэмших эрх олгохоос татгалзлаа гэсэн.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн бусдын эзэмшил ашиглалтад тухайн газрыг олгоогүй, Газар зохион байгуулалтын геодези зураг зүйн газраас ирүүлсэн бусдын газар дээр давхцалгүй байна гэдэг албан бичгээр маргаан бүхий акт гарах болсон нь хууль зүйн үндэслэл нь өөрөө няцаагдаж байна гэж үзэж байна. Мөн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт нь бичгээр тавигдах шаардлагуудыг огт хангаагүй байна гэж үзэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 42.3 дэх хэсэгт зааснаар хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмших эрх олгоход тавигдах шаардлага буюу ашиглахыг хүссэн газар нь бусад иргэдийн эзэмших ашиглах эрхтэй газар дээр нь давхцалгүй байх шаардлагыг хангаж байгаа  тохиолдолд 2000 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглаад явж байсан төрийн бус байгууллагад газар эзэмших давуу эрх үүснэ гэж үзнэ. Гэтэл тухайн газар дээр юу хийж байсан үйл баримтыг огт тогтоолгүйгээр шууд хэт том газрыг танай байгууллагад олгохгүй, 3.8 га газраа ав, бусад газрыг өөр аж ахуйн нэгжид олгоно гэсэн ч олгосон зүйл байхгүй. Тухайн газрын албаны мэргэжилтний хувийн ашиг сонирхол юм уу, өөрөөр хэлбэл маргаан бүхий акт заагдсан байгаа хууль зүйн үндэслэл нь няцаагдаж байгаа юм. Иймд ханган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

6.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө******** шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/“Б х х т******” НҮТББ нь 2000 оноос үйл ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга болон албан тушаалтнуудтай уулзалт хийж улмаар холбогдох Арцат могойт гудамжийн 3-60 тоот буюу Гачуурт тосгоны Бухын хонхорт 8 га газрыг эзэмшүүлэхээр тогтсон” гэх боловч уг газрыг эзэмших талаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу буюу Газрын тухай хуульд зааснаар албан ёсоор хүсэлтэй гаргаж байгаагүй бөгөөд уг газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан байна.

2/Харин 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Могойт дэнж гэх газарт 39063 м.кв газар эзэмших талаар хүсэлтийг гаргасан байх ба дүүргийн Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар 38000 м.кв газрыг 15-н жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.

3/Улмаар “Б х х т******” ТББ-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт нь “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл: Газар эзэмшигчийн эрх, үүрэг. 35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчихөөр байх тул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13/683 Дугаартай албан бичгээр өгсөн хариу үндэслэл бүхий байна.

Иймд Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

үйлийн 106.1.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б х х т******” НҮТББ нь 3.8 га газрыг эзэмшихээр хүсэлтээ гаргасан байсан. 2001 оноос албан бичгээр эзэмшиж байсан гэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 хүчин  төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн байна. 2001 оноос хойш газрыг эзэмшиж байсан зүйл байхгүй гэсэн нь үгүйсгэгдэж байна. Албан бичгийн дагуу Гачуурт, Могойт дэнжийн газрыг хууль бус эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байна. Хэдийгээр албан бичиг гарсан боловч хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээ байхгүй гэдэг нь хуульд зааснаар газрыг эзэмшээгүй байна гэсэн үг юм. Газар эзэмшихэд ямар материал бүрдүүлэх вэ, гэдгийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд тусгаж өгсөн. Тэгэхээр хүсэлт гаргасан хэмжээнээс илүү ийм хэмжээний газар эзэмшүүлэх эрх байхгүй. Хүсэлтийг шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны албан бичгийг захиргааны акт гэж үзээд байна. Энэ нь захиргааны акт биш, захирамжилсан шинжийг агуулаагүй. Иргэдээс байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан хүсэлтэд өгсөн хариу бичиг байхад албан бичиг болгоныг захиргааны акт гэж үзээд байх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу  нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэсэн байгаа юм. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсэн байгаа. Тэгэхээр шүүх хоёр зүйлийг анхаарахаар байгаа. Захиргааны акт хууль зөрчсөн үү, хэрвээ зөрчсөн бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх. Нэхэмжлэгчийн тухайд эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн зүйл байхгүй” гэв.

7.Хариуцагч Газар зохион байгуулалт алба шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Тус байгууллага нь газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт, Могойт дэнжид 2003 оноос хойш газар ашиглаж ирсэн байдаг.

2/Тухайн байршилд нь тус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаар бүхий албан бичгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар Мод үржүүлэх зориулалтаар 38000 м.кв газрыг 15-н жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлд дурдсан эзэмшил газрын урд хэсэгт байрлах 8550 м.кв орчим газар нь тухайн байгууллагад ямар нэгэн байдлаар хамааралгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзэж

байна” гэжээ.

Хариуцагч Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинээр газар олгох, эзэмшүүлэх гэдгийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл дээр заасан байдаг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтлан иргэн аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэдэг. “Б х х т******” НҮТББ-ын урд талд байгаа  газрыг 2021 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор төлөвлөсөн боловч  “Б х х т******” НҮТББ нь манайх илүү талбайгаа авмаар байна гэсэн үндэслэл дээрээс энэ асуудал шийдвэрлэгдээгүй.   “Б х х т******” НҮТББ-ын хүсэж байсан 3.8 га газрыг нь өгсөн. Мөн ашиглаж байгаа талбайн хэмжээ, хашаагаа татаад ашиглаж байгаа талбай хэмжээ нь том. Яагаад гэвэл уул талаараа илүү байдаг. Баруун хойд талын өнцөгт нь иргэнд зөвшөөрөлгүйгээр байшин бариад амьдар гээд албан бичгийг:  “Б х х т******” НҮТББ нь хийгээд өгдөг. Ийм байж болохгүй. Тухайн байгууллага зөвхөн бид нарын олгосон гэрээ, гэрчилгээний дагуу газрыг эзэмшиж ашиглах боломжтой. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр газар олгохдоо ямар зориулалттай олгох нь батлагдсаны дараа иргэн юм уу, аж ахуйн нэгжид дүүргийн Засаг даргын захирамжаар олгож гэрээ, гэрчилгээ олгож өгдөг. Одоогийн маргаан бүхий газар нь төрийн мэдэлд байгаа. Ямарваа нэгэн иргэн хуулийн этгээдэд ашиглуулж эзэмшүүлсэн зүйл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Б х х т******” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан.

2.Хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс татгалзсан, эрх зүйн шууд үр дагавар бий болсон байх тул захиргааны акт гэж үзэхээр байна.

3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт, Могой дэнж   нэртэй газар 38000 м.кв хэмжээтэй газрыг мод үржүүлэг зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн  газар ашиглах эрхийн 000029022 дугаар  гэрчилгээг “Б х х т******” НҮТББ-д олгожээ.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр албан бичгүүдээр “...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт, Могойт дэнжид 8550 м.кв талбай бүхий газар эзэмших тухай...” хүсэлтийг гаргажээ.

5.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/300 дугаар албан бичгээр, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаар албан бичгээр “...8550 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ..., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг өгчээ.

6.Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

          7.Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”  гэж заасан бөгөөд маргаан бүхий газрыг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдсан байна.

          8.Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж дурдсан хэдий ч уг маргааны улмаас иргэдэд газар эзэмшүүлээгүй болох нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1677 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

          9.Гэсэн хэдий ч нэгэнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгасан байх тул нэхэмжлэгчид тухайн газарт газар эзэмшүүлэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

          10.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэ*******-ээс 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/353, 1/354 дүгээр албан бичгүүдээр тус бүр 3 га газрыг ...Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны  Бухын Хонхорт Б х х т******д ашиглуулахаар шийдвэрлэсэн, маргаан бүхий газрыг 2001 оноос хойш эзэмшиж байгаа, газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн авдаггүй байсан” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11.Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэ**** нь аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхтэй гээд биш, газар эзэмшүүлэх шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй байхад тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

12.Харин нэхэмжлэгчийг газраасаа хэсэгчлэн татгалзахыг хууль бусаар шаардсан, хууран мэхэлсэн гэх үйл баримтыг тус шүүх тогтоохгүй тул тухайн асуудлаар зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь хандах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б х х т******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Б х х т******” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ