Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/438

 

С.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Ононбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч С.О-т холбогдох эрүүгийн 2006 00000 2475 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Е овгийн С-ын О, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “И” их сургуулийн 1 дүгээр түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ...  дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: ... /;

С.О нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед иргэн Я.М-г түлхэн унагаж, нүд орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Е овогт С-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, 2 ширхэг томографын зураг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ үндсээрээ буруу явагдаж, анх хохирогч байсан С.О нь хэрэгтэн болж, хэргийг анх өдөөсөн, С.О-ийн хамар ясанд гэмтэл учруулсан этгээд Я.М нь хохирогч болсон нөхцөл байдлыг залруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагатай. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хангалтгүй, буруу гарсан, бүрэн биш, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 27.8.2-т заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зөрчлүүдийг хэрхэх талаар шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг ханган, хэргийг прокурорт буцаана уу гэсэн боловч шүүх хэрэгсэхгүй болгож, шийдвэр гаргасан. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч гэх М хууль сануулсаар байтал илт худал мэдүүлэг өгч байгаад зохих дүгнэлт хийлгүй хэргийг буруу шийдвэрлэсэн. С.О-ийг автомашиндаа сууж байхад нь цонхыг нь цохиж өдөж байгаад маргаан үүссэн, харилцан зодоон болсон. Тэсэлгүй түлхэхэд нь буцаагаад хамрын ясыг нь хуга цохисон. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр С.О-т гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шинжээч эмч Золжаргал компьютер томографын зургаар гэмтэл тогтоогдсонгүй гэсэн байдаг. Шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч Чулуунсүхээр уг зургийг тайлбарлуулж нэмэлтээр дүгнэлт гаргуулахад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Дахин шинжилгээгээ хийлгэх шаардлагагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

С.О нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.М-г “Машины цонх хүчтэй тогшлоо” гэх шалтгаанаар маргалдан түүнийг газарт түлхэн унагаж, нүд орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Я.М-ийн: “...Тэр залуу цонх чанга тогшлоо гээд бууж ирээд намайг түлхээд унагаачихсан. Тэгээд би босож ирээд “Чи аав шигээ хүнийг түлхэж унагаад яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн чинь хажуугаас нэг эмэгтэй гарч ирээд хүний машин тэрэг, ингэлээ тэглээ гээд янз бүрийн юм яриад байсан. Тэр охиныг юм хэлсэн чинь нөгөө жолооч залуу нь шууд нүд рүү цохисон. Цохиход нь би дахиад уначихсан. ...” /хх 13/,

гэрч Н.М-ийн: “...О машинаас буугаад тэр ахыг түлхчихсэн. Түлхэхэд тэр ах замын брожурт тээглээд арагшаа унасан. ...Тэр ах бид хоёрыг зугтаах гээд байна гээд машинд суух гээд байсан. Суух гээд байхаар нь О тэр ахыг араас нь татсан. Тэгсэн чинь гартаа барьж байсан гар утсаараа О-ийн нүүр рүү цохичихсон. ...О цохиулчихаад тэр ахыг унагаасан. ...” /хх 20/,

шүүгдэгч С.О-ийн: “...Би машинаас буугаад тэр ахыг түлхсэн чинь хойшоо алхаж байгаад нэг юм дээр бүдрээд уначихсан. ...Би М-тай юм яриад зогсож байсан чинь гартаа гар утсаа базаж байгаад миний хамар руу цохичихсон. Миний хамраас цус гараад эхэлсэн. Тэгээд би зүүн гараараа тэр ахын баруун талын нүд рүү цохисон, цохих үедээ хөлд нь хавирч дэгээдсэн. ...М-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байна. Энэ гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 58-59/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Я.М-ийн эрүүл мэндэд баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, хоёр тохой, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10627 дугаартай дүгнэлт /хх 30-31/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан “...О-ийн хамар ясанд гэмтэл учруулсан этгээд Я.М, ...анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илт худал мэдүүлэг өгсөн... Шинжээчийн дүгнэлт хангалтгүй, эргэлзээтэй гарсан учир дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэв.

Учир нь, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10541 дугаартай дүгнэлтээр “С.О-ийн биед гэмтэл тогтоогдоогүй”, энэ нь нэмэлт шинжилгээ хийх тогтоолын дагуу хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1164 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон буюу уг дүгнэлтэд “С.О-ийн хамар яс болон биед өөр гэмтэл тогтоогдсонгүй. С.О-ийн 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр авхуулсан Натур эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээний зургийг шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхээр дахин уншуулахад С.О-ийн хамар ясанд гэмтэл тогтоогдоогүй” гэж тодорхой дүгнэжээ. Энэ талаар хэргийн хувьд нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоосон байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг дахин шалгах шаардлагагүй байна.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар С.О-ийн хохирогчийг түлхэж газарт унагасан, нүүрэн тус газарт нь цохисон үйлдлүүд, энэхүү үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

            Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ