Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/01615

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох, 

 

“2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00251 дүгээр шийдвэрээр Д.Оаас “Хаан банк”-нд 48,163,209 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. НШШГГ шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011161 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу, 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа 145,032,000 төгрөгөөр үнэлүүлж, анхны дуудлага худалдаагаар үнэлгээний 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувиар үнэлэн 75,516,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. Учир нь уг үнэлгээ хийлгэхэд миний саналыг огтхон ч тусгаагүй байна. Үүний илрэл нь ижил төрлийн ийм орон сууц 160,000,000-180,000,000 төгрөгийн ханштай байгаа нь дурын олон нийтийн зар мэдээнээс харагдаж байна. Шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрийг өөрсдөө төлж дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар илэрхийлсээр байтал хүлээж авалгүй 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 тоот тогтоолыг үйлдэж, төд удалгүй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-126/21541 мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд оруулж байна. Тухайн эс үйлдэл нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчмын агуулгад харшилж байна гэж үзэж дээд шатны албан тушаалтан болох Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч - ахлах дэслэгч Д.Өлзийсайханд өргөдөл гаргасан боловч өргөдлийн хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Б.Дашдаваад өргөдөл гаргасан ч өргөдлийн хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхийн  шийдвэр гараад НШШГГт тодруулах юм бол шийдвэр гүйцэтгэгч Б.Анар дээр ажиллагаа хийгдэх эрх нь  нээгдсэн эсэхийг мэдээгүй байхад гэнэт албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын мэдэгдлийг өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байна вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар өөрөө албадан борлуулахаас өмнө өөрийнхөө саналаар эд хөрөнгөө борлуулах эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь үндэслэлгүй.

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага удалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

                       

2.Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019.12.24-ний өдөр Д.Оын хөрөнгийг 145,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Д.О нь тус үнэлгээг бодит үнэлгэ биш гэж үзэн тус шүүхэд гомдол гаргахад 3 шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад тус эд хөрөнгө нь борлогдоогүй тус 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар бууруулж оруулсан нь хуулийн дагуу явагдсан.

Төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдлийг тухай бүр нэн даруй мэдэгдэж байсан. Албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн.

 26-ны өдөр Д.Од өөрт нь мэдэгдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу эрхээ эдлэхээр бол 3 хоногийн дотор саналаа гаргана уу гээд сануулах тэмдэглэл, мэдэгдэл дээр Д.О өөрөө гарын үсэг зурсан байдаг. Энэ мэдэгдэл дээр бид хоёр уулзаад хоногоо алдсан байж магадгүй. Саяны нотлох баримтаас харахад 26-ны өдөр Д.О нь Замын-Үүдийн боомтоор орж ирж байна. Тэгэхээр 27-ны өдөр байсан байж магадгүй. Тухайн үед өдөр, хоногоо буруу тавьсан техникийн алдаа байж магадгүй, энэ мэдэгдлийг Д.О мэдсэн гэдэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 03-ны өдрийн 145,300,000 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжлэл гаргаж байсан. Тиймээс үүнийг 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар нэгэн байдлаар мэдсэн. Энэ тэмдэглэл, мэдэгдэл дээрээ гарын үсэг зурсан энэ дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасныг сануулсан. Үүнийгээ шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлье гэж 3 хоногийн дотор хүсэлтээ гаргаж болох байсан. Гэтэл 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан. Тогтоол гарсан даруйд албадан дуудлага худалдаанд оруулж явсан. Энэ хугацааг харахаар 30 хоног байтугай хугацаа байсан. Д.О өөрөө хөрөнгөө 30 хоногийн дотор худалдан борлуулах хуулийн эрх зүйн боломж нь олдсон боловч зах зээлийн боломж нь олдоогүй юм уу? тийм учраас манайхаар худалдан борлуулах ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн асуудал. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021.11.18-ны өдрийн 04/2705 дугаартай албан бичиг, НШШГГ 2021.10.14-ний 4-126/19633 дугаартай мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 11/42 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.11.08-ны өдрийн 12/28 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.11.12-ны өдрийн 48 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, НШШГГ 2021.11.10-ны өдрийн 4-126/21541 дугаартай мэдэгдэл, 2022.03.06-ны өдрийн итгэмжлэл,  баримт гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2021.12.06-ны өдрийн 1-126/480 дугаартай итгэмжлэл, 2021.12.21-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2019.09.10-ны өдрийн 182/ГХ2019/006589 дугаартай гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019.10.29-ний й1030/1 дугаартай тогтоол, 2019.10.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.12.0.8-ны 30/11, 2019.12.03-ны өдрийн 1030/2 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын тооцоо, 2019.12.12-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.12.10-ны өдрийн 426 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2019.10.10-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан талаарх баримт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2019.12.24-ний өдрийн 114/01 дугаартай албан бичиг, хөрөнгө үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.10.12-ны өдрийн 11/42 дугаар тогтоол, 2021.10.14-ний өдрийн 4-126/19633 дугаартай мэдэгдэл, НШШГГ анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын 2021.10.29-ний өдрийн тэмдэглэл, 2021.11.08-ны 12/28 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.11.10-ны 4-126/21541 дугаартай мэдэгдэл, 2021.11.10-ны өдрийн 4-126/21542 дугаартай мэдэгдэл, 2019.12.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын 2021.11.25-ны өдрийн тэмдэглэл баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

6.Шүүхийн журмаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, Хаан банкны 2019.12.10-ны өдрийн 34/12124 дугаартай үнийн санал хүргүүлсэн хүсэлт баримтыг бүрдүүлсэн байна.  

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

Шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар, хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрийг өөрсдөө төлж дуусгах санхүүгийн эх үүсвэр байгаа талаар илэрхийлсээр байтал хүлээж авалгүй 2021 оны 12/28 тоот тогтоолыг үйлдэж, 2021 оны 4-126/21541 мэдэгдлийг гардуулан дуудлага худалдаанд оруулсан.

Шүүхийн  шийдвэр гараад НШШГГт дээрх ажиллагаа хийгдэх эрх нь  нээгдсэн эсэхийг мэдээгүй байхад гэнэт албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын мэдэгдлийг өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар өөрөө албадан борлуулахаас өмнө өөрийнхөө саналаар эд хөрөнгөө борлуулах эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... Албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн.

2019 оны 11 сарын 26-ны өдөр Д.Од өөрт нь мэдэгдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу эрхээ эдлэхээр бол 3 хоногийн дотор саналаа гаргана уу гээд сануулах тэмдэглэл, мэдэгдэл дээр Д.О өөрөө гарын үсэг зурсан байдаг.

Энэ мэдэгдэл дээр бид хоёр уулзаад хоногоо алдсан байж магадгүй, тухайн үед өдөр, хоногоо буруу тавьсан техникийн алдаа байж магадгүй, энэ мэдэгдлийг Д.О мэдсэн гэдэг нь 145,300,000 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжлэл гаргаж байсан.

Шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлье гэж 3 хоногийн дотор хүсэлтээ гаргаж болох байсан гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаар захирамжаар “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Од холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 48,163,209 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.О нь 48,163,209 төгрөгийг 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах, гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ГХ2019/00589 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 19301030 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1030/2 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолоор Д.Оын өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011161 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах, 25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 145,032,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Д.О эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011161 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах, 25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/42 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 101,522,400 төгрөгөөр 2021 оны 10 сарын 29-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 4-126/19633 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Од хүргүүлсэн байна.

 

НШШГГ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 72,516,000 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-126/21541 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Од хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ.” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан өөрийнхөө хөрөнгийг шийдвэрт заасан багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй үзэхээр байна. 

 

            Нэхэмжлэгч Д.О өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар буюу үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тэрээр уг шийдвэр, магадлал, тогтоолыг мэдэж байсан ба НШШГГт дээрх ажиллагаа хийгдэх эрх нь  нээгдсэн эсэхийг мэдээгүй байхад гэнэт албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын мэдэгдлийг өгсөн, албадан борлуулахаас өмнө өөрийнхөө саналаар эд хөрөнгөө өөрөө борлуулах эрхийг нь эдлүүлээгүй гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

 

Төлбөр төлөгч Д.Од 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг эрхийг тайлбарлаж өгсөн гэх боловч дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын хилээр гарч, мөн өдөр Монгол улсын Замын-Үүд боомтоор нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан Д.Оын Е2412130 дугаартай гадаад паспортын хуулбараар тогтоогдож байна.

 

            Хэдийгээр цаг хугацааны хувьд дээрх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг баримт үйлдэгдээгүй хэдий ч төлбөр төлөгч Д.Од хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрхтэй болохыг тайлбарласан, нэхэмжлэгч тал уг эрхээ хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байдал тэмдэглэлд тусгагдсан байна.

 

            Өөрөөр хэлбэл, Д.Од 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдээгүй боловч уг тэмдэглэлд тусгагдсан зүйлийг хариуцагч өөр цаг хугацаанд түүнд өөрийнхөө хөрөнгийг шийдвэрт заасан багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхтэй болохыг тайлбарласан гэж шүүх үзсэн болно.

 

            Харин нэхэмжлэгч тал дээрх баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, нотлох баримтаас хасуулах талаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хүсэлт гаргасан боловч тэрээр тухайн баримтыг хуурамч нотлох баримт, хууль бусаар бүрдүүлсэн гэдгийг баримтаар нотлоогүй шүүхийн хувьд дээрх баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлдээ дурдсан хэт хурдан хугацаанд дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулан өгсөнд гомдолтой гэж тайлбарлах боловч энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. 

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр НШШГГт холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох, “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/28 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС