| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/02367/И |
| Дугаар | 101/ШШ2022/02088 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/02088
| 2022 05 04 | 101/ШШ2022/02088 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах, “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Сартуул овогт Энхцэцэгийн О /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 486,306.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч С.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К ББСБ“ ХХК нь 2020 оны 05-р сарын 14-ны өдөр 04 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 599,900 /Таван зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 3,0%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-с Samsung А20 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 406,134 /Дөрвөн зуун зургаан мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг төлсөн ба 2021 оны 09-р сарын 06-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т гэрээний үүргийг зөрчих гэж энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн үйлдэл эс үйлдлийг, 3.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний 4.2.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 -р сарын 11 -ний өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно. Ингээд 2022 оны 03-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлдэгчийн,
Үндсэн зээлийн үлдэгдэл 380,034.34 /Гурван зуун наян мянга гучин дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/төгрөг
Төлөх ёстой хүү 92,509.92 /Ерэн хоёр мянга таван зуун есөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 10,087.31 /Арван мянга наян долоон төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг
Нотариатын зардал 3,675/Гурван мянгазургаан зуун далан таван/төгрөг нийт 486,306.57 /Дөрвөн зуун наян зургаан мянга гурван зуун зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Тиймээс дээрх төлбөр болох нийт 486,306.57 /Дөрвөн зуун наян зургаан мянга гурван зуун зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
486 306.57 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2020.5.11-нд 599 900 төгрөг зээлсэн. Энэ мөнгөөр хариуцагч нь утас худалдаж авсан. Гэрээнд заасныг зөрчсөн тул гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Мөнгөний тасалбар /хх7/, 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээ /хх8-11/, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт /хх12/, 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн нэхэмжлэх /хх13/, хариуцагч Э.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /хх14/, түүний оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх16/, зээл хүсэгчийн мэдээллийн хуудасны хуулбар /хх16/, зээл төлөлтийн дансны хуулга /хх18-19/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч Э.О нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд үндсэн зээл 380,034,34 төгрөг, хүү 92,509,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,087.31 төгрөг, нотариатын зардал 3,675 төгрөг, нийт 486,306.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Энд шүүх хариуцагчид хуралдааны товыг боломжит хэлбэрээр мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын 2 удаагийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэйг дурдах нь зүйтэй. /хх27, 29/
Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 04 дугаартай, 599,900 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх8-11/
Зээлийн гэрээг жилд 36 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 12 сарын хугацаатай байгуулжээ.
Нэхэмжлэгч нь зээлийг гар утас худалдаж авах зориулалттай гэж тайлбарласан бөгөөд энэ талаарх хариуцагчийн гаргасан гэх өргөдөл, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн актад хариуцагч гарын үсэг зураагүй байна. /хх12/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй гэж үзэхээр байна.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тайлбар гаргаж, 599,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Цаашлаад хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, улмаар зээл буюу зээлийн зориулалтын дагуу гар утас олгогдсон үйл баримтыг зөвшөөрсөн тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Түүнчлэн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулсан, улмаар шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй.
Гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болсон боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Эдгээр үндэслэлээр гэрээ байгуулагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа болох 1 жил, 10 сар, 17 хоногт хариуцагчид үүсэх үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 1 жилд 215,964 /599,900*36%/ төгрөг, 1 сард 17,997 /215,964/12/ төгрөг, 10 сард 179,970 төгрөг, 1 хоногт 591.68 /215,964/365/ төгрөг, 17 хоногт 10,057.56 төгрөг, нийт 405,992.56 төгрөгийн хүү тооцогдоно.
Зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцвол 81,198.51 төгрөг юм.
Дээрх үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 599,900 төгрөг, хүү 405,992.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,198.51 төгрөг, нийт 1,087,091.07 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 406,134 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй.
Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 680,957.07 төгрөг юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч тогтоосон хугацаанд төлөөгүйгээс шалтгаалж шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээнд 3,675 төгрөг төлсөн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон. /хх7/
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч нь цар тахалтай холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулан тооцож, нийт 486,306.57 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 486,306.57 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД