Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч Б.Чулуунхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн, шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******************** оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овгийн С.Ц, регистрийн дугаар ****************,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *************** өөрийн гэртээ өөрийн эхнэр болох Э.Жг өөр хүнээс жирэмсэн болсон гэх шалтгааны улмаас түүний нүүр рүү нь 2 удаа алгадаж, толгой хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, сандлын тавцангаар 1 удаа цохисон, хэвлийн хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, нуруу хэсэг рүү сандлаар цохих зэргээр халдаж, баруун хөлөнд нь хутгалж,  эрүүл мэндэд нь баруун дунд чөмгөнд шарх, хамрын таславчийн муруйлт, зүүн сарвууны урд ар хэсэг, дагзны ар дээд хэсэг, хүзүүний зүүн урд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд хэсэг, баруун бугалга, зүүн бугалганы гадна дээд хэсэг, мөрөнд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь хуудас/, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-6 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх хуудас/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь хуудас/, хохирогч Э.Ж мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь хуудас/, гэрч Э.М мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь хуудас/, гэрч Б.Б мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь хуудас/, гэрч Л.Д мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь хуудас/, гэрч Б.Г мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/, гэрч Ж.Д мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь хуудас/, гэрч Г.Б мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх хуудас/, гэрч Г.Б мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх хуудас/, гэрч С.Ц мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх хуудас/, гэрч М.Б мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь хуудас/, гэрч С.О мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь хуудас/, гэрч Б.Д мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123-125 дахь хуудас/, гэрч С.М мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дахь хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.С мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗАВ0206/007 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 146-150 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗАВ-ТОС0725/083 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЗАВ-ТОС0725/093 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,748,934 төгрөгийг шүүгдэгч С.Ц төлж барагдуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хатуу диск /CD/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, улбар шар өнгийн 4 хөлтэй модон сандал 1 ширхэг, сандлын тавцан 1 ширхэг, модон бариултай нийт 26,5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн С.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хатуу диск /CD/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, улбар шар өнгийн 4 хөлтэй модон сандал 1 ширхэг, сандлын тавцан 1 ширхэг, модон бариултай нийт 26,5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН