Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

 

 

 

 

2025     06         02                                          2025/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, иргэний хариуцагч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000820027 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Д-ийн Д (РД: ...), 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, ам бүл тав, эцэг, эх, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Д.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ланд круйзер-80 загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б, 3.4б, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 8 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 11-26 дугаар хуудас), автомашинд газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 27-35 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас), хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 49, 52 дугаар хуудас), 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас), хохирогч Г.Гийн өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 59-96 дугаар хуудас), хохирогч Г.Гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140, 142-143, 145 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Ч.Ггийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас), гэрч М.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152, 154-156 дугаар хуудас), гэрч О.Чинбатын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 158 дугаар хуудас), гэрч Х.Ггийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-166, 168 дугаар хуудас), гэрч О.Тий мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас), 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас), 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас), 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 194-195 дугаар хуудас), 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас), 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24/10 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 204-207 дугаар хуудас), 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 221-223 дугаар хуудас), 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст 230-234 дүгээр хуудас), 147 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас), 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4985 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 02-06 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс авсан лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ХОВ0825/026 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас);

- Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтай давхцаж байх тул давхцуулахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн 23 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах үйл баримтыг тогтоов.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэгийн “...Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Улаан уулын ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүгт, баруун зүгээс зүүн зүгт явах чиглэлтэй эсрэг хөдөлгөөнтэй хөрсөн зам байв. ...Ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүгт явж байсан автомашины замаас гарсан мөр байх ба 1, 2 гэсэн тоон цэгээр тэмдэглэв. 1-2 хүртэлх мөр хоорондын зай 162 см байв. ...цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороог хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 11-26 дугаар хуудас);

- Land Cruiser-80 загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас);

- Тэс петролиум ШТС-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас);

- Хохирогч Г.Гийн гар утсанд хадгалагдсан дуу-дүрсний бичлэгт үзлэг   хийсэн “...1 минут 17 минутын бичлэг байв. Уг бичлэгт үзлэг хийхэд автомашинтай явж байгаа хүн утасны камерыг зам руу харуулж, хоорондоо ярьж байгаа хоёр эрэгтэй хүний яриа бичигдсэн байна. Үзлэгт оролцогч Г.Г уг бичлэг дээрх ярилцаж байгаа хоёр эрэгтэй хүн бол Арзаак буюу Д бид хоёр, зам тээврийн осол гарахаас өмнө нь би гар утсаараа бичсэн бичлэг гэх бөгөөд би “Амьд хариулаа арзаак аа” гэж хэлэхэд Д “Амьд хариулна, боржуур дээгүүр явмаар байна уу, айн” гэж хэлээд автомашины нэг дугуйг замын хажуу руу гаргахад би “Яв ёо явъя, ямар даам пизда вэ” гэж хэлэхэд Д “Ланд 80 шүү дээ хөгшөөн” гэж хэлэхэд би “яая, амьд харьдаг байгаа” гэж хэлэхэд Д “аааааа” гэх дуу аялсан. Би “хөөе гичий минь ээ ёо, ард лав их юм буясаж байна, ёо амьд хариулаа арзаакаа гичий минь, ёо” гэх гэж хэлээд харилцан ярилцсан гэж бичлэг дээрх хоёр эрэгтэй хүний яриаг тайлбарлаж байх бөгөөд автомашины цаг 04:43 гэж зааж, автомашины чиглэл нь “Рашаан зам” дэлгүүрийн урд байх автозамаар ертөнцийн зүгээр зүүн зүгээс, баруун зүгт явж, гурван замын уулзвараар ертөнцийн зүгээр урд зүг рүү явж, Улаан уул явдаг зам руу буюу дөрвөн замын уулзвараар ертөнцийн зүгээр зүүн зүгт эргэж, Улаан уулын замаар явж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас);

- Хохирогч Г.Гийн “...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн 9-13 тоотод байх гэртээ байж байгаад тухайн өдрийн 20 цаг 30 минутын үед Улаангом сумын 6 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байх сагсны талбай дээр очсон. Сагсан бөмбөг тоглож байсан хүүхдүүдтэй хамт сагсан бөмбөг тоглож байгаад 23 цагийн үед Улаангом сумын баруун дөрвөн замын ойролцоо гэр нь байдаг Бумажи гэх нэртэй зүс таних ахын гэрт очиж хоол идчихээд хэсэг сууж ойр зуурын зүйл ярилцаж байтал 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цагийн үед манай гэрийн ойролцоо гэр нь байдаг миний багын найз Б.Э миний гар утас руу өөрийн 99755207 дугаараас залгаж “чи хаана байна” гэж асуусан. Би хариуд нь “Бумажи ахын гэрт байна” гэж хариулахад Б.Э “Би улаан уулын эндээс доошилж байна, чи урдаас тосоод хүрээд ир, хамт гэр рүү явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрч, Улаан уул руу явах замд байдаг Улаан-Уул нэртэй дэлгүүр ойролцоо очоод найз Б.Э руу залгахад Б.Э “Улаан уулын эндээс алхаж байна, чи наашаа хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед миний гар утасны цэнэг дуусаж унтарсан тул би Улаан-Уулын зүгт алхсан. Улаан уулын гүүр гараад өөрийн найз Б.Этой тааралдсан. Би Эоос энд юу хийж байгаа юм гэж асуухад “хэсэг зүс таних ах нартай хамт явж байна” гэж хариулсан. ...Гэр бааз дээр дагуулж очсон. Тухайн газарт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цагийн үед очсон байх. Уг газарт таньдгаас Амарбаясгалан, Б.Э, Чингүүн, Арзаак буюу Д.Д нар байсан. ...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03 цаг өнгөрч байхад байх нэг танихгүй ах гэр рүүгээ явлаа, чи автомашин жолоодож чадах уу гэж асуухад нь би автомашин жолоодож чадна гэж хариулаад тухайн ахыг гэрт нь хүргэж буулгачхаад автомашин жолоодож буцаж ирэхээр болж амралтын гэрээс гарч би “Ланд круйкер 80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашины жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Автомашины зүүн ар талын хаалга онгойж, Арзаак буюу Д автомашины ар талын суудал дээр орж ирж суусан. Ингээд танихгүй ах, Арзаак буюу Д бид гурав “Ланд круйзер” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашинтай хөдөлж, Улаангом сумын төв орж, цагаан хаалганаас урд зүгт гэр нь байх танихгүй ахын хашааны гадна очиж зогссон. Тухайн танихгүй ах автомашинаас буухад Арзаак буюу Д автомашины аль нэг хаалгаар буусан болохыг мэдэхгүй, автомашинаас бууж тухайн айлын гадна бие зассан. Энэ үед би Арзаак буюу Дд хандаж “чи автомашин жолоодох уу” гэж асуухад Арзаак буюу Д нь “Би жолоодно” гэж хэлээд жолооч талын суудал дээр сууж, тухайн айлын гаднаас хөдөлсөн. Арзаак буюу Д нь автомашин жолоодож Улаангом сумын төв замаар явж, Их наяд нэртэй баарны гадна ирж, хашаан дотор орж зогсоод автомашинаас бууж тамхи татчихаад буцаж автомашинд сууж, автомашин жолоодож Улаангом сумын төв замаар явж, Хаан банктай дөрвөн замын уулзвараар ертөнцийн зүгээр баруун зүгт эргэж “Рашаан зам” нэртэй дэлгүүрийн ойролцоо байх гурван замын уулзвараар ертөнцийн зүгээр урд зүг рүү эргэж, Улаан уул руу салдаг уулзвараар ертөнцийн зүгээр баруун зүгт буюу Улаан уулын замаар маш хурдтай “Ланд круйзер 80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Би тухайн зам тээврийн осол гарахаас өмнө өөрийн эзэмшлийн Iphone-7 загварын гар утсаар Арзаак буюу Дорадагвыг автомашин жолоодож байгаа талаар дүрс бичлэг хийсэн нь надад одоо байгаа. Арзаак буюу Д нь “Ланд круйзер” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг маш хурдтай жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болохыг мэдэхгүй. Би тухайн автомашиныг ерөөсөө жолоодоогүй. Улаан уулын гэр амралтын баазаас танихгүй ах жолоодож өөрийн гэрийн гадна буусан. Тухайн айлын гаднаас Арзаак буюу Д автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. ...Надад Арзаак буюу Д нь архи уугаагүй, эрүүл байх шиг санагдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас);

- Гэрч М.Бийн “...Надад гэртээ очмоор санагдаад байсан учир 04 цагийн үед автомашин барьж чаддаг, архи уугаагүй хүн байна уу гэж асуухад Г.Г гэх залуу би байна гэж хариулсан. Манай найз Сумъяабазар “чи барьж чаддаг юм уу” гэж асуухад “би бүүр үнэмлэхтэй байвал яах уу” гэж хариулсан. Би Х.Ггийн автомашины түлхүүр О.Тд байсныг мэдэж байсан учир Тд гэртээ хүргүүлчхээд буцаад явуулчихъя гэж хэлээд Х.Ггийн автомашины түлхүүрийг авч, өөрөө архи уугаагүй байсан учир автомашиныг жолоодож хажуудаа автомашиныг буцаахдаа жолоо бариулахаар Г.Гийг авч явах гэтэл Д.Д араас гарч ирээд хамт явъя гэж хэлээд автомашины ар талын суудал дээр суусан. Би автомашиныг жолоодож гэрийнхээ гадна ирчхээд автомашины жолоог Г.Гд шилжүүлсэн. Г.Г автомашины жолооны хүрдний ар талд суугаад хөдлөхөөс өмнө би хашаа руугаа явж орсон. Удалгүй автомашин хөдөлж манай хашааны үүднээс явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас);

- Иргэний хариуцагч Х.Ггийн гэрчээр өгсөн “...М.Бөд хандаж эрүүл байгаа юм чинь автомашины түлхүүр авчих гэж хэлээд автомашины М.Бөд шилжүүлсэн. Бид орой болтол ойр зуурын юм ярилцаж суусан ба 03 цагийн үед миний нойр хүрээд байхаар нь унтахаар хэвтэж унтсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. ...Уг автомашин миний төрсөн эх Х.Даариймаагийн эзэмшлийн автомашин бөгөөд одоогоор “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Уг автомашин явах эд анги болон тоормослох эд ангитай холбоотой ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас);

- Иргэний хариуцагч Х.Ггийн гэрчээр дахин өгсөн “...Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагаас хувийн хэрэгцээнд зээл авах үедээ барьцаалсан байсан. Зам тээврийн ослын дараа банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж, “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж байгаад задаргаанд зарчихсан. Уг автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2024 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад мод мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

2.2. Тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Г.Гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 265 дугаартай “...Г.Гийн биед их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд олон жижиг, баруун талын чамархайн дэлбэнд жижиг цусан хураа, тархины эдийн няцрал, баруун талын силиевийн ховилд дагуу цус харвалт, гавал ясны баруун талын духны хэсгээс чамархай хүртэл үргэлжилсэн, суурь ясны баруун талын их, бага далавч дайрсан шугаман хугарал, баруун талын нүдний ухархайн болон гайморын хөндийн бүх хана, суурийн хөндийн доод хана, духны хөндийн дотно, гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун талын хацрын нумын хугарал, 2 талын суурийн хөндий, баруун талын этмойд, гаймор болон духны хөндийд цус хуралдалт, гэмтлийн шок, нүүрний баруун хэсэг, дух, чамархайн баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун уушгины ар хэсгийн няцрал, уушгины шалчийлт, зүүн хацар, эрүүний дор, баруун зүүн сарвууны ард, зүүн шууны ард, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Шинэ гэмтлүүд байсан байна.

...Их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд олон жижиг, баруун талын чамархайн дэлбэнд жижиг цусан хураа, тархины эдийн няцрал, баруун талын силиевийн ховилд дагуу цус харвалт, гавал ясны баруун талын духны хэсгээс чамархай хүртэл үргэлжилсэн, суурь ясны баруун талын их, бага далавч дайрсан шугаман хугарал, баруун талын нүдний ухархайн болон гайморын хөндийн бүх хана, суурийн хөндийн доод хана, духны хөндийн дотно, гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун талын хацрын нумын хугарал, 2 талын суурийн хөндий, баруун талын этмойд, гаймор болон духны хөндийд цус хуралдалт, гэмтлийн шок, нүүрний баруун хэсэг, дух, чамархайн баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хөмсгөнд язарсан шарх гэмтлүүд амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Одоогоор Г.Гийн баруун гар сул саатай /гараа дааж өргөж чадахгүй/ байгаа ба цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 230-234 дүгээр хуудас)-ээр уг зам тээврийн ослоос болж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон.

2.3. Шүүгдэгч Д.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) гэх баримтаар тогтоогджээ.

2.4. Шүүгдэгчийн биеэс биологийн дээж авсан “...Д.Дас 000581491 дугаартай хуруу шилэнд дээж авав” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 52 дугаар хуудас);

- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “...Д.Дас авсан гэх 000581491 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Д.Дас авсан гэх 000581491 дугаартай хуруу шилтэй цусанд 0.6 процент промили спиртийн агууламж илэрч байна. Д.Дас цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 194-195 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашин жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан байсан нь нотлогдож байна.

2.5. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2024 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө шүүгдэгч Д.Д нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай, иргэний хариуцагч Х.Ггийн эзэмшлийн автомашиныг жолоодож яваад Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт мод мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

 3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а“жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн тус дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад мод мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Д.Д “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргах үед цусан дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.6 промиль буюу 0.5 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч Д.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна.

3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гийн биед их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнд олон жижиг, баруун талын чамархайн дэлбэнд жижиг цусан хураа, тархины эдийн няцрал, баруун талын силиевийн ховилд дагуу цус харвалт, гавал ясны баруун талын духны хэсгээс чамархай хүртэл үргэлжилсэн, суурь ясны баруун талын их, бага далавч дайрсан шугаман хугарал, баруун талын нүдний ухархайн болон гайморын хөндийн бүх хана, суурийн хөндийн доод хана, духны хөндийн дотно, гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун талын хацрын нумын хугарал, 2 талын суурийн хөндий, баруун талын этмойд, гаймор болон духны хөндийд цус хуралдалт, гэмтлийн шок, нүүрний баруун хэсэг, дух, чамархайн баруун хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байна.

Хохирогч Г.Г нь эмчилгээ хийлгэх зорилгоор Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явж, ирэхэд болон эм, тариа авахад 1‘807’190 төгрөгийг зарцуулсан нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна. Үүнийг гэмт хэргийн хохиролд тооцож, хариуцан төлөх ёстой этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

4.2. Иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г “...Г.Г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 13’795’293 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. ...13’795’293 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149 дүгээр хуудас) өгчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр журамласан. Иймд дээрх 13’795’293 төгрөгийн зардлыг гэм буруутай болон нөхөн төлөх үүрэг бүхий этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй.

4.3. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээний ХОВ0825/026 дугаартай “...Хохирогч Г.Гд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учирсан байна. Г.Гийн сэтгэцэд Энцефалитын дараах хам шинж /F0761/ оношлогдож байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах, сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн хяналтад тогтмол үзүүлэх шаардлагатай” гэх дүгнэлт гарсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар болон 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.  

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-т буюу хүснэгтэд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор журамласан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660’000 төгрөгөөр тогтоосон. Иймд хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу дээрх үнийн дүнг баримталж нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосон болно.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-т зааснаар хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруу, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хохирогч уг гэмтлийн улмаас амь тэнссэн нөхцөл байдалд орсон, хохирогчийн нас зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660’000₮)-г 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11’880’000 (арван нэгэн сая найман зуун наян мянга) төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

4.4. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуульд заасан хэм хэмжээгээр зохицуулдаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээгээр шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, тус зүйлийн 499.3 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын автомашиныг жолоодож яваад уг гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулсан бол тухайн хохирлыг автомашин эзэмшигч нь тэргүүн ээлжид хариуцан арилгах үүрэгтэй.

“Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашин нь “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан боловч иргэний хариуцагч Х.Ггийн “...“Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж байгаад задаргаанд зарчихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дугаар хуудас)-ээр болон гэрч М.Б, О.Т нарын мэдүүлгээр тухайн автомашины хууль ёсны эзэмшигч нь Х.Г болох нь тогтоогдож байна.

 Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар иргэний хариуцагч Х.Г нь шүүгдэгч Д.Дд “Land Cruiser-80” загварын, 25-25 УВХ улсын дугаартай автомашиныг шууд шилжүүлэн өгөөгүй боловч өөрөө автомашинаа бусдад шилжүүлэн өгсний улмаас шүүгдэгч Д.Дд ашиглах боломжийг олгожээ.  

Гэвч гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдийг тухайн хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримтлан: шүүгдэгч Д.Дас 6897646.5 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Ггаас 6897646.5 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд; гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Дас 5’940’000 төгрөг, иргэний хариуцагч Х.Ггаас 5’940’000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд; гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Дас 903’595 төгрөг, иргэний хариуцагч Х.Ггаас 903’595 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд тус тус олгож шийдвэрлэв.

4.5. Хохирогчийн биед дээр дурдсан олон тооны гэмтэл учирснаас гадна, уг гэмтлээс шалтгаалан баруун гар сул саатай /гараа дааж өргөж чадахгүй/ байгаа ба цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарахаар байна. Тухайлбал энэхүү гэмтлээс гадна бусад гэмтлийг цаашид эмчлүүлэх шаардлагатай талаар хохирогч мэдүүлж байх ба түүний тайлбар эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтуудаар давхар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 63 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 58 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 100-104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Д нь эцэг эх, дүү нарын хамт амьдардаг байсан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, уг ялыг эдэлж дууссан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол хор уршиг төлөөгүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн байдал зэргийг харгалзан үзээд шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан сонгох ялын санал болох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Нөгөөтэйгөөр энэхүү заалтын агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрүүдийг тогтоосон агуулгатай юм.

Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг Залуучуудын 509 тоотод байнга оршин суух хаягтай тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 2025/ШЗ/366 дугаартай захирамжаар шүүгдэгчид авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Шүүгдэгч Д.Д нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа тул  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл авахаар шийдвэрлэв.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг ди ви ди дискт байгаа дүрс бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хатгалах нь зүйтэй. Харин 3 ширхэг биологийн дээжид шинжилгээ хийж үр дүнг нь дүгнэлтээр баталгаажуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ургийн овогт Д-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Д.Дыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, түүнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримтлан: шүүгдэгч Д.Дас 6897646.5 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Ггаас 6897646.5 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд;

- Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Дас 5’940’000 төгрөг, иргэний хариуцагч Х.Ггаас 5’940’000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд;

- Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Дас 903’595 төгрөг, иргэний хариуцагч Х.Ггаас 903’595 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд тус тус олгосугай.

7. Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хатгалж, 3 ширхэг биологийн дээжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА