Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

 

 

 

 

2025     06         03                                          2025/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001780096 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Б-гийн Д (РД: ...), 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Б.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Toyota hilux” загварын, 49-73 УВС улсын дугаартай автомашин жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/, 12.3, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж, Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг, Мануухайтын цагаан гэх газарт шороон зам дээр осол гаргаж, зорчигч Ц.Чын эрүүл мэндэд зүүн талын суудал ясны хугарал, зүүн талын 9, 10 дугаар хавирга, суганы дунд шугамаар хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Зам, тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), хохирогч Ц.Чын эмчилгээ, үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан талаарх баримт (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас), хохирогч Ц.Чын мэдүүлэг (хавтаст хэргийн 98-107 дугаар хуудас), гэрч Б.Огийн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас), гэрч Д.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас), гэрч Г.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас), Монгол Улсын Зөвлөх инженер З.Жын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/01 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 131-138 дугаар хуудас), 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 155-160 дугаар хуудас), шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас);

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас);

- Хохирогч Ц.Ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Чын “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би нөхөртэйгөө хамт өөрийн эзэмшлийн 49-73 УВА улсын дугаартай “Toyota hilux” загварын автомашинаар 12 цагийн үед сумынд төвд хашаандаа орж ирсэн. 2 ширхэг пресс өвс, модны тайрдас түлээ автомашиндаа ачаад Ундарга Увс ШТС-ын түгээгч н.Б ахаас бензин худалдан аваад хаваржаандаа очихоор явсан. Мануухайтын цагаан гэх газрын зам дээр явж байгаад баруун гар талынхаа зам руу орох гээд дарахад автомашин шарваад онхолдсон. Би тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь миний хөл үрүүлийн хажуу тал руу орчихсон бие маш хүчтэй өвдөж, хөлөө хөдөлгөж болохгүй байсан. Миний санаж байгаагаар хонь хариулж явсан нэг хүн ирсэн дараа нь автомашинтай хүмүүс ирээд намайг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Чын дахин өгсөн “...Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг руу явах үед 49-73 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нөхөр Б.Д жолоодож явсан. Б.Д жолоодож яваад хажуугийн зам руу орох гэж жолооны хүрдийг дарах үед автомашин шарваж онхолдсон. Автомашин онхолдох үед нөхөр Б.Д машинаа жолоодож явсан. Тэр үед би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Нөхөр бид хоёроос өөр хүн автомашинд сууж яваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас);

- Гэрч Э.Хүдэрчулууны “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн жолооч Б.Ганболд над руу утсаар холбогдож “Мануухайтын цагаан гэх газар зам тээврийн осол гарсан байна, бид нар дуудлагад явсан чинь осол болсон газраа олохгүй байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Алтангэрэл, сумын эмнэлгийн эмч Ө.Маралын хамтаар хэргийн газар руу явсан. Бид нарыг очиход нэг портер хэргийн газар зогсож байсан бөгөөд тэр автомашинд Б.Д сууж байсан. Б.Дийн автомашин онхолдсон байсан. Би хэргийн газрын хамгаалалт авч өөрийнх нь мэдээллийг нь аваад согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгасан. Драгер үлээлгэх гэхэд би эрүүл байсан юмаа драгер үлээхгүй гэж хэлсэн. Би танаас архи үнэртэж байгаа болохоор согтуурлын зэргийг чинь шалгах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд драгер багажаар шалгахад 2.07 хувийн согтолттой байсан. Тэрний дараа сумын эрүүл мэндийн төвийн эмч Ө.Марал түүний биед үзлэг хийгээд сумын төвийн эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас);

- Гэрч Т.Б “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Огийн гэрт түүний эхнэр Д.Б бид хоёр дээл оёж байтал Б.О над руу утсаар холбогдож “Б.Д автомашинтайгаа онхолдсон байна, танай нөхөр утсаа авахгүй байна, чи хүрээд ирээч” гэхээр нь Б.Огийн эхнэр Д.Бтай хамт очсон. Намайг очиход Ц.Ч автомашиныхаа хажууд хажуулдаад хэвтчихсэн нэлээн даарсан байдалтай ёолж байсан. Тэнд байсан Б.Д, Б.О, Д.Б бид нар хамжаад миний автомашинд өргөж суулгаад Д.Б Ц.Чыг тэвэрч хамгаалж суугаад сумын төвийн эмнэлэг рүү явсан. Замдаа миний нөхөр Алтангэрэл дээр очиж би автомашинаа өгөөд өөрийнхөө хонио харж үлдсэн тэд нар сумын төв рүү явцгаасан. Д.Бгийн нөхөр Б.О Б.Дтой хамт ослын газар үлдсэн. Зам тээврийн ослын газарт бид нарыг очиж байхад Б.О, Б.Д нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал мэдэгдээгүй, архи үнэртэхгүй байсан. Б.Д архи уусан бол бид нартай хамт эхнэрээ автомашинд өргөж суулгахад үнэртэх байсан. Ямар нэгэн үнэртсэн зүйл байхгүй, архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас);

- Гэрч Б.О “...Хос улаан дэл гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хонио хариулж байтал уг газрын хажуугаар явдаг замын хажууд нэг юм харлаад байхаар нь би автомашин зогсож байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн чинь уг автомашиныг нэг хүн тойроод гүйгээд байхаар нь яваад очсон чинь Б.Дийн автомашин онхолдоод хажуу тийшээ харчихсан өөрөө сандраад тойроод гүйж байсан. Б.Дийн эхнэр Ц.Ч автомашиныхаа жолоочийн эсрэг талын суудлын хажуухан орилоод байхаар нь бид хоёр хамтраад автомашинаас гаргасан. Сумын эмнэлэг дуудахад удаад байхаар нь хажуу айлын Алтангэрэлийн эхнэрийг утсаар дуудсан. Тэр автомашинаа жолоодоод миний эхнэр Д.Бтай хамт ирсэн. ...Би ослын газар Б.Дтой хамт тайвшруулж байгаад хонио эргүүлээд ирье гэж хэлээд яваад 1 цаг орчим болоод ирсэн чинь тэр архи уучихсан, хажууд нь Ерөөл нэртэй 0.5 литртэй архинаас 4 хуруу орчим архи үлдчихсэн байсан. Намайг анх ирж байхад ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал мэдэгдээгүй, хонь руугаа яваад ирсэн чинь харин архи уучихсан байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дугаар хуудас);

- Гэрч Д.Б “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай хажуу айлын Т.Б бид хоёр манай гэрт байсан чинь нөхөр Б.О утсаар холбогдож “Б.Д автомашинтайгаа онхолдсон байна түргэн тусламж үзүүлэхгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Т.Бийн автомашинаар бид хоёр Б.Дийн автомашин онхолдож зам тээврийн осол гарсан газар очсон. Бид хоёрыг очиход Б.Дийн эхнэр Ц.Ч автомашиныхаа хажууд хажуулдаад хэвтчихсэн орилж, автомашин нь хажуугаараа уначихсан байсан Б.Д, Б.О, Т.Б бид нар хамтраад Ц.Чыг Т.Бийн автомашинд суулгаад сумын төвийн эмнэлэг рүү явсан. Зам тээврийн осол болсон газар бид нарыг очиход Б.Д нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал мэдэгдээгүй, архи үнэртэхгүй байсан. Сүүлд миний нөхөр Б.О надад “Б.Д автомашинд байсан архиа надтай хувааж уусан, осол болоод эхнэр нь эмнэлэг рүү явсны дараа тэр бие нь эвгүйрээд сандраад байхаар нь машиндаа байсан архинаасаа уучихлаа” гэж надад ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын төвөөс өөрийн эзэмшлийн “Toyota hilux” загварын, 49-73 УВА дугаартай автомашиныг жолоодож эхнэр Ц.Чын хамт Өндөрхангай сумын 3 дугаар баг, хаваржаанд байх гэр рүүгээ явж байх замдаа буюу Өндөрхангай сумын 3 дугаар баг Мануухайтын цагаан нэртэй газарт зам тээврийн осол гаргасан нь үнэн. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Б.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Toyota hilux” загварын, 49-73 УВС улсын дугаартай автомашиныг жолоодож, хохирогч Ц.Чыг тээвэрлэж яваад Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг, Мануухайтын цагаан гэх газарт шороон зам дээр автомашинаа унагааж зам тээврийн осол гаргасан байна.

2.2. Хохирогч Ц.Чын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13 дугаартай “...Үзүүлэгч Ц.Чын биед зүүн талын суудал ясны хугарал, зүүн талын 9, 10 дугаар хавирга, суганы дунд шугамаар хугарал, духанд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Зүүн талын суудал ясны хугарал, зүүн талын 9, 10 дугаар хавирга суганы дунд шугамаар хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас) -ээр уг зам тээврийн ослоос болж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон.

2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг, Мануухайтын цагаан гэх газрын шороон зам дээр шүүгдэгч Б.Дийн жолоодож явсан “Toyota hilux” загварын, 49-73 УВС улсын дугаартай онхолдож, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Ц.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

 3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Toyota hilux” загварын, 49-73 УВС улсын дугаартай автомашин онхолдож, улмаар уг ослын улмаас хохирогч Ц.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.

Тодруулбал шүүгдэгч Б.Дийн “Toyota hilux” загварын, 49-73 УВС улсын дугаартай автомашин жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч Ц.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байна.

3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Дийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрх бөгөөд хохирогч Ц.Ч “...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас) гаргажээ.

Хохирогч Ц.Ч гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 214’920 төгрөгийн зардал гарсан нь Увс аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Б.Батбаярын тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас)-оор нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 214’920 төгрөгийн зардлыг төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогджээ. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 181 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 175 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 176 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 177 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, мөн тус хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 3’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Тухайлбал тус хэсгийн 1.1-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлийг хангасан байна. Иймд шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох болон эрх хасах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Дид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас) авсан байх шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-гийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах, 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д-ийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА