Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд ,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн ********* дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг нээлттэйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, халх, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирлаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн Т овогт Д.Б.

 Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,  27 дугаар зүйлийн 27.1дэх хэсэгт  “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж, 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасан заалтуудыг зөрчиж 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Гачуурт” хэмээх газарт “*******” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн дагуу тусгаарласан талбайд Т.Б хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр мод бэлтгүүлсний улмаас тэрээр модонд дарагдаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт ажиллаж байсан. Манай дүү залгаж хэлсэн, сонсоод шууд наашаа гарсан. Итгэхгүй явсаар байгаад Тэлмэн суманд ирээд итгэсэн. ...Би өрх тусгаарлаагүй. Хууль ёсны тусдаа гарч гэрлэлтээ батлуулаагүй. Нэг дүүтэй манай дүү оюутан. Аавын дүү болох хөгжлийн бэрхшээлтэй ах байдаг. Аав нас барснаас хойш амьдралын баталгаа хэцүү болсон. Энэ хүн байсан бол бүх зүйл ойлгомжтой байх байсан. Д.Б гэх хүн амьдралын баталгаа ямар болсныг мэдэж байгаа байх зөвөөр шийдэж өгнө үү... ” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулна...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь “*******” ХХК-ийг төлөөлж мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Гачуурт” хэмээх газарт “*******” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн дагуу тусгаарласан талбайд амь хохирогч Т.Б хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр мод бэлтгүүлсний улмаас хохирогч модонд дарагдаж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайд оршуулгын зардал 21,000,000 төгрөг, баримтаар 1,643,371 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршиг 2 дугаар зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнийн дүн, мөн Хөдөлмөр, хамгаалал халамж үйлчилгээний улсын байцаагчийн 23,760,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн акт зэргийг нэхэмжилсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн зүгээс 28,100,000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Тэгэхээр шүүхээс оршуулгын зардал, баримтаар нэхэмжилсэн хохирол, сэтгэцэд учирсан хохирол зэргийг тогтоох эрх хэмжээ нь байгаа учраас дээрх тогтоосон үнийн дүнгээс 28,100,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг үндэслэн хасаж тооцож шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа хаяг болох Завхан аймгийн Тэлмэн сумын **** багийн нутаг дэвсгэрт эдлүүлэх саналтай байна. Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс түүнийг 81,105,666 төгрөгийн хохирол төлөхөөр тогтоосон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 28,100,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан баримтыг ирүүлсэн. Одоо 53,005,666 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.  Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн сийрсэн малгай 1 ширхэг, улбар шар өнгийн ажлын хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай болохыг тус тус гаргаж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”...Шүүгдэгч Д.Б нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний хүү Б.Н оролцож байгаа. Хохирол төлбөрийн тухайд улсын яллагчийн дүгнэлтэд хэлсэн хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа. Хохирол төлбөрийн тооцох эрх хэмжээ шүүхэд байгаа. Тооцохдоо шаардлага хангасан баримтуудын хүрээнд тооцох байх гэж бодож байгаа. Оршуулгын зардал 21,000,000 төгрөг, баримтаар 1,643,371 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, мөн хөдөлмөр хамгаалал халамж үйлчилгээний улсын байцаагчийн 23,760,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Тухайн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэл гэж тогтоогдсон. Үүнийг тогтоох ямар шаардлага байсан бэ? гэхээр шинжээчийн дүгнэлт гарч байж хохирол нэхэмжлэх эрх үүсэх юм гэж ойлгосон учраас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тухайн энэ зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйл багтаж байгаа. 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ гэж зааснаас үүнд 40 дүгээр зүйлийн 2.1-т хохирогч нь энэ хуулийн 40.1-т заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэж байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн төрсөн хүү хэдийгээр хамтран амьдрагчтай эхнэртэй байгаа ч гэрлэлтээ батлуулж, өрх тусгаарлаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Амь хохирогчийг байхад өрхийн гишүүнээр амьдарч байсан нь лавлагаанууд, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учир уг хохирол төлбөрийг нэхэмжлэх этгээд мөн байна гэж үзэж байгаа. 2 дугаарт 40.2 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн 40.1-д заасан гэм хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх гэж заасан дүгнэлтэд дурдсаны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид уй гашуу, сэтгэл хямралын эмгэг өөрчлөлтөд өртсөн байгаа. Энэ нь сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай гэж шинжээч дурдсан байдаг. Мөн 40.2 дугаар зүйлийн 3-т хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх гэж заасан учир сэтгэцийн шинжилгээ хийлгэсэн байгаа. Журамд нарийвчлан заахдаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журамд 1.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тогтоож дүгнэлт гаргахдаа энэ журмыг мөрдөнө гэж заасан байгаа. 2 дахь заалтаараа хор уршгийг тогтоохдоо 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөхцөлийг харгалзан үзнэ гэж заасан. Энэ нь дээр дурдсан 3 нөхцөлийг харгалзан үзэх шаардлагатай байгаа. 2.5-т Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4,5-д заасны дагуу арилгана гэж заасан байгаа. 2.10-т Энэ журмын 2.1-2.5-д заасан буюу тухайлсан гэмт хэргээс бусад шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хэр гарах нь ач холбогдолтой учир нь сэтгэцэд нь өөрчлөлт, хохирол хор уршиг учирсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэр бүлийн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр үржүүлэн аль ашигтайгаар нөхөн олгоно гэж заасан байгаа. Ашигтай байдал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай байдал байна. Ингэж нэхэмжилж байгаа үндэслэл нь амьдралын баталгаа, өөрийг нь болон тахир дутуу ахыг нь, төрсөн дүүг нь тэжээн тэтгэдэг эцэг нь нас барсан нь эрдэнэт хүний амь насыг ямар ч зүйлтэй зүйрлэшгүй. ...Шүүгдэгчийг анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчтэй нэг нутгийн хүмүүс, ойрхон байдаг. Эцгийн амь нас эрсэдсэн ч гэсэн хатуурхахгүй байр суурьтай байгаа. Иймд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой. Хохирол төлбөрөөс тодорхой хэмжээний хохирол төлсөн. Цаашид хохирол төлбөрөө төлөх байх гэсэн итгэлтэй байгаа. Ажил хөдөлмөрөө эрхлээд, хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл үлдсэн хохирол төлбөрөө төлөх боломжийг хангах нь зүйтэй гэж үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байгаа... ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* ХХК-ийн захирал Д.Б нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон болох нь прокурорын дурдсан яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн зүгээс гэм бурууд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч талаас энэ хэрэгт холбоотойгоор хохирлыг өөрсдийн чадахаар төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж харж байна. Уг гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн, тухайлбал байгалийн унанги мод унасан байгалийн үзэгдлээс болж бусдын амь нас хохирсон нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид боломжоороо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, арга хэмжээ авч байсан. Гэмт хэргийн ангиллын тухайд энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хамаарч байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулаад, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлах хэрэглэх боломжтой гэж үзэж байна ” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

2. Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,

3. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-ний хуулбар, мод бэлтгэх талбай сонгосон тухай акт, хавсралтууд /Хавтаст хэргийн 23-30 дугаар хуудас/,

4. “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, дотоод журам /Хавтаст хэргийн 35, 46-54 дүгээр хуудас/,

5. Ойн мэргэжлийн байгууллагын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202300235 дугаартай гэрчилгээ /Хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

6. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /Хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “... Миний аав *******ХХК-д ажилддаггүй. Тэр байгууллагын үндсэн болон туслах ажилтан бол биш болохоор ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Уг байгууллагын захирал Б гэх хүн хааяа, хааяа ирж манай аавыг гуйгаад модонд авч явдаг байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр хөдөө мал дээр байхад нь ирээд модонд аваад явсан байсан. Хэрэг гарахын урд өдөр манай дүү рүү утсаар залгаад аав нь Б модонд явж 2-3 удаа явах байхаа гэж ярьсан байсан. ...Миний хувьд маш их гомдолтой байна. Аавыг маань нас барсан гэж Б болон хамт байсан хүмүүс нь мэдээгүй. Нас барснаас нь хойш 4-5 цагийн дараа Б гэх хүний эхнэр нь манай эгч рүү залгаад танай ах чинь модонд цохиулаад эмнэлэг рүү аваад явж байхад нас барсан гэж хэлсэн. Бидний маш хувьд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н 2025 оны 02 дугаар сарын 08-ны  өдөр дахин өгсөн “....Одоогийн байдлаар хохиролд буюу талийгаач аав болох Т.Б оршуулгын зардалд 21.000.000 төгрөг гарсан юм аа. Тухайн оршуулгын зардлын мөнгийг ах дүү, хамаатан саднаас нийлж гаргасан мөнгө байгаа юм. Тухайн үед оршуулгын зардалд гаргасан 21.000.000 төгрөгийн баримтын би ах дүү нараас хоол унд, бензин тосны баримтыг нь гаргуулан авч чадаагүй юм. Ах дүү нараас цугласан мөнгийг нь би өөрөө тоолоход 21.000.000 төгрөг болж байсан юм. Мөн би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангид аврагч гал сөнөөгчөөр 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан юм. Тухайн үед би Тосонцэнгэл сум руу буяны болон мөрдөн шалгах ажиллагаагаар ирж очиж байсан. Одоогийн байдлаар 23 ширхэг баримт байх ба тухайн баримтаар нийт 1.643.371 төгрөгийн баримт цуглуулсан байна. Уг баримтад Ховд аймаг руу очих болон ирэхэд зарцуулагдсан бензиний мөнгө, хоол ундны мөнгө багтсан байгаа юм. Ингээд би уг хэрэгт нийт 22.643.371 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

9. Гэрч Т.О 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 2024 оны 08 дугаар сарын 01- ний өдөр сумынхаа Б, Г, Г нарын хамт *******ХХК-ний тусгаарлалт хийлгэсэн талбайгаас мод хийхээр ирсэн. Бид нар албан байгуулаагүй, уулын бригадад ажиллах талаар томилсон тушаал гаргаагүй, ямар нэгэн тушаал шийдвэр танилцуулаагүй, хяналт тавих уулын мастер томилоогүй болохоор байхгүй байсан. Бид нарыг өглөө бүр ажилд гарахад бидэнд өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан. Ууланд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Бид дөрөв 2024 оны 08 дугаар сарын 12-ны тусгаарлалт хийлгээд тэгээд ажиллаж эхэлсэн. Бид нар нэг нутгийн хүмүүс болохоор учраа олоод л ажлаа хийцгээдэг. Түүнээс нэгнийгээ даргалсан хүн байхгүй. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Б ах өөрийн Зил 131 маркийн бор ногоон өнгийн чиргүүлтэй авто машинтай талийгаач Т.Б хамт ирсэн. Доор чиргүүлээ үлдээгээд дан толгойгоороо дээшээ өгсөж мод ачсан. Б ах доошоо уруудахад эвгүй байна гээд надаар бариулаад доошоо буусан. Машинд Б, Б бид гурав суугаад Г урд алхаад явж байсан. Тэгээд доошоо уруудаж чиргүүл дээрээ очоод Б, Г нартай модоо чиргүүл дээрээ шилжүүлж ачаад дууссан байхад Г сандарсан байдалтай гүйж ирээд Б ах /амь хохирогч Т.Б/ модонд цохиулсан хурдлаарай гэхээр нь бид нар сандраад машиндаа суугаад дээшээ гараад тусгаарлалт хийлгэсэн талбай руу очоод машинтайгаа зогсоод буцаж гарахад бэлдээд байж байсан. Манай нөгөө хэд дээшээ өгсөөд талийгаачийг дээл нь дээр тавиад 4 талаас нь өргөөд аваад ирсэн. Талийгаач юу ярьж чадахгүй ёо ёолоод орь дуу тавиад байсан. Хүн ч танихгүй байх шиг байсан. Хамар, чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Талийгаач Б ахыг модонд цохиулах үед нь Г ах хамт явсан байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй. Урд өдөр нь өглөө бороо орж үеэр буугаад өдөр хэсэг нар гарч байснаа бороо орсон, хэрэг гардаг өдөр сэвэлзүүр салхитай байсан. Салхинд тэр мод унаж талийгаачийг гэмтээсэн юм шиг байна лээ...Б ах ажлын шар бээлий 20 ширхгийг бид дөрөвт өгсөн. Мөн нэг нэг хамгаалалтын малгай өгсөн боловч халууцаад байдаг болохоор бид нар огт өмсдөггүй байсан. Талийгаач хэрэг болох үед зөвхөн ажлын бээлий л өмссөн байсан. Толгойдоо шаргал өнгийн сийрсэн малгайтай, дээгүүрээ энгийн бараан өнгийн куртик өмссөн байсан. Ер нь ажлын бээлийнээс өөр зүйлгүй байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/,

10. Гэрч Ө.Г 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумаас ************* ХХК-ны захирал Б нь амь хохирогч Т.Б хамт чиргүүлтэй зил 131 маркийн авто машинаар бид нарыг бэлтгэсэн модыг ачихаар ирсэн. Тэгээд чиргүүлээ доор үлдээгээд дан толгойгоороо дээшээ өгсөн бэлтгэсэн модыг ачаад доошоо уруудсан. Мод ачсан газарт талийгаач Т.Б бид хоёр үлдсэн. Урд өдөр нь бороо ороод газар чийгтэй байсан болохоор мод ачсан машин дээшээ өгсөхдөө хий эргэж магадгүй болохоор урд талаас нь тороосоор нь татаж гаргаж магадгүй гэж бодоод дагаад явж байсан. Тэгтэл машин зогсохгүй шууд өгсөөд гарсан. Тэгэхээр нь өө ашгүй ашгүй гээд бид хоёр дараагийн ачих мод руугаа бид урд нь алхаад миний хойно талийгаач алхаад явж байсан. Би мод нь түрүүлээд алхаад явж байхад гэнэтхэн мод унаж байгаа чимээ сонсогдохоор нь эргээд харахад 30 талийгаач харагдахгүй байхаар нь мод унасан газар руу гүйж очиход талийгаач унасан модны үзүүр хэсэгт дээшээ харсан байдалтай хамраас нь цус гарсан гарсан байдалтай ёолоод байхаар нь яасан юу болсон ахаа, яаж байна гэж асуухад хариулахгүй байхаар нь би доошоо гүйгээд нөгөө 4 дээр очиж хэлээд бид нар зил 131 маркийн машинаар буцаж ирээд талийгаачийг дээл нь дээр хэвтүүлээд машинд оруулаад Тэлмэн сумын төв рүү эмнэлгийн тусламж үзүүлэхээр нь явсан. Талийгаач зам даа ёолоод л яваад байсан. Тэгтэл замд урдаас Тэлмэн сумын эмч ирж үзээд амь хохирогчийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд Б ах талийгаачийг Тэлмэн сум руу эмнэлгийн машинаар аваад явсан бид нар мод хийж байсан газар луу буцсан. Бидний хувьд архи дарс ууж хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Бид нар ч талийгаачийг сайн танихгүй болохоор бидний дунд ямар нэгэн хэрүү маргаан болоогүй... Бид нар *******ХХК-ны үндсэн ажилтан биш, бид дөрөв уг байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тусгаарлалт хийлгэсэн талбайд модоо хийж дуусгаад цалин хөлсөө авахаар ярилцаж тохиролцсон байсан. Амь хохирогч Б нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ямар нэгэн хувцсаар хангагдаагүй өмсөөгүй байсан. Амь хохирогч зөвхөн ажлын бээлийтэй л байсан. Амь хохирогч тэр үед уулнаас бэлдсэн модыг Зил 131  машинд ачилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

11. Гэрч Ө.Б 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоноос О, Г, Г нарын хамтаар Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******ХХК-ны захирал Бийг Тосонцэнгэл сумын Рашаант багийн ******** гэх газарт тусгаарлалт хийлгэсэн талбайд мод бэлтгэхээр тохиролцоод 8 сарын эхээр ирсэн. Бид нар "*************" ХХК-ны бүртгэлтэй ажилчид бол биш, Ууланд мод бэлтгэх талаар ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тусгаарлалт хийсэн талбайд модоо хийж дуусаад цалингаа авахаар ярилцаж тохиролцоод 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тусгаарлалтаа хийлгээд модоо бэлтгэж эхэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захирал Б нь амь хохирогч Б хамт чиргүүлтэй Зил 131 маркийн машинаар бид нарыг бэлтгэсэн модыг ачихаар ирсэн. Доор бид нарыг байрлаж байсан газарт чиргүүлээ үлдээгээд дээшээ дан толгойгоороо өгсөж ирээд модоо ачаад чиргүүл рүүгээ шилжүүлж ачихаар буусан. Амь хохирогч нь Т.Б, Г хоёр мод хийсэн газраа үлдээд бид дөрөв модоо чиргүүл дээрээ ачихаар буусан. Бид нар ачсан модоо чиргүүл дээрээ аччихаад цай уучхаад хөдлөхөөр болоод байж байтал дээрээс Г гүйж ирээд Б /амь хохирогч Т.Б/ ах модонд цохиулчихлаа, ам хамраас нь цус гараад байна гэхээр нь бид нар машиндаа гялс суугаад модонд цохиулсан гэх газрыг нь заалгаад очиход амь хохирогч цохиулсан гэх модныхоо үзүүр хэсэгт нь хэвтээд ёолоод ам, хамдаа чихнээс нь цус гарсан байдалтай байхаар нь дээл нь дээр тавиад машиндаа оруулаад Тэлмэн сумын эмнэлэг рүү хөдөлсөн. Тэгтэл урдаас эмч нар ирээд түүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Амь хохирогч эмч нарыг ирэхээс өмнө олон удаа ёолоод байсан. Гэхдээ асуусан асуултад огт хариулахгүй байсан. Тэгтэл эмч нарыг ирэхийн өмнөхөн нас барсан. Бид нарыг талийгаачийг сайн танихгүй. Бид мод бэлтгэж байгаа газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгд эрүүл саруул байсан. "********” ХХК-ны захирал Б нь бид нар доргилтоос хамгаалах малгай бээлий өгсөн. Өөр ямар нэгэн хувцас хэрэглэл өгөөгүй. Бид нар хамгаалах малгай өмсөж хэвшээгүй болохоор өмсдөггүй, харин ажлын бээлий л өмсдөг байсан. Бид нарыг "**********" ХХК-ны зүгээс өдөр тутмын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр бол өгч байгаагүй. Бид нарыг анх тусгаарлалт хийлгээд ажлаа эхлэх гэж байхад захирал Б ах болгоомжтой ажлаараа гэж амаараа л нэг удаа хэлсэн. Түүнээс албажуулж бичгээр авч тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. Талийгаач Б нь хөдөлмөр хамгааллын ямар нэгэн ажлын хувцас өмсөөгүй, түүнд аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн зааварчилга өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

12. Гэрч Г.Г 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Гачуурт гэх газарт *******ХХК-ны захирал Б нь 5 га талбайд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тусгаарлалт хийлгэсэн. Уг газар нь хуучин шатсан босоо хэвтээ хуурай модтой газар байсан. Тусгаарлалт хийлгэсэн талбайд Г, О, Б бид 4 мод бэлтгэсэн. Бид дөрвийн хувьд мэргэжлийн үнэмлэх байхгүй. Олон жил мод хийсэн бол туршлагатай. О ерөнхийдөө модыг хөрөөдөж бид гурав цагаалж бөөгнүүлдэг ажил хийдэг. Бид Б гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, бидний түр ажилтнаар авсан, уулын бригадад ажиллах талаар ямар нэгэн захирамж гаргаагүй. Цалин хөлсний хувьд тусгаарлалт хийлгэсэн талбайгаас модоо хийж дуусгаад цалингаа авахаар амаар ярилцаж тохиролцсон байсан. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Б Тэлмэн сумаас амь хохирогч Т.Б хамт Зил 131 маркийн авто машинаар мод ачихаар ирээд доор чиргүүлээ үдээгээд толгойгоороо мод бэлтгэсэн газар руу өгсөж модоо ачаад доошоо буусан. Би мод ачсан машинд суудаггүй болохоороо ганцаараа алхаад түрүүлээд чиргүүл дээрээ ирсэн. Миний араас машиныг О жолоодоод Б, Б нар хамт ирсэн. Бид нарыг машины толгойд байсан модыг чиргүүл рүү шилжүүлж ачаад цай уучхаад хөдлөх гэж байхад Г гүйж ирээд талийгаачийг мод унаад цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар машиндаа суугаад дээшээ өгсөөд модонд цохиулсан гэх газарт нь очиход талийгаач модны нарийн үзүүр хэсэгт модны урд талдаа хэвтэж байсан. Талийгаачийн чих, хамраас нь цус гараад ёолоод хүний асуусан асуултад хариулахгүй байсан. Тэгэхээр нь бид нар түүнийг дээл нь дээр нь тавиад машин руу зөөж оруулаад уулнаас доошоо буусан. Талийгаач замын турш ёолж байгаад эмч ирэхийн өмнөхөн чимээгүй болсон. Тэгтэл эмч ирж үзээд түүнийг нас барсан гэж хэлсэн. Б ах талийгаачийг аваад сумын төв рүү яваад бид дөрөв тэр газраасаа буцсан. Бидний хувьд талийгаачийн сайн танихгүй, хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Талийгаачийг цохисон гэх мод нь бүдүү, хуурай, хуучин шатсан, үндэс хэсэг нь ялзарсан мод байсан. Тэгээд салхинд унасан байхаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,

13. Гэрч Ө.О 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Мод бэлтгэлийн тусгаарлах ажиллагааг *******ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийлгэсэн. Тэгээд мод бэлтгэх гэрээг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******ХХК-ны захирал нь манай байгууллагын дарга Н.А хийж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаатай хийсэн. Тэгээд гэрээнд заасны дагуу аж ахуй нэгж байгууллага нь мод бэлтгэх гэрээнд заасны дагуу нэг удаа ямар нэгэн шалтгаан нөхцөлийн улмаас 14 хоногоор сунгадаг. Тухайн байгууллага буюу *******ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мод бэлтгэх тусгаарлах талбайд зам шавар намаг ихтэй байсан учраас мод бэлтгэж чадаагүй улмаас 2024.08.12-ны өдрөөс 2024.08.26-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хоногоор сунгах хүсэлт гаргасан байсныг байгаль хамгаалагчаас 2024.08.12-ны өдөр албан тоот гаргаснаар тухайн байгууллагын мод бэлтгэх тусгаарлах ажлыг 14 хонгоор манай байгууллага сунгаж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,

14. Гэрч Т.О 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш баг ******** гэх нэртэй газарт талийгаач ах болох Т.Б хамт зуслангийн газарт нь хамт зусаж байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 21-ний 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд талийгаач ах болох Б үхрээ хамт саагаад дууссан. Тэгээд сүүгээ гэр рүү оруулж байхад ЗИЛ-131 маркийн 2 чиргүүлтэй 1 машин сүүгээ гэр рүүгээ оруулах гэж байхад ирж яваа харагдсан. Тэгтэл тухайн машин нь талийгаач ахын гэрийн үүдэнд ирсэн. Тэгээд талийгаач ах тухайн машинд суугаад явсан. Надад хаашаа явах талаарх талийгаач ах маань хэлээгүй юм. Тухайн үед би талийгаач ах маань хүнд үгүй гэж хэлж чаддаггүй учраас модонд цуг хамт явсан байж магадгүй гэж дотроо бодсон. Тэгээд би ахынхаа гэр рүү ороод суурин утсыг аваад гэртээ оруулж ирсэн. Тэгээд байж байтал Б гэх хүний эхнэр болох Ц нь залгаад байхаар нь автал талийгаач ах болох Бг гүрүүшгэнд явсан уу гэж асууж байхаар нь би явсан гэж хариулаад утсаа салгасан. Тэгээд би маргааш буюу 2024.08.22-ны 16 цаг үед байхаа эгч Т нь хөдөө гэрийн дугаар руу залгаад талийгаач ах болох Бг толгой руу цохиулсан байна гэж Т хэлж байна юу болсон талаар лавласан дээр байхаа гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би утсаа салгаад өмнөх өдөр залгасан дугаар руу болох Б гэх хүний буюу эхнэр нь залгасан дугаар руу залгаад талийгаач ах болох Б толгой руугаа цохиулсан гэж хэлэхэд Бийн эхнэр Ц нь сая өнгөрчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

15. Гэрч Б.Ц 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Тэгээд би утсаа таслаад Б хөдөө гэрийн дугаар руу залгаад Б гүрүүшгээр авч явсан уу гэж асуухад аваад явсан гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай нөхөр болох Б нь өөрийн дугаараас 2024.08.22-ны 11-12 цагийн үед залгаад Б модон цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхлээр би Завхан аймгийн Тэлмэн сумын эрүүл мэндийн төвд өөрийн биеэр очиж их эмч, 2 сувилагч нарыг аваад хэрэг гарсан гэх газар буюу Завхан аймгийн Тэлмэн сумаас зүүн урд зүг рүү 20-30 км зайд явж байхад ЗИЛ 131 машин замын хажууд зогсчихсон байсан. Тухайн машины хажууд зогсоод эмч, нарын хамт машинаас буухад тухайн Зил 131 машин баруун талд шороон дээр талийгаач буулгаж газарт хэвтүүлсэн байсан. Тэгээд талийгаач Б эмч үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,

16. Гэрч Э.Ө 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Тэгэхлээр би эмнэлгийн машинтай сувилагчтайгаа болон Ц хамт сумын эмнэлгийн гаднаас хөдөлсөн. Тэгээд сумаас гараад баруун урд зүгт 20-30 км зайд Зил 131 машин нь замаа чөлөөлөөд зогссон байсан. Тухайн машины хажуу зогсоод машинаасаа буухад тухайн зогссон гэх машины баруун талд машинаас зайдуу нэг эрэгтэй хүнийг хэвтүүлсэн байсан. Тэгээд би тухайн хүний судсыг барьж үзэхэд цохилт мэдрэгдэхгүй, амьсгал зүрх судасны цохилт байхгүй, биед нь хүрэхэд хүйтэн хөрсөн байдалтай, хүүхэн хараа 2 талдаа ижил өргөссөн, хамар ам баруун чихнээс цус гарсан, нас барсан байдалтай газарт дээш харуулж хэвтүүлсэн байсан. Ил шарх сорви гэвэл дагзны дээд хэсэг, баруун чамархайн ар хэсэгт тус тус зулгарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,

17. Насанд хүрээгүй гэрч Б.Т 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “... Тэгээд би 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Б рамын хашаанд байх Д уулзах гээд  очиход Д нь талийгаач нагац ах Т.Б модонд цохиулчихсан байна гэж түүнээс сонссон...үүнээс өөр надад мэдэх зүйл байгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

18. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.Базардаргиагийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0000000054 дугаартай “...1. Амь хохирогч Т.Б цогцост суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун зүүн уушгины цоорол, хүзүүний 5-р нугалмын хугарал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, дагзны дээд хэсэгт, баруун чамархайн ар хэсэгт, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт, баруун мөрний хэсгийг дайрч баруун бугалгын гадна хэсэг хүртэл, ууцны баруун хэсэгт, баруун далны дээд хэсэгт зулгаралт, баруун сарвууны ар хэсэгт, зүүн шагайн хэсгийн дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд. 3. Амь хохирогч Т.Б цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Амь хохирогч Т.Б цогцост шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогч Т.Б нь гавал тархины хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас нас барсан баржээ...” гэсэн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 117-125 дугаар хуудас/,

19. Мөрдөгчийн Б.Н, Д.Б нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /Хавтаст хэргийн  126-127 дугаар хуудас/,

20. Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинжээч П.Б 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “....Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Гачуурт гэх газарт “**************” ХХК-ийн мод бэлтгэх тусгаарлалт хийсэн талбайд Т.Б нас барсан үйлдэл нь үйлдвэрлэлийн осол мөн. ... *******ХХК-аас тусгаарлалтын талбайд ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ...Ажил олгогч нь ХАБЭА хариуцсан, энэ чиглэлийн үнэмлэх сертификаттай хүнийг томилж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.4 дэх заалт/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/-ыг зөрчиж байна. ...*******ХХК нь осолд өртсөн ажилтанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өгөөгүй, хамгаалах хэрэгсэл каска, гутал өгөөгүй болох нь холбогдох хэргийн материал, хэргийн газрын үзлэгээс нотлогдож байна. ....*******ХХК-аас мод бэлтгэх тусгаарлалтын талбайд ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өгөөгүй, хамгаалах хэрэгсэл каска олгоогүй, бээлий олгосон байна. ...Ослын суурь шалтгааныг орчин талаас нь авч үзэхэд *******ХХК-ний тусгаарлалт хийлгэсэн талбай нь 2000 онд шатсан ой ба 24 жилийн хугацаанд шатсан мод үхжилт явагдан мод нь хуурайшиж, үндэс хэсгээрээ өмхөрч унахад ойрхон болсон байсан ба тухайн ойр орчимд доргилт өгөхөд шатсан мод үндсээрээ булгарч унаж Т.Б цохисон байж болзошгүй байна. ...Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь удирдлагын тогтолцоо хангалтгүйгээс шалтгаалсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх заалт "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" заасан байх тул компанийн удирдлагын буруутай үйлдэл нөлөөлсөн байж болзошгүй байна. ...Иймд энэхүү осолд мөн удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй/ хүчин зүйлийн нөлөөлөлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 153-157 дугаар хуудас/,

21. Мөрдөгчийн Б.Н, Д.Б нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /Хавтаст хэргийн  158-159 дүгээр хуудас/,

22. Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24-02/48-02 дугаартай улсын байцаагчийн акт /Хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,

 23. Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай “...1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н /рд:***************/-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байгаа нь сэтгэцийн хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас/,

24. Амь хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдалд холбогдох баримтууд болон хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б нь ******* ХХК-ийн захирлаар ажилладаг ба  уг компани нь ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх буюу ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрхтэй байх бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангитай “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ” байгуулж, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гачуурт гэх газрын ойд мод бэлтгэх зөвшөөрлийг авч, мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан байна. /1-р хавтаст хэргийн 35, 45, 32-р хуудас/,

2. Амь хохирогч Т.Б нь ******* ХХК-ийн албан ёсны ажилтан биш хэдий ч уг компанийн мод бэлтгэлийн ажилд хөлсөөр ажиллах аман гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөн хөлсөөр ажиллах аман гэрээний үндсэн дээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гачуурт гэх газрын ойд мод бэлтгэлийн ажилд ачигчаар хөлсөөр ажилласан байна. /1-р хавтаст хэргийн 77, 84-85, 90, 96, 99, 104,106, 194-р хуудас/,

3. 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-ийн захирал Д.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Гачуурт гэх газрын ойд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс дээр Т.Б хамт чиргүүлтэй Зил-131 машинаар очиж, чиргүүлээ уулын бэлд үлдээгээд дан толгойгоороо уул руу өгсөж бэлтгэсэн модыг ачиж дуусаад доош уруудсан байх үед Ө.Г, Т.Б нар нь дараагийн ачих мод руугаа явж байгаад Т.Б нь салхинд унасан модонд цохиулж нас барсан байна. /1-р хавтаст хэргийн 84-100, 15-19, 117-125-р хуудас/,

4. Т.Б нь модонд цохиулах үедээ  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, хамгаалалтын хувцас, малгайгаар хангагдаагүй байсан байна. /1-р хавтаст хэргийн 88, 90, 94, 97, 99, 106, 109, 130-135, 153-157-р хуудас/

Уг үйл баримтууд нь шинжлэн судалсан нотлох баримтуудаас гадна хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Тодруулбал, амь хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 1-т ”Иргэн бүр амьд явах эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.” гэж,  27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж, 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж хуульчилсан.

Гэвч ******* ХХК-ийн захирал Д.Б нь аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй Т.Б мод бэлтгэлийн ажилд хөлсөөр ажиллуулсан байх ба ийнхүү ажиллуулахдаа ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 153-157-р хуудас/

Хууль гэж заавал дагаж мөрдөх хүчин чадалтай, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон, УИХ-аас батлан гаргасан эрх зүйн акт ба хуулийг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Д.Б нь мод бэлтгэлийн ажилд ажиллах хүмүүсийг аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, зааварчилга өгөөгүйгээс, мөн ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүйгээс  хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай  хэдий ч хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ хохирол, хор уршигт хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойгоо ухамсарлан мэдэж байсан боловч хохирол, хор уршигт хүргэхгүй байж чадна гэж найдан биелүүлээгүйгээс Т.Б амь нас хохирч, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг нь зөрчсөн нь  Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, амь хохирогч Т.Б амь нас хохирсон хохирлын хооронд шууд бус шалтгаант холбоо үүссэн нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүгдэгч Д.Б Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Т.Б амь нас хохирсныг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Б хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Энхболд нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилснаас үзвэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Бийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн эс үйлдэхүй, амь хохирогчийн амь хохирсон нөхцөл байдлууд нь шууд бус шалтгаант холбоотой, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлж байх ба мөнгөөр тооцон зарим хэсгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан байна.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, харин энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцдог.

Шүүгдэгч Д.Бийн эс үйлдэхүйн улмаас Т.Б амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардал 21,000,000 төгрөгийг баримтгүйгээр, 1,643,371 төгрөгийг баримтаар шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Мөн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24-02/48-02 дугаартай актаар тавьсан 23,760,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид хохирол, нөхөн төлбөр, хор уршигт тооцон 28,100,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдлийг шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ноос амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нэхэмжилсэн 21,000,000 төгрөгийг баримтгүй үндэслэлээр хэлэлцээгүй орхисон ба холбогдох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин 23 баримтаар нэхэмжилсэн 1,643,371 төгрөгийн нэхэмжлэлээс 3 дугаартай хүүхдийн амттан, тамхи авсан 59,205 төгрөгийн, 11 дугаартай 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шатахуун авсан 70,000 төгрөгийн, 12 дугаартай ээмэг авсан 1,500 төгрөгийн, 13 дугаартай электрон тамхи, ундаа авсан 46,200 төгрөгийн, 17 дугаартай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бараа авсан 100,000 төгрөгийн, 20 дугаартай цагдаагийн торгуулийн 93,000 төгрөгийн, 22 дугаартай улсын тэмдэгтийн хураамж төлсөн 16,000 төгрөгийн, 23 дугаартай замын хураамжид төлсөн 11,800 төгрөгийн баримтуудыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн учир эдгээр баримтуудад холбогдох 397,705 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,245,666 төгрөгийг шүүгдэгч Д.Бээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24-02/48-02 дугаартай, 23,760,000 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан акт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан акт байх тул уг мөнгийг шүүгдэгч Д.Бээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүх амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцож 56,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилсан.

2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тооцоход 99,000,000 төгрөг байхаар байна.

Т.Б хувьд амь хохирох үедээ 53 нас 5 сар 10 хоногтой байсан байх ба 2024 оны байдлаар Завхан аймгийн эрэгтэй дундаж наслалт 70.69 байснаас зөрүүг тооцвол 17 жил байх бөгөөд үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцоход 56,100,000 /17*660,000*5/ төгрөг байхаар байна.

Иймээс шүүх хохирогчид аль ашигтайгаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр амь хохирогч Т.Б гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй юм.

Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 230.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж хуульчилсан.

Амь хохирогч Т.Б хувьд нас биед хүрсэн, мод бэлтгэлийн ажилд ажиллахдаа аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдах ёстой, мөн ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдах ёстой, ийнхүү сургалтад хамрагдаагүй, ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдаагүй ажил үүрэг гүйцэтгэснээс эрүүл мэндэд нь хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч дээрх нөхцөлүүд хангагдаагүй байхад ажил үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн, гүйцэтгэсэн байх ба тэрээр гэм хор учрахаас урьдчилан сэргийлэх, ажил гүйцэтгэхээс татгалзах боломжтой байсан ч боломжоо хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн Т.Б амь хохирох шууд шалтгаан нь байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй байх ба 53 настай энгийн дундаж эрэгтэй хүний хувьд байгаль цаг агаарын таагүй нөхцөлд тухайн орчиндоо сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Иймээс шүүх амь хохирогчийг гэм хор учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан байдлыг харгалзан үзээд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс бууруулан нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож олгох нь хуульд нийнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн хуульд хүний амь нас хохироосон санаатай болон болгоомжгүй олон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг дээрх бүхий л гэмт хэрэгт хамаарах тул хохирогчийн гэм хор учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэхэд үнэлэлт хийж ийнхүү бууруулан тогтоох нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэснийг дурдах нь зүйтэй юм.

Шүүх шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэж буй оршуулгын зардалд гарсан 1,245,666 төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24-02/48-02 дугаартай актаар тавсан нөхөн төлбөр 23,760,000 төгрөг, амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөр 56,100,000 төгрөгийг нэмэхэд 81,105,666 төгрөг болж байх ба шүүгдэгчийн төлсөн 28,100,000 төгрөгийг хасаж тооцоход 53,005,666 төгрөг болж байгааг шүүхийн шийдвэрээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б гэмт эс үйлдэхүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Учир нь шүүгдэгч сумын төвөөс алслагдмал газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг ба уг ажил хөдөлмөрөө эрхэлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг барагдуулах шаардлагатай...” гэсэн болно.

Шүүх шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг сайн дураараа төлж барагдуулан, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах  нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх явдал юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгч Д.Б хохирол, хор уршгийн зардал гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж буй тул дээрх үүргүүдийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн сийрсэн малгай 1 ширхгийг болон ажлын хос бээлий 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Т овогт Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Б анхааруулсугай.

6. Шүүгдэгч   Д.Б   нь   энэ   хэрэгт   цагдан   хоригдоогүйг  дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2, 230.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 21,000,000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчээс 53,005,666 төгрөгийг гаргуулан Б.Н олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн сийрсэн малгай 1 ширхгийг болон ажлын хос бээлий 1 ширхгийг устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН