Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0941

 

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д********-ын З********,

Нэхэмжлэгч: Ц********-ийн Д********,

Нэхэмжлэгч: Ц********-ийн Б********,

Нэхэмжлэгч: П********-ийн А********,

Нэхэмжлэгч: Н********-ын Э********, 

Нэхэмжлэгч: Ч********-ийн Х********,

Нэхэмжлэгч: Г********-ийн О********,

Нэхэмжлэгч: Ч********-ийн М********,

Нэхэмжлэгч: Д********-ийн Б********,

Нэхэмжлэгч: Б********-ийн О********,

Нэхэмжлэгч: Д********-ын Ц********,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

                   Барилгын хөгжлийн төв

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б********

Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М********, Г.З********, Б.Ц********

Гуравдагч этгээд: “А********” ХХК 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х********

Маргааны төрөл: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А********” ХХК-д барилга бариулахаар олгосон барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Х********, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А********, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х********, өмгөөлөгч Б.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.З********, Ц.Д********, Ц.Б********, П.А******** нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газраас Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А********” ХХК-д барилга бариулахаар олгосон “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2019/3391 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Мөн нэхэмжлэгч Н.Э********, Ч.Х******** нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3868 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2020/3778 дугаар захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэсэн болно.

Мөн нэхэмжлэгч Ч.М********, Д.Б********, Б.О********, Д.Ц********, Г.О********, нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2020/6012 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6720 дугаар захирамжаар нэгтгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А********” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Барилга хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, нэмэгдүүлсэн тул шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/678 дугаар захирамжаар “А********” ХХК-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Хот байгуулалт хөгжлийн газраас “А********” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгожээ. 

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/4457 дугаар албан бичгээр “А********” ХХК-ийн орон сууцны барилга угсралтын ажилд гүйцэтгэлийн шалгалт хийсэн бөгөөд Б блокын барилгын байршил, зай хэмжээ нь Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн барилгаас 20,29 м, мөн үерийн ус зайлуулах ф1000 шугамыг тухайн барилгын зоорийн давхарт оруулсан нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахгүй байх тул уг асуудлыг шийдвэрлүүлэх хүртэл барилгы угсралтын ажлыг үргэлжлүүлэхгүй байхыг мэдэгджээ.

 Улмаар “А********” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/128 дугаар албан бичгээр дээрх зөрчлийг арилгасан тул барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сэргээхийг хүсэхэд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0003088/683/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.

  Мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосонтой холбогдуулан “А********” ХХК-д олгосон 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байна.

“З********” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38/20 дугаар албан бичгээр төлөвлөлтийн буруугаас зай хэмжээ алдагдаж, 2 байрлалд барилгын нормын хэмжээг зөрчсөн тул зураг төсөлд өөрчлөлт оруулсан талаар мэдэгдэж, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр “А********” ХХК-ийн орон сууцны Б блокын өөрчлөлтийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг олгосон байна.

“Э********” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04/20 дугаар албан бичгээр барилгын зүүн урд булан доогуур өнгөрөх төмөр бетон сувгийг ус алдах боломжгүй, битүүмж сайтай хийх бөгөөд энэ нь барилгын суурь, бүтээц, суултад ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг баталж байгаа талаар мэдэгдсэн байна.

Харин “Г********” ОНӨААТҮГ-аас Хот байгуулалт хөгжлийн газарт хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/28 дугаар албан бичгээр борооны ус зайлуулах 3 дугаар коллекторын шугамын засвар шинэчлэлтийн ажлын трасст “А********” ХХК-ийн барилга өртөж байх тул 7 шаардлага бүхий дүгнэлтийг хүргүүлжээ.

“А********” ХХК-иас “Г********” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/03 дугаар албан бичгээр барилгын талбайд өнгөрч буй борооны ус зайлуулах худгийн өргөтгөлийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтэй байх тул хамтарч ажиллах талаар хүсэлт тавихад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2020/03 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0006099 БА-037/2020 дугаар гэрчилгээг олгожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтэст хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/1755 дугаар албан бичгээр “А********” ХХК-ийн барьж буй Б блокын барилгын ажилд олгогдсон “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцалж, алдаатай олгогдсон Б блокын барилгын байршил, зай хэмжээ, үерийн ус зайлуулах ф1000 шугамын асуудлыг шийдвэрлэх талаар мэдэгдсэн байна.

  1. Нэхэмжлэгч нар дээрх захирамжийг эс зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/3040 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, дахин 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
  2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

“”А******** ХХК-д Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 59 дүгээр байрны баруун хойд буланд буюу 59 дүгээр байшингаас 1 метр ч хүрэхгүй зайд барилга бариулахаар зөвшөөрөл хүссэнийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ГБМЗХ2019/03-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож түүнийг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БА-0372020 дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгожээ. Уг барилга нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2 болон Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан БНбД31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан Барилга хоорондын зайн хэмжээ, галын аюулгүй байдлыг зөрчиж, нэхэмжлэгч бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн түүнчлэн уг маргаан бүхий барилга баригдаж буй газар доогуур манай байшингийн цэвэр, бохирын шугам Сүхбаатар дүүргийн хэмжээний үерийн ус зайлуулах 1000-ийн магистраль шугам байрлаж байгаа бөгөөд /уг магистраль шугам нь нийслэлийн үерийн үс зайлуулах төв шугамтай холбогддог/ уг үерийн ус зайлуулах шугам болон сантехникийн төв магистраль шугам доголдсон тохиолдолд үер усны болон, гамшиг ослын аюул үүснэ. Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас А******** ХХК-д уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "... хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хот төлөвлөлтөд тусгана, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот суурины төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм БНбД31-01-04-ийн галын аюулаас хамгаалах шаардлагын 1 дүгээр хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 26 дугаар зүйлийн 26.1.3-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд “...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн болно.

“А********” ХХК нь уг барилгын ажлаа өдөр, шөнөгүй явуулж байгаа бөгөөд, нэхэмжлэгч бидний орон сууцны тагт, цонхонд тулган барьж барилгын гадна ханын хөөсөнд гэмтэл учруулж, орон сууцанд цууралт үүсэх, барилгын сууринд суулт өгөх нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд, нэхэмжлэгч бидний аюулгүй орчинд амьдрах эрхийг маш ноцтой зөрчиж байгаа тул энэхүү хэргийг цаг хугацаа алдалгүй яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч бид уг маргаан бүхий барилгыг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан бөгөөд, мэргэжлийн хяналтын газраас бидэнд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн хариу албан бичгээр маргаан бүхий актуудыг мэдсэн болно.

Мөн түүнчлэн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд, түүний баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг урьдчилан шийдвэрлэх журмаар хянах бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй.

“А********” ХХК нь анх 2018 оны 04 дүгээр сараас А, Б блок бүхий орон сууцны барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж эхэлсэн бөгөөд, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0001973 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл авч, барилгын ажил гүйцэтгэж байсныг нэхэмжлэгч нар болон 59 дүгээр байрны оршин суугчдаас гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтын газраас шалгаж, 2018 оны 08 дугаар сард Барилгын ажлыг зогсоосон, “А********” ХХК нь 15 давхар бүхий А блок барилгын ажилтай холбоотой гаргасан зөрчлийг арилгаж, Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу уг 15 давхар бүхий А блок бүхий барилга барих зөвшөөрлөө сэргээн, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0003087-683/2018 дугаар бүхий барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан.

“А********” ХХК-д А блок бүхий барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон боловч, Б блок бүхий барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/4457 тоот албан бичгээр Барилгын байршил, зайн хэмжээ нь Ерөнхий боловсролын сургуультай ойр, үерийн ус зайлуулах 1000 шугамыг зоорийн давхарт оруулсан нь хууль зөрчсөн гэж үзэж, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй байхыг мэдэгдсэн.

Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “А********” ХХК-д дахин хийсэн шалгалтаар тус компанийн Б блок бүхий барилгын 2 дугаар давхрын хучилтын ажлыг барилгын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр цутгасан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. 2019 оны 05 дугаар сард буюу нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах үед А******** ХХК нь барилгын ажлаа зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан бөгөөд, эрх бүхий байгууллагаас уг барилгыг сургуулийн бүс, нийслэлийн хэмжээний үерийн ус зайлуулах төв шугам дээр барилга барих боломжгүй болохыг удаа дараа мэдэгдэж, барилгын ажлыг зогсоохыг шаардаж байсан боловч, уг байгууллагуудын шийдвэр, мэдэгдлүүдийг үл тоон барилгын ажлаа зөвшөөрөлгүй гүйцэтгэж, 2019 оны 11 сар хүртэл үргэлжлүүлсээр, 4 давхар хүртэл цутгалтын ажил хийсэн бөгөөд, уг зөвшөөрөлгүй барьсан барилгадаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 0006099 БА 037/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан байна.

“А********” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 байрны баруун талд Б блок бүхий 9 давхар бүхий барилга бариулахаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 0001973 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 5 давхар барилгад холбогдох хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд олгож, Барилга хөгжлийн төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 0006099 БА-037/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна.

“А********” ХХК-д Б блок бүхий орон сууцны барилга бариулахаар Архитектур төлөлтийн даалгавар, магадлалын нэгдсэн дүгнэлт, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлын зөрчихөөргүй байх, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1 4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэснийг, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам-ын 4.1-т борооны ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасыг уг шугамын гадна ирмэгээс 5 метр байх гэснийг тус тус зөрчсөн болно. Мөн түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "...хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хот төлөвлөлтөд тусгана, 23 дугаар зүйлийн 23.1-т Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно 23.1.6-д газар дээрх болон доорхи дэд бүтэц бүхий бүсэд, 24.1.1-т хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 26 дугаар зүйлийн 26.1.3-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд ...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2.6, 2.6.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж олгосон бөгөөд, дээрх хуулиудыг зөрчиж барилгын ажил явуулж байгаа нь нэхэмжлэгч бидний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх ашиг сонирхолыг харгалзан үзнэ, гэснийг ноцтой зөрчиж байгаа болно.” гэжээ.

  1. Нэхэмжлэгч Ч.Х******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус Б блокыг барихад манай байрны баруун хойд булангаас оруулаад өгчихсөн. Үүний улмаас байранд хазайлт өгч айлуудын цонх хагарсан. Хойд талын өрөөнүүд маш их цууралттай. Үүн дээр шинжээч томилсон боловч тухайн үеийн шинжээч сайн үзэж, харж чадаагүй. Тухайн барилгыг барьж байх явцад кран нь баруун талын цонхыг хагалаад 20 минутын дотор шинэ цонх хийж өгсөн. Тус барилга нь 3 давхар хүртэл баригдсан учраас 2, 3 айл тас харанхуй орчинд амьдарч байна. Нарны гэрэл тусахгүй байгаа. Маш их бохир үнэртдэг. Б блокын чанх баруун талд болон урд талд нь 2 цооног байдаг. Түүгээр халуун уур савсдаг. Бороо хур ихтэй үерлэсэн үеэр усан оргилуун шиг цементэн тагаа авч шидтэлээ оргисон. 59 дүгээр байрны гарааш битүү усаар дүүрсэн. Үүнийг “А********” ХХК-аас соруулж байсан бичлэг хүртэл бид нарт байгаа. Мөн сургуулийн хашаа, ногоон байгууламж руу ус, бохир орсон учраас 6 дугаар сургуулийн эцэг эхчүүдээс хууль бус байгууллагыг зогсоож өгөх тухай гарын үсэг цуглуулж Боловсролын яаманд хүргүүлсэн. Барилгын зураг төсөл болон бодит байдал хоёр зөрүүтэй байна. Тус барилга дээр өсвөр насны хүүхдүүд маш ихээр гарч байна. Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын дүгнэлт хийнэ гээд 2 шинжээч ирсэн. Тухайн 2 шинжээч галын аюулгүй байдлыг зөрчсөн хэмээн ярьж байсан боловч гарсан дүгнэлт нь галын аюулгүй байдлыг зөрчөөгүй гэх өөр дүгнэлт гаргасан байсан.” гэв.
  2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зургийг батлах,барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3.6-д “Барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар болно” гэж заасан. Гэтэл Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хурал хийлгүйгээр дэмжсэн шийдвэрийг үндэслээгүй. 

Хоёрдугаарт, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэхэд баригдаж байгаа маргаан бүхий барилгын зураг төсөлд огт магадлал хийгдээгүй барилга дээр зөвшөөрөл гарсан учраас Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасан хуулийн заалтыг зөрчсөн. Орон нутгийн барилгажаагүй талбайд 12 давхар хүртэлх байшин барих гэж байгаа бол ойролцоо 40 м.кв дотор, 16 давхар байшин барих гэж байгаа тохиолдолд 45 м.кв доторх оршин суугч, өмчлөгч нараас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл журмын 4.4-д заасан “Олон нийтэд 3*4 м.кв хэмжээтэй самбарыг 7 хоногоос доошгүй хугацаанд байршуулна” гэх заалтыг зөрчсөн. 

Гуравдугаарт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 3.6-д заасан “Барилга барих төслийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ” гэх заалтыг хэрэгжүүлээгүй.  Мөн тус тогтоолын 3.5-д заасан “Барилгын норм дүрмийг хангахгүй бол хүсэлтийг хүлээн авахгүй” гэсэн заалтыг зөрчиж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгсөн гэж үзэж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1-д “Борооны ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасыг уг шугамын гаднах ирмэгээс 5 м-ийн гадна байлгах ёстой” гэж заасныг зөрчсөн. 

“А********” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг гаргахдаа хавсаргаж өгсөн барилгын ажлын схем зураг нь хуурамч зураг юм. Хавсаргаж өгсөн зураг нь бодит байгаа барилгаас 6 м татах гэдгээ цаасан дээр 6 м татаад зураг боловсруулаад аваад ирснийг нь тухайн үед нь огт шалгахгүй, харгалзаж үзээгүй. Бодит байдал дээр 50см байхад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж гаргасан нь өөрөө хууль, журмыг зөрчөөд байна. Хавсаргаж өгсөн баримт материалын схем зураг дээр 5 давхар гэдэг боловч архитектур төлөвлөлтийн даалгавар дээр 15 давхар болгож бичсэн нь журам зөрчсөн. Архитектур төлөвлөвлөлтийн даалгаврын 13-д “Магадлал хийсэн ажлын зургийн дагуу 0 тэнхлэг тавьж барилгын ажлыг эхлүүлэх” гэж заасан. Гэтэл 2018 онд архитектур төлөвлөлтийн даалгавар гараад 2019 он гэхэд Мэргэжлийн хяналтын газраас  Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт  тус барилга 3 давхар хүртэл хууль бусаар баригдсан байна гэдгийг мэдэгдсээр байтал 2019 онд дахин олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар дээр 0 тэнхлэгээс эхэлж барь гэдгийг мэдэгдсэн. 

Дөрөвдүгээрт, Барилгын тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.1-т заасны дагуу барилгын зураг төсөл нь норм, нормативыг хангасан байх гэсэн үндсэн шаардлага байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тогтоосон 13 дугаар тогтоолын “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.1-д “Эксперт инженерийн магадлал хийхдээ дор дурдсан арга хэмжээг авна”, 6.2-т “Архитектур төлөвлөлтийн зургийн даалгавар, эх зурагт хяналт хийнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Бодит байгаа байдал болон боловсруулагдсан зураг хоёр нь илт зөрүүтэй байгааг огт хяналт, шалгалт хийхгүйгээр нэгдсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. 

Тавдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1.1, 5.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 13.1.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн инженерийн бэлтгэл ажил, бэлтгэл арга хэмжээний барилга байгууламж төлөвлөлтийн хамгаалалтын зурвас, ашиглалтын журам”-ын 4.1.1-д заасан хамгаалалтын зурвасыг тогтоосон заалтыг зөрчсөн.

… 59 дүгээр байрны нар сүүдэрлэгдээд байгаа хойд хэсэгт нэхэмжлэгч нар оршин суудаг. Тус хойд хэсгийн 61а байрнаас болж нар хаагдсан гэдэг. Тус хоёр барилга дээр нарны ээвэрлэлтийн дүгнэлт гарга гээд байхад гаргаагүй. Эхний барилга дээр нэхэмжлэл гаргаагүй зөвхөн Б блок дээр маргасан. 61а байр баригдаад Б блок баригдаагүй байхад нэхэмжлэгч нарын гэрт нар тусдаг байсан. Анх 5 давхар барилга барихдаа зөвшөөрөл аваагүй байж одоо 15 давхар болгоод явж байгаа нь ойлгомжгүй байна.” гэв.

7. Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газраас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

 “”А********" ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн А/678 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, тус газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг баталж өгсөн. “А********” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус газарт барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 2-т заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн өгсөн байдаг. Манай газраас уг хүсэлтийг судалж, холбогдох хууль, дүрэм журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/683 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ “... БнБД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчиж, орон сууцанд нар үзэгдэх орчинг хааж баригдаж байгаа…” гэж дурджээ. “А********” ХХК-ийн барилга нь нэхэмжлэгч иргэдийн 13/2 дугаар байрнаас 20 метрийн зайтай байгаа нь БнБД 30-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2-т барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 18 метр байна гэсэн заалтыг хангаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь холбогдох норм, дүрмийг зөрчөөгүй гэдгийг баталж байна.

Иймд нэхэмжлэгч иргэдийн хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдөж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор яаж сэргэх нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын барилга нь тухайн “А********” ХХК-ийн барилгаас зүүн тал руу 20 метр зайтай баригдсан байдаг. Барилгын норм, дүрмийн хавсралтад заасан барилга хоорондын зай алдагдаагүй. Нэхэмжлэгч нар маргаан бүхий барилгын зүүн урд байрлалтай барилгын оршин суугч нар байдаг. 

Барилын ажлын зөвшөөрлийг архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг батлагдсаны дараа олгодог бөгөөд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангагдсаны дараа хийгддэг учир магадлал хийгдсэн.

Барилгын хооронд тууш болон тууш хөндлөн хоорондын барилгын зай хэмжээг тогтоосон норм, дүрэм байгаа. Жишүү буюу төлөвлөгдсөн байдлаар норм хангах талаар норм, дүрэм байдаггүй. Тухайн хоёр барилга нь газар тусгаарлалтын хоёрдугаар зэрэгт байна. Энэ нь Барилгын норм ба дүрэм 21.02.02 дүрмийг хангаж байна гэж шинжээчийн дүгнэлт мөн гарсан. 59 дүгээр барилгын цууралт нь Б блокоос хамааралгүй буюу ашиглалтаас болсон цууралт байгаа. Нэхэмжлэгч нарын барилга зүүн урд баригдаж байгаа барилга дээр хойд талд нь байгаа барилга ямар нэгэн байдлаар нар хаах боломжгүй. 13 цаг 30 минутаас 15 цагийн хооронд нар тусаж, 15 цагаас 19 цагийн хооронд 61 байрнаас болж сүүдэрлэж байна гэсэн дүгнэлт гарсан. 61 байр ашиглалтад орох хооронд ямар нэгэн байдлаар гомдол гаргаж байгаагүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар 61 а, б болон шинээр баригдаж байгаа барилгатай цуг гаргасан учраас маргаж байна гэдэг нь үндэслэлгүй байна.” гэв. 

9. Хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“”А********” ХХК нь Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 6-р сургуулийн урд талд 1610.0 м.кв газартаа орон сууцны барилга барихаар төлөвлөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ГБМЗХ2019/03-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байдаг. 2019 оны 09 дүгээр сард төлөвлөсөн барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан загвар зургийн дагуу боловсруулсан ажлын зураг төсөлд магадлалын ажлыг зохион байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргасан.

Харин тус төвд хөрш зэргэлдээ газар эзэмшигчтэй маргаантай байгаа талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болно. Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт, хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм.

Иймээс “А********” ХХК-ийн эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн ГБМЗХ2019/03-007 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан загвар зургийг шүүх эс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга уг байршилд баригдах боломжгүй болох тул магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар ““загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан. Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг. Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно.

Нэгэнт архитектур төлөвлөлийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.4 5.6-д зааснаар баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж ажилладаг. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.15-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна.” гэж заасан. Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно. 

Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулдаг. Магадлал хийдэг хүн нь эрх авсан экспертүүд байдаг. Тус дүгнэлтийн хувьд 6 экспертүүд дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу хараат бус бие даасан байдлаар, 39 дүгээр зүйлийн  39.5-д гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Барилгын хөгжлийн төв нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2 болон Засгийн газрын 2018 оны 21 дүгээр тогтоол, 2019 оны 108 дугаар тогтоолын хүрээнд магадлал хийх ажлыг зохион байгуулдаг. Иймд Барилгын хөгжлийн төв нь дээрх 6 экспертүүдийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох, хянах ямар ч эрх байхгүй юм. Зөвхөн хүсэлтийг хүлээж авах, иж бүрдлийг хангуулах, экспертийг томилох, хуульд заасан хугацаа бариулна гэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилдаг. Барилгын тухай хуульд зааснаар магадлалын дүгнэлт зөвшөөрсөн болон татгалзсан хэлбэртэй байдаг. Тэр дүгнэлтийг эксперт гаргаад явдаг.” гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

““А********” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/678 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, тус газраас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаартай 33.0х15.0,27.6х15.0 метр хэмжээтэй 5 давхар мансардтай, 15 давхар 2 блок барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг баталж өгсөн. Манай компани Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасны дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас 2018/683 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Бидний зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж барилгын ажлыг явуулсан зүйлгүй. Хуульд заасан журмыг баримтлан барилгын ажлаа гүйцэтгэж байгаа гэж үзэж байна.

“А********” ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих үүргээ биелүүлж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын ажлын зураг төсөлд магадлал хийлгүүлж баталгаажуулсан, эрх бүхий байгууллагаас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. Мөн холбогдох байгууллагын шалгалтаар илрүүлсэн зөрчилд ноогдуулсан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан нь Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон Мөн манай компаний барьж буй барилга нь нэхэмжлэгч нарын амьдарч буй 13/2 дугаар байрнаас 20 метрийн зайтай баригдаж байгаа бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан БнБД 30-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2-т барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 18 метр байна гэсэн заалтыг хангаж байгаа тул нэхэмжлэлд тайлбарласан шиг холбогдох норм дүрмийг зөрчөөгүй гэдгийг харуулж байна.

Манай компани маргаанд холбогдож буй барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт олгогдсон холбогдох зөвлөмж, онцгой нөхцөлүүдэд дурдсан ажлууд болон эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар ирүүлсэн зөрчил, даалгаврыг цаг тухай бүрт нь арилгаж хуульд заасан журмыг удирдлага болгон барилгын ажлаа гүйцэтгэж байгаа болно.

Манай компанийн А блок барилгын хувьд Авлигатай тэмцэх газрын ажилчид, албан хаагчтай харилцан тохиролцож Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Хэрэв энэхүү барилгын үйл ажиллагаа үндэслэлгүйгээр зогссон тохиолдолд компаний зүгээс хохирол алданги, торгууль төлөх зэргээр ихээхэн хэмжээний хохирол илт учрах эрсдэлтэй болохыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Мөн нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг одоо барьж буй барилгыг барьснаар зөрчихгүй, ирээдүйд үүсэж болзошгүй гэх үерийн ус хуримтлуулан зайлуулах /800/ магистрал шугам барилгын зүүн урд хэсэгт байгааг холбогдох мэргэжлийн байгууллагаар судлуулан дүгнүүлж, энэхүү шугам сүлжээний асуудлаар тус шугам сүлжээг хариуцсан инженер болон бусад газрын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдийн уулзалтын дагуу хийх ажил, өгөгдсэн үүрэг чиглэлээ гарган барилгын талбайн өндөржилт болон зурагт уялдах шаардлагатай хэмжилтийг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэн борооны усны шугам хоолойг одоо баригдаж буй барилгатайгаа “У********” ХХК-ийн хотын хэмжээнд борооны шугамын хоолойг шинэчлэлэн боловсруулж буй ажлын зурагт барилгын хэсэгт болон талбайд эцсийн байдлаар уяалдуулж, ирээдүйд бий болох эрсдэлийг байхгүй болгож, борооны усны зарцуулгыг сайжруулах зорилгоор одоо байгаа 300 магистрал шугамыг 1000-ын хэмжээтэй магистрал шугам болгон тухайн шугамыг зориулалтын дагуу ашиглах хамгийн боломжит техникийн шийдэлд суурилсан аргаар асуудлыг шийдвэрлэж тус ажлын зургийг хэсэгчлэн авч холбогдох байгууллагуудаар батлуулсан, зарим ажлууд нь бодитоор хийгдсэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл гармагц хамгийн эхэнд эдгээр ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байгаа.

Хэрэв энэ ажлыг нэхэмжлэгч нарын хэлж байгаагаар манай компанийн зүгээс орхигдуулах нь байж болохгүй зүйл бөгөөд уг барилгын ажлын зорилго, орон сууц захиалсан худалдан авагч нартаа эрүүл, аюулгүй, чанар стандартын шаардлага хангасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй үр дагаврыг шууд бий болгох бөгөөд ийм барилгын ажил явуулахаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж цаг хугацаа, хөлс хүчээ зориулах нь ямар ч утгагүй зүйл болох нь нэгэнт ойлгомжтой юм.

Барилга хоорондын зай, галын аюулгүй байдлын норм зөрчсөн, орон сууцанд нар үзэгдэх орчин хаасан гэх үндэслэлүүдийн хувьд шүүгчийн захирамжаар томилогдсон тус бүрийн чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт болох 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 3 Ганбатын /Барилга хоорондын зай зөрчигдсөн эсэхтэй хобоотойгоор/ гаргасан шинжээчийн дүгнэлтэд одоо баригдаж буй барилгын зайг барилгын норм дүрмийн заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд заасан хэмжээг зөрчөөгүй, 59 дүгээр байрны баруун хойд буланд 90 градус байрласан 9 давхар барилгад заавал дагаж мөрдөх хүснэгтэд дурдсан зай хэмжээнд дурдагдаагүй, тухайн зааж зохицуулаагүй байхад барилга хоорондын зай хэмжээг шууд зөрчсөн гэж тогтоох боломжгүй талаар дурдсан. 

Галын аюулгүй байдлын норм зөрчөөгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Зарим нэхэмжлэгч нарын амьдарч буй 59 дүгээр орон сууцны барилгад үүссэн гэх ан цав нь одоо барьж буй 9 давхар барилгын үйл ажиллагаанаас шалтгаалж үүсээгүй болохыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20/22 дугаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль-Реконстракшн төвийн шинжээчийн дүгнэлтээр маш тодорхой тогтоогдсон. 

Нарны гэрэл тусгал нь стандарт шаардлагыг хангаж байгааг ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын амьдрах орчин, хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөөгүй болох нь мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлтүүд хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн манай компаниас барьж буй цогцолбороор төлөвлөгдсөн барилга анх удаагаа Улаанбаатар хот, Монгол улсад баригдаагүй бөгөөд ийм байдлаар төлөвлөгдсөн барилга баригдсан стандарт журам, галын норм, нарны тусгал зөрчөөгүй гэж мэргэжлийн байгууллага ашиглалтад хүлээн авч хүмүүс амьдарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч иргэдийн зарим нь 13/2 дугаар байрных бөгөөд тус байрны галын аюулгүй байдлын норм, нарны гэрлийн тусгал болон барилгын хийцэд ямар нэгэн сөрөг нөлөөлөл бий болоогүй, ирээдүйд ч бий болохооргүй байгаа тус орон сууц болон одоо барьж байгаа 9 давхар барилга хоорондын зай болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 4 жилийн хугацаанд тодорхой тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна.

Манай зүгээс Монгол улсын шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэн тэвчээртэйгээр гэрээ байгуулсан иргэдэд ойлгуулан шудрага ёсонд нийцсэн шийдвэр гаргахыг хүлээн бүх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын тавьсан шардлага, норм, стандартад нийцүүлэн явуулж байгаа, цаашид явуулах нь зайлшгүй гэдэг нь баталгаатай билээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.Х******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Борооны усны шугамтай холбоотой асуудал их яригдаж байгаа. Үүнийг техникийн шийдэл гаргах замаар бид хамт оролцсон. Тусдаа захиалгаар, эсвэл ямар нэгэн байдлаар хийлгүүлье гэсэн боловч хийгдээгүй. Улаанбаатар захирагчийн ажлын албаар ороод уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Борооны ус гэхээр аюултай боловч техникийн шийдлийг ямар нэгэн байдлаар гаргаад борооны усны шугамын зарцуулалтыг сайжруулах юм бол хяналт тавих боломжтой гэж үзэж байна.

Үерийн ус 1000 шугам гэж байгаа боловч яг үнэндээ 800 диаметртэй шугам бий. Барилга руу ус орсон гээд байгаа нь 59 дүгээр байрны цахилгаан холбооны гадна сувагчлалын барилга руу орж байгаа хэсгийн нүх юм. Зоорины сувагт нүх гаргаад кабелаа сувагчлаад хийдэг. Тэр сувагчлалаар дамжиж ус орж ирсэн нь үнэн. Гэхдээ тэр өдрөөс хойш тийм зүйл болоогүй.” гэв.

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар тус шаардлагыг гаргах эрх нь байгаа ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий газрыг хууль бус байсан болохыг тогтоолгоно гэх акт 2018 онд гарсан. 2019 болон 2020 онд тус тусдаа актууд гарсан. 

Нэхэмжлэлийн эхний хоёр шаардлага нь нэхэмжлэгч нарын ямар ашиг сонирхол байсан гэдэг нь тодорхой бус байна. Өмнөх 2 акттай холбоотой ямар ч зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар ямар ч үе шатыг дамжихгүйгээр энэ актууд гарсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нар хэлэхдээ бид нарын үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдлөө гэж байна. Захиргааны шүүх дээр иргэн, хуулийн этгээдийн субъект эрх зөвхөн зөрчигдсөн тохиолдлыг авч үздэг учир үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчлөө хэмээн ярих нь зохимжгүй юм. Сүүлд шинжээчийн дүгнэлтээр нар хаагаагүй гэж гарсан. Нэхэмжлэгч нарын 59 дүгээр байрыг барих явцад цаг уураас хамаарч өнгөн хагарал үүссэн болохоос бус барилгын үндсэн бүтцэд нөлөөлөхөөр аюул учруулахаар зүйл байхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Галын аюулгүй байдлыг зөрчсөн гэх тайлбарын тухайд, шинжээчийн дүгнэлтээр тус хоёр барилга нь галд тэсвэржилтийн хоёрдугаар зэрэгтэй учраас үүнд галын норм, дүрмийг зөрчсөн зүйлгүй гэж гарсан. Барилга хоорондын зайны тухайд, шинжээчийн дүгнэлтээр стандартыг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд үүнийг стандартаар хориглоогүй учраас зөрчил гэж үзэхгүй гэж заасан. Мөн анхнаасаа 3 барилга барих төлөвлөгөөний дагуу нэг барилга нь ашиглалтад орсон бөгөөд үлдсэн 2 барилга нь баригдаад явж байгаа учраас мэдэгдэх, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэдэг нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нарын хэнийх нь яг ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа гэдэг нь тодорхой бус байна.  Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй гэх тайлбар гарсан. Нар бүх талаас тусах учир 59 дүгээр байрыг халхлах зүйл байхгүй. Ус зайлуулах шугамын стандарт хэмжээ нь 1000 мм диамертэй байх ёстой. Харин “А********” ХХК-ийн Усны барилга байгууламжтай байгуулсан гэрээн дээр 1500 мм.кв буюу бараг 2 дахин илүү хэмжээтэй байгаа. Тэрийгээ байршуулах гээд нүх ухчихсан байсан. Тэр нүхэнд ус тогтоод ийм тохиолдол болсон. Тус барилгыг ямар нэгэн гомдол саналгүй бариад дуусчихсан бол ямар ч эрсдэл үүсэхгүй байх байсан. Мөн 2018 оноос эхлээд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд бидэнд хохирол гарсан, нэхэмжлэгч талын зөрчигдөөд байгаа эрхийг ямар байдлаар сэргээх боломжтой вэ гэдэг зүйлийг ч ярьсан. Гэтэл тухайн үед ус зайлуулах хоолой, нарны ээвэрлэлтийн талаар ямар ч зүйл яриагүй. Материаллаг зүйл шаардсан учраас үүн дээр тохиролцох боломжгүй гээд барилгын ажлыг үргэлжлүүлсэн.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.”Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэв.
  2. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.”Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ.”, 39 дүгээр зүйлийн 39.1.”Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.”, 39.4.”Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ.”, 39.5.”Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.” гэж заажээ. 

Хуулийн тус зохицуулалтаас үзвэл Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 зүйлийн 37.1.”Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. 

Барилгын тухай хуульд зааснаас үзвэл барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийг эксперт гаргаж, хариуцлага хүлээхээр байх бөгөөд экспертүүдийн гаргасан дүгнэлтийг нэгтгэсэн Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт гэх үйл ажиллагаа нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт биш юм.

Иймд нэхэмжлэгч нарын Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

  1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15.””барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;”, 4.1.18.”"барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг;”, 12 дугаар зүйлийн 12.1.“Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:”, 12.1.1.“эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх;”, 14 дүгээр зүйлийн 14.1.“Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:”, 14.1.2.“барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.“Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй:”, 40.1.1.“барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;” гэж тус тус заажээ.

3.1 Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2021/5463 дугаар захирамжаар “А********” ХХК-ийн барилга нь холбогдох норм дүрэмд заасан барилга хоорондын зай зөрчсөн эсэх, 59 дүгээр байртай ойр байгаа нь галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн эсэх, 59 дүгээр байрны айлуудад нар тусах боломжгүй болсон эсэх, нарны ээвэрлэлтийн тооцооллыг гаргуулах, 59 дүгээр байрны дотор болон гадна хананд үүссэн цууралт нь “А********” ХХК-ийн Б блокын барилгын ажлаас шалтгаалан үүссэн эсэхийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг шинжээчээр томилжээ.

Харин тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2021/7726 дугаар захирамжаар “А********” ХХК-ийн барилга нь холбогдох норм дүрэмд заасан барилга хоорондын зай зөрчсөн эсэхийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагч З.Г********-ыг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2021/9923 дугаар захирамжаар 59 дүгээр байрны дотор болон гадна хананд үүссэн цууралт нь “А********” ХХК-ийн Б блокын барилгын ажлаас шалтгаалан үүссэн эсэхийг тодруулахаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургууль-Реконконстракшн төвийг, 59 дүгээр байртай ойр байгаа нь галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн эсэхийг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийг, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/6887 дугаар захирамжаар 59 дүгээр байрны айлуудад нар тусах боломжгүй болсон эсэх, нарны ээвэрлэлтийн тооцооллыг гаргуулахаар “М********” ХХК-ийг тус тус шинжээчээр өөрчлөн томилсон бөгөөд Галын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн эсэхэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/282 дугаар тушаалаар томилогдсон шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр “... 59 дүгээр байрны нэг хэсэг нь “А********” ХХК-ийн барьж байгаа Б.блокын барилгын хэсэгтэй өнцгөөрөө нийлж байгаа уулзварын хана гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй байгаа нь БНбД 31-01-10-ын 7.1.1-ийг хангаж байна” гэж; 

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургууль-Реконконстракшн төвийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20/22 дугаар шинжээчийн дүгнэлтээр “... 59 дүгээр байрны дотор гадна хананд үүссэн ан цавууд нь Б.блокын барилга угсралтын үеийн ажлын нөлөөллөөс үүсээгүй” гэж;

“М********” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “... 59 дүгээр байрны баруун тал руу харсан цонхнуудаас хойд хэсгийн цонхнуудад биелэхгүй байгаа ч урд хэсгийн цонхнуудад биелж байна” гэж тус тус дүгнэжээ.

            Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагч З.Г********-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... 59 дүгээр байрны баруун хойд буланд /90 градус/ байрласан “А********” ХХК-ийн 9 давхар /Б блок/ барилга хоорондын зайн хэмжээг “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн норм ба дүрмийн 4.18 дахь заалт, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтын 12 дугаар хүснэгтэд зааснаар тогтоох боломжгүй байна” гэж дурджээ.

Хэдийгээр дээрх шинжээчийн дүгнэлтээр “А********” ХХК-ийн орон сууцны Б блокын барилга нь барилга хоорондын зайг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн ч энэ нь холбогдох норм, нормативын шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

            3.2. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас “А********” ХХК-д орон сууцны барилга барих 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд тус даалгаврын хавсралтаар батлагдсан барилгажих талбайн схем зурагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А********” ХХК-ийн барих орон сууцны Б блокын талбай нь 59 дүгээр байрнаас зайтай байхаар тусгагдсан байна.

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, “А********” ХХК-ийн барих орон сууцны Б блокын барилгыг 59 дүгээр байртай тулгаж барихаар барилгажих талбайн схем зургийг баталсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Тодруулбал, “А********” ХХК нь барилгын зураг төслийг боловсруулахдаа зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандартад нийцүүлж, шаардлагыг хангасан байх, барилгын ажлыг баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо дээрх хууль, норм, нормативт нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

3.3. Мөн “А********” ХХК-ийн барих орон сууцны А, Б блокын барилгын загвар зургийг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлахдаа “4. 2-р блокын зүүн талаас 6 метрийг хасаж ажлын зургийг боловсруулах” гэж тэмдэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хот байгуулалт, хөгжлийн газраас “А********” ХХК-д анх барилга барих зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль зөрчиж олгосон болох нь тогтоогдож байх тул Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “Авзага трейд” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Д.З********, П.А********, Ц.Б********, Ц.Д********, Н.Э********, Ч.Х********, Ч.М********, Д.Б********, Б.О********, Д.Ц********, Г.О******** нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А********” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН

                              ШҮҮГЧ                                      М.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧ                                       Д.ЧАНЦАЛНЯМ