Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 756

 

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “У” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “У” ХХК-тай харилцан тохиролцож Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зэргийн альбом нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд нийт 2500 ширхэг фото зургийн альбомыг нэг бүрийн үнэ 19 800 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 49 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр тусгасан байна. Гэрээ ёсоор уг ажил нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхэлж мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр байсан байна. Захиалагч буюу Иргэний нисэхийн ерөнхий газар нь дээрх гэрээний тусгай нөхцөлийн 4.7.1.1 дэх заалтын дагуу гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 14 850 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл нийлүүлэгч буюу “Уран өнгө” ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэг ч ширхэг фото зургийн альбом ирүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 1 хоногийн алданги 0.05 хувиар тооцоход 7425 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөгийг “Уран өнгө” ХХК-иас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газраас 2015 онд зарлагдсан Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом хэвлэн нийлүүлэх тендерт хуульд заасан журмын дагуу төлбөр төлөн, тендерийн материалыг худалдан авч бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бэлдэн өгч оролцсон. Иргэний нисэхийн ерөнхий газраас манай компанийг сонгон шалгаруулж, хоёр тал ажлын хэсэг байгуулсан. Тус байгууллагаас гаргасан 01/540 тоот нэхэмжлэлээс үүдэн шүүхэд дуудагдаж байгаад харамсалтай байна. Төрийн байгууллагын халаа сэлгээнээс болж хувийн байгууллага хохирч байгаад гомдолтой байна. ИНЕГ-ын удирдлага солигдсоноор бидний хоёр талын 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээт ажил гацаж, одоо манай компаниас урьдчилгаа төлбөр болон алдангийг нэхэмжилж байгааг бид зөвшөөрөхгүй байна. Тус ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болох 14 850 000 төгрөг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжиж орсноор манай компани эх бэлтгэл, дизайны ажлаа эхлүүлсэн. Эх бэлтгэл, дизайны ажилд цаг хугацаа их ордог учир ИНЕГ-ын ажлын хэсгээс манай компанийн ажлын хэсэгт тухайн гүйцэтгэх ажилд шаардагдах фото зургууд болон материалуудыг хүлээлгэн өгөөгүй. Бид ажлын явцад хэрхэн ажиллах төлөвлөгөөг гарган хүргүүлсэн бөгөөд тухайн үед өөрсдийн нөөц бололцоогоор уг ажилд оруулж болохуйц зургуудийг олж, эх бэлтгэл дизайны ажлаа эхлүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг холбогдох материалыг манай талд хүлээлгэн өгөөгүй буруугаас, шинээр томилогдсон дарга нь өмнөх даргынхаа байгуулсан гэрээг үргэлжлүүлээгүй буруугаас үүдэн энэ гэрээт ажил зогссон юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ нь гэрчүүд болох тухайн үеийн ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэгийн мэдүүлгээс, мөн манай компанийн талаас гэрээний ажлын хэсгийг ахалж байсан М.Нарангэрэл нарын мэдүүлгээс 223.2-т заасанчлан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасны дагуу ИНЕГ-ын нэхэмжилсэн гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги болох 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөгийн төлбөрийг манай талаас зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223.2, 224.1, 225.4, 225.4.3, 227.1 дэх хэсэгт заасны дагуу манай талаас уг гэрээний хугацааг дуусгаагүй хэмээн үзэж уг гэрээт ажлыг үлдсэн санхүүжилт болон тус ажилд шаардлагатай материалуудыг бүрэн гүйцэд Иргэний нисэхийн ерөнхий газраас авсны дараа ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дүгээр зүйлийн 222.2дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-аас 14 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИНЕГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6 088 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд фото зургийн альбомыг хийхэд шаардлагатай зураг материалыг хэн, хэрхэн гаргаж өгөх эсэх талаар заагаагүй, гэрчийн мэдүүлгээр захиалагч тал уг үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гэрээнд заасан ажил хийгдээгүй гэж хариуцагч маргадаг боловч "У" ХХК-иас хэдийд, ямар баримтаар гэрээт ажлыг гүйцэтгэхээр, ИНЕГ-аас фото зураг, холбогдох материалыг шаардаж байсан гэх үйл баримт тодорхойгүй ба үүнийг нотолсон баримт байх тул шүүх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 14 850 000 төгрөг гаргуулж ИНЕГ-т олгож шийдвэрлэсэн нь буруу. Тухайн үед тус гэрээг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ц.Эрдэнэбилэг гэрээг баталсан байх ба хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгтээ “ИНЕГ-ын 90 жилийн түүхийг бичсэн зурагт альбом гаргая гэж шийдсэн. Энд ганц Иргэний нисэхийн ерөнхий газар гэхээр МИАТ, орон нутгийн авиа компани гэх мэт маш олон салбарын зүйлс цуглуулах шаардлагтай байсан. Маш их цаг хугацаа орох байсан. Ганц Иргэний нисэхийн ерөнхий газар биш,олон газрууд байсан учраас энэ асуудалд би тухтай тайван үзнэ гэж бодож байсан. Архив ухаж сайн материал зураг, түүхийн баримтууд цуглуулж байж хийх байсан. Цаг хугацааны хувьд би өөрөө амжаагүй. Би 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ямар ч гомдол гаргаагүй. Бид нар харин хамтран ажиллаж байсан. Альбомны эскиз загвараа гаргаад зургаа солилцож байсан. Би өөрөө ажлын хэсэг гаргаж өгнө гээд гаргаж амжаагүй. Цаг хугацааны хувьд яараагүй. Би өөрийн туслах Мягмарсүрэн, хамтын ажиллагааны хэлтэсийн дарга К.Энхбаяр нарыг оролцуулах үүрэг чиглэл өгсөн. Материалаар ханга гэж хэлж бэйсан боловч тэдний ажил бас болоогүй” гэжээ. Захиалагч үүрэг гүйцэтгэгчид шаардлагатай материалыг гаргаж өгснөөр гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл байдал бүрдэх байсан ба хэрэв Ц.Эрдэнэбилэг өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байсан бол энэ гэрээ цаашид биелэгдэх байсан гэдэг нь гэрчийн өөрийн мэдүүлгээ нотлогдож байна. Мөн ИНЕГ-ын удирдлага солигдсон гэх шалтгаанаар өөрсдийн хайхрамжгүй байдлаас хариуцагчийг ажлаа гүйцэтгэх боломжгүй болгосон ба нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээг цаашид биелүүлэх боломжгүй болсон. Хариуцагч шаардлагатай материалыг гаргаж өгөх талаар удаа дараа мэйл хаягаар мэдэгдэж шаардаж байсан. Хариуцагч үүргээ өөрсдийн боломж бололцоогоороо 30 хувь гүйцэтгэсэн нь ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажил гүйцэтгэх гэрээг цуцлах агуулгатай байхад холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь буруу байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлээс хамаарч гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх нь хамаарна. Гэрээг аль нэг талын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас, эсхүл аль нэг талын санаачилгаар цуцалж буйг тодруулах шаардлагатай. Түүнчлэн, хариуцагчийн тайлбар тодорхой бус байх бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодруулж, хариуцагчийн тайлбар, татгалзал тодорхой болсонтой холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэх учиртай.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэгт ажил гүйцэтгэх гэрээний үүргийг харилцан шаардаж байсантай холбоотойгоор цахим и-мэйлээр харилцаж байсан баримт авагдсан байх бөгөөд дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд талуудын маргааны зүйл, үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулж байхаар хуульд зохицуулсан бөгөөд дээрх ажиллагаа хийгдсэн эсэх талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ