| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0059/э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ..... овогт ..... ..... холбогдох эрүүгийн 2517000060047 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-нд .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хүүхдүүдийн хамт ... аймгийн ...сумын .... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх ..... овогт ..... ..... /РД: ..../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ..... ургийн овогтой ..... ..... нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хос хөлөг” гаалийн хяналтын хашааны гадна өөрийн эзэмшлийн Тоёота Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч .....жоншны төлбөртэй холбоотойгоор маргалдаж түүний нүүр орчимд гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хос хөлөг” гаалийн хяналтын хашааны гадна өөрийн эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч .....жоншны төлбөртэй холбоотойгоор маргалдаж түүний нүүр орчимд гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
2. ____ “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед “Хос хөлөг” хашааны гадаа Марк, Шифү, Али гэх 3 гадаад улсын иргэнтэй уулзаад байж байсан. Тэгээд тухайн үед хар өнгийн Ланд-200 маркийн машинтай хүмүүс миний машины хажууд зогсчихоод хөдлөөд гаалийн хашаа руу орсон. Ороод 10 орчим минут болчихоод буцаж гарч ирээд миний машины хажууд зогссон. Тэгэхээр нь би буугаад очсон чинь ..... гэх хүн цонхоороо надад хандаж “миний машинд суучих” гэж хэлсэн. Би тэгээд .....ийн машины хойд талын суудал дээр суусан... Тэгээд намайг суусан чинь ..... гэх хүн машины урд талын суудал дээрээс “овоо муу пизда вэ” гэж хэлээд гараа миний баруун нүд хэсэгт 1 удаа цохисон... Тэгээд миний нүд харанхуйлаад байсан тэгээд гайгүй болохоор нь машинаас буусан, буухдаа тухайн машины хөлд байсан шар өнгийн иштэй лантуу байсан түүнийг авч буух гэсэн боловч ....., .... нар машинаасаа буугаад тэр лантууг булаагаад авсан. ..... машинаас буусны дараа намайг өшиглөөгүй гэж санагдаж байгаа. Надад сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх зүйл байхгүй, би .....аас өөрийн хаан банкны .... тоот дансанд 4,000,000 төгрөг шилжүүлж авсан. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35, 37, 39 дүгээр хуудас/,
3. Гэрч ... “...Манай нөхөр ...гэх хүнээс “1800 тонн жонш авна” гэж амаар тохиролцоод .....гэх хүнд 100 сая төгрөг шилжүүлсэн. Тэгсэн манайд өгсөн жонш нь 1340 тонн байсан тэгээд ....., ..... нарын хамт бид гурав “Хос хөлөг” гаалийн хяналтын талбайн хашааны гадна .....гэх хүнтэй уулзах гээд очсон. Бид нарыг очоод зогсоход .....машинаас бууж ирээд манай машины арын суудал дээр суусан... Тухайн үед намайг урд сууж байхад машин дотор ....., .....нар арын суудал дээр зууралдаж байсан. ..... жолоочийн суудал дээрээс гараа арагшаа оруулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 44, 46 дугаар хуудас/,
4. Гэрч ... “...Тухайн өдөр 16 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр баг “Хос хөлөг” гаалийн талбайн хашааны гадаа .....гэх хүнтэй ажил хэргийн уулзалт хийсэн. Тухайн үед Шифү, Али гэх нэртэй Хятад улсын иргэд цуг байсан. Тэгээд тухайн газар хар өнгийн Ланд-200 маркийн машинтай ..... ирээд зогссон чинь ...... машинаас буусан. Тэгсэн удалгүй миний машины урд талд .....доод талд нь, ..... гэх хүн дээд талд нь унасан байсан. Би тэгээд машинаас буугаад тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ... биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ..., гэрч .... нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч .....т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч .....ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ..... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч ..... нь хохирол төлбөрт 4 000 000 төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч С.Ганбатын эмчилгээ, үйлчилгээд 35 396 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ..... нь нөхөн төлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С......нь “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй... надад одоо гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ....., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ..... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч .....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч ..... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт ..... .....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч .....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..... нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ