| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0058/э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхбат,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Га-ийн Дт холбогдох эрүүгийн 2517000000051 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн .............. сумын 2 дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЦШТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус 2 удаа ял шийтгүүлж байсан гэх Б овогтой Г-йн Д, рөгистрийн дугаар /.............../
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б овогтой Г-ийн Д нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийт 5-9 тоотод байх монгол гэрт хохирогч Ц.Бын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн хацар, эрүүнд, хүзүүнд, зүүн хөлийн шагайнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 3-р баг Өлзийтийн 5-9 тоот Х гэх айлд оройн 21 цагийн үед Ц.Б, Х.Б нарын хамт бид гурав 0,75 литрийн Хараа нэртэй архинаас 2 шилийг хувааж уусан. Гэр дотор Б, Х болон тэдний хүргэн Болдбаатар нар байсан бөгөөд энэ 3 архи уухгүй байж байгаад 23 цагийн үед унтацгаасан. Ц.Б, Х.Б бид 3 тухайн 2 шил архинаас 1 шил архийг ууж дуусгаад оройн 24 цагийн үед Х.Б түрүүлж унтсан, үлдсэн 1 шил архийг Ц.Б бид 2 ууж байх үедээ хоорондоо юунаас болж маргалдсаныг санахгүй байна, би тухайн өдөр архи уусан болохоор зарим зүйлсийг санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн би Ц.Бын зүүн харцарлуу гараараа 1 удаа алгадаж, зүүн хөлийн шагай орчимд 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, Ц.Б намайг зөрүүлж зодож цохисон зүйл байхгүй. Тэгсэн гэрт унтаж байсан хүмүүс сэрж бид хоёрыг салгасан дараа нь цагдаа нар ирж Ц.Б бид хоёрыг цагдаа руу авч явж намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. Надад өөр санаж байгаа зүйл байхгүй. Би тухайн үед согтуу байсан болохоор ийм үйлдэл гаргасан байсан, одоо гаргасан үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 72 дугаар хуудас/
2. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүмбэр сум 3-р баг Өлзийтийн 5-9 тоот Х гэх айлд оройн 21:00 цагийн үед Г.Д, Х.Б нарын хамт бид гурав 0,75 литрийн хараа гэх нэртэй архинаас 2 шилийг хувааж уусан. Гэр дотор Б, Х болон тэдний хүргэн байсан бөгөөд энэ 3 архи уугаагүй бөгөөд 23:00 цагийн үед унтацгаасан, Г.Д, Х.Б бид 3 тухайн 2 шил архийг ууж байгаад түрүүлээд Батхүү унтсан. Үлдсэн тал шил архийг Г.Д бид хоёр гэр дотор ууж байх үедээ хоорондоо архи дуусгачхаад унтаж амрах, болон Г.Д Сайншанд руу ажлаар явах талаар ярьж байсан тэгсэн нэг мэдэхэд бид хоёр энэ асуудлаас болж хэрэлдчихсэн байсан. Г.Д гэр дотор, гэрийн зүүн урд талд баганын хажууд намайг сууж байх үед миний зүүн хацар луу гараараа 1-2 удаа цохиж, зүүн хөлийн шагай орчим 1 удаа, хөлөөрөө өшиглөсөн, бусдаар намайг зодож цохисон зүйл байхгүй, зөрүүлж Г.Дын биед халдаж зодож цохисон зүйл болоогүй Г.Дт цохиулсны дараа төрсөн эгч Ц.Н гэх хүн рүү утсаар залгаж юу болсон талаар ярьж дуудсан, тэгээд удалгүй эгч ирээд юу болсныг асууж байх үед цагдаа нар бас ирсэн, тэгээд Г.Д бид хоёрыг цагдаа дээр ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сутгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 дугаар хуудас/
3. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би гэртээ унтаж байсан чинь шөнийн 01 цаг болж байхад миний төрсөн дүү Б миний гар утас руу залгаад “Би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн айлын хаягийг нь асуугаад нөхөр О-ын хамт Сүмбэр сумын 3-р баг Өлзийт 5-09 тоотод Х гэдэг айлд очсон юм. Тухайн айл нь хашаагүй, ганц гэр байсан бөгөөд би нөхрийгөө гадаа машинд нь үлдээчихээд тухайн айлд гацаараа яваад ортол манай дүү Б тэр айлын баруун талын орон дээр нь хэвтэж байсан бөгөөд зүүн талын хацар, шанаа орчим нь тэр чигээрээ хавдсан, зүүн хөл нь шагай хэсгээрээ хавдсан байдалтай байсан бөгөөд “Миний зүүн хөл гишгэж болохгүй байна гэж хэлж байсан бөгөөд манай дүү Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Харин гэрт нь Х гэдэг эмэгтэй хүү Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, охин Б, хүргэн нь гээд үл таних эрэгтэй хүн болон Д нар байсан, мөн нэг жаахан хүүхэд унтаж байсан. Тэгэхээр нь би дүү Баас юу болсон талаар асуусан чинь намайг Д гэдэг залуу зодчихлоо гэж хэлсэн бөгөөд тухайн Д гэдэг залуу нь гэрийн баруун хоймор газар хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас яагаад манай дүүг зодсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан, харин тухайн гэрийн эзэн Х Манай хүү Б, Д, Б нар нийлээд 0,75 литрийн савалгаатай 2 шил архи уусан. Тэгээд унтаж амрах гээд би ороо засч өгөөд гэрлээ унтраагаад хэвттэл пижигнэх чимээ сонсогдохоор нь гэрлээ асаасан чинь Д Быг зодож байсан, тэгээд манай хүргэн салгасан гэж ярьж байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд дүү Быг цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/
4. Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 118 дугаар дүгнэлтэнд:
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 26-27 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 36-51 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийт 5-9 тоотод байх монгол гэрт хохирогч Ц.Бын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо үл ялиг зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн хацар, эрүүнд, хүзүүнд, зүүн хөлийн шагайнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дын өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б, гэрч Ц.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 118 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Г.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Г.Д нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц.Б нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б овогт Г-ийн Д нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Өлзийтийн 5-9 тоотод байх Монгол гэрт хохирогч Ц.Бын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийг цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт, эрүүнд, хүзүүнд, зүүн хөлийн шагайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдад төлөх гэм хорын төлбөргүй. Шүүгдэгч Г.Дын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохиролдоо төлөх төлбөргүй, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд уг ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээр тодорхойлогддог. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болногэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгч Г.Д нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч Ц.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд нь оногдуулах ялын талаар улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Г.Д нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Г.Дын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2517000000051 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Га-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ