Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00057

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогч Б.Балжинням, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун,
Гэрч Э.Болдбаатар,
Шүүгдэгч С.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С. Ганбатад холбогдох 132/2017/0047/Э индекстэй, эрүүгийн 201706000065 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1974 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Булган аймгийн Хангал сумын з-р багт оршин суудаг, Гацуурт ХХК-д жолооч ажилтай,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харчуу овогт Сандагсүрэнгийн Ганбат /РД:ГК74063070/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Ганбат нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын төв 3 дугаар багын нутагт хохирогч Б.Балжиннямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ганбатын өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1400 цагийн үед ус авахаар гэрээсээ усны саваа авч тээврийн хэрэгсэлдээ хийж байхад Балжинням, Пүрэв нар явж байсан. Балжинням над дээр ирсэн бөгөөд надтай гар баръя гээд байсан. Үүний дараа надад хүүхэддээ куртик аваад өгчихгүй дээ гээд миний баруун мөр рүү цохьсон. Мөн намайг барах уу гээд байсан. Би түүнд нь маш их уурласан учраас тээврийн хэрэгслээсээ буугаад түүнийг цохьсон, дараа нь ард нь гарч байгаад унагасан, өшиглөсөн. Орой нь би Балжиннямыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын эмнэлэг рүү хүргэсэн. Түүнийг эмнэлэгт эмчид үзүүлсэн, мөн ЭХО-д харуулсан. Үүний дараа буцаад Булган аймгийн Хангал сум руу хүргэсэн гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Балжиннямын өгсөн: Би тухайн үед Пүрэвтэй хамт явж байгаад Ганбаттай тааралдсан. Ганбат намайг шалтгаангүй зодсон. Би нэг мэдэхэд ухаангүй болсон байсан, мөн эмнэлэгт ухаангүй очсон. Эмнэлэгт 5 хоногт хэвтэн эмчлүүлсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмч намайг доргиотой тээврийн хэрэгсэл 2 жил жолоодож болохгүй гэж зөвлөсөн. Би Ганбатаас ажилгүй байсан хугацааны буюу 2 сарын цалин, мөн эмчилгээний зардал, нийт 3844720 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч Э.Болдбаатарын өгсөн: Намайг ажил дээрээ ажиллаж байхад гаднаас Пүрэв ирсэн. Тэр надад Ганбат Балжиннямыг зодоод байна, очиж зогсоогоорой гэж хэлсэн. Ингээд намайг очиход Балжинням доошоо харсан, толгойгоо гараараа хаасан байдалтай, намайг очсоноос хойш 2-3 удаа өшиглөж байсан. Би согтуу хүнийг арай дэндүүлж байгаа юм биш үү гэж хэлээд салгасан. Тухайн үед Ганбат архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг.
201706000065 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Э.Болдбаатар "...Пүрэв гэдэг ах манай ажил дээр орж ирээд Ганбаа Балжкааг нүдээд салахгүй байна ах нь салгаж дийлэхгүй байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би өрөөгөө цоожлоод яваад очтол Балжинням хоёр гараа толгой дээрээ тавьсан доошоо харсан байдалтай хэвтэж байсан ба Ганбат чи миний амьдралыг заах юм уу гээд толгой руу нь миний харсанаар 2-3 удаа дэвсэж зодсон. Балжиннямын нүүр хэсэг нь нэл цус болсон байсан"...гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Б.Пүрэв...”Ганбат гэрээсээ гарч машин руугаа суух гэж байгаад гудамжинд бид таарсан. Тэгэхэд бид 2 хажуугаар нь өнгөрөөд явж байтал Б.Балжинням хүүхэддээ куртик аваад өгчихөж чадахгүй гэхээр нь би Б.Балжиннямд наадахаа одоо яриад яах вэ? гэхэд Б.Балжинням эргээд С.Ганбаттай уулзана гээд явсан. Б.Балжиннямын нүүр нь нэлэнхүүдээ хавдсан, нэг нүд нь тагларсан нүүр нь нэлдээ цус болсон байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Ш.Батсүх..."Балжиннямын 2 нүд нь хавдаж хөхөрсөн нүүр нь шалбарсан цус нэлээн гарсан шинжтэй цусыг нь цэвэрлэсэн байдалтай орон дээр унтаж байсан. Тэгээд би унтаж байгаад сэрэх байх гэж бодоод гэрлүүгээ явсан гэртээ очоод байж байтал Болдоогийн эхнэр нь над руу утасдаж та 2 хүрээд ирээчБ. Балжинням нэг л сонин байна шүү гэхээр нь би эхнэртэйгээ хамт Болдоогийнд очиход Б.Балжинням сэрээгүй ухаан алдсан хүн шиг байхаар нь би тархи толгойг нь үзүүлэхгүй бол болохгүй гэж бодоод С.Ганбат руу утасдаж хэлсэн. С.Ганбат ирээд Эрдэнэт орж эмнэлэгт үзүүлэхээр болоод С.Ганбатын машинтай Эрдэнэт рүү авч явсан."...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт..." 3 дахь хэсэгт...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4 дахь хэсэгт...баруун талын хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 39 хуудас/, хохирол төлсөн баримт /52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Ганбат нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын төв 3 дугаар багын нутагт хохирогч Б.Балжиннямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Балжинням, гэрч Э.Болдбаатар, Б.Пүрэв, Ш.Батсүх нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай , хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэгүүд, хохирогч Б. Балжиннямын биед баруун талын хацар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн № 218 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.
Иймд шүүгдэгч С.Ганбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ганбат нь үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ганбат нь хохирогч Б.Балжиннямын төрсөн эгчтэй гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас гарсан хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдардаг, энэ байдалд дургүйцсэн хохирогч Б.Балжинням нь согтуугаар гудамжинд явж байгаа шүүгдэгч Ганбатыг хоргоон, түүнд хандан "хүүхэддээ куртик аваад өгчихөж чадахгүй" гэж гэмт хэрэг гарах сэдэл санааг гаргасан байна. Өөрөөр хэлбэл "танхайрах" гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, санаатай байх гэсэн 3 шинжийн нийлбэрээр тодорхойлогдох бөгөөд дээр дурьдсан 3 шинжийн "бусдыг илтэд үл хүндэтгэх", "нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн" гэсэн шинжүүд нь үгүйсгэгдэж байна.
Тухайлбайл танхайрах гэмт хэрэг нь тодорхой иргэний эсрэг чиглэсэн байж болох боловч "шүүгдэгч С.Ганбат нь хохирогч Б.Балжиннямыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан" үйл баримтын хувьд тодорхой хувийн сэдэлттэй, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй уг үйлдлийг хийхдээ олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байгаа тул "хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг" -ээр зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Балжиннямын биед хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогчийн эмчилгээний зардалд 902520 төгрөг шүүгдэгч сайн дураар нөхөн төлсөн энэ талаар хохирогч маргаагүй байх тул гаргаж өгсөн эмчилгээний баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 3847000 төгрөг, байцаан шийтгэх ажиллагааны зардал өмгөөлөлийн хөлс 300000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б. Балжинням нь “КОНКРЕТЕ бетон хийц” ХХК-д зуурмагны машины жолоочоор ажилладаг сард 1500000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон захиралын тодорхойлтоос өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн шүүгдэгч С. Ганбатаас гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч С.Ганбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ,гэмт хэрэг үйлдэж сайн дураар учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Харчуу овогт Сандагсүрэнгийн Ганбат бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбатад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Ганбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, хохирогч энэ хэрэгтэй холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 3847000 /гурван сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 300000 /гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Ганбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ