Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

2021.05.05                                          2021/ДШМ/13                            Хэрлэн сум

 

Ч.Ц-дадхолбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0012/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Баянжаргал оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  2021/ШЗ/114 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын эсэргүүцлээр Ч.Ц-дад холбогдох эрүүгийн 2039000000050 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Ацаа хад” гэх газарт иргэн О.Д-гийн эзэмшлийн хээр зүсмийн 1 тооны сувай гүүг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж иргэн О.Д-т700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Ч.Ц-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 2021/ШЗ/114 дугаартай захирамжаар яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн үйлдэл нь уг гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг заагаагүй,  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн  2021 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар хэргийг  хэлэлцэж  114 дугаартай шүүгчийн захирамжаар  хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжинд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал зэрэг байдлаар өөрийнх нь эзэмшилд орсон бусдын эд хөрөнгийг завшсан байхаар заасан бөгөөд яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн үйлдэл нь уг гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг буюу “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэжээ.

Хэрэгт авагдсан хохирогч О.Д-гийн...Манай нэг тооны хээр зүсмийн сувай гүү адуунаас салж яваад байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын дундуур салаад алга болсон байсан. Тэгтэл 2021 оны 01 сарын эхээр манай сумын иргэн болох Ч.Ц-ын эзэмшлийн адуунд нийлсэн байхыг хараад хэд хоногоос ирж авах санаатай орхиод явчихсан. Тэгээд 2021 оны 01 сарын 08-ны өдөр адуунаас нь авах гээд очтол байхгүй болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг,

Яллагдагч Ч.Ц-ын“...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр манай адуунд хээр зүсмийн сувай гүү цуг бэлчээрлээд байхаар нь дээрх хээр зүсмийн нэг тооны сувай гүүг ажиллаж махалсан. Би тэр гүүг О.Д-гийнх гэдгийг сүүлд цагдаа дуудахаар мэдсэн. Ингээд би Д-той уулзаж хохирол мөнгийг нь барагдуулсан. Миний буруу гэм буруугаа ойлгож байгаа. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр   Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дугаар баг “Ацаа хад” гэх газарт иргэн О.Д-гийн эзэмшлийн хээр зүсмийн 1 тооны алдуул мал болох сувай гүүг бусдын эзэмшлийн болохыг мэдсээр байж завшсан нь иргэн О.Д-т700.000 төгрөгний хохирол учруулсан  нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт мөн зүйлийн 4.1 дэх хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг заалтаар зүйлчлэгдэхийг тусгахаар заасан байна.

Дээрх хуулийн заалтын дагуу яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн диспозицид тодорхойлсон шинжийг , яллагдагч нь аль цаг хугацаанд хийсэн ямар үйлдлээр хангаж байгааг тодорхойлсон байхад шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж  энэ хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/114 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын давж заалдах эсэргүүцэлээр Ч.Ц-дад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Прокурор Ж.Баянжаргалаас  Ч.Ц-ийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Ацаа хад” гэх газарт иргэн О.Д-гийнэзэмшлийн хээр зүсмийн 1 тооны сувай гүүг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж иргэн О.Д-т700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ч.Ц-дад холбогдох хэргийг  анхан шатны шүүх  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал зэрэг байдлаар өөрийнх нь эзэмшилд орсон бусдын эд хөрөнгийг завшсан байхаар заасан бөгөөд яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн үйлдэл нь уг гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгааг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Гэмт хэргийн объектив шинжид халдлагын зүйл орох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд гэмт хэргийн халдлагын зүйл нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал зэрэг байхаар хуульчилсан  билээ.

Прокурор яллагдагч Ч.Ц-ийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Ацаа хад” гэх газарт иргэн О.Д-гийнэзэмшлийн хээр зүсмийн 1 тооны сувай гүүг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж иргэн О.Д-т 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ тухайн адууг алдуул мөн эсэхийг тодорхой зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т заасан “яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулга, шүүгдэгчийн үйлдсэн  гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх“ талаар тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр тогтов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/114 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Ч.Ц-дадавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.БОЛОРМАА

 

                            ШҮҮГЧИД                                       Я.АЛТАННАВЧ

 

                                                                                 Б.ДЭНСМАА