| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/00242/И |
| Дугаар | 101/ШШ2022/01817 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Цорос овогт Батхүүгийн А /рд:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Самсоо овогт Энхбатын Ц /рд:/-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батхүү овогтой А миний бие 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Энхбатын Цгээс Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах тус бүр нь 0,5 га хэмжээтэй өмчлөгдсөн гурван газрыг худалдаж авсан. 2021 оны 8 дугаар сарын 19-өөс өөрийн өмчлөлд байгаа газруудын нэгж талбарын дугааруудыг баталгаажуулах, газрын кадастрын шинэ мэдээллийн санд оруулах хүсэлтийг тавьсан боловч, Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас анх газар өмчлүүлсэн гэх 2016 оны дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн, газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хүчингүй болгосон гэх шалтгаанаар бүртгүүлэх боломжгүй гэсэн хариуг албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 08 ний өдөр прокурорын тогтоолын хуулбартай хамт өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 17-ний өдөр уг захирамжийн талаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн ба баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг Батсүмбэр сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Д нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Төв аймгийн прокурорын 108 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хаасан (тус тогтоолд надад газар худалдсан Э.Ц дурдагдсан байна). Уг газрыг олон жил хуримтлуулсан хадгаламжийн мөнгөөрөө авсан ба 2017 оноос хойш өөрийн гэсэн өмчлөлийн газартай болсон гэж бодон явж, олон зүйл төлөвлөж, олон хүмүүстэй уулзаж эд материаллаг ба сэтгэл санааны хохирол амслаа. Иймд миний тухайн үед худалдан авсан нийт 1,5 га хэмжээтэй 3 газарт төлсөн төлбөр болох 12,000,000 (арван хоёр сая) төгрөг (шилжүүлгийн баримтаар нотлогдоно) болон 2017 оны 5 сараас 2021 оны 12 сар хүртэл нийт 55 сарын хугацаанд банканд үргэлжлүүлэн хадгалсан бол олох ёстой байсан сарын 1,22 хувийн хүүгийн орлого болох 8,000,000 (найман сая) төгрөг, нийт 20,000,000 (хорин сая) төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулан өгнө үү.
Анх гэмт хэргийн гэм буруугаас үүдэлтэй хохирол барагдуулахыг худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай болгож нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.
20 саяыг нэхнэ. 2017 онд хариуцагчаас 3 газар худалдаж авсан. 12 саяар авсан. Уг газраа 2019 оны 8 сард кадастр бүртгүүлэх гэхэд бүртгэх боломжгүй, хуурамч захирамжаар олгогдсон гээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд гэрээнээс татгалзаж төлсөн 12 сая болон бусад зардал 8 саяыг нэхнэ. Худалдах худалдан авах гэрээг хариуцагч нь төлөөлөгчөөр хийсэн боловч төлбөрийг хариуцагч авсан. Цааш нь шилжүүлээгүй гэж хардаж байна. Тухайн үед энэ хүмүүс газар өмчлөх эрхээ бидэнд өгсөн тул бид үүнийг ашиглаж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж хэлж байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Ц нь тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Аийн нэхэмжлэлтэй Э.Цд холбогдох иргэний хэрэгт Ц.С миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Нэхэмжлэгч Б.А нь анх нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хорын хохирлын улмаас учирсан гэж нэхэмжилсэн бөгөөд 2022.03.28-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж тодорхойлж өөрчилсөн болно. Хариуцагчийн хувьд тухайн гэрээг байгуулсан ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнээс үүсэх үүргийг хариуцвал зохих этгээд биш гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/, кадастрын зургийн хуулбар 3 ширхэг /хэргийн 5-7 дугаар тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хэргийн 8-10 дугаар тал/, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 11-12 дугаар тал/, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан тоот /хэргийн 13 дугаар тал/, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээ 3 ширхэг /хэргийн 14-16 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 17 дугаар тал/, Хаан банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 18 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх Төв аймгийн прокурорын газраас дугаартай хэргийн талаарх лавлагаа /хэргийн 69 дүгээр тал/, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 70-71 дүгээр тал/-г нотлох баримтаар гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Э.Цгээс 12,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах худалдан авах гэрээний татгалзаж, төлсөн төлбөр болон гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд нийт 20,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилсөн.
Хариуцагч Э.Ц нь худалдах худалдан авах гэрээг төлөөлөгчийн хувиар байгуулсан тул үр дагаврыг хариуцахгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол 3-р баг, Сөгнөгөр нуга *******, 3 тоот хаягт байрлах 5,000 м.кв талбайтай газрыг худалдах худалдан авах тухай гэрээг Х.С, 2 тоот хаягт байрлах 5,000 м.кв талбайтай газрыг худалдах худалдан авах тухай гэрээг Б.Х, 1 тоот хаягт байрлах 5,000 м.кв талбайтай газрыг худалдах худалдан авах тухай гэрээг Т.С тус тус байгуулсан байна. /хэргийн 14-16 дугаар тал/
Эдгээр гэрээнд худалдагч талыг төлөөлж хариуцагч Э.Ц гарын үсэг зурсан.
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Улмаар нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр 5,700,000 төгрөг, Хаан банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр 6,300,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг хариуцагч Э.Цд олгосон байна.
Иймд хариуцагч талын худалдах худалдан авах гэрээг төлөөлөгчийн хувиар байгуулсан тул үр дагаврыг хариуцахгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол 3-р баг, Сөгнөгөр нуга *******, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн тус бүр нь 5,000 м.кв талбайтай 3 ширхэг газрын өмчлөх эрх нь нэхэмжлэгчид шилжсэн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 8-10 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч энэхүү гэрээний зүйл болох газар нь эрхийн зөрчилтэй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус болсон нь Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/910 дугаар албан тоот, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар тогтоолын хуулбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 13, 11-12, 70-71 дүгээр тал/
Улмаар дээрх 108 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд хэргийн оролцогчоос гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон нь Төв аймгийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1/690 дүгээр албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 69 дүгээр тал/
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар газар өмчлөгч нь авсан газраа кадастрын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
Гэвч уг газарт анх өмчлөх эрх олгогдохдоо хууль зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдэгдсэн болох нь дээрх 108 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах эрх үүсжээ.
Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.
Харин хариуцагч нь худалдах худалдан авах гэрээг төлөөлөгчийн хувьд байгуулсан боловч гэрээний үнэ болох 12,000,000 төгрөгийг хүлээн авсан байна.
Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн нийт 12,00,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөгийг арилжааны банканд төлсөн төлбөрийг хадгалуулсан бол олох байсан орлого гэж тайлбарласан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлоогүй. Энэхүү шаардлагыг нотлох талаар ямар нэг хүсэлт гаргаагүй.
Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбогдох хохирол буюу маргаж буй газарт зориулж тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэсэн зардал гэж тайлбарлаж байна.
Улмаар газартай холбоотой гарсан зардлын талаар ямар нэг баримт байхгүй гэж тайлбарласан тул 8,000,000 төгрөгт холбогдох шаардлага нь нотлогдоогүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангаж шийдвэрлэсэн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э.Цгээс 12,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД