2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1282

 

 

 

 

 

 

 

 

 

   2025      05         15                                    2025/ШЦТ/1282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О ,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б од холбогдох эрүүгийн 2503 00154 0397 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О ы өгсөн: “Одоогооор миний охин хэвтрийн дэглэм, асаргаанд байгаа. Миний дансаар мөнгө орж гарсан гэх баримт нь дансны хуулгаараа байгаа. Сэтгэл санааны хохиролтой байгаа. 18 нас хүрээд дахин нэг хагалгаанд орох шаардлагатай байгаа. Охины минь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 21/, Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-28/, Насанд хүрээгүй хохирогч Ц.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Б-гийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/2972 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-51/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-61/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ц-гийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 92-98/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 82/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/,

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 86/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлсөн талаарх Б.Б ын эзэмшлийн дансны хуулга 16 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хуулийн дагуу цуглуулаагүй баримтыг үнэлэхгүй гэсэн хүсэлт гаргасан шүүх үүнийг хангаагүй ч гэсэн шүүх шийдвэр гаргахдаа итгэл үнэмшлээрээ тооцох байх. Улсын яллагч тодорхой бус зүйл ярьж байна. Итгэмжлэл олгосон хүн нь тухайн хүн ажлаа хийж байсан. Улсаас гарсан мөнгө учраас төлдөг юм, цахимаар лавлагааг нь авчихсан гэх мэт. Төлөх ёстой бол хэн нэгэн хүн нэхэх ёстой. Нэхэмжлэж байгаа хүн нь иргэний журмаар нэхэмжлээд байгаа юм уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж нэхэмжлээд байгаа юм уу? Байгууллага төлөөлж нэхэмжлэж байгаа бол энэ хүн байгууллага төлөөлөх эрхтэй хүн мөн үү? Гэтэл итгэмжлэл олгосон хүн нь тэр үед ажлаа хийж байгаагүй. Б  гэх хүн нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр авлигатай тэмцэх газрынханд баривчлагдаад 461 дүгээр хорих ангид хоригдсон. Энэ өдрөөс хойши ажлаа хийгээгүй. Гэтэл 2 жилийн өмнөх итгэмжлэлийг хавтаст хэрэгт аваад нэхэмжлэлээд байгаа. Шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж банйа. Аав ээж, ах дүү нараас нь уучлалт гуйж байна. Хүүхдийн биеийн байдал ямархуу байгаа бол би хүүхэд дээр нэг очиж уулзаж очмоор байна. Зөвшөөрөлгүй очлоо, эргэлээ, эргэсэнгүй гээд олон удаа утсаар загинуулсан. Балай юм гэж олон удаа хэлүүлсэн. Муу үгээр их хэлүүлсэн. Гэхдээ би хүүхэд дээр очоод мэндийг нь мэдмээр байна. Болох болов уу.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорр 32-ын барилгын захын баруун замд “Honda Insight” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэг. Нийтлэг үндэслэл 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь ...  барилгын дэлгүүрийн баруун замд Honda insight маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б  нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарцгүй газраар гарч байсан Б.Э г мөргөсөн гэх хэргийн газарт үзлэг хийхээр тогтов. Хэргийн газрын үзлэгээр Honda insight маркийн ...  улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойшоо байрлалтай зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн салхины шил зүүн урд хэсгээрээ хагарсан цуурсан байдалтай байв. Анх явган зорчигчийг мөргөсөн гэх газрыг А үсгээр, мөргүүлээд газар унасан газрыг Б үсгээр үл хөдлөх цэгийг дугааргүй гэрэлтүүлгийн шонгоор тус тус тэмдэглэж тээврийн хэрэгслийг жолоочоор заалгаж үзлэгийг хийв. Явган зорчигчийг 103 яаралтай тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн байв. Зорчих хэсгийн нийт өргөн 7,10м байв. Зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, нойон, зохицуулдаггүй, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ зам, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. А-Б цэг хүртэл 1,40м, А цэгээс тусгаарлах зурвас хүртэл 6,10м, А цэгээс ертөнцийн зүгээр урд талд байрлах явган хүний гарц хүртэл 5,10м, Б цэгээс тусгаарлах зурвас хүртэл 5,20м, тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйнаас тусгаарлаа зурвас хүртэл 6,05м, А-В цэг хүртэл 1,80*7,90*10,90с байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “Хэргийн газарт үзлэг хийсэн гэх ...  барилгын захын баруун замд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 19 минутад зам тээврийн осол гарсан явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байсан хүн мөргөсөн гэх газарт нөхөн үзлэг хийхээр тогтов. Зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулдаггүй, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Хэргийн газар дээр тээврийн хэрэгслийн жолоочоор заалган А, Б цэгийг тэмдэглэж үзлэг хийв. Зорчих хэсгийн өргөн 8,10м, явган хүний гарцны өргөн 4,0м, А цэгээс Б3 цэг хүртэл, Б3 цэг хүртэл 3,30м, Б цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 5,40м, А цэгээс В цэг хүртэл 7,20*8,50м, А1 цэгээс заасан зүүн талын хашлага хүртэл 5,50м байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ц-гийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Э  нь 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зам тээврийн осол болсон өдөр 16 нас 4 хоногтой байсан байсан байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 21/,

Сидинд үзлэг хийсэн тухай “Нийт бичлэг 35 секундын бичлэг үргэлжлэв. Зам хөдөлгөөн ачаалалтай. Үзэгдэх орчих чөлөөтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар хоёр явган зорчигч зам хөндлөн гарч байв. Хохирогч баруун гар талд нь явж байгааг харуулав. Явган зорчигч гарцаар гарч байгааг харуулав. Нийтийн тээврийн автобус явж өнгөрч гарц болон зам тээврийн осол харагдахгүй болов. Осол гаргасан машин тоормос гишгэж байгааг харуулав. Осол гаргасан жолооч машинаас бууж байгааг харуулав..” гэх тэмдэглэл /хх-ийн 24-28/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр 32-ын ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явдаг автобусны буудал дээр буугаад ертөнийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч Хайлааст явах автобусанд суухаар явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгсэн гэнэт баруун талаас машин ирж мөргөсөн. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй гэмтлийн эмнэлэг дээр сэргэсэн. Гэрлэн дохиогүй, гарц байсан. Би гарцаар гарахдаа үл таних эмэгтэй хүнтэй хамт гарсан. Машин ирж байгааг хараагүй гэнэт л машинд мөргүүлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас Б.Э  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 8,406,605 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/2972 дугаартай: “Б.Э гийн биед зүүн талд титэм заадасны салсан хугарал, зүүн чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, духны шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний гадна булангийн зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 49-51/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай: “Honda insight маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагын хангахгүй байна. Урд салхины шил зүүн талдаа 60х80см орчим хагарч бутарч сарнисан, урд буфер зүүн талдаа Юсм орчим хагарсан, баруун урд подфарны гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй байна. Уг тээврийн хэрэгслийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн COSBER KZD-7 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ Омм байгаа нь стандартын шаардлага хангаж байна(стандарт +-0-5мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,58кН баруун талдаа 1,80кН, зөрүү нь 12% (стандарт <20%), хойд дугуйн тоормос зүүн талдаа 1,67кН баруун талдаа 1,75кН, зөрүү нь 5% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJМикро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна Урд салхины шил зүүн талдаа 60х80см орчим хагарч бутарч сарнисан, урд буфер зүүн талдаа Юсм орчим хагарсан, баруун урд подфарны гэрэл асахгүй байгаа эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Honda insight маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2025 оны 01 дүгээр сарын 20-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-61/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ц-гийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Honda insight маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл. 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Б.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 66/,

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөхөөр Хангай хотхоноос өөрийн эзэмшлийн Honda insight маркийн ...  улсын дугаартай машиныг жолоодож гараад 100 айлын хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш яваад гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад автобусны буудал дөнгөж өнгөрөөд явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Тухайн үед юу мөргөснөө мэдээгүй гарцнаас 5 орчим метр яваад зогсоод машинаас буугаад араар тойроод харсан чинь миний машины зүүн урд талд зам дээр хүүхэд дөрвөн хөллөчихсөн уйлчихсан сууж байхаар нь өргөж босгоод машиндаа оруулаад суулгасан. Би их сандарсан байсан учраас хаашаа залгах яахаа мэдэхгүй байж байхад хажуугаар өнгөрч явсан үл таних хүмүүс 103, 102-т дуудлага өгсөн байсан. Удалгүй 103 түргэний эмч ирээд мөргүүлсэн хүүхдийг аваад явсан. Удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийгээд машинаа журмын хашаанд ачуулаад би тэндээсээ ГССҮТ эмнэлэг рүү явсан. Хонда Инсайт маркийн ...  улсын дугаартай машин миний нэр дээр байдаг. Тухайн үед 3-н настай ач охинтойгоо хамт явж байсан. Хойшоо явсан 2 эгнээ замын 2-р эгнээгээр 30-35 км цагийн хурдтай явсан. Гарц руу дөхөж байхад миний урдуур гарцаар 1 хүн гараад явсан. Намайг гарцан дээгүүр гарах гэж байхад нэг юм мөргөх чимээ гарсан би мөргүүлсэн хүүхдийг огт хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 92-98/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж,  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 

 Шүүгдэгч Б.Б  нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 15 минутын орчим ... -ын барилгын захын баруун замд “Honda Insight” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэг. Нийтлэг үндэслэл 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э г мөргөсөн болгоомжгүй үйлдэл болон насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн эрүүл мэндэд учирсан “зүүн талд титэм заадасны салсан хугарал, зүүн чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, духны шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний гадна булангийн зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт” бүхий хүнд зэргийн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

 

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 2,846,342 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хохирогчид эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардал  8,406,604 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О ы эзэмшлийн Хаан банкны ...  тоот данс руу 01 дүгээр сарын 31-ний өдөр 414,000 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 49,200 төгрөг, 02 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 03-ны өдөр 10,000 төгрөг, 02 дугаар сарын 04-ний өдөр 280,000 төгрөг, 02 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 237,500 төгрөг, 02 дугаар сарын 13-ны өдөр 370,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 32,500 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 700,000 төгрөг, 03 дугаар сарын 06-ны өдөр 450,000 төгрөг, 03 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөг нийт 6,943,200 төгрөгийг хохиролд шилжүүлсэн талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн болно. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 6,943,200 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Э  болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О  нар гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б оос 8,406,604 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн ... тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгааралалт тогтоох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Би дүүрэг дотроо л явах боломжтой гэж хэлж байх шиг байна. Дүүрэг дотроо ажил хийн гэхээр насны хязгаар тогтоогоод ажил олдохгүй байгаа. Би нүүрс тээврийн жолооч учраас гадагшаа явах боломжтой байдлаар шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Би ажлаа хийгээд хохирол төлбөрөө төлөөд явна. Би зарын дагуу гараад ажил хийгээд явдаг.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Б од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах нөхцөлөөр эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оос 8,406,605 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Э  болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О  нар гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.СОЛОНГОО