2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1273

 

 

 

 

 

 

 

   2025       05         15                                     2025/ШЦТ/1273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э д холбогдох эрүүгийн 2503 00145 0367 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэсгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9/, Хохирогч С.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/, Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.К ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/2746 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-33/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 39-41/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 46/, Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56/, Хохирогч С.У ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлт /хх-ийн 95/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 60/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/,

Иргэнийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүлэгч гэм буруу дээрээ маргаагүй.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Э  нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг 26 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын баруун талын замд тоёота эстима маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.5-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 18 настай, С.У ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэсгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Зам тээврийн осол болсон гэх газар нь ... ын урд замд гарсан. Зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, нойтон, зохицуулдаггүй уулзвар, суурингийн дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, эгнээний тоо 2, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Зорчих хэсгийн нийт өргөн 15,80м, “А” үсгээр анх болсон гэх цэгээр тэмдэглэж, “Б” үсгээр хүн газарт унасан цэгийг, “В” үсгээр үл хөдлөх цэгийг тэмдэглэж дугааргүй гэрлийн шонгоор тэмдэглэв. Үзлэгийг цааш явуулахад Toyota estima маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор заалган “А” болон “Б” цэгийг тэмдэглэв. А цагаас Б цэг хүртэл 1,60м, А цэгээс тоормосны мөрний эхлэл хүртэл 7,10м, Б цэгээс зорчих хэсгийн зүүн зах хүртэл 6,10м, А цэгээс В цэг харалдаа 8,30м, А цэгээс зорчих хэсгийн зах хүртэл 7,20м тус зайтай байв. Зам тээврийн осолд орсон Toyota estima маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд гупер эвдрэлтэй явган зорчигч Сүхбаатарын Уянгацэцэгт баруун өвдөг шалбаралттай байв. Явган зорчигч болон Toyota estima маркийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг драйгер багаж үлээлгэхэд ямар нэгэн зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 8-9/,

Хохирогч С.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг Ногоон төгөл хотхонд байдал ээжийн дүүгийн гэрээс гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу явган гарцгүй хэсгээр зам хөндлөн гаргахаар алхаж явтал хойд чиглэлээс буюу эсрэг урсгалаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж намайг мөргөсөн. Мөргүүлээд би газар унасан ба нэлээн хэвтэж байгаад боссон. Тэр хүн намайг машиндаа суулгасан хоёр хөлөө баруун талын хөл цус гоожоод хавдсан байсан. Харин зүүн халцраад цус гарсан байсан. Зүүн тохой хөхөрсөн байдалтай баруун бугуй хөндүүр болсон, зүүн шагай хавдсан, толгой жоохон дүүрч өвдөөд байсан. Эхлээд түргэн ирээд намайг үзчихээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэх талаар зөвлөмж өгөөд тэгээд явсны дараа Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газар хэмжилт хийгээд жолооч болон намайг драйгер багаж үлээлгэж шалгасан бид хоёроос ямар нэгэн зүйл илрээгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж рентген зураг, томографик хийлгэсэн. Маргааш буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр томографикийн шинжилгээ хийлгэсэн чинь хоёр өвдөгний мөгөөрс урагдалтай урд чагтан холбоос хэсэгчилсэн урагдалтай, тойгны шөрмөс урагдалтай хаван, тойгны дотор дээд гадаргуугаар яс эдийн няцрал хавантай, үеийн зай дотор хэсгээр нарийссан. Дараа нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлсэн баримтыг өмгөөлөгч аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.У  нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 316,300 төгрөг гарсныг Д.Э аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.К ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/2746 дугаартай: “С.У ийн биед баруун урд чагтан холбоос, тойгны шөрмөсний урагдал, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 31-33/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “1. Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж зэрэг үзүүлэлтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд гупер гол хэсгээрээ хугарсан, урд нүүрэн хэсэг хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй. 3. Дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол болох үед үүссэн байж болох. 4. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд 3,39кН, баруун талдаа 3,13кН, зөрүү нь 7,36% /стандарт <20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,27кН, баруун талдаа 3,42кН, зөрүү нь 4,3%, /стандарт <30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. 5. Хий шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй үед дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. 6. Дээрх тээврийн хэрэгслийн спидометрийн ажиллагаа хэвийн. 7. Уг тээврийн хэрэгсэл суудлын бүстэй, ажиллагаа хэвийн. 8. Дээрх тээврийн хэрэгсэл нь хар хайрцаг байхгүй. 9. Уг тээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 91200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 61,800cd, зүүн гар талын тусгалыг чадал ойр дээрээ 13,100cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 19,300cd, /стандарт 10,000-225,000cd/ стандартын шаардлага хангаж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 39-41/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Зорчигч С.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Toyota estima маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болж байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 46/,

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн урьд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Хохирогч С.У ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “С.У  миний бие нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зам тээврийн осолд орж эрүүл мэндийн хувьд хүндэвтэр зэргийн гэмтэл учрулсан. Одоо миний эрүүл мэнд эдгэрч сайжирсан. Сэтгэл санааны хохиролд 9,000,000 төгрөг авсан. Цаашид Д.Э аас эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Д.Э ын цаашдын ирээдүйг нь бодож залуу хүн учраас амьдралд нь хар толбо тогтох вий гэдгээс болгоомжлоод түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 95/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Төрийн сангийн ... тоот дансанд 316,300 төгрөгийг С.У ийн эмчилгээний төлбөр гэх утгатайгаар шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт 1 хуудас, “... ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02/V-25 дугаартай “... ХХК-д бүртгэгч менежер ажилтай Д.Э ын нэг сарын цалин хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 1,600,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, Д.Э ын ажил байдлын тодорхойлолт 2 хуудас, Д.Э ын эзэмшлийн Хас банкны ... тоот данснаас С.У ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт 1 хуудас, Э ын эзэмшлийн Хас банкны ... тоот данснаас А.Ө ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 142,000 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт 1 хуудас, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт 1 хуудас, Д.Э ын ажил байдлын тодорхойлолт 1 хуудас, Д.Э ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас С.У ийн эзэмшлийн ... тоот данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 

Шүүгдэгч Д.Э  нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг 26 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын баруун талын замд тоёота эстима маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.5-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 18 настай, С.У ийг мөргөсөн болгоомжгүй үйлдэл болон хохирогчид учирсан “баруун урд чагтан холбоос, тойгны шөрмөсний урагдал, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.У ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 316,300 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У  нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э ын зүгээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн ... тоот дансанд 316,300 төгрөгийг “С.У ийн эмчилгээний төлбөр” гэх утгатайгаар шилжүүлсэн, мөн хохирогч С.У ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 90,000 төгрөг, А.Ө ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 142,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 9,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд, мөн Мөнгөн гүүр эмнэлэгт өвдөгний үе харуулахад 350,000 төгрөг, соронзон үелзүүрт томографи авахуулахад 50,000 төгрөг, Дуб эмнэлэгт өвдөгний үе дүрс оношилгоо гэж 150,000 төгрөг төлсөн баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүгдэгч Д.Э ын зүгээс хохирогч С.У ийн эмчилгээний зардалд нийт 9,782,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ. Иймд шүүгдэгч Д.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. 2025 оны 09 дүгээр сард БНХАУ-ын 100 хувийн тэтгэлэгээр суралцахаар болсон. Эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг нь нөлөөлөх болоод байгаа. Шүүх үүнийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Эрүүгийн хариуцлагаас чөлөөж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн,  учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Д.Э ыг чөлөөлсүгэй.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО