Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2017/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч Р.******* нарыг оролцуулан, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Н.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор1351224 төгрөг гаргуулах, 2017 оны 09-р сарын 04-ний өдрийн Б/66 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, 2017 оны 08-р сарын 10-ны өдрийн Б/62 дугаартай тушаалын 3 дахь хэсэгт албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-1-1-д хамруулсныг хүчингүй болгон өмнө авч байсан ТҮ-3-1 шатлалаар цалингаа тогтоолгож, уг хугацаанд авч байсан цалингийн зөрүүг тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл эндийн даатгалын дэвтэр шинээр нээлгэж бичилт хийлгэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 3-15 тоотод оршин суух Нөмрөг уул овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон боловч Мэргэжлийн хяналтын газрын дарга А.******* давж заалдаад 06 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хэдий ч ажилд авахгүй байсаар 08-р сарын 10-ны Б/62 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан ч миний цалинг шалтгаангүйгээр бууруулсан байна. Тиймээс болгож өгнө үү. Мөн 05-р сарын 25-наас 08-р сары 10-ны өдөр хүртэл хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхдээ 2017 оны 03-р сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд нэхэмжилсэн 1471869 төгрөгийг 2017 оны 4, 5, 6, 7, саруудад хувааж бичилт хийж миний нийгмийн даатгалын дэвтэрийг шаардлага хангахгүй болгосон тул мэргэжлийн хяналтын газар дэвтэрийг маань шинээр нээж, зөв бичилт хийлгүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Хэдий нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн ч 1471869 төгрөгөө авч чадаагүй. ******* миний бие жирэмсэн тул листээ бүрдүүлж өгөх хугацаа өнгөрсөн хэдий ч мэргэжлийн хяналтын газрын удирдлага хариуцлагагүй хүмүүсээс болж иргэн би эрх үүргээ эдэлж чадахгүйд хүрээд байна Тиймээс учир байдлыг минь харгалзан үзэж 09-р сард багтаан шийдэж өгнө үү.

1. Ажилгүй байсан /5 дугаар сарын 23-наас 08дугаар сарын 10/-д хүртлэх хугацааны 56 хоногийг өдрийн 24129 төгрөгт үржүүлээд 1351224 төгрөгийг гаргуулах мөн энэ хугацааны нийгмийн болон эрүү мэндийн дэвтэрт бичилт хийлгэх,

2. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/62 тушаалыг хүчингүй болгуулах,

3. Нийгмийн даатгалын дэвтэрийг шинээр нээж, бичилтүүдийг зав хийлгэж өгнө үү. Хариуцсан байгууллагад даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. МХГ-ын дарга А.******* би Аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 тоот шийдвэрийг бүрэн биелүүлж нэхэмжлэгч Н.*******ыг ажилд нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/62 тоот тушаалаар томилон ажиллуулсан. Иргэн Н.******* нь шил сав угаагчаар ажиллаж байгаад хуулийн дагуу чөлөөлөгдсөн. Мөн шийдвэрт дурдсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрээр төлсөн цалинг А.******* миний бие хувиасаа төлсөн болно. Цаашид дахин энэ хүний талаар ямар нэг хариуцлага хүлээх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь манайд ажилд орохдоо хуурамч бичиг баримтаар хүний оронд түр ажлын байранд орсон байсан. Энэ хугацаанд манай байгууллагыг зохих хэмжээгээр хохироосон гэж үзэх үндэслэлтэй үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол саналгүй гэх баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас манайд энэ сарын 27-нд ирүүлнэ гэсэн гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэг. Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, адил чанарын өөр ажил, албан тушаалд томилуулах, нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.

Хоёр. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаар магадлалын дагуу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 56 өдрийн 1.351.224 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулах.

Гурав. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Н.*******ын албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-1-1-д хамруулсаныг хүчингүй болгон өмнө нь авч байсан ТҮ-3-1 шатлалаар тогтоолгох, уг хугацаанд авч байсан цалингийн зөрүүг тооцон гаргуулах мөн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт засаж бичүүлэх

Дөрөв. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн гаргуулах тухай

Нэг. Завхан аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 261 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 19 дугаар магадлалын дагуу намайг газрын даргын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд мөн газрын даргын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтыг тус үндэслэн халсан. Миний бие нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчин намайг ажлаас халсан. Мөн газрын даргын 2017 оны 09 сарын 04-ны өдрийн Б/66 тушаалын үндэслэл нь намайг ажлаас халаад байгаа юу эсвэл жирэмсний болон амаржсаны амралт олгоод байгаа юу гэдэг нь ойлгомжгүй үндэслэлгүй тушаал гарсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилтай дүйцхүйц ажил, албан тушаалд томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү

Хоёр. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний 19 дугаар магадлалаар намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосон. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу надад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цалинг нөхөн олгосон. Ажил олгогч нь намайг 2017 оны 08 сарын 10-ны өдөр эгүүлэн ажилд авсан. Иймд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цалинг нөхөн олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрээр намайг ажлаас халсан 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 5/20 тоот тушаалыг хүчингүй болгосон тул уг хууль бус шийдвэрээс шалтгаалан миний бие 2017.05.25-2017.08.10ны өдөр хүртэл 56 өдрийн 1.351.224 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга хоёр зуун хорин дөрөв) төгрөгийг цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү.

Гурав. Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авахдаа миний цалинг ТҮ-1-1 шатлалаар тогтоосон. Өмнө нь ажилд авсан газрын даргын тушаалаар миний цалин ТҮ-3-1 шатлалд байсан. Гэтэл миний ажлын байр, албан тушаалын шатлалд ямар нэг байдлаар өөрчлөлт ороогүй байхад үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзэж байсан. Иймд ажилд томилсон хугацаанаас буюу газрын даргын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тогтоосон цалингийн шатлалыг өмнө авч байсан ТҮ-3-1 шатлалаар тогтоож цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Дөрөв. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаар шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний 19 дугаар магадлалын дагуу ажилд эгүүлэн авахдаа миний цалинг анхан шатны шүүхээс 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл тогтоосон 3 сарын цалинг 2017.08.10-ны өдөр хүртэл цалин гэж тооцон хуваан бичиж миний цалингийн хэмжээг багаар тогтоосон. Үүнээс шалтгаалан миний жирэмсний болон амаржсаны тэтгэмж буруу бодогдож багаар орсон. Одоогоор жирэмсний тэтгэмж гэж 940.000 төгрөг 2017 оны 10-р сарын 23-ны өдөр миний дансанд орсон. Амаржсаны дараах 60 хоногийн мөнгө ороогүй байна. Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг үнэн зөвөөр бодуулж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* хариу тайлбартаа: Иргэн Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Н.*******ын нэхэмжлэлд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах , ажилгүй байсан 56 өдрийн мөнгө гаргуулах, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон 2017 оны Б/62 дугаар тушаалд заагдсан хэсгийг хүчингүй болгуулах тухай дурдсан байна.

Н.******* нь манай байгууллагад хүний оронд түр ажиллаж байсан бөгөөд өмнө нь ажиллаж байсан М.Энхтуяа ажилдаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс орох өргөдлөө өгөөд байсан бөгөөд өргөдөлд заасан хугацаандаа өөрийн өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Н.*******ын түр томилогдон ажиллаж байсан лабораторийн шил сав угаагчийн ажилдаа томилогдон ажиллаж байна. Н.*******д жирэмсэний амралт олгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/66 дугаар тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тушаал болно. /Энэхүү тушаалыг гаргахад Н.*******ын жирэмсэний амралтын мөнгө бодогдсон байсан тул цалинтай давхцаж болохгүй, жирэмсэн хүний амралтын хугацаанд ажиллаж байсан өмнөх ажилтан нь ажилдаа орох өргөдлөө ирүүлсэн тул хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн болно./

Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/62 дугаар тушаал Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шугамаар бүрэн хэрэгжсэн тушаал бөгөөд энэ тухайгаа Н.******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн байна. Энэ тухай албан бичгийг шүүхэд хүргүүлсэн болно. Мөн лабораторийн шил сав угаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу ТҮ-1-д хамруулан үнэн зөв тогтоосон болно. Н.******* хуурамч бичиг баримтаар төрийн байгууллагад ажилд орж төрийн байгууллагыг хохироосон гэж үзэж аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст холбогдох материалыг нь хүргүүлэн шалгуулж байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон боловч Мэргэжлийн хяналтын газрын дарга А.******* давж заалдаад 06 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хэдий ч ажилд авахгүй байсаар 08-р сарын 10-ны Б/62 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан ч миний цалинг шалтгаангүйгээр бууруулсан байна. Мөн 05-р сарын 25-наас 08-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхдээ 2017 оны 03-р сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд нэхэмжилсэн 1471869 төгрөгийг 2017 оны 4, 5, 6, 7, саруудад хувааж бичилт хийж миний нийгмийн даатгалын дэвтэрийг шаардлага хангахгүй болгосон тул би листний мөнгөөрөө хохирсон. Би 2017 оны 09 сарын 04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож адил чанарын ажил албан тушаалд томилуулах хүсэлтэй байна. Тиймээс миний нийгмийн даатгалын дэвтэр шаардлага хангахгүй олсон тул нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээж, зөв бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн 8 сарын цалингийн зөрүүг гаргаж өгөөч гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь хуурамч диплом үйлдэж ажилд орсон байсан асуудал үүссэн. Тэгээд энэ маргаан 2 шатны шүүхээр шийдвэрлэгдэж тодорхой хэмжээний цалин мөнгийг өгсөн боловч ******* өөрөө анх төрийн байгууллагад ажилд орохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж орсон учраас энэ хугацаанд ажиллаж байхдаа төрийн байгууллагаас авсан цалин хөлс нь төрийн байгууллагыг хохироосон гэж үзэж Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хэлтэсийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст манай байгууллага 2017 оны 08 сард хүсэлт өгч шалгуулж байгаа. Энэ ажиллагаа хийгдэж дууссаны дараа буюу гэм буруутай эсэх шийдвэр гарсны дараа энэ хэргийг шүүх хуралдаанаараа шийдвэрлэх боломж байна уу гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1351224 төгрөг гаргуулах, 2017 оны 09-р сарын 04-ний өдрийн Б/66 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, 2017 оны 08-р сарын 10-ны өдрийн Б/62 дугаартай тушаалын 3 дахь хэсэгт албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-1-1-д хамруулсныг хүчингүй болгон өмнө авч байсан ТҮ-3-1 шатлалаар цалингаа тогтоолгож, уг хугацаанд авч байсан цалингийн зөрүүг тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт засаж бичүүлэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Н.*******ыг Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторийн шил сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоосон Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарсан боловч нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан байх тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй байна гэж үзлээ. Дээрх хугацааны олговорыг Монгол улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05-р сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан журмын дагуу тооцоход 1150395 төгрөг болж байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Н.*******ыг ажилд эгүүлэн авахдаа өмнө олгож байсан албан тушаалын ангилал зэрэглэлийг үндэслэлгүйгээр бууруулан тогтоосон болох нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн 27, 2017 оны 08-р сарын 10-ны өдрийн Б/62 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна. Иймд албан тушаалын ангилал зэрэглэлийг үндэслэлгүйгээр бууруулсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ТҮ-1.1-ээр цалинжуулсаныг ТҮ-3.1 болгон өөрчилөн цалингийн зөрүүг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг шинээр нээж бичилтүүдийг үнэн зөв хийхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байгаа ч дээрх дэвтрүүдийг шинээр нээх шаардлагагүй харин шүүхийн шийдвэрт тусгагдсан олговор болон цалингийн зөрүүгээс тооцож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилуулах, энэ хугацааны олговор нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/66-р тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Учир нь нэхэмжлэгч Н.******* нь анх ажилд орохдоо жирэмсний амралттай байсан Энхтуяа гэх хүний оронд орж ажиллаж байсан болох нь шүүх хуралдааны үед Н.*******ын шүүгчийн асуусан асуултанд би Энхтуяа гэдэг хүний оронд Энхтуяаг жирэмсэний амралттай байх хугацаанд ажиллаж байсан гэж хариулж байгаа тайлбар, нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулахыг хүссэн байдлаас харахад нэгэнт өөрөө хүний оронд ажиллаж байснаа мэдэж одоо адил чанарын өөр ажилд орохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Мөн энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******ийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шил сав угаагчаас өөр адил чанарын ийм ийм ажил албан тушаал байна гэдгээ шүүхэд баримтаар нотлоогүй бөгөөд, хариуцагч байгууллагын төлөөлөгч шил сав угаагчтай дүйцэхүйц ажлын орон тоо байхгүй гэж тайлбарлаж байна.

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/66 тоот тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн болон мэдэх боломжтой үеэс хойш 1 сарын дотор гомдлоо гаргана гэснийг зөрчсөн байна гэж үзлээ. Гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх эсэх талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг үнэн зөвөөр бодуулж хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн амаржсаны тэтгэмжийн мөнгийг буруу бодож олгосон нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байгаа хэдий ч хэдэн төгрөгний тэтгэмж авах байснаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Нөгөөтэйгүүр Н.*******ын дансанд 940000 төгрөг тэтгэмж гэж орсон боловч хэдэн төгрөг дутуу бодогдож орсон эсэхийг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгөний зөрүүг хариуцагч байгууллагаас гаргаж өгнө үү гэж нэхэмжилсэн боловч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогчоос бус нийгмийн даатгалын байгууллагаас олгодог бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг буруу бодож, тайлангаа буруу гаргасны улмаас тэтгэмжийн мөнгө зөрүүтэй бодогдсон байдал тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1150395 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-наас нэхэмжлэгчийн цалинг ТҮ-1.1-ээр цалинжуулсаныг ТҮ-3.1 болгон өөрчилж цалингийн зөрүүг тус тус хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох олговор болон цалингийн хэмжээнээс тооцож нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгаж, дэвтэрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг шинээр нээлгэж нөхөн бичилт хийлгүүлэх, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/66-р тушаалыг хүчингүй болгуулах, мөн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг үнэн зөвөөр бодуулж хариуцагч байгууллагаас гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 32159 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Л.ЭХЛЭЛТ

Т.БАЛЖИННЯМ