| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Д-д холбогдох эрүүгийн 2538000740145 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Д , 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын .............. дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Тарган нуур” 5 дугаар багт оршин суух иргэн Ш.М-ын гэртээс мотоциклийн мотор 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, нарийн улаан шонхор тамхи 1 хайрцаг, 24 ширхэгтэй ,1 боодол ариун цэврийн цаас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 840,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000740145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Тарган нуур” 5 дугаар багт оршин суух иргэн Ш.М-ын гэртээс мотоциклийн мотор 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, нарийн улаан шонхор тамхи 1 хайрцаг, 24 ширхэгтэй, 1 боодол ариун цэврийн цаас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 840,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүгдэгч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би яг тухайн үед болсон асуудлын талаар мэдээгүй. М манайд өөрөө орж ирээд гэрт хулгай орсон байна гэж хэлж байсан. Мотоциклийн мотор алга болсон байна гэжбайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р тал/,
Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ТХҮ-925-11937 дугаартай: “...мотоциклийн мотор 1ширхэг 550,000 төгрөг, мотоциклийн дугуй 2ширхэг 200,000 төгрөг, нарийн улаан шонхор тамхи 1 хайрцаг буюу 20 ширхэг 70,000 төгрөг, ариун цэврийн цаас 1 боодол 20,000 төгрөг, нийт үнэ, төгрөг 840,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-34-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр Арбулаг сумын 5 дугаар багт мөөдөө гэдэг таньдаг айлд очоод тухайн шед нилээн бүрэхий харанхуй болсон байсан. Цагийг нь би сайн санахгүй байна. Мөөдөө ахын гэрээс гараад яг урд талын айлын хаалгаар орсон тухайн гэрт ямар нэгэн хүн байхгүй болохоор хэсэг сууж байгаад хүн ирэхгүйболохоор үүдэнд нь байсан мотоциклийн мотор, 2 дугуй, 1 хайрцаг тамхи, 24 ширхэгтэй ариун цэврийн цаасыг аваад гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.М , гэрч Б.Б-ийн нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-925-11937 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Тарган нуур” 5 дугаар багт оршин суух иргэн Ш.М-ын гэрээс мотоциклийн мотор 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, нарийн улаан шонхор тамхи 1 хайрцаг, 24 ширхэгтэй, 1 боодол ариун цэврийн цаас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 840,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-ийн 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Тарган нуур” 5 дугаар багт оршин суух иргэн Ш.М-ын гэрээс мотоциклийн мотор 1 ширхэг, мотоциклийн дугуй 2 ширхэг, нарийн улаан шонхор тамхи 1 хайрцаг, 24 ширхэгтэй, 1 боодол ариун цэврийн цаас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 840,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Ш.М-д 840,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.М “...тухайн үйл явдлын дараа Д.Д над дээр ирж уучлалт гуйсан. ...Бид хоорондоо харилцан тохиролцоод хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/ өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Д-ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ш.М-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тус тус заасан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Д нь ам бүл 6, эцэг, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн .................. сумын .................... багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37-р тал)-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.
Хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.М-д төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-ийн Д -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ