2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1333

 

 

 

 

 

 

 

 

2025       05          20                                    2025/ШЦТ/1333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Э-ийн Бад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 01874 0032 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, ах, эгч, дүү нарын  хамт ***** дүүргийн *** дугаар хороо, ********** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 820 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

***** овогт Э-ийн Б /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Дтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2411 01874 0032 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8757 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 104-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч П.Болормаа: “... шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Дтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед би Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ********** орцонд сууж байтал урьд нь зүс таних Баа, Т эгч хоёр ирсэн. Тэгээд намайг зүгээр сууж байтал над дээр шууд хүрч ирээд “чи яадаг гэнээ гэж хэлээд намайг өшиглөж унагаагаад би буцаад өндийгөөд босоод сууж байсан чинь буцаж ирээд гараараа миний нүүр, гэдэс, хавирга, нуруу гэх газрууд руу 10 гаран удаа цохиж байгаад яваад өгсөн. Тэгээд би явсных нь дараа би “Пийс молл”-ын автобусны буудал дээр очоод хүний утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Харин тухайн үед миний гар утас болон халаасанд байсан бэлэн мөнгийг авч явсан гэж мэдүүлсэн бөгөөд Бтай зодолдсон өдөр Б, Т эгч бид гурав мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архи авч уусан. Тухайн мөнгийг би Бтай зодолдсоны дараа Быг аваад явчихсан гэж бодсон боловч Т эгчтэй дараа нь уулзах үед Баа намайг зодсоноос өөрөөр миний халааснаас ямар нэгэн зүйл аваагүй гэж хэлсэн харин би LG Q7 загварын гар утсаа Бааг авч яваагүй өөрөө алга болгосон байж магадгүй гэж бодож байна. Би Бтай зодолддог өдрийн өмнөх өдөр гар утас маань унтарчихсан халаасанд явж байсан ба Бтай зодолддог өдрийн өмнөх өдөр би орцонд хоносон ба гар утсаа хаясан байж магадгүй гэж бодож байна. Харин Бааг авсан гэж хэлээд байгаа 3200 төгрөгийг сүүлд Т эгчийг хэлэхэд санасан бөгөөд тухайн мөнгөөр архи авч уухад нэмэрлэсэн юм. Баа нь намайг зодсоноос өөрөөр миний гар утас болон мөнгө зэргийг авч яваагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Тжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 07  цагийн орчимд би Баатай хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо ********** орцны үүдэнд миний зүс таних Д гэх залуутай таараад бид гурав хамт архи ууцгаасан ба тэгээд байж байхад Баа, Д хоёр хэрэлдэж, маргалдаж, ноцолдоод эхэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж хэрэлдэж, зодолдсоныг мэдэхгүй. Баатай 2023 оны хавар “Пийс молл”-ын урд сууж байгаад танилцаж байсан бөгөөд хааяа тэр хавиар явж байгаад таарах юм бол хамт архи хувааж уудаг юм. Баа нь Дыг цохиод, өшиглөөд байсан яг хаанаас нь юу авсан гэдгийг би бол хараагүй. Зодоон болж дууссаны дараа бид гурав салцгаасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8757 дугаартай “Г.Дын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Дтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Дыг үл ялих зүйлээр шалтаглаж, түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Э.Быг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Г.Д өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Э.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Г.Д нь энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд Э.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.Д энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 342,660 төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлагын талаар: “... хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгч Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт Э-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг гурван зуу /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 196 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 342,660 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай. 

 

8. Хохирогч Г.Д нь энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд Э.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР