Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2022/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М,

Хариуцагч: Ховд аймгийн ХХААГ, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комисс нарын хооронд үүссэн төрийн албаны сонгон шалгаруулалт болон ажлаас чөлөөлсөн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О ,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагч Шалгалтын комиссын дарга Б.Г , Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн Ч.Э , Ховд аймгийн ХХААГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , гуравдагч этгээд Д.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э  болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2.  Ховд аймгийн ХХААГ-ын даргад холбогдуулан ажлаас чөлөөлсөн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Ховд аймгийн ХХААГ-ын ..... мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

1.3. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комисст холбогдуулан тус комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Д.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ,

1.4. Төрийн албаны тусгай шалгалтад Д.М-ыг бүртгэсэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулахаар,

1.5. 2022 оны 5 сарын 20-ны өдөр Ховд аймгийн ХХААГ-н даргад холбогдуулан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаар “Д.Манатыг мэргэжилтнээр томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар,

1.6. 2022 оны 8 сарын 20-ны өдөр ХХААГ-ын .... мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтанд Д.М-ыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд даалгахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолоор Ховд аймгийн Төрийн захиргааны байгууллагын зарим гүйцэтгэх албан тушаалтныг томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журам, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг зөрчсөнийг тогтоож, нэрсийг хавсралтаар баталж, дээрх хууль, журам зөрчиж томилогдсон албан хаагчдыг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосон байна.

 2.2. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор салбар зөвлөлөөс чиглэл хүргүүлснээр Ховд аймгийн ХХААГ-аас  нэхэмжлэгчийн ажиллаж байсан .... мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлж, салбар зөвлөлөөс 2021 оны 11 сарын 04-ний өдөр төрийн захиргааны дэс түшмэлийн тусгай шалгалтыг зохион байгуулсан.  Салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Д.М-ыг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

2.3. Нэр дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн Ховд аймгийн ХХААГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.М-ыг .... мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Д.М-ыг уг албан тушаалд томилсон байна.

2.4. Д.М нь ажлаас чөлөөлсөн тушаал болон  .... мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын талаар Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/436 дугаар албан бичгээр хариу авснаар шүүхэд ханджээ.

        

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Монгол Улсын ....сургуулийг "Хүнсний микробиологи" мэргэжлээр "Хүнс судлалын ухааны" бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ховд аймаг ХХААГ-ын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай "Д.М-ыг ажилд томилох тухай" тушаалаар Ховд аймаг ХХААГ-ын .... мэргэжилтнээр 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар томилсон. 2021 оны 03 сард Төрийн албаны ерөнхий шалгалтанд орж тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 241 дугаартай "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" тогтоолоор Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрс, албан тушаал шийдвэрийн жагсаалтын 11 дүгээр хавсралтаар ХХААГ-ын төрийн захиргааны албан тушаалд төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрсийн жагсаалтад миний нэр багтсан байсан. Үүнтэй холбоотой төрийн албаны тусгай шалгалт зарлагдаж, 2021 оны 11 сарын 04-ний өдөр тусгай шалгалт авсан. Уг шалгалтанд ... мэргэжилтний орон тоон дээр нийт 3 хүн сонгон шалгаруулалтад орсон. Сонгон шалгаруулалтад нийт 4 хүн бүртгэгдсэн байсан. Сүүлд гэнэт ярилцлагын шалгалтанд Д.М гэх хүн орж ирсэн бөгөөд бичгийн сонгон шалгалтанд ороогүй хүн аман ярилцлагын шалгалтанд ороод хамгийн өндөр авсанд гомдолтой байна.

Ховд аймаг ХХААГ-ын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Д.М-ыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалаар намайг уг албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэх хуулийн шаардлагад нийцэхгүй,  26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.3.1, 27.4, 27.5, 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус зөрчсөн.

 Миний хувьд хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.М нь 2009 онд .... сургуулийг Хүнсний микробиологич мэргэжлээр төгссөн. Ховд аймгийн ХХААГ-ын даргын 2020 оны Б/05 дугаар тушаалаар .... мэргэжилтнээр томилсон. Уг тушаалд Д.М-ыг Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтын ТҮ-7-2 дахь шатлалын цалингаар цалинжуулахаар заасан.

            Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 140 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар ХХААГ-ын ...мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт микробиологич, бизнесийн удирдлага мэргэжилтэй хүн уг албан тушаалд ажиллаж болохуйцаар зааж өгсөн.

            Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 241 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй, төрийн албаны тусгай шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг чөлөөлж холбогдох журмын дагуу томилох шаардлагатай гэсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Уг албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн хүмүүс нь мэргэжлийн хувьд шаардлага хангаж байгаа эсэх талаар шалгалт зохион байгуулах комисс хуралдаж, Д.М  нь нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн тул уг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж байна гэж үзэж бүртгэсэн байдаг.

Төрийн албаны зөвлөл нь тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага нь дүйцэж байгаа эсэх талаар шийдвэр гаргах эрх байхгүй. Дүйцүүлэх асуудлыг салбарын сайдын тушаалаар Мэргэжлийн чиглэл, индекс баталдаг. 

Боловсролын сайдын 2010 оны 5 сарын 20-ны өдрийн 235 дугаар болон 2014 оны 3 сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар Мэргэжлийн чиглэл, индекс баталсан байдаг. Хариуцагч нар Д.М-ын төгссөн мэргэжил нь дээрх сайдын тушаалд заасны дагуу дүйцүүлэн албан тушаалын тусгай шаардлага хангасан гэж бүртгэсэн нь хууль бус юм.

Д.М-нь .... сургуулийг 2014 онд бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн ба энэ нь сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл индексэд хамаарахгүй, харин 2010 оны 235 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексэд хамаарах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексэд зааснаар Д.М-ын төгссөн бизнесийн удирдлага мэргэжил нь нягтлан бодох бүртгэл мэргэжилд хамаарахгүй байгаа юм. Энэ талаар гэрч Ц.П нь бизнесийн удирдлага болон нягтлан бодох бүртгэл нь хоёр өөр мэргэжил бөгөөд тус тусдаа индекстэй, ... сургууль нь тус тусын ангитай байсан гэж тайлбарласан.  Хэрвээ нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын менежер нь адил чиг үүрэгтэй, нэг мэргэшил байсан бол тус тусад нь индексжүүлэхгүй байсан.

Төрийн албаны зөвлөлийн шалгалт зохион байгуулах комисс нь өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд яамнаас баталсан стандартыг зөрчсөн тул Д.М-ыг бүртгэсэн бүртгэл зэрэг нь анхнаасаа хууль бус юм. Учир нь ажлын байрны тодорхойлотод заасан тусгай шаардлага хангасан иргэний бүртгэж, тусгай шалгалтанд оруулах ёстой байтал шаардлага хангахгүй хүнийг бүртгэж тусгай шалгалтанд оруулж байгаа нь Төрийн албаны тухай хууль, журам зөрчсөн үйлдэл юм.

Д.М-ын хувьд тусгай шалгалтанд ороогүй. Өөрөөр хэлбэл бичгийн шалгалтанд ороогүй хэрнээ ярилцлагын шалгалтанд орж өндөр оноо авсан. Тухайн үеийн шалгалтын бичлэг авъя гэхээр бичлэг байхгүй гэдэг. Бичгийн шалгалтанд ороогүй хүнийг ярилцлагын шалгалтанд оруулсан нь хууль бус тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоол, Ж.М-ыг ажлаас чөлөөлж, Д.М-ыг ажилд томилсон ХХААГ-ын даргын тушаал мөн адил хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг анх Ховд аймгийн ХХААГ-т мэргэжилтнээр томилохдоо төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. Ийм учраас хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж иргэний хэргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн захиргааны албан тушаал байсан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын дарга Б.Г  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа болон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд хийсэн. Энэ хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагааны тайланг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 40 дүгээр хуралдаанаар авч хэлэлцээд, манай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Төрийн албаны хууль, тогтоомж зөрчсөн зарим томилгоонуудыг арилгуулах хугацаатай үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 241 дүгээр тогтоолоор өгсөн.

Үүнд ХХААГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус газрын .... мэргэжилтний сул орон тоонд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй Д.М-ыг томилсон нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тогтоож, зөрчил арилгуулах үүрэг өгсөн.

Дээрх тогтоолын дагуу зөрчлийг арилгах арга хэмжээг авч, ХХААГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Д.М-ыг төрийн албанаас чөлөөлсөн байсан ба тус газрын ... мэргэжилтний сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарлаж, сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан. Уг зарлагдсан ХХААГ-ын .... мэргэжилтний сул орон тоонд Д.М , Д.М , нарын 4 хүн цахимаар бүртгүүлсэн ба шалгалт зохион байгуулах ажлын хэсэг бүртгүүлсэн бүх иргэдийн материалтай танилцаж, холбогдох албан тушаалын шаардлагыг бүртгүүлсэн бүх иргэд хангасан тул бүгдийг нь шалгалтад оруулсан.

Төрийн албаны тусгай шалгалтад Д.М-ыг яагаад бүртгэсэн бэ гэхээр ХХААГ-ын ....мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод ......... гэсэн мэргэжлийн тусгай шаардлагыг хангасан байхаар баталсан байдаг. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн баталсан ба бизнесийн удирдлагад нягтлан бодох бүртгэл мэргэжил хамаардаг.

Д.М нь 2014 онд ...сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн байх тул албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангаж байна гэж шалгалт зохион байгуулах ажлын хэсэг үзэж Д.М-ыг уг тусгай шалгалтад оруулсан.

Д.М нь хууль, эрх зүйн мэдлэг шалгах шалгалтад 24 оноо, дүн шинжилгээ хийх чадвар шалгах шалгалтад 10 оноо, асуудал шийдвэрлэх чадвар шалгах шалгалтад 14 оноо, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар шалгах шалгалтад 20 оноо, багаар ажиллах чадвар шалгах ярилцлагын шалгалтад 8 оноо, нийт 76 оноо тус тус авсан.

Харин Д.М-ын хувьд бас мэргэжил нь таарахгүй байсан хэдий ч хүнс судлалын ухааны бакалавр зэрэгтэй төгссөн байсан учир мөн мэргэжлийн дүйцүүлж бүртгэсэн. Шалгалтанд 62 оноо авсан.

Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний зохион байгуулсан шалгалтад нийт 26 иргэн оролцсон бөгөөд 3 ээлжээр цахим системээс санамсаргүйгээр үүсгэсэн хуваарийн дагуу явагдсан болно.

Иймд иргэн Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний 241 дүгээр "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" тогтоолоор Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх, мөн орон тоог нь олон нийтэд зарлаж, тусгай шалгалтаар хуулийн дагуу нөхөх үүргийг Ховд аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймагт Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоонд шалгалт өгсөн нэр бүхий хүмүүсийг томилуулахаар нэр дэвшүүлж тогтоол гаргасан.

Тусгай шалгалтын явц, үр дүн хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоол нь хууль зөрчсөн үндэслэл байхгүй тул хүчингүй болгох үндэсгүй юм гэжээ.

 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн албаны зөвлөл нь орон тооны бус байгууллага бөгөөд шалгалт зохион байгуулах үүрэгтэй. Нөөцөд бүртгүүлэх саналыг уламжилдаг. Мөн өндөр оноо авсан хүнийг нэр дэвшүүлэх тогтоол гаргах үүрэгтэй.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 241 дүгээр тогтоолоор хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудын ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосон. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 135 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллах чиглэл хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөл нь босоо тогтолцоотой, дээр байгууллагын тогтоол, үүрэг даалгаврыг биелүүлж, хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Бид Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс тайлбар авахад Төрийн албаны зөвлөлийн 2022 оны4 сарын 07-ны өдрийн 02/731 дүгээр албан бичгээр хариу өгсөн.

Төрийн албаны шалгалт нь цахим хэлбэрт бүрэн шилжсэн. Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцохын тулд цахимаар бүртгүүлдэг. Улмаар цахимаар шалгалт авдаг тул нэхэмжлэгчийн яриад байгаа шиг Д.М шалгалтанд ороогүй байхад оноо тавьсан гэх асуудал нь боломжгүй зүйл юм.

Д.М нь цахим болон ярилцлагын шалгалтын нийлбэр дүнгээр өндөр оноо авсан тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Ховд аймгийн ХХААГ-ын .... мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж хүргүүлсэн.

 

3.6. Хариуцагч, ХХААГ-ын дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 241 дүгээр “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээ”-ний тухай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам" "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам",-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар ХХААГ-ын төрийн захиргааны албан тушаалд төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын жагсаалтыг хавсралтаар баталж ирүүлсэн.

Энэхүү тогтоолын хавсралтад дурьдсан нэр бүхий албан хаагчдыг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон.

 Мөн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 сарын 29-ны өдрийн 135 дугаар тогтоол болон чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 241 дүгээр тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож 2021 оны 11 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэх хугацаатай үүрэг өгсөн.

Иймд төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 241-р тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 135 дугаар тогтоолын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг зааснаар төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалгыг хуулийн хугацаанд салбар зөвлөлд хүргүүлсэн.

Ингээд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн Д.М-ыг тус газрын ...мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар ирүүлсэн тул Д.М-ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Д.М-ыг уг албан тушаалд томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.4 дахь заалтууд, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 140 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтыг баталсан. .... мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт зааснаар тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэжил нь ..... мэргэжилтэй байхаар заасан байдаг.

 Харин Д.М нь Хүнсний микробиологи мэргэжилтэй байгаа нь тухай албан тушаалд тавигдсан тавигдах тусгай шаардлагыг хангаагүй. Мөн Төрийн албан хаагчийн тусгай шалгалтанд ороод тэнцээгүй.

Хөдөлмөрийн гэрээг аймгийн ХХААГ-ын дарга Г.Г нөгөө талаас ХХААГ-ын ....мэргэжилтэн Д.М  нар нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 1.4 Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ноос 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд Д.М гарын үсэг зурж гэрээг баталгаажуулаагүй байна. Мөн анхнаасаа төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт бүхий орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл байсан.

Иймд Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.М-ыг өмнө нь ХХААГ-ын даргаар ажиллаж байсан Г.Г тушаал гаргаж томилсон. Д.М-ыг ажиллах байх үед Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийж, төрийн албаны тусгай шалгалтанд ороогүй хүн ажиллуулсан гэх үндэслэлээр Д.М-ыг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосон.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 135 дугаар албан бичгээр дээрх хууль зөрчиж томилогдсон албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, сул орон тоог нөхөх захиалга ирүүлэхийг даалгасан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлд Д.М-ын ажиллаж байсан ... мэргэжилтний ажлын байрыг нөхөх сонгон шалгаруулалтын захиалга өгч, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 81 дүгээр тогтоолоор Д.М-ыг дээрх албан тушаалд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн. Эдгээрийг үндэслэн Д.М-ыг албан тушаалаас чөлөөлж,  Д.М-ыг томилсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3.8. Гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1972 онд төрсөн. 1995 онд Казакстан улсын .... сургуулийг хэл судлаач, казак хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 2014 онд .... сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. 1995 оноос 2020 хүртэл багш, сургалтын менежер, 2020 оноос 2021 оны 9 сар хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт .... мэргэжилтнээр, 2021 оны 11 сараас ХХААГ-ын .... мэргэжилтнээр ажиллаж байна.

Би 2020 онд Төрийн албаны ерөнхий шалгалтанд орж тэнцэж нөөцөд бүртгэгдсэн. 2021 оны 10 сард Төрийн албаны зөвлөлөөс зарласан ХХААГ-ын .... хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад цахимаар бүртгүүлж 11 сарын 04-ний өдөр шалгалтанд орж, нийлбэр дүнгээр 76 оноо авсан. Энэхүү сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор намайг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн.Ингээд Ховд аймгийн ХХААГ-ын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар уг албан тушаалд томилогдсон.

Намайг төрийн албаны тусгай шалгалтанд ороогүй байж ярилцлагын шалгалтанд орсон гэж байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу 4 төрлийн шалгалтанд цахимаар орсон ба сүүлд ярилцлагын шалгалт өгсөн.

Д.М нь хууль бусаар уг албан тушаалд томилогдсон байсан тул суг сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан гэж би ойлгож байгаа. Сонгон шалгаруулалт бүгд хуульд заасны дагуу явагдсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

3.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь анх Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдлын хариугаа авч, хуулийн хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлд “...албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс заагаагүй, бизнесийн удирдлага гэж заасан тул албан тушаалын тодорхойлолтын мэргэжлийн тусгай шаардлага хангасан гэж үзээд...” гэж дурдсан.  Шалгалтын комиссын гишүүдэд хуульд заасан ийм эрх байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шалгалтын комисс мэргэжлийн индексийг дүйцүүлэн тайлбарлах эрхгүй юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаас харахад төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс өөрт хамаарахгүй эрхийг эдэлсэн гэж үзэж байна. Дээрх тушаалыг хавсралтаар баталсан мэргэжлийн чиглэл, индексээс харахад Д.М-ын мэргэжлийн индекс нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 онд 235 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексээс харахад Д.М нь өөр албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлээс өөр индекстэй мэргэжлээр .... сургуулийг төгссөн байна.

Д.М нь 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн оюутан шилжүүлэн суралцуулах тушаалын дагуу ... сургуульд элсэн суралцаж, 2014 онд төгссөн. Энэ үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 онд 235 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексээр мэргэжлийн чиглэлээ тодорхойлох ёстой юм.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл индексийг 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцсан оюутнууд төгсөхдөө уг мэргэжлийн чиглэл индексээр төгсөх юм.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтанд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг баталсан байдаг. Уг журамд зааснаар комисс нь гишүүдийн ажил үүргийн хуваарь, шалгалттай холбогдох аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх, анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах эрхтэй, шалгалт авах танхим, техник хэрэгсэл, холбогдох бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэх, шалгалтын дүнг тухай бүр мэдээлэх, бүртгэл, зохион байгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх” гэж заасан. Үүнээс үзэхэд комиссын хуралдаанаар асуудал шийдвэрлэх эрхтэй боловч тухайн мэргэжлийн индексийг өөрчлөх, бүртгэх чиг үүрэг байхгүй байна.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтонд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаал гэж заасан. Нэхэмжлэгч Д.М-ыг анх уг албан тушаалд түр томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилсон тушаалд ТҮ-7-2 гэх шатлалаар цалинжуулахаар ажилд заасан байсан. Нэхэмжлэгч Д.М-ын туршилтын 6 сарын хугацаа 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй бол байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн албан тушаалд томилогдсон тооцохоор заасан байгаа.

Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийж нэхэмжлэгч Д.М-ын ажиллаж байсан ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт зарлахаар болсон. Уг шалгалтанд нэхэмжлэгч Д.М , гуравдагч этгээд Д.М нар орсон ба Д.М нь тусгай шалгалтанд орсон эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Учир нь Д.М нь бичгийн шалгалтанд бага оноо авсан, харин ярилцлагын шалгалтанд өндөр оноо авсан байдаг.

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Д.М-ыг ажлаас чөлөөлсөн ба уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй байдаг.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

3.10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны шалгалтыг 2019 оноос эхлэн цахимаар авдаг болсон. Д.М нь ХХААГ-ын .... мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад цахимаар бүртгүүлж, цахимаар шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан.

Нэхэмжлэгчийн дурдаад байгаа Д.М-ыг шалгалтанд ороогүй гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь шалгалт зохион байгуулсан төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.О , тус шалгалтанд хамт оролцсон Ц нар нь Д.М шалгалтанд орсон гэдгийг гэрчилдэг.

Тухайн үед ХХААГ-ын ... мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад 4 хүн өрсөлдсөн Д.М нь нийт 76 оноо авсан. Үүнийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 81 дүгээр тогтоолоор түүнийг дээрх албан тушаалд нэр дэвшүүлж, ХХААГ-ын даргын 2021 оны Б/27 дугаар тушаалаар уг албан тушаалд томилогдсон.

Д.М-ын эзэмшсэн мэргэжил нь ХХААГ-ын ... мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад заасан мэргэжилтэй таарахгүй гэж тайлбарлаж байна. Боловсролын сайдын 2010 оны 5 сарын 20-ны өдрийн 235 дугаар болон 2014 оны 3 сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексэт нягтлан бодох бүртгэл нь бизнесийн удирдлагад хамаарч байгаа.

Ийм учраас Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулсан ажлын хэсгийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт,хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актуудын талаар гомдол гаргасны дараа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв. 

3. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй байхад төрийн албаны тусгай шалгалтанд бүртгэж оруулсан, улмаар хамгийн өндөр оноо авсанд тооцож нэр дэвшүүлж, маргаан бүхий ажлын байранд томилсон нь хууль бус гэж, тусгай шалгалтанд авсан онооны эрэмбээр уг албан тушаалд нэр дэвшиж томилогдох боломжтой гэж маргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй байна. 

4.Төрийн албаны тусгай шалгалтад Д.М-ыг бүртгэсэн төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д “энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж зааснаар нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй буюу тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөөгүй гэх үндэслэлээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-д төрийн жинхэнэ албанд тухайн албан тушаалын тусгай шалгалт авахаар 33.10-д шалгалтын зарыг цахим хуудсаар нийтэд зарлаж мэдээлэхээр тус тус зааснаар аймгийн ХХААГ-ын .... мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явуулахаар зарлаж, бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу нэг өдрийн хугацаанд явуулсан байна.

4.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 4.1-д шалгалтанд бүртгүүлэх албан хаагч, иргэний болзол, 5.1-д бүрдүүлэх баримт бичгийг тус тус заасан байх ба 5.3-д “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн /цаашид “оролцогч” гэх / -ийг  бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.” гэжээ.

Эндээс үзвэл шалгалтын цахим бүртгэлийг шалгалтын комиссын шийдвэрээр баталгаажуулахаар байна.

4.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаас үзвэл цахим бүртгэл нь нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын захиргааны акттай холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д”...Шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

5. “Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Д.М-д холбогдох хэсэг, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг ХХААГ-ын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай "Д.М-ыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 3.2.2-д зааснаар шалгалтын комисс нь шалгалтанд орох иргэдийн материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах эрхтэй байна. 

Маргаан бүхий ажлын байрны албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулж, 11 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтын комисс хуралдаж, шалгалтанд орохоор цахимаар бүртгүүлсэн 4 иргэний материалыг албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хангаж байгаа эсэх, мэргэжлийн индексийг нягталж үзээд 4 иргэнийг тус бүр 100 хувийн саналаар бүртгэлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

5.2. Шалгалтын комиссоос албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индексээр заагаагүй бизнесийн удирдлага гэж заасан тул гуравдагч этгээд  2011-2014 онд ... сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн нь бизнесийн удирдлага гэсэн мэргэжлийн тусгай шаардлагыг хангана гэж үзжээ.

5.3. Хариуцагч шалгалтын комиссын дарга шүүх хуралдаанд тайлбарлахдаа ”албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс заагаагүй тохиолдолд шинжлэн ухааны салбар, мэргэжлийн чиглэлээр дүйцүүлэх байдлаар авч үзэж, олонхын саналаар шийдвэрлэдэг. Гуравдагч этгээдийн мэргэжил нь  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалын хавсралтаар баталсан бакалаврын мэргэжлийн чиглэлд  бизнесийн удирдлагад хамаарч байгаа “гэж, нэхэмжлэгч талаас “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаал нь 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн хүчингүй болсон учир  гуравдагч этгээдэд хамаарахгүй” гэж маргана.

5.4. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална...”, 23.4-д” Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар албан тушаалын тодорхойлолт боловсруулах журмыг баталжээ.

5.5. Журмын 1.2-т зааснаар албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан ба 3.5.1-д төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод тусгагдах тусгай шаардлагыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагыг баримтална. 3.5.2-д төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана” гэжээ.

 5.6. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагад  боловсрол -
бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэжил- албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх, туршлага- туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэсэн шалгуурыг тогтоожээ.  

Томилох эрх бүхий албан тушаалтан дээрх тусгай шаардлагын хүрээнд тухайн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан эсэхийг төрийн албаны зөвлөл хянаж үзэж зөвшөөрөл олгосноор батлагдсан байх тул маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагын үндэслэлийн талаар талууд маргаангүй. 

5.7. Маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг тус газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/40 дүгээр тушаалын хавсралтаар баталсан.  Албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, багаар ажиллах, бусад гэсэн хэсгийг хамааруулж, боловсрол нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, мэргэжил нь ...., мэргэшлийн хувьд төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны багц сургалтанд хамрагдаж төгссөн, туршлагын хувьд туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, ур чадварын хувьд дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах зэрэг ур чадваруудыг нарийвчлан заасан байна.

Талууд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан эсэх талаар маргаж байна.

5.8. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар боловсролын асуудал эрхэлсэн сайд нь дээд боловсролын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл, индексийг батлах ба ажлын байрны тодорхойлолт боловсруулах журам, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэжлийн индексийг заах эсэх талаар зохицуулалт байхгүй байна.

5.9. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 5.1.4-д шалгалтанд оролцогч боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт бүрдүүлэхээр заасан ба 5.2-д “Комисс нь шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй” гэж заасан тул шалгалтын комисс боловсролын сайдын тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл, индексийг магадалж үзэх эрхтэй.

5.10. Гуравдагч этгээдийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон бакалаврын дипломд нягтлан бодох бүртгэл мэргэжил /D341400/-ээр суралцан төгссөн гэж байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс/-ээс харах боломжтой байна. Тушаалын хавсралтад  бизнесийн удирдлагын салбар-34, мэргэжил-14, төрөлжсөн мэргэжил-00 гэсэн индексээр нягтлан бодох бүртгэл /341400/ хамаарч байх ба гуравдугаар хавсралаар баталсан ”сургалтын байгууллагын мэдэлд үлдээх мэргэжлийн чиглэл, индекс/-д нябо бүртгэл мэргэжилд нябо хяналт шалгалт, мэргэшсэн нябо, үнийн бүртгэл, нябо мэдээлэл зүй зэрэг мэргэжлийг хамааруулжээ.

5.11. Шалгалтын комисс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан индексийг харж гуравдагч этгээдийг шалгалтанд бүртгэсэн гэж тайлбарлажээ. Уг тушаалын хавсралтаар баталсан “дээд боловсролын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс/-д ерөнхий мэргэжлийн чиглэл 04 бизнес, удирдлага, эрх зүй- төрөлжсөн чиглэл 041 бизнес ба  удирдахуй- нарийвчилсан чиглэл 0411- нягтлан бодох бүртгэл, татвар хөтөлбөр /индекс 041101/ багтсан байх ба тушаалыг 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан.  

5.12. Эндээс үзвэл нягтлан бодох бүртгэл мэргэжил нь бизнесийн ухааны салбарт хамаарахаас бизнесийн удирдлага мэргэжил гэж ойлгохооргүй байна. Энэ талаар гэрч ... сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц.П  “... Манай сургуулийн 2014 оны тусгай зөвшөөрөл дээр нягтлан бодох бүртгэл 341400 индекстэй, бизнесийн удирдлага 340100 индекстэй хоёр өөр мэргэжил гэж заасан. Д.М нь  нягтлан бодох бүртгэл мэргэжлийн индексээр төгссөн учир бизнесийн удирдлагын мэргэжилтэй гэж үзэхгүй. 2014 онд бизнесийн менежмент мэргэжил  гэдгийг бизнесийн удирдлага гэж дүйцүүлэн олгосон.” гэж мэдүүлсэн.

Иймд гуравдагч этгээдийг бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн гэж үзэхгүй, харин бизнесийн ухааны бакалавр нь боловсролын зэргийг илэрхийлж байна.

5.13. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил нь албан тушаалын чиг үүрэгт хамааралтай байх нь тусгай шаардлагын шалгуур болох ба маргаан бүхий албан тушаалын зорилго, чиг үүргийг “Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлого хөтөлбөрүүдийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тайлагнах, аймгийн худалдаа, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны даргын өмнө хариуцна” гэж тодорхойлсноос үзвэл нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь тус албан тушаалын чиг үүрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна.

5.14. Мөн талууд гуравдагч этгээдийн мэргэжлийн шаардлагаас бусад шаардлага хангаж байгаа эсэх талаар маргаагүй хэдий ч шалгалтын комисс бүртгэх эсэхийг шийдвэрлэхдээ албан тушаалын тусгай шаардлага бүрийг хангаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй тул туршлагын хувьд шаардлага хангаагүй буюу туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага хангаагүй байхад бүртгэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

5.15. Дээрх үндэслэлүүдээр албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээдийг шалгалтанд бүртгэсэн шалгалтын комиссын шийдвэрийг буруутайд тооцох үндэслэлтэй байх тул түүний үр дагавраар нэр дэвшүүлж, ажил томилсон шийдвэрүүдийг хууль бусад тооцож хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.16. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг шалгалтанд биечлэн оролцсон эсэх нь эргэлзээтэй гэж маргасан ч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02/731 дугаар албан тоотод төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем нь бүртгэх, шалгах, дүгнэх зэрэг шалгалтын бүхий л процессыг бүрэн цахим хэлбэрээр явагдаж, шалгалтанд оролцогчдын авсан дүн олон нийтэд нээлттэй, ил тодоор Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршдаг талаар болон цахим системийн хувьд сорилын шалгалтуудад оролцоогүй иргэн дээр Салбар зөвлөл, шалгалтын комисс зөвхөн ярилцлагын дүн шивж оруулах боломжгүй талаар дурдаж Д.М-ыг шалгалтанд орсон огноо, авсан оноо, шалгалтанд хамт орсон иргэдийн мэдээллийг ирүүлсэн. Мөн шалгалт зохион байгуулсан комиссын нарийн бичгийн дарга Ш.О , шалгалтанд хамт орсон Ц нар Д.М шалгалтанд орсон гэдгийг гэрчилсэн байх ба тухайн шалгалтын үеийн видео бичлэг байхгүй тул гуравдагч этгээдийг шалгалтанд ороогүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно.” гэж заасныг баримтлан “Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Д.М-д холбогдох хэсэг, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг ХХААГ-ын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай "Д.М-ыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. ХХААГ-ын .... мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтанд Д.М-ыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд даалгах, аймгийн  ХХААГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Д.М-ыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулж, ХХААГ-ын .... мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шаардлагын тухайд: 

6.1. Нэхэмжлэгч нь аймгийн  ХХААГ-ын даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/26 тоот тушаалаар тус газрын .... мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.

6.2. Тухайн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/40 дүгээр тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод зааснаар уг албан тушаал нь төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын ТЗ-5 ангилалд хамаарч байна.

 Иймд уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан хүнийг томилох ёстой байна.   

6.3. Ховд аймагт ажилласан Төрийн албаны зөвлөлийн ажлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай тогтоомж зөрчиж томилсон нэхэмжлэгчийн тушаалыг хүчингүй болгохыг томилох  эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгожээ. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зөрчлийг арилгаж, холбогдох албан тушаалын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж нөхөх талаар 2021 оны 10 дугаар сарын 135 тоот албан бичгийг ХХААГ-ын даргад хүрүүлснээр маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгалтын дүнгээс хамаарч маргаан үүсжээ.

6.4. Шалгалтанд 4 хүн бүртгүүлж оролцсоноор гуравдагч этгээд хамгийн өндөр оноо буюу 76 оноо авч нэгдүгээрт, нэхэмжлэгч 62 оноо авч хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй байхад бүртгэж шалгалтанд оруулж хамгийн өндөр авсанд тооцож нэр дэвшүүлсэн нь хууль бус учир дээрх захиргааны актуудыг хүчингүй болгосноор уг албан тушаалын тусгай шалгалтанд хамгийн өндөр авсанд тооцогдож нэр дэвшүүлэх боломжтой гэж маргаж байна.   

6.5. Гуравдагч этгээдийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон туршлагын тусгай шаардлагыг хангаагүй байхад бүртгэж шалгалтанд оруулсан хариуцагчийн үйлдэл нь хууль бус талаар шийдвэрийн 5 дахь хэсэгт  дүгнэсэн тул энэ үйл баримтын талаар дурдахгүйгээр нэхэмжлэгчийг албан тушаалын тусгай шалгалтанд хамгийн өндөр авсанд тооцогдож нэр дэвшүүлэх үндэслэлтэй эсэх талаар авч үзэх нь зүйтэй байна.

6.6. Нэхэмжлэгч нь 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ... их сургуулийг хүнсний микробиологи мэргэжлээр, /индекс бичигдээгүй/ хүнс судлалын ухааны бакалаврын зэрэгтэй төгсжээ.

Шалгалтын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэлээс үзвэл албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индексээр заагаагүй тул нэхэмжлэгчийн төгсгөсөн хүнсний микробиологи мэргэжлийн хүнс-хоол үйлдвэрлэлийн технологи, биотехнологи гэсэн мэргэжилтэй адилтган үзэж мэргэжлийн тусгай шаардлагыг хангана гэж үзэж шийдвэрлэжээ.

6.7. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/, индекс/-д боловсруулах үйлдвэрийн технологи салбар-54, мэргэжил-08, 10, төрөлжсөн мэргэжил-00 гэсэн индексээр хүнсний үйлдвэрийн технологи, эрүүл ахуй  /540800, 541000/ хамаарч байх ба гуравдугаар хавсралаар баталсан ”сургалтын байгууллагын мэдэлд үлдээх мэргэжлийн чиглэл, индекс/-д хүнсний үйлдвэрийн технологи, эрүүл ахуй  мэргэжилд хүнсний эрүүл ахуйн хяналт-үнэлгээ гэсэн мэргэжлийг хамааруулахаар индексийг заажээ.

6.8. Нэхэмжлэгчийн бакалаврын диплом дээр мэргэжлийн индекс бичигдээгүй тул  мэргэжлийн хувьд таарах эсэхийг ерөнхий салбар төрөлжсөн мэргэжил, нарийвчилсан мэргэжлээр харах боломжтой ч шалгалтын комиссын хувьд хүнсний микробиологи мэргэжлийг албан тушаалын тодорхойлолт дээрх хүнс-хоол үйлдвэрлэлийн технологи, биотехнологи гэсэн мэргэжилтэй адилтгаж хүнс судлалын ухаанд хамаарна гэж үзсэн нь үндэслэлгүй.

 Мөн нэхэмжлэгч туршлагын хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна.

6.9. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 1.2-д “Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэн болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.” гэж заасан тул гуравдагч этгээдийн бүртгэл хүчингүй болсноор нэхэмжлэгчийг шалгалтанд өндөр оноо авсанд тооцож нэр дэвшүүлэх үндэслэл болохгүй.

6.10. Мөн журмын 8.1-д “Төрийн албаны тухай хуулийн 22,23 дугаар зүйлд  заасан болзол болон албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шалгалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

6.11. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлэх үндэслэлгүй бөгөөд албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх зарчим, 7.1.5-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо баримтлах чадахуйн зарчим, 25 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн ХХААГ-ын .... мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтанд Д.М-ыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд даалгах, аймгийн  ХХААГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Д.М-ыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулж, ХХААГ-ын .... мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн албаны тусгай шалгалтад Д.М-ыг бүртгэсэн төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтын цахим бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйlийн 7.1, 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 11 сарын 02-ны өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэлийн зургаа дахь хэсгийн 4-д Д.М-д холбогдох хэсэг, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 81 тоот тогтоол, Ховд аймаг ХХААГ-ын даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай "Д.М-ыг мэргэжилтнээр томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, ХХААГ-ын ... мэргэжилтний ажлын байрны мэргэшлийн тусгай шалгалтанд Д.М-ыг хамгийн өндөр оноо авсанд тооцож, тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд даалгах, аймгийн  ХХААГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/26 тоот "Д.М-ыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулж, ХХААГ-ын .... мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ