Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/183

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Даваахүү,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С-ын Б холбогдох эрүүгийн 2538000000154 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А  овогт С-ын Б , 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, эгчийн хамт Хөвсгөл аймгийн ....................сумын ........................ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ......................  дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Той 1 дүгээр багийн нутаг “Бор бургаст” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 9.2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий хуурай мод бэлтгэж байгаль экологид 2.792.926 төгрөгийн шууд хохирол, 8.378.778 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Той 1 дүгээр багийн нутаг “Бор бургаст” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 9.3 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий хуурай мод бэлтгэж байгаль экологид 2.792.926 төгрөгийн шууд хохирол, 8.378.778 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-17-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-23-р хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 24-25-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 26-р хуудас), эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-29-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл (хх-ийн 27, 30-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас), гэрч Б.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас), гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас), Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн шинжээч Ц.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 54-56-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээч Г.Бямбасүрэнгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаартай үнэлгээний дүгнэлт (хх-ийн 63-р хуудас), Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-925-12161 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 72-75-р хуудас), Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 90-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаартай “Эвлэрлийн гэрээ” (хх-ийн 99-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй.

 Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 38-41 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2.792.926 төгрөгийн шууд хохирол учирсан нь  Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 8.378.778 төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцжээ.

Шүүгдэгч С.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Б-тай 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “учруулсан хохирол болох 8,378,778 төгрөгийг төлж дуусгахаар” харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, хэрэгт гаргаж өгсөн (хх-ийн 99-100-р хуудас) бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн 8,378,778 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 8,378,778 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, 2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж “Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга,...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах” гэж тус тус хуульчилсан.

Энэ хэргийн тухайд  9.2 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 57 ширхэг хуурай мод нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д, харин 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хар зүсмийн хайнагийн шар үхэр, 200,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн 1 тооны мод зүсвэрийн хөрөө,  50,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Мустанг Хөвсгөл дөлгөөн сэлбэг” гэх бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тооцогдохоор байна.

Иймээс прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн  9,2 м3 хэмжээтэй хуурай шинэс мод болоод шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хар зүсмийн хайнагийн шар үхэр,  200,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн 1 тооны мод зүсвэрийн хөрөө,  эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Мустанг Хөвсгөл дөлгөөн сэлбэг” гэх бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгч С.Б-ийн ойн санд учруулсан  8.378.778 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын сан буюу улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А  овогт С-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-ын Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 600 (зургаан зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000154  дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 9,3 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 57 ширхэг хуурай дүнз мод болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны хар зүсмийн хайнагийн шар үхэр, 200,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн 1 тооны мод зүсвэрийн хөрөө эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Мустанг Хөвсгөл дөлгөөн сэлбэг” гэх бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгч С.Б-ийн ойн санд учруулсан  8.378.778 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын сан буюу улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Б-оос байгаль экологид учруулсан хохирол болох 8.378.778 (найман сая гурван зуун далан найман мянга долоон зуун далан найм) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

               

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ