| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/1171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1318 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1318
2025 05 20 2025/ШЦТ/1318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ц.Чингүүн,
хохирогч З.Т ,
шүүгдэгч У.М , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 01130 0851 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.М нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч З.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед ажил үүргээ хэвийн гүйцэтгэж явж байсан. Удаа дараа 4-5 удаа эелдэгээр тайлбарлаж өгсөн. Тэгээд хаах гээд цэвэрлэгээ хийх гэж байхад саад болсон тул та гарна уу гэж эелдэгээр хэлсэн. Тэгэхэд хатуу биетээр ар нуруунаас цохиж, тэгээд сэтгэл санааны байдал муу байснаас болж хэд хоног ажилдаа яваагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/, Хохирогч З.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Э-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/2039 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-60/, Шүүгдэгч У.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч У.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул маргах зүйлгүй... Харин хохирлын баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хохирлын баримтууд баримтаар нотлогдохгүй байна. Нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй тул гэрээр хэвтэж эмчлүүл гэж хэлсэн. Харин ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа .” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч У.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” ресторан дотор “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар хохирогч З.Т гийн цавь хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хуухнагийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,
Хохирогч З.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ... д ажил дээрээ хаах бэлтгэлээ хангаад байж байсан ба манайд хамгаалагч хийдэг У.М гэх ах ажлын бус цагаараа үйлчлүүлэхээр ганцаараа орж ирсэн... Ойртож ирж байхдаа намайг пизда гэх мэт хэдэн хараалын үг ашиглаж хэл амаар доромжилсон ба би тэр хүнийг надад тулаад ирэх үед нь зай барьж хойшоо 2 алхам алхтал У.М ах баруун хөлөөрөө миний эмзэг эрхтэн рүү жийсэн ба би шууд доошоо суусан. Газарт суучихсан байх үед миний толгой хэсэгт баруун гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод би улам доошоо нугнайгаад толгойгоо 2 гараараа хамгаалаад суусан. Тэгээд би өвдөлтөө намдтал 5 орчим минут сууж байгаад босоод тэр хүнээс зугтаад цагдаад дуудлага өгөөд камерын хяналтын өрөөнд орж нуугдаад цагдаа ирэхийг хүлээсэн. У.М гэх хүнийг заалны камераар харж байхад тэр хүн намайг хайгаад байгаа бололтой харагдаж байсан ба 20 орчим минут байж байгаад манай ажлын газраас гараад явсан ба цагдаа У.М ахтай зөрж орж ирсэн. Миний зүүн төмсөг хавдаад ойролцоогоор 5 хоног хөндүүртэй байсан ба өшиглүүлсэн өдрийн дараа өдрөөс халуурч өвдөлт нь тэсвэрлэхийн аргагүй байсан болохоор яаралтай тусламж дуудсан. 2025 оны 01 дүгээр сарын 12-ны оройноос халуурч эхлээд 2025 оны 01 дүгээр сарын 13-нд нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээжээрээ хүргүүлээд өвчин намдаах болон бусад эмчилгээ шинжилгээ хийлгээд тэр өдөртөө эмчилгээний дараанаас халуун буусан. Мөн миний зүүн гуяны дотор талд хөхөрсөн, алхахад зовуурьтай хөндүүртэй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Э-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/2039 дугаартай: “З.Т гийн хуухнагийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заанаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “Үзлэгийг 01:30 минутын урттай бичлэгийг тоглуулан үргэлжлүүлэхэд ... кафе дотор заалыг харуулсан байх ба хохирогч З.Т хэн нэгэн рүү хандан ямар нэг зүйл хэлж байгаа мэт дүрс бичигдсэн байв. 00:14 минутад хохирогч З.Т г чиглэн ирж буй хүнийг харуулав. 00:16 минутад хохирогч З.Т г чиглэн ирсэн хүн өшиглөж, З.Т доош сууж байгааг харуулав. 00:17 минутад тухайн хүн хохирогч З.Т гийн толгой тус газарт баруун гараараа 2 удаа цохиж байгааг харуулав. 00:40 минутын орчимд тухайн байгууллагын өөр нэгэн ажилтан тухайн З.Т гийн биед халдсан хүнийг холдуулж өөр танхим руу оруулж байгаа нь харагдана. 00:50 минутад хохирогч З.Т эвхрэн суугаад толгойгоо барьж буй харагдах ба цаашид бичлэгийн төгсгөл хүртэл хэрэгт ямар нэгэн ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байх тул үзлэгийг дуусгав..” гэх тэмдэглэл /хх-ийн 56-60/,
Шүүгдэгч У.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би З.Т д учирсан хохирол төлбөрийг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч У.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч З.Т гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч У.М нь хохирогч З.Т гийн цавь хэсэгт нь өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хуухнагийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд урд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч У.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Т гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны зардал гэж 86,000х5 хоног=430,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгаа тус тус нэхэмжилсэн байна.
Шүүхээс хохирогч З.Т гийн нотлох баримтын шаардлага хангасан ажилгүй байсан хугацааны зардал 430,000 төгрөгийг шүүгдэгч У.М аас гаргуулж, хохирогч З.Т д олгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д хөнгөн зэргийн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамруулахаар зааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заажээ.
Иймд хохирогч З.Т гийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх ба сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Харин хохирогч З.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч У.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч У.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Хохирогч З.Т “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.М “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч У.М т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч У.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.М нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч У.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар У.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар У.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М аас 430,000 төгрөг гаргуулан хохирогч З.Т д олгосугай.
5. Хохирогч З.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО