Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2017/00533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч Д.Батболд нарыг оролцуулан хийж Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Д.Батболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суух Түмэн овогт Даваасүрэнгийн Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2012 онд Батболдтой танилцаж 2014 онд охин Мөнх-Эрдэнийг төрүүлсэн. Батболд бид хоёр 2014 онд гэр бүл болон 2016 оны 9 сар хүртэл амьдарч байтал Батболд нь чи хот явж ажил хий би хөдөө адуу маллах боллоо охин ээж дээр байж байг гээд намайг хот явуулаад удалгүй охин Мөнх-Эрдэнэ болон миний хуваарьт эд хөрөнгийн зарим хэсгийг аав Даваасүрэнгийнд өгсөн байсан. Охин бид хоёртой 2016 оны 9 сараас өдий хүртэл уулзаагүй. Иймд охин Мөнх-Эрдэнэд тэтгэлэг тогтоолгох, үлдсэн эд хөрөнгө болох сарлагийн эр үхэр 2, суурин утас /200.000/ хөрөө/160.000/ 2016 оны 9 сараас өдий хүртэлх хүүхдийн мөнгө 240.000 төгрөг, хонь 16, ямаа 9 гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багт оршин суух Ханжаргалант овогт Дагвадоржийн Батболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2013 онд Алтантуяатай танилцан дотносон 2014 онд охин Мөнх-Эрдэнэ төрсөн ба тэр жилээ хурим найраа хийж айл болсон. Хоёр талаас өмч хөрөнгөд ирсэн малаа хамт маллаж хөдөө амьдарч 2 жил болохдоо зарим нэг мал зарж хэрэглэсэн идэш болгосон. Алтантуяагийн нэхэмжилж байгаа эд зүйл малыг хариуцан төлөх боломжгүй. Салах шалтгаан надаас болоогүй хүүхдийн тэтгэвэр төлөхөд ч харамсалтай бөгөөд өсгөсөнөө бодохоор охиноо өөр дээрээ авч өсгөмөөр байна гэжээ.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Д.Батболдоос хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыг хүсч нэхэмжлэл ирүүлжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.97024 төгрөгний хадгаламжтай хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөө, эр хонь-2, эм хонь-3, мөн хариуцагч Д.Батболд нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа гэрийн модны оронд 1.200.000 төгрөг өгөх саналтай байна гэсэн тул зохигчдыг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна. 

Хариуцагч Д.Батболд нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд учир хариуцагчаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэстэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэг хүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг Д.Батболдын дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж түүний хүссэн үед охин Б.Мөнх-Эрдэнэтэй нь уулзуулж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг Д.Алтантуяад даалгах нь зүйтэй.

Д.Алтантуяа нь 2014 оны 07-р сарын 30-ны өдөр охин Б.Мөнх-Эрдэнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Д.Батболдоос тэтгэлэг гаргуулж 2014 оны 07-р сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 07-р сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Батболдоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Монгол улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батболдоос 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.97024 төгрөгний хадгаламжтай хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөө, эр хонь-2, эм хонь-3 ширхэгийг, 1.200.000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.Батболдоос 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

5. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

6. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

7. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдаж, эцэг Д.Батболдын хүссэн үед охин Б.Мөнх-Эрдэнэтэй нь уулзуулж байнгын харилцаатай байх боломжоор хангахыг Д.Алтантуяад даалгасугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

9. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ