| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538000000159 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт М-ийн Б , 1981 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргапант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ................. сумын 2 дугаар баг, доод цэцүүх гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Доод цэцүүх” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3.3 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 24 ширхэг хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, байгаль экологид 477,053 төгрөгийн шууд хохирол, 1,431,159 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны үед Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Доод цэцүүх” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3.3 метр куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 24 ширхэг хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, 477,053 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-11-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 12-15-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл (хх-ийн 16-18-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 19-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас), гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт, хэрэглээний модон материалын хэмжилтийн хүснэгт, (хх-ийн 33-35-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-925-12303 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-45-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 25-26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 477,053 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1,431,159 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцжээ.
Шүүгдэгч М.Б экологи эдийн засагт учирсан 1,431,159 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн Голомт банкны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн баримт /хх-ийн 80 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.
Энэхүү хэргийн тухайд 3.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн 24 ширхэг хуурай мод нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шар өнгийн их биетэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны тагтай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тус тус тооцогдохоор байна.
Иймд прокурорын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 24 ширхэг 3,3 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод болон эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шар өнгийн их биетэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны тагтай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Баасанжавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-ийн Б-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 3.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн 24 ширхэг хуурай мод болон эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шар өнгийн их биетэй, хар өнгийн бариултай, улаан өнгийн маниулны тагтай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баасанжавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ