| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1317 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1317
2025 05 20 2025/ШЦТ/1317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******** овогт Э-ын Төд холбогдох эрүүгийн 2503 0013 00372 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ***** ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********* дүүргийн *** дугаар хороо, ********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******* овогт Э-ын Т /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Төд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2503 001300372 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,
Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 182-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р хуудас/,
Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-33-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГО625/684 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-68-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО225/239 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-130-р хуудас/,
****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 142-143-р хуудас/,
ЭЭЖФЮББСБ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 250045 дугаартай албан бичгийн хуулбар хувь /хх-ийн 145-р хуудас/,
Э.Тийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 148-р хуудас/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0000411 дугаартай магадлагаа /хх-ийн 166-167-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Бямбаа, Ш.Энхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-153, 184, 187-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2503 0013 00372 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ: “... шүүгдэгч Э.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед ****** дүүргийн *** дугаар хороо, **** үйлчилгээний уулзварын замд Тоёота приус маркийн ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Гийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Т: “... Тухайн өдөр эхнэрээ хүргэж өгөх гээд ажил руу нь явж байсан. Амгалангийн прицер өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү ороод өөдөөс машин ирэхээр нь хурдаа сааруулаад нэг машины урдуур орсон. Би эхлээд хүн мөргөсөн гэж бодоогүй. Гэнэт түс гээд явсан. Буугаад харахад хүн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөргөчихөөд буугаад сандраад эхнэрийг түргэн дууд гэж хэлээд өөрөө анхны тусламж үзүүлсэн. Тэр үед амьсгаатай байсан...” гэв.
Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Отгончимэг: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Өөрийнхөө анхаарал болон болгоомжгүй байдлаас болон гэмт хэрэг үйлдэж хүний амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд төлөв даруухан, нөхөрсөг, архи дарс хэрэглэдэггүй. Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах саналд тусгайлсан санал байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1,247,640 төгрөгийг шүүгдэгч төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Анх цагдаагийн газраас залгаад сонсоод очсон. Тэгэхэд авто тээврийн ослоор амь үрэгдсэнг мэдсэн. Энэ хүнийг мөргөсөн гэж хэлээд эгчдээ хэлсэн. Оршуулгын зардал 4,500,000 төгрөг өгсөн байгаа. Одоо хүнс авсан тооцооны төлбөр 1,217,640 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай зүгээс гомдолгүй. Олон өнчин дүү нартай болохоор тэд нартайгаа ялгаа юу байхав гэж бодсон...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... миний төрсөн ээж О.Б-ын төрсөн эгч О.Должинсүрэнгийн ганц хүү нь Д.Г байгаа юм. Би Д.Гийн үеэл эгч нь. Д.Г 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд сумын эмнэлэгт төрсөн. Бага насаа ээжийнхээ гар дээр Хөвсгөл аймгийн ******** суманд өссөн. Ээжийнхээ нэрээр овоглож явдаг. Айлын ганц хүү бөгөөд багадаа Хөвсгөл аймгийн *******суманд 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой, 2 дугаар ангид байхад нь ээж нь тархиндаа харвалт өгч зуурдаар нас барсан. Ээжийгээ нас барснаас хойш миний ээж О.Б дээр өссөн... Тэрнээс хойш сураггүй байж байгаад 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн байгууллагаас ярихаар нь зам тээврийн осолд орж нас барсныг мэдсэн... Талийгаач Д.Г нь багаасаа аавгүй өссөн, ээж нь 1996 онд нас барсан, төрсөн ах, эгч, дүү байхгүй, эмээ, өвөө нь мөн адил хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Эхнэр хүүхэд байхгүй, өмнө нь гэрлэж байгаагүй... миний бие хохирогчийн хувьд гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү... оршуулгын зардалд 4,500,000 төгрөг авсан... төлөгдөөгүй 1,217,640 төгрөг...” гэх мэдүүлэг,
Камерын бичлэг үзлэг хийж, “...бичлэгийг үргэлжлүүлэхэд 31:49 цагт цайвар өнгийн тээврийн хэрэгсэл гэрлийн шонгийн цаад талд байсан явган зорчигчийг мөргөөд зогсож байгаа дүрс бичлэг байв... 31:54 цагт цайвар өнгийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж зогсоод ухарч байгаа дүрс бичлэг харагдаж байна” гэж бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад үед манай нөхөр гадуур явж байгаад ирсэн. Тэгээд миний ажилладаг ******** дээр байдаг *** хоолны газарт манай нөхөр намайг хүргэж өгөхөөр болоод 20 цаг өнгөрөөгөөд Т нь өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад манай ажилруу Х-гаас явсан. Замаараа манай нөхөр ажлаараа орж бүртгүүлчихээд буцаж гарч ирээд -гийн замаар зүүнээс баруун чиглэлтэй явсан. Зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас хойш чиглэлтэй нэг машин уулзвар луу эргэсэн түүний дараа хөдлөөд явж байтал түс гээд юм мөргөх шиг болоод зогсон. Манай нөхөр бид хоёр машинаасаа буугаад хартал зам дээр хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГО625/684 дугаартай “... Талийгаачийн цогцост гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, зүүн чамархай, суурь ясны шугаман хугарал, суурийн дунд хонхор ба турк эмээлийн салсан хугарал, тархины эдийн няцрал, баруун, зүүн хажуу болоон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун, зүүн уушгины уг ба доод дэлбэнгийн гялтан доорхи цус хуралт, эдийн няцрал, зүүн чихний шарх, дух, хамрын нуруу, баруун хацар, зүүн шанаа, зүүн өвдөг, зүүн тохой, хоёр сарвууны зулгарал” бүхий гэмтлүүд тогтоогдлоо... зам тээврийн ослын мөргүүлэх үед үүссэн байх боломжтой гэмтлүүд... талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО225/239 дугаартай “шинжилгээнд хүргүүлсэн Toyota Prius маркийн ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл 14-22 км/цаг хурдтай явсан байна...” гэх дүгнэлт,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай “баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700cd, хол дээрээ 1800cd /стандарт 10.000-225.000cd/ байна. Баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь замын гэрэлтүүлэг, автомашины хурд зэргээс хамаарч үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар осолд нөлөөлөх боломжтой...” дүгнэлт,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0000411 дугаартай “жолооч Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх магадлагаа
Жолооч Э.Тийн жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас... хүний амь нас хохирсон бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т нь ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700cd, хол дээрээ 1800cd /стандарт 10.000-225.000cd/ стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцож, улмаар эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийн гэрэл, автомашины хурд зэргээс хамаарч өөрийн үзэгдэх орчингоо хязгаарлан замд байсан явган зорчигч Д.Гийг мөргөж, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас хохирооч зам тээврийн осол гарчээ.
Жолоодох эрхийн лавлагаагаар Э.Т нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №1191455 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.
Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадалгаа гаргасан Малчин овогтой Өнөрсайхан нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон” гэсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Э.Т нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчоогүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, стандартын шаардлага хангаагүй гэрлийн тусгалтай тээврийн хэрэгслийг жолоодож явсны улмаас явган зорчигч Д.Гийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 а, 5.3, 12.2, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, Д.Гийн амь нас хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мд 4,500,000 төгрөг өгсөн байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч П.М оршуулгын зардалд 1,217,640 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэргийн 154-өөс 164 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М сэтгэцэд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Э.Т нь хохирол, иргэний нэхэмжлэлийг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Т: “...Миний анхаарал болгоомжгүйгээс болж хийсэн үйлдэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуймаар байна. Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж хэрэг гарсан. Миний буруу. Намайг уучлаарай. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Х.Отгончимэг: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа. Болгоомжгүй байдлаар энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийг байдлыг харж үзээрэй гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Архи дарс хэрэглэдэггүй. Залуу хүүхэд байгаа. Ялыг өгөхдөө нийгэмшүүлэх нь чухал байдаг. Энийг бас харгалзан үзэх байх гэж бодож байна. Мөн өвлийн зам хальтиргаа болон өөр бусад нөхцөл байдал нөлөөлсөн байх гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Гэхдээ шүүгдэгч нь 20-23 км цагийн хурдтай явж байгаа гэж хэлж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзэх нь чухал байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалт байгаа. Гэхдээ нэгэнт гэмт хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд өгөөчээ гэж хэлээгүй ээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн эсвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл ял оногдуулахгүйгээр 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж эрх хязгаарлаж албадан арга хэмжээ авах заалт байна. Шүүгдэгч маань залуу хүүхэд ар гэрээ тэжээнэ, нийгэмшинэ. Хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгөөсэй гэсэн санал гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх 1,217,640 төгрөгөө илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийнхөө гаргасан ялын санкцан дээр гаргасан дүгнэлтээ дэмжиж байна...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан, шүүгдэгч Э.Т хувийн байдлын хувьд ам бүл 3, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, ял шийтгүүлж байгаагүй байна.
Иймд шүүгдэгч Э.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Э.Тийн холбогдсон хэргийн улмаас хүний амь нас хохирч, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлсэн нь хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Бусад асуудлаар
Хэрэгт 1 ширхэг “СиДи” хураагдан ирсэн ба хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Э-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас төрсөн хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс 1,217,640 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мд олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Э.Төөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР