| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/03834/И |
| Дугаар | 101/ШШ2022/00275 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00275
2022 01 11 101/ШШ2022/00275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххх дүүрэг, хххххх хороо, ххххх хотхон, 00,000 тоотод оршин суух, Ц. Д /00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххдүүрэг, хххххх хороо, хххххх,0000, ххххх, хххх хххххх нарт холбогдох,
Ур чадварын нэмэгдэл 1,455,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 145,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн даргын 02/947 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулж,зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/283 дугаартай захирамжаар ээлжийн амралтаа эдлэж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орохдоо Ур чадварын нэмэгдэл-ийг хассаныг мэдсэн ба Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/292 дугаартай захирамжаар эрхлэгч нарын 2021 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгох Ур чадварын нэмэгдэл-ийг хассан байсан. Ц.Д-гийн ур чадварын нэмэгдлийг ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй. Иймд ур чадварын нэмэгдлийг хууль бусаар хассан 2021 оны олгогдоогүй ур чадварын нэмэгдлийг нөхөн олгохыг хүсч байна. Ц.Д-гийн сарын үндсэн цалин 970,000 төгрөг, үүнээс 25 хувь 242500*6 нийт 1,455,000 төгрөг болно.
Мөн Баянзүрх Засаг дарга нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийн 2021 оны 03 дугаар сарын үр дүнгийн урамшууллыг хассан. Тухайн үед ямар үндэслэлээр хассан тодорхой бус байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Ёс зүйн зөвлөл хурлын дүгнэлт гарсны дараа, тухайн дүгнэлтэд гомдол гаргаж байх үед эрхлэгч Ц.Д-гийн удирдлага дор ажилладаг багш, ажилчид нь 2012-2019 үед болсон гэх үг, үйлдлийг үндэслэсэн болохыг мэдсэн. Дээрх хуралд ёс зүйн зөрчил гаргасан гэх намайг оролцуулалгүй эзгүйд шийдвэрлэсэн. Иймд баримт, үндэслэл нь тодорхойгүйгээр үр дүнгийн урамшуулал хассаныг зөвшөөрөхгүй бөгөөд урамшууллыг нөхөн гаргуулж өгнө үү.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн гэж 02/947 дугаартай дүгнэлт гаргаж дүүргийн засаг даргад хүргүүлсэн байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тодорхой зохион байгуулалтад орж, зарим тохиолдолд илүү цагаар ажиллаж байхад багш нар 3/1-ийн стратеги төлөвлөгөөний дагуу 21 хоногт өдрийн хагас буюу үдээс хойш 4 цагаар нэг багш 7 хоногт 2-3 удаа ирж хариуцлагатай жижүүрээр ажилласан. Эрх бүхий байгууллагаас шалгаад тогтоогдоогүй. Мөн нэг агуулга, үндэслэл, нотлох баримт, гомдлоор 2 удаа арга хэмжээ авсан. Одоо дахиад ёс зүйн зөрчил гаргасан гээд дүгнэлт гаргаж байна. Дүгнэлт гаргахдаа өмнө нь арга хэмжээ авсан үндэслэлийг дахин үндэслэл болгосон. Иймд Ёс зүйн 02/947 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/292 дугаар захирамжийг хууль, журам, дээд шатны байгууллагын тушаал, шийдвэрт нийцүүлж гаргасан. Боловсрол Шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 09 тоот тушаалаар баталсан Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 8 дугаар зүйлд Багш, ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ажлын хэсэг хуралдаж, шалгуур үзүүлэлтийн 3.2-д заасан Ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх гэсэн шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Д-гийн ажлыг үнэлж, ур чадварын нэмэгдэл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Дээрх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн гаргасан Засаг даргын захирамж нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан болно. Нэхэмжлэгчид 2021 оны үлдэх саруудын ур чадварын нэмэгдлийг зохих ёсоор олгох :эх асуудлыг ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх шаардлагатай тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дугаар захирамжийг хууль, журам, дээд шатны байгууллагын тушаал, шийдвэрт нийцүүлж гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1-т ...улирлын ажлын үр дүнгийн мөнгөн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж заасан. Мөн журмын 1.2-т зааснаар төсвийн шууд захирагч байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид урамшуулал олгохоор журамласан. Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2021 оны I дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох ажлын хэсгийн 2021.04.20-ны өдрийн хурлаар 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь дээрх журмын 2.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу харилцаа, ёс зүйтэй холбоотой гомдол 2021.03.25-ны өдөр ирсэн тул 3 дугаар сарын ажлын гүйцэтгэлд 0 үнэлгээ өгсөн байна.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан Ёс зүйн 02/947 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ёс зүйн зөвлөл-ийн ээлжит хурлаар нэхэмжлэгчид холбоотой багш нарын гаргасан гомдлыг хэлэлцээд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.6, 2.1.7, 3.1.4, 4.1,4.3, 4.3.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд дүгнэлтийг үндэслэн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Ц.Д-д ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар нэг агуулга, үндэслэл, нотлох баримт, гомдлоор 2 удаа арга хэмжээ авсан асуудал гараагүй бөгөөд үр дүнгийн урамшуулал олгох, ур чадварын нэмэгдэл олгох талаар тус тусдаа эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан шалгуур үзүүлэлт, журмыг баримталж шийдвэр гаргасан болно.
Тухайлбал: Ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн тухайд: Боловсрол Шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 09 тоот тушаалаар баталсан Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 8 дугаар зүйлд Багш, ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ажлын хэсэг хуралдаж, шалгуур үзүүлэлтийн 3.2-д заасан Ёс зүйн зөрчилгүй сахилгын шийтгэлгүй байх гэсэн шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Д-гийн ажлыг үнэлж, ур чадварын нэмэгдэл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Үр дүнгийн урамшуулал олгох журмын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1-т ...улирлын ажлын үр дүнгийн мөнгөн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж заасан. Мөн журмын 1.2-т зааснаар төсвийн шууд захирагч байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид урамшуулал олгохоор журамласан. Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2021 оны I дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох ажлын хэсгийн 2021,04.20-ны өдрийн хурлаар 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д нь дээрх журмын 2.1-т заасан шаардлагыг хангаагүй буюу харилцаа, ёс зүйтэй холбоотой гомдол 2021.03.25-ны өдөр ирсэн тул 3 дугаар сарын ажлын гүйцэтгэлд 0 үнэлгээ өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн хэлснээр хариуцагч нь ёсзүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ямар нэг шийдвэр гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдуулан ур чадварын нэмэгдэлд 1,455,000 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 145,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг гаргуулах, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга нарт холбогдуулан Ёс зүйн зөвлөлийн даргын 02/947 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Ц.Д нь ёс зүйн зөрчил гаргасан учир зохих нэмэгдэл, урамшууллыг олгоогүй гэх тайлбарыг хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга гаргасан, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Д нь Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Урамшуулал олгох тухай А/219 тоот тушаалын 2-р хавсралтаар нэхэмжлэгчийн 2021 оны 03 дугаар сарын урамшууллыг, мөн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ур чадварын нэмэгдэл олгох тухай А/292 тоот тушаалын 2-р хавсралтаар нэхэмжлэгчийн 2021 оны 06-12 дугаар саруудын ур чадварын нэмэгдлийг тус тус олгохоос татгалзан хасчээ. /хэргийн 9-12 дахь тал/
Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга, нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан үндэслэлээ Засгийн газрын 2019 оны 5-р тогтоолын 3-р хавсралтын Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д зааснаар ёс зүйн зөрчил гаргаагүй шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй гэж, мөн ур чадварын нэмэгдэл олгоогүй үндэслэлээ Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35, А/10, 09 тоот тушаалаар баталсан Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 2.3-т заасан Ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх учир олгоогүй гэх тайлбарыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд нэхэмжлэгч цалин хөлсийг зохих ёсоор олгохыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Хариуцагч, нэхэмжлэгчийн нэмэгдлийг олгохоос татгалзсан бол нэхэмжлэгч мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д заасны дагуу гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зохигч цалин хөлстэй холбогдох маргаанаа хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлээгүй, хариуцагчийн бүтцэд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байдаг эсэх талаар зохигч маргаагүй учир мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэл гаргасныг шүүх хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга нь нэхэмжлэгчийн ур чадварын нэмэгдэл 1,455,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 145,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олгоогүй байна. Нэхэмжлэгч өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудтай харилцахдаа албан бус, хувийн үзэмжээр шаардлага тавьдаг, зан харьцааны доголдол үүсгэж тэгш бусаар харилцдаг зэрэг зөрчил гаргасныг нь эрх бүхий этгээд эцэслэн шийдвэрлээгүй, зохих хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд нь тухайн асуудлыг шалган Ц.Д-гийн зөрчил тогтоогдсон, шийдвэрлэгдсэн мэтээр дүгнэн нэхэмжлэгч Ц.Д-д ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгохоос татгалзсан байна.
Тухайлбал: Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2021 оны 1-р улирлын үр дүнгийн урамшуулал олгох ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 82-р цэцэрлэгийн багш, ажилтнууд гомдол гарган дүүргийн Ёс зүйн хороо шалгаж байгаа шалтгаанаар нэхэмжлэгчийн ажлын үзүүлэлтийн оноог хасч, улмаар мөнгөн урамшуулал олгох эсэх шийдвэр гаргуулахаар холбогдох этгээдэд нь саналаа хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудаас нь удаа дараа гомдол гаргасан нь ноцтой гомдлууд байсан гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн ажлын үзүүлэлтийн оноог хасч, улмаар ур чадварын нэмэгдлийг олгох эсэх шийдвэр гаргуулахаар холбогдох этгээдэд нь саналаа хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хэргийн 50-74 дэх тал/
Түүнчлэн нэхэмжлэгчийн зан харилцаа, ёс зүйн зөрчилтэй асуудлаар ажилтнуудаас нь гаргасан гомдлыг дүүргийн ёс зүйн хороо, хорооноос томилогдсон ажилтан шалгалтын ажиллагаа явуулан гомдол гаргагч болон багш, ажилтнуудтай уулзалт хийсэн зэрэг ажиллагаа явуулсан байх боловч нэхэмжлэгчид ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгохоос татгалзсан тухай хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын А/219, А/292 тоот тушаалыг гаргах үед тус зөрчлийг шалган тогтоогоогүй байжээ. Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тухай Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн даргын 02/947 тоот дүгнэлт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх ба түүнээс өмнө нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон аливаа этгээдийн шийдвэр гарсныг хариуцагч шүүхэд нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна. /хэргийн 92-123, 131-132 дахь тал/
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олговол зохих нэмэгдлийг олгох нь ажил олгогчийн үүрэг бөгөөд хэрэв олгохоос татгалзсан бол тодорхой үндэслэлтэй байх шаардлагатай. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч татгалзлаа шүүхэд нотлоогүй учир хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргаас нэхэмжлэгч Ц.Д-гийн 2021 оны 06-12 дугаар саруудын ур чадварын нэмэгдэл 1,455,000 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөн асуудлаар түүнийг мэдсэн, мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч ур чадварын нэмэгдэлд 1,455,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан байна. Харин үр дүнгийн урамшуулалд 145,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. Хариуцагч, нэхэмжлэгчийн мөнгөн урамшууллыг олгохоос татгалзсан шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан, нэхэмжлэгч тус шийдвэрийг мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан хэзээ мэдсэн тухай тайлбарлаагүй учир тус А/519 тоот шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдуулан үр дүнгийн урамшуулалд 145,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов. /хэргийн 31-36 дахь тал/
Нэхэмжлэгч, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн даргад холбогдуулан Ёс зүйн зөвлөлийн даргын 2021 оны 02/947 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан. Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан. Тус хугацаанаас хойш хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга Б.М шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан алин болохыг тодорхой илэрхийлсэн дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Тус 02/947 тоот дүгнэлт нь эрх зүйн тодорхой үр дагаврыг үүсгээгүй боловч нэхэмжлэгчийг өөрийн байгууллагын ажилтнуудтай зүй бусаар харилцаж зан харилцааны хувьд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч өөрийн гаргасан дүгнэлт бодит байдалд нийцсэн буюу нэхэмжлэгчийн гэм буруу, ёс зүйн зөрчилд тохирсон, хууль, журамд нийцсэн гэх татгалзлаа шүүхэд нотлоогүй учир тус дүгнэлтийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.7-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч тус дүгнэлт гаргах үндэслэл болсон бодит үйл баримт, эрх зүйн үндэслэлийн талаар маргасан ба хариуцагч тус дүгнэлтийг бодит үйл баримтад үндэслэн хуульд нийцүүлэн гаргасан талаархи татгалзлаа шүүхэд баримтаар нотлоогүй, хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/947 тоот дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг талуудын хүсэлтээр хойшлуулж, хурлыг 11-ны өдрийн 11:00 цагт хэлэлцүүлэхээр товлосон ба хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга Б.М шүүх хуралдаанд оролцсон, товыг хүлээн авсан. Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт нь хурлыг хойшлуулах хүндэтгэх шалтгаан болохгүй гэж шүүх үзсэн тул хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга Б.М-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.7-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргаас 1,455,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д /0000000/-д олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/947 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 145,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 зугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргаас 38,230 төгрөг, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга Б.М-гаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ