| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1380 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1380
2025 05 23 2025/ШЦТ/1380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт У-ийн Ад холбогдох эрүүгийн 2503 00149 0380 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ******театрт бүжигчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ******* дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******* овогт У-ийн А /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.А нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 01 цаг 47 минутын орчимд ******** дүүргийн *** дүгээр хороо, ********* яамны зүүн талын уулзвар замд Тоёота harrier маркийн ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Г.Иыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Аг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2503 00149 0380 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 3-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/,
Мөрдөгчийн ослын талаарх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /бхх-ийн 9-10-р хуудас/,
Хохирогч Г.Иын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Иргэний хариуцагч, нэхэмжлэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34, 37-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2025 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЕГ0725/2832 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54-р хуудас/,
Э.Хүрэлсүх шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч Б.Цэлмэгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-64-р хуудас/,
Замын хөдөлгөөний Удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/199 дугаартай үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0445 дугаартай магадлагаа /хх-ийн 69-р хуудас/,
Жолооч У.Аий жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-91-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-41,86-91-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2503 00149 0380 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Марал: “...У.А нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 01 цаг 47 минутын орчимд ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* яамны зүүн талын уулзвар замд Тоёота harrier маркийн ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Г.Иыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул У.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч У.А болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Хохирогч Г.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Манай хуучин ажлын газрын хамт олон ажлаас гарч байгаа болохоор үдэн гаргаж өгөх хүлээн авалтад оролцоод 2025 оны 01 дүгээр сарын 31-ийн шөнийн 01 цаг 20 минутын орчимд хуучин ****** клубийн байрнаас гараад Гадаад хэргийн яамны баруун талын уулзварын урд хэсгийн ногоон өнгийн гэрэл дохиотой явган хүний гарцаар гарч яваад ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй явж байгаад Гадаа хэргийн яамны уулзвараар баруун эргэх үедээ намайг ирж мөргөж газар унгаасан...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Уг Toyota Harrier маркийн ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би үүргийг ойлгосон бусдад учирсан хохирлыг хариуцан арилгахад татгалзах зүйл байхгүй,
Toyota Harrier маркийн ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас Г-ийн И /РД:*********/ нь 2025 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174.682 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян хоёр мянга/ төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЕГ0725/2832 дугаартай “...Г.Иын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосийн суналт, 31-р шүдний хугарал, 42-р шүдэнд цууралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, буйл, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0445 дугаартай:
“A” Toyota Harrier маркийн ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино:, 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө, мөн дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
Б. Явган зорчигч Г.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол дүрминй ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа,
Жолооч У.Агийн жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар У.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч У.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.А нь ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уулзвараар эргэх үйлдэл хийхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг гарч амжаагүй байсан явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас түүнийг мөргөж хүний эрүүл мэндэд хохирол учирсан зам тээврийн осол гарчээ.
Жолоодох эрхийн лавлагаагаар У.А нь 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №631365 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр ****УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.
Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадалгаа гаргасан Моломжамц овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан У.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шүүгдэгч У.Агийн гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Г.Иын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №ЕГ0725/2832 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч У.А нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчоогүй, явган зорчигчид зам тавьж өгөлгүй явган зорчигч Г.Иыг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.1, 15.7-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, хохирогч Г.Ичиноровын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч У.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Агээс хохирогч Г.Ичиноров нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтийг гаргасан, мөн шүүгдэгч У.А нь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээний төлбөрийг тус санд төлсөн талаар шүүх хуралдааны явцад талууд дүгнэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч А.Марал: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжээр торгох ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч нар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч У.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч У.Аг чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар
Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт У-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч У.Аг чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР