Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 15

 

 

2021.05.06                                         2021/ДШМ/15                              Хэрлэн сум

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0013/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын  бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Баянжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/113 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцлээр Д.Э-д холбогдох 1 хавтас 134 хуудастай эрүүгийн 2139000000048 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Д.Э-г 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг шинэс төрлийн мод хөрөөдөн бэлтгэж, зээрд зүсмийн мориор тээвэрлэн байгаль экологид 94.110 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Э-д холбогдох 2139000000048 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  Хэнтий  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокурор, хууль цаазын  дэд зөвлөх Ж.Баянжаргал би, тус аймаг  дахь сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 03 дугаар  сарын 09-ний  өдрийн 2021/ШЗ/113 дугаартай  шүүгчийн захирамжийг  2021 оны 03 дугаар сарын 15-ны  өдөр  хүлээн  авч  ХЯНАВАЛ:

    Яллагдагч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг шинэс төрлийн мод хөрөөдөн бэлтгэж, зээрд зүсмийн мориор тээвэрлэн байгаль экологид 94.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 03 сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд прокурор, яллагдагч Д.Э-дзөвхөн 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар санал гаргаж танилцуулсан байх бөгөөд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар танилцуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Мөн Д.Э-г тус аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч түүний хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах санд хохирол төлсөн тухай баримт хавсаргасан байгааг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргасан байх бөгөөд шүүх учруулсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг  биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана гэж хуульчилсан байна. 

Гэтэл яллагдагч Д.Э-д холбогдох хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэж прокурорт буцаасан атлаа шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолоор хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн нөхцөл байдал хангагдаагүй” гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл буюу “урьдчилсан хэлэлцүүлгийн үед шийдвэр гаргах” хуулийн заалтыг баримталж гомдол гаргах хугацаа эрхийг дурьдсан нь ойлгомжгүй байна.

Яллагдагч Д.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу хээр зүсмийн морийг нядалж хэрэгцээндээ ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч М.Оюунбаатарын...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Д.Энадтай утсаар яриад адуу идэх гэсэн юм туслаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Хашаан дотор нь зээрд зүсмийн морь уяатай байсан. Тухайн морийг би ажилласангэх мэдүүлэг, яллагдагч Д.Э-ийн...”миний адуу Цэнхэрмандал сумын нутагт хамаатан дүү Батхуягийнд байдаг. Идшинд хэрэглэх зорилгоор тухайн хөгшин зээрд морио Багануур дүүрэгт аваачиж хашаандаа хуурай дүү М.Оюунбаатар гэх хүнээр ажиллуулсан” гэх  мэдүүлгүүдээр тогтоогддог.

Иймд дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морины үнийг тогтоох зорилгоор шинжээч томилж “ үнэлгээ тогтоосон” дүгнэлт гаргуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг үндэслэн морины үнэ , шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгох, харин 6.40 метр урттай олс 1 ширхгийг устгах, албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг яллагдагч Д.Энь  сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан 94110 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний 282.330 төгрөгийг тушааж баримтыг хавсарган хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж ирүүлснийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заажээ.

Яллагдагч Д.Э-д оногдуулах ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон тэмдэглэл дээр  техникийн шинжтэй алдаа гаргаж  албадлагын арга хэмжээг дурдалгүй орхигдуулсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн үед Д.Энь гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн прокурортой ял албадлагын арга хэмжээг тохиролцсон талаараа мэдүүлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн  төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан бөгөөд яллагдагч Э нь өөрийн санаачлагаар, сайн дураараа 100180655408 дугаар дансанд 282330 төгрөгийг тушаасан болох нь тогтоогдсон байна.   

 Хуулийн дээрх заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг заавал төлж барагдуулсан байхыг шаардахгүй байгааг  анхаарч үзэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах үр дагавар бий болгож байна .

Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын  эсэргүүцэл бичив...гэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй юм. Э нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрдөг. Экологийн төлбөрийг бүрэн төлсөн. Цэнхэрмандал сумын нутгаас мод бэлтгэсэн боловч Жаргалтхаан суманд тушаасан байдаг. Д.Э оршин суугаа газартаа тушаасан нь хэргийг буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийг улсын төсөвт хураахыг шүүгдэгч зөвшөөрсөн. Прокурорын зүгээс техникийн шинжтэй  алдаанаас болж зарим зүйлийг зөрүүтэй бичсэн. Хэргийг прокурорт буцаах шаардлагагүй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй, 600.000 төгрөгөөр торгуулах ял шийтгэлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...гэжээ.

Прокурор Ж.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлт тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлгүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна....гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн Прокурорын газраас Д.Э-г 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг шинэс төрлийн мод хөрөөдөн бэлтгэж, зээрд зүсмийн мориор тээвэрлэн байгаль экологид 94.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

 Д.Э-дхолбогдох хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

- Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг  хураан авах албадлагын арга хэмжээг авахаар заасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянасны үндсэн дээр шийдвэрлэх ба үүнд  шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал хамаарна.

Прокурор  Д.Э-гЭрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч зөвшөөрсөн байна /хх-108/. Гэтэл уг саналд хуульд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг тусгаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

- Гэмт хэрэг Цэнхэрмандал суманд үйлдэгдсэн байхад Д.Э гэмт хэргийн хохиролд 282330 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жаргалтхаан сумын Байгаль хамгаалах санд төлсөн баримт /хх-97/ хэрэгт авагдсан байна.Энэ нь хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээтэй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Иймд Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа шийтгэх тогтоол  гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй талаар дурьдаж, прокурорт шийтгэх тогтоол гардуусан талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хэрэгт Д.Э-дхолбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж  авагдсан байна. Шүүх цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, дээрх байдлаар алдаа гаргахгүй ажиллах шаардлагатайг магадлалд дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 2021/ШЗ/113 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Ж.Баянжаргалын  бичсэн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай., тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                         ШҮҮГЧИД                                             Я.АЛТАННАВЧ

                                                                                        Г.БОЛОРМАА