Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00205

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Л.Оюунтуяа

          Хохирогч Т.Урангялбаа

          Шүүгдэгч Б.Амартүвшин

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201714000245 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 дүү нарын хамт Булган аймгийн Булган сум 2-р баг хужирт 2в-13-09 тоотод оршин суух, урьд нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.т зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3.д зааснаар 6 жил хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Цогтбилгүүн овогт Баасансүрэнгийн Амартүвшин РД:/ГЮ84092616/,

 

Шүүгдэгч Б.Амартүвшин нь 2017 оны 02  дугаар сарын 16-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” зочид буудлаас иргэн Т.Урангялбаа, Б.Бат-Эрдэнэ нарын Samsung J7, Iphone 5s, маркын гар утаснууд болон 50.000 төгрөгийг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 16-нд Ачит бааранд сууж байгаад буудал руу орсон. Буудалд байж байгаад гарахдаа өрөө андуурч ороход тэр өрөөнд 2 хүн унтаж байсан. Ширээн дээр байсан 2 гар утсыг нь  аваад, хувцасны халаасанд нь байсан 50.000 төгрөг машины түлхүүрийг нь авсан. Өөр зүйл аваагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд анх 100.000 төгрөгийг мөрдөн байцаалтанд өгсөн. Үлдэгдэл хохирлыг төлнө. Маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Урангялбаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 16-нд Ачит буудалд байж байхад эд зүйл алга болсон. Миний халаасанд байсан J7 гар утас алга болсон байсан. Хохиролд 700.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02  дугаар сарын 16-ны өдөр бараан захын хажуу талд байрлах Ачит буудалд найз Уранялбаагийн хамт хоногоор өрөө авч орсон юм.Тэгээд бид хоёр буудалд хэсэг байж байгаад буудлаас гарах гэсэн чинь өрөөний хаалга нь тугжигдчихээд онгойхгүй болохоор нь арай хийж онгойлж гарч яваад хэсэг гадуур явж байгаад орой буудалдаа буцаж ирээд өөрсдийн авсан өрөөндөө ороод байж байгаад унтах гээд буудлын өрөөний хаалгыг түгжих гэсэн чинь түгжигдэхгүй болохоор нь буудлын жижүүрийг дуудаад өрөөний хаалга түгжигдэхгүй байна өөр өрөөнд оруулаач гэж хэлэхэд өөр өрөөнд оруулах боломжгүй байх гэж хэлэхээр нь би та тэгвэл үүдэнд хараад байж чадах юм уу гэхэд буудлын жижүүр эмэгтэй би хараад байж чадна гэж хэлээд өөр өрөөнд оруулаагүй юм. ...өглөө босоод хувцасаа өмсөөд буудлын өрөөнөөс гарах гэсэн чинь Урангялбаа миний гар утас байхгүй байна гэж хэлэхээр бид хоёр өрөөнд хайхад Уранялбаагийн халаасанд байсан ээмэг бөгж, виза карт буудлын өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь би өөрийнхөө өмсөж явсан хувцасны халаасанд өөрийнхөө гар утасыг үзэхэд миний гар утас болон машины чиптэй түлхүүр, малгай байхгүй байсан юм.Тэгэхээр нь буудлын жижүүрийг дуудаад бид хоёр гар утас болон өмсөж явсан хувцасны халаасанд байсан мөнгө виза карт байхгүй байна. Бид хоёрыг унтаж байхад өрөөнд хүн орж ирсэн байна та харж байна гэж хэлээ биз дээ танай буудал камертай бол камер шүүж үзье гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгээд буудлын жижүүрээс бид хоёроос өөр хүмүүс танай буудалд өрөө авсан юм уу гэхэд шөнө 12 цагийн үед хэдэн залуучууд өрөө хоногоор аваад хонохгүй шөнө гараад явсан би та хоёрын утсыг хараагүй гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

-Гэрч Г.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02  дугаар сарын 16-ны өдөр буюу цагаан сарын өмнө Ачит төвийн буудлын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад 16 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн орж ирээд буудлын өрөө хоногоор авахад би тэр хүнд буудлын 2 номерийн өрөөг өгсөн юм.Тэгээд удаагүй араас нь нэг эмэгтэй хүн орж ирсэн би тухайн хоёр эмэгтэй хүнийг бүртгэж аваагүй буудлын өрөөнд оруулсан юм. Тухайн эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нэрийг Урангялбаа, Бат-Эрдэнэ гэж байсан. ...буудлын өрөөний хаалганы цоож эвдэрсэн байна өөр өрөөнд оруулаач гээд байхаар нь би өрөөнд оруулаагүй би буудлынхаа үүдэнд байх юм чинь зүгээр гэж хэлээд өрөөнд оруулсан. Тэгээд өглөө болоход 2 номерийн өрөөнд байрласан Уранялбаа, Бат-Эрдэнэ гэж хүний гар утаснууд халаасанд байсан мөнгө алга болсон байна гэж өрөөнөөсөө гарч ирээд танай буудалд камер байгаа юу бид хоёрын орсон өрөөнд гаднаас хүмүүс унтаж байхад орсон байна танай буудалд бид хоёроос өөр хүн орсон юм уу гэж асуухаар нь шөнө 12 цаг өнгөрч байхад гаднаас 2 залуу 3-н эмэгтэй хүн буудлын 4-н номерийн өрөөг хоногоор аваад хонохгүй шөнө цуваад гарч явсан гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр намайг загнаж танай буудалд хоноод бид хоёрын самсунг J7, Iphоnе s5 маркын гар утаснууд болон куртикны халаасанд байсан бэлэн 50,000 төгрөг алдсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

-Гэрч Б.Цээнээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад алынхаа газрын Хажидмаатай Цацал бааранд бид хоёр орж юм ярьж суунгаа жаахан пиво уусан юм. Тэгээд бааранд сууж байгаад 24 цаг болж байхад баар хаахад баарнаас гараад баарны үүдэнд зогсож байхад бааранд сууж байгаад гарсан хоёр залуу хоёр эгч хаа хүрэх гэж байгаа юм, архи уух юм уу гэж асуухаар нь байгаа юм уу гэж асуухад байна та хоёр машинд суучих гэж хэлэхээр нь тэр хоёр залуугийн авсан таксинд суугаад 2-23-р байрны хажууд байрлах хүнсний дэлгүүрийг хаахаас өмнө очиж нэг шил архи аваад гарч ирэхдээ нөгөө хоёр залуу нэг хүүхэн дагуулж ирсэн юм. Тэгээд явсан такситайгаа Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит буудалд хүргүүлээд нөгөө хоёр залуу буудал руу түрүүлж ороод нэг өрөө аваад Хажидмаа болон нөгөө хоёр залуугийн дагуулж ирсэн хүүхэнтэй бид гурав буудалд араас нь ороод буудлын 04-н номерийн өрөөнд орсон юм. Тэгээд өрөөнд ороод нөгөө хоёр залуу авсан архиа задлаад бид хэд юм ярьж сууж байгаад архиа ууж байхад бид хоёртой танилцсан залуугийн туранхай бор царайтай залуу гаднаас дагуулж орж ирсэн хүүхэнтэй байн байн буудлын өрөөнөөс гарч ороод байсан. Тэгсэн нөгөө нэг махлаг бүдүүн залуу нь гар утсаар хүнтэй яриад буудлын өрөөнөөс гарч ороод байхаар нь бид хоёр авсан архийг нь аягалж өгөөд дуусгаад буудлаас Хажидмаагийн хамт гарсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Гэрч Н.Хажидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажпаа тараад хамт ажилдаг Цээнээгийн хамт 22 цаг болох гэж байхад Цацал бааранд орсон юм. Тэгээд Цээнээ бид хоёр 4 шил пиво аваад юм ярьж байгаад хувааж ууж дуусаад баар хаахад баарнаас гараад баарны үүдэнд зогсож байтал бааранд бид хоёрын хажуу талд сууж байсан хоёр залуу баараны үүдэнд зогсож байсанаа хоёр эгч хаа хүрэх гэж байгаан  архи уух юм уу гэж асуухаар нь Цээнээ бид хоёр тэгье гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хоёр залуу такси аваад бид дөрөв 2-23-р байрны гадаа байрлах дэлгүүрийн хажууд такситайгаа зогсоод нөгөө хоёр залуу таксинаас буугаад бид хоёр дэлгүүр ороод архи аваад ирэе гэж явсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа нөгөө хоёр залуу архи авсан нэг эмэгтэй дагуулж машинд орж ирсэн юм.Тэгээд бид хэд авсан архиа уух гэж буудал хайж байгаад бараан захын тэнд байрлах Ачит буудлын гадаа зогсоод нөгөө хоёр залуу машинаасаа буугаад буудалруу ороод өрөө авахаар нь Цээнээ болон нөгөө хоёр залуугийн дагуулж ирсэн хүүхэнтэй цуг Ачит буудлын 04 номерийн өрөөнд ороод авсан архиа хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад Цээнээ бид хоёр Цээнээгийн гэрт 01 цаг өнгөрч байхад очиж унтсан юм. ...Тухайн үед бид хэдийг архиа ууж байхад туранхай шөвгөр бор царайтай залуу нь дагуулж ирсэн хүүхэнтэй буудлын өрөөнөөс гарч ороод нэг хэсэг хугацаанд алга болоод буцаж орж ирээд байн байн орж гараад байсан юм. Харин махлагдуу шар залуу хүнтэй утсаар яриад буудлын өрөөнөөс гарч ороод 00-ийн өрөө ороод тамхи татаад байсан юм гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

-Гэрч Ү.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сайн санахгүй байна 2017 оны цагаан сараас өмнө байх гэж санагдаж байна миний зүс таних Булган аймагт байдаг нэг залуу самсунг J7 маркын гар утас надаас авах уу гэж асуугаад би энэ гар утсыг хүнээс өрөндөө авсан юм гэж хэлээд чи энэ гар утсыг худалдаж аваач гээд надаас гуйгаад байсан юм.Тухайн үед надад ярихдаа хүнээс өрөндөө авсан болохоор би кодыг нь мэдэхгүй 270.000 төгрөгөөр худалдаж авчаач Булган аймагт байгаа гэр лүүгээ явах гэсэн чинь машин бензингүй болчихлоо гээд цагаан өнгийн суудлын жижиг тэрэгтэй ирсэн юм. Тэгэхээр нь би тухайн үед 270.000 төгрөгөөр авч чадахгүй би наад самсунг J7 маркын гар утсыг чинь кодыг нь гаргуулах гэж хүнд хөлс төлж гаргуулна 230.000 төгрөгөөр авъя гэсэн чинь ядаж 240.000 төгрөгөөр худалдаж аваач гэж гуйгаад байхаар нь би 240.000 төгрөгөөр авсан юм. Надад тухайн гар утас зарах ганцхан самсунг J7 маркын гар утас зарсан юм. Iphone 5s маркын гар утас надад зарна гэж яриагүй. Би тухайн үед худалдаж авсан самсунг J7 маркын гар утсаа хүнд зарж борлуулсан. Одоо зарсан хүнээ таньж мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

-Гэрч Я.Зоригтбааатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад Амартүвшин над руу яриад Булган аймгаас ирсэн байна гээд намайг дуудаад байхаар Цацал бааран дээр хүрээд ир гэхээр нь би очсон юм. Тэгээд Амартүвшин бид хоёр Цацал төвийн бааранд сууж байгаад баар хаах цаг болохоор нь баарнаас бид хоёр гараад баарны үүдэн дээр зогсож байхад Амартүвшин бааранд сууж байсан хоёр эгчтэй баарны үүдэнд юм ярилцаж байгаад бид дөрөв хамт яваад 2-р микрийн дэлгүүр орж нэг шил архи аваад гарч явахад Амартүвшин нэг эмэгтэй хүнтэй уулзаад тэр эмэгтэй хүнээ дагуулаад Богд голын хажуу талд байрлах Ачит нэртэй буудалд тавуулаа ороод Амартүвшин буудлын тооцоо хийсэн юм. Ингээд авсан архиа буудлын өрөөнд ороод ууж байхад Амартүвшин хамт ирсэн нэг эмэгтэй хүнтэйгээ юм яриад буудлын 00-ийн өрөөнд байн байн ороод байсан юм. Тэгээд бид хэд авсан архиа ууж дуусаж байхад Амартүвшин буудлын өрөөнд байхгүй болохоор нь би араас гарахад Амартүвшин нөгөө эмэгтэй хүнтэйгээ буудлын гадаа зам дээр зогсож байхаар нь би шууд 4-7-р байр луу гэр лүүгээ яваад гэртээ хариад унтаад өгсөн юм. Цацал баарнаас буудалд хамт ирсэн хоёр эгч хоёулаа бас Амартүвшингийн араас гараад явсан юм гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх 15 ху/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/

-Б.Амартүвшинг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 39-47 ху/

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 55-56ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Амартүвшин нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ачит зочид буудлаас иргэн Т.Урангялбаа, Б.Бат-Эрдэнэ нарын Samsung J7, Iphone 5s, маркын гар утаснууд болон 50.000 төгрөгийг хулгай хийж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн хохирогч Т.Урангялбаагийн “2017 оны 02 дугаар сарын 16-нд Ачит буудалд байж байхад эд зүйл алга болсон. Миний халаасанд байсан J7 гар утас алга болсон байсан” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Ингээд өглөө босоод хувцасаа өмсөөд буудлын өрөөнөөс гарах гэсэн чинь Урангялбаа миний гар утас байхгүй байна гэж хэлэхээр бид хоёр өрөөнд хайхад Уранялбаагийн халаасанд байсан ээмэг бөгж, виза карт буудлын өрөөний шалан дээр хэвтэж байхаар нь би өөрийнхөө өмсөж явсан хувцасны халаасанд өөрийнхөө гар утасыг үзэхэд миний гар утас болон машины чиптэй түлхүүр, малгай байхгүй байсан” /хх 13 ху/ гэсэн мэдүүлгүүд, гэрч Г.Дулмаа /хх 22 ху/, Б.Цээнээ /хх 24 ху/, Н.Хажидмаа /хх 26 ху/, Ү.Золжаргал /хх 28 ху/, Я.Зоригтбаатар /хх 29 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн тул шүүгдэгч Б.Амартүвшинд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Амартүвшин нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Урангялбаад 700.000 төгрөгийн, хохирогч Б.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цогтбилгүүн овогт Баасансүрэнгийн Амартүвшинг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Б.Амартүвшин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амартүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.Амартүвшингээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1-03 тоотод оршин суух РД:/ФЖ80101325/ Т.Урангялбаад 700.000 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-101 тоотод оршин суух РД: /ГЖ70012331/ Б.Бат-Эрдэнэд 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА