Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2022/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ү” ХХК-нийн

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ү " ХХК-ны Ховд аймгийн ... сумын ...нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн .... сумын ... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Ү ” ХХК-нийн захирал Ж.М нь Ховд аймгийн .... сумын ... нэртэй 95.8 га талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрга”-ны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ховд аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас “Ү.” ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөө илэрхийлсэн тул тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  2. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар албан бичгээр “Ү” ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан тул Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн ... сумын “Ухаа толгой" нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид тус тус даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч “Ү ” ХХК-нийн захирал Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ү ” ХХК-ны Ховд аймгийн ...сумын  ... нэртэй газарт 95.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрганы” ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн ...сумын ...нэртэй газарт 95.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай “дайрганы” ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

" ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар Ховд аймгийн ...сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрөх хүсэлтийг Ховд аймгийн Засаг даргад гаргасны дагуу Ховд аймгийн Засаг дарга 2015 оны 03 сарын 05-ны өдөр хайгуулын 2015621X дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг батлан холбогдох албан тушаалтан буюу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан байцаагч, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуун, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Баасанхүү нараар батлуулан 2015, 2016, 2017, 2018 онуудад төлөвлөгөөнд дурьдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрын төлбөрийн хураамжийг 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад Ховд аймгийн Төрийн сангийн дансанд төлсөн бөгөөд 2016, 2017, 2018 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан ажилласан.

Гэвч Ховд аймгийн Засаг даргаас 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар хүсэлт шийдвэрлэсэн тухай захиргааны актаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү захиргааны актыг гаргахдаа Захиргааны байгууллага буюу аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимыг баримтлаагүйн дээр мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар манай компаний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргахдаа манай компаний буюу оролцогчийг сонсоогүй, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй манай компаний эрхийг зөрчсөн.

 Ховд аймгийн засаг даргын хариу тайлбарт ... Аймгийн ЗДТГ-н тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан баримт бичгүүдийн бүрдлийг бүрэн ирүүлсэн эсэхийг нягтлан шалгах, мөн тухайн хайгуулын талбайг харьяалах сумын удирдлагаас шаардлагатай мэдээлэл, тайлбар авч хуулийн дагуу шийдвэр гаргах болно... гэжээ.

Компаний зүгээс дээрх хуулийн 16.1-д заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргасан бөгөөд энэхүү үйлдэлд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 20 дугаар “Хариуцагчийн зѳвшѳѳрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хугацааны асуудлыг эцэслэн шийдвэрлэж, энэхүү шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн ... сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны акт гаргахыг даалгахыг хүсэж байгаа болно.

Ховд аймгийн ...сумын Засаг дарга 2022 оны 01 сарын 31-ны өдрийн 01/26 дугаар албан бичгээр манай компанийг .... тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, "*******" ХХК нь хайрга, дайрганы байнгын үйл ажиллагаа явуулж сумын хэрэгцээг бүрэн хангадаг тул “Ү " ХХК-ны ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг дэмжихгүй байна гэсэн албан бичгийг үндэслэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д  ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацааг сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ... гэжээ. Манай компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан... Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно гэсэн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана гэжээ.

"Ү" ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23,24 дүгээр зүйлд зааснаар 2015-2019 оны газрын төлбөрөө Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд төлж байсан нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 5/2082 дугаар албан бичгээр нотлогддог тул хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад сунгахаас татгалзсанд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 12 сарын 16-ны өдөр товлон зарласан, компаний зүгээс товлосон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул нотлох баримт болон нэхэмжлэлд дурьдсан болон энэхүү тайлбарт үндэслэн, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Э.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь ...сумын нутаг .... нэртэй газарт 95.8 га талбайтай газарт түгээмэл тархацтай дайрганы ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан ба 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан баримт бичгүүдийн бүрдлийг бүрэн ирүүлсэн эсэхийг шалган нягтлах, мөн тухайн хайгуулын талбайг харьяалах сумын удирдлагаас шаардлагатай мэдээлэл, тайлбар авч хуулийн дагуу шийдвэр гаргах болно. Тайлбар, мэдээлэл болон бусад холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд нэмэлт тайлбар гарган оролцох болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ү” ХХК-нийн захирал Ж.М нь “Ү" ХХК-ны Ховд аймгийн ...сумын ... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн ....сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана...” гэж зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харъяаллын хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ.

2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан хариу авснаас хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

3. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”, мөн хуулийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

4. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ховд аймгийн ...сумын Засаг дарга 2022 оны 01 сарын 31-ны өдрийн 01/26 дугаар албан бичгээр “..."*******" ХХК нь хайрга, дайрганы байнгын үйл ажиллагаа явуулж сумын хэрэгцээг бүрэн хангадаг тул “Ү " ХХК-ны ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг дэмжихгүй байна...” гэсэн албан бичгийг үндэслэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэлгүй, ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацааг сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ... гэж заасныг зөрчөөгүй, манай компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасанТүгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно гэсэн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан “ Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23,24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана гэж заасныг зөрчөөгүй, ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд зааснаар 2015-2019 оны газрын төлбөрөө Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн дансанд төлж байсан нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 5/2082 дугаар албан бичгээр нотлогддог тул хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад сунгахаас татгалзсанд гомдолтой байна...” гэж,

6.Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Э.Б : “Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан баримт бичгүүдийн бүрдлийг бүрэн ирүүлсэн эсэхийг шалган нягтлах, мөн тухайн хайгуулын талбайг харьяалах сумын удирдлагаас шаардлагатай мэдээлэл, тайлбар авч хуулийн дагуу шийдвэр гаргах болно гэж тус тус тайлбарлан маргажээ.

7. “Ү ” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/62 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Ховд аймгийн ...сумын ... нэртэй газарт байрлах 95.8 гектар талбайд түгээмэл тархацтай "Дайрганы" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна.

8. Улмаар тус тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан хэдий ч Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1356 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан хариу өгчээ.

9. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар албан тоот бичигт “... Танай компаниас гаргасан Ховд аймгийн .сумын ... нэртэй газарт байрлах 95.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "Дайрганы" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээр  ... сумын Засаг даргад албан тоот хүргүүлэн холбогдох байгууллагаас санал ирүүлэхийг хүссэн ба тус сумын Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/26 албан тоотоор "хайгуулын үйл ажиллагааг дэмжихгүй" гэсэн санал ирүүлсэн байдаг. Энэ тухай шүүхийн шатанд тус албан бичгийг баримтаар гаргаж өгсөн. Дээрх талбай байрлах сумын Захиргааны байгууллагаас татгалзсан хариу ирүүлсэн тул танай компаниас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье...” гэж хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэр гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасантай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

10.1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно” гэж, 6.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна” 22 дугаар зүйлийн 22.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

10.2 Нэхэмжлэгч “Ү ” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан шаардлагыг хангасан болох нь тус шүүхэд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1363 дугаар албан тоотын хавсралтаар ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 000042044 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан шаардлагыг хангасан буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/2082 албан бичгээр нотлогдож байхад хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ү ” ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

10.3 Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас “Ү ” ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлээ “... тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээр .... сумын Засаг даргад албан тоот хүргүүлэн холбогдох байгууллагаас санал ирүүлэхийг хүссэн ба тус сумын Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/26 албан тоотоор "хайгуулын үйл ажиллагааг дэмжихгүй" гэсэн санал ирүүлсэн” гэж тайлбарлажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах сумын Засаг даргын саналыг үндэслэх талаар заагаагүй байхад нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Мөн Ховд аймгийн Засаг даргаас “Ү” ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлийн талаар хэрэгт гэрч М.Б  “... Энэ асуудал сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал биш, аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Би яг сайн санахгүй байна, аймгийн Засаг дарга, тамгын газраас үүнтэй холбоотой бичиг ирээд хариу болгож уг албан бичгийг явуулж байсан шиг санаж байна. Манай суманд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК гэх компани бий. Энэ компани манай сумын хайрга, дайрганы хэрэгцээг хангадаг учраас бид дахин хайрга дайрганы хайгуулын тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэж "Ү " ХХК-ны дайрганы хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг дэмжихээс татгалзаж 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/26 дугаар албан бичгээр хариу өгч аймгийн Засаг дарга, тамгын газарт хүргүүлсэн”, гэрч Ө.Х  “... дайрганы тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Уг хуульд зааснаар сумын Засаг даргаас санал авах шаардлага байхгүй. Тусгай зөвшөөлийн хугацаа сунгах эсэх нь аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Ямар учраас манай сумын Засаг дарга дээрх албан бичиг гаргаж явуулсныг мэдэхгүй байна”, гэрч Х.Б “... “Ү  ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ манайд ирүүлсэн. Энэхүү хүсэлтийг хүлээж авсны дараа холбогдох материалыг судалж үзэхэд ...сумын Засаг дарга нь тус компаны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нь баталчихсан байсан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгахад татгалзах зүйлгүй байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд Ү " ХХК-ны Ховд аймгийн ...сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай  нийцээгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

11. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ү ” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ү " ХХК-ны Ховд аймгийн .... сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 1/1356 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож “Ү " ХХК-ны Ховд аймгийн .... сумын .... нэртэй газарт 95,8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай "дайрагны" ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.СОНИНБОЛОР