2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1532

 

   

                                                           

 

 

 

   

   2025       06         05                                     2025/ШЦТ/1532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Д,

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “***”-ийн харуулын байрны гадна хохирогч Ц.Г-ийг цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Д.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *дүүргийн ******дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “*”-ийн харуулын байрны гадна хохирогч Ц.Г-ийг цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  иргэн Ц.Г цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыгхүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Нөгөө ээлжийн харуул Д-д захирал “Хогийн савны дүүрсэн хогийг түр гэж байна, цаашаа явахгүй байхад хэрэв явахаар бол жаахан түлхчих” гэж хэлсэн чинь “Чи түлхчихээд буу, тэгэхгүй бол би ажлаа авахгүй” гэж хэлэхэд нь “Бид нар боломжоороо хэн нь ч хамаагүй түлхчихдэг, чи дандаа битгий өө хайж бай” гээд хэлэхэд харуулын байр руу орж гарч ирээд намайг үгийн зөрүүгүй заамдаж аваад толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод өөртэйгөө ойролцоо байсан хогийн шүүрийг авч “Энийг алчихъя” гэж хэлээд миний мөр хэсэг рүү хальт цохиж авахад нь түүний нэрийг мэдэхгүй эхнэр нь болох эмэгтэй салгаж болиулахад зүтгэж ирээд дайрахад нь хойшоо ухарч суухад дээрээс гараараа 1 удаа нударч цохиод хөл хэсэг рүү хальт өшиглөж авахад нь менежер эмэгтэй салгаж болиулаад намайг дагуулж дэлгүүрээс сүү авч өгөөд явуулсан..." гэх /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *дугаартай “...Ц.Г-ийн биед тархи доргилт зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” худалдааны төвийн харуулын ажлыг нөгөө ээлжийн харуул болох Г-өөс хүлээж авахдаа “Хийх ёстой ажлаа хийчихээд хүлээлгээд өгчих” гэж хэлэхэд өөдөөс “Хуц” гэж хэлснээс нь үүдэн маргалдахад Г эхэлж миний толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь зөрүүлж Г-ийн шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж авахад “Орой чамайг хоёр хүүгээрээ зодуулна” гэж хэлээд яваад өгсөн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

            Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болох эрүүл мэнд, өндөр нас, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар: 

Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Очир овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас  шүүгдэгчийг чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.АРИУНБОЛД