| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г-ын М-д холбогдох эрүүгийн 2538000000181 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овгийн Г-ын М , 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, .................... сум, ....................-т багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Байц” гэх газрын ойгоос 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байшин барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглаж 5,933 м3 мод бэлтгэж, байгаль экологид 1,801,134 төгрөгийн шууд хохирол, 5,403,402 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Г.М нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Байц” гэх газрын ойгоос 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байшин барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглаж 5,933 м3 мод бэлтгэж, байгаль экологид 1,801,134 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-15-р хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол (хх-ийн 22-24-р хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 25-26-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 27-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-30-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 31-р хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас), гэрч Н.Э-ын мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас), гэрч Х.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас), Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 56-58-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Г.Бямбасүрэнгийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт (хх-ийн 61-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-925- 12176 дугаартай дүгнэлт (хх-ийн 68-73-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 193 дугаартай “Эвлэрлийн гэрээ” (хх-ийн 99108-109-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 47-50 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг болно.
Шүүгдэгч Г.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,801,134 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 5,403,402 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцжээ.
Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчтэй 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “учруулсан хохирол болох 5,403,402 төгрөгийг төлж дуусгахаар” харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, хэрэгт гаргаж өгсөн (хх-ийн 108-р хуудас) бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн 5,403,402 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас 5,403,402 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэргийн тухайд 5,933 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 31 ширхэг хуурай мод нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д, харин 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Портер маркийн 25-51УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хүрэн өнгийн маниултай, хар өнгийн бариултай, ouligong гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан.
Иймээс прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн 25-51УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байх тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Г.М-аас тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 5,993 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 31 ширхэг хуурай мод болоод эд мөрийн баримтаар хураагдсан 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хүрэн өнгийн маниултай, хар өнгийн бариултай, ouligong гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэргийг тус тус орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овгийн Г-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-ын М-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Портер маркийн 25-51УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Г.М-аас тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулах, мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 5,993 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 31 ширхэг хуурай мод, эд мөрийн баримтаар хураагдсан 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хүрэн өнгийн маниултай, хар өнгийн бариултай, ouligong гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй, цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.М-аас байгаль экологид учруулсан хохирол болох 5,403,402 (таван сая дөрвөн зуун гурван мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ