| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538000000182 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овгийн Д-ийн Б ,1976 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .............. сумын .............. дүгээр багт тоотод оршин суух хаягтай, урьд 1993 онд Хөвсгөл аймаг дахь 3-р хэсгийн ардын шүүхийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2000 төгрөгөөр торгох ялаар, 1996 онд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ......................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Бага шивдэг” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб, хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод бэлтгэж 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан ес) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
1.1.Шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2538000000182 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-13-р хуудас),
Модонд үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчин санал (хх-ийн 14-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 15-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 19-22-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Х.Ичинноровийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас),
Гэрч А.Р-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт (хх-ийн10-42-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),
Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-925-12188 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-59-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60-р хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 70-р хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 71-р хуудас), /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2538000000182 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
2.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлтийн талаар.
2.1.Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Бага шивдэг” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб, хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан ес) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Ичинноровийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...өмнө онд бол надаас Д.Б гэх хүн мод бэлтгэх эрхийг бичиг бичүүлж авч байсан. 2025 онд бол Д.Б гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авч байсан зүйл байхгүй. ...байгаль экологид учирсан хохирлыг нөхөр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас),
Гэрч А.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Б манайд ачааны Бонго маркийн машинаар малын өвс буулгасан. Аяга цай уух зуураа танай урд талын уулнаас, түлээний мод бэлтгэж авч явна гэж ярьсан. Чи цуг мод хийгээд өгөөч гэж гуйсан. Би тухайн үед хонь эргүүлэх хүнгүй ганцаараа байсан тул үгүй гэж хэлсэн. Б ганцаараа гэрийн урд талын мод руу машинаа бариад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа урд уулын модонд цахилгаан хөрөө дуугарж байгаа сонсогдсон. Би хонь руугаа морио унаад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-13-р хуудас),
Модонд үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчин санал (хх-ийн 14-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 15-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 19-22-р хуудас),
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №07 дугаартай “ иргэн Д.Б-ийн бэлтгэсэн мод нь 1,8 м.куб хэмжээтэй түлээний хуурай хуучин модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 303,579 төгрөг..." гэх дүгнэлт (хх-ийн 40-42-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №24 дугаартай “Д.Б ийн бэлтгэсэн хуурай шинэс модны экологи- эдийн засгийн үнэлгээ 910.737 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),
Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-925-12188 дугаартай “БНГУ-д үйлдвэрлэсэн Шдилл нэртэй бензин хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 50.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хх-ийн 56-59-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
2.2.Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Б нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Б ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Тодруулбал шүүгдэгч Д.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Бага шивдэг” гэх газраас 1.8 метр куб, хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 303,579 (гурван зуун гурван мянга таван зуун далан ес) төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхитэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх шинжгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Д.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсонг тэмдэглэв.
Мөн гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч Д.Б ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 303,579 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 910,737 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн 910,737 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 910,737 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ“...Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэргийн хохиролд 910,737 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан БНГУлсад үйлдвэрлэсэн, 50,000 төгрөгийн үнэ бүхий, их бие хар өнгөтэй, хар өнгийн маниулын татуурга бүхий бензин хөрөөг хурааж улсын орлого болгох саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Мөн Д.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал тогтоогдсон.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж “Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, техник хэрэгсэл...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах” гэж тус тус хуульчилсан.
Хэргийн тухайд 1,8 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай мод нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”, харин эд мөрийн баримтаар хураагдсан БНГУлсад үйлдвэрлэсэн, 50,000 төгрөгийн үнэ бүхий, их бие хар өнгөтэй, хар өнгийн маниулын татуурга бүхий бензин хөрөөг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тооцогдохоор байна.
Иймээс хэрэгт битүүмжлэгдсэн 1,8 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай мод болоод эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэ бүхий, БНГУлсад үйлдвэрлэсэн, их бие хар өнгөтэй, хар өнгийн маниулын татуурга бүхий бензин хөрөөг зэргийг орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” тэмдэглэв.
Хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-ийн Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ээс байгаль экологид учруулсан хохирол 910,737 (есөн зуун арван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 1.8 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод болон эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэ бүхий, БНГУлсад үйлдвэрлэсэн, их бие хар өнгөтэй, хар өнгийн маниулын татуурга бүхий бензин хөрөө зэргийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ