| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/03323/И |
| Дугаар | 101/ШШ2022/03312 |
| Огноо | 2022-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/03312
2022 07 22 101/ШШ2022/03312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Т.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, А.Т-т холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Хариуцагч А.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч А.Т-тай 2018 онд танилцаж дотноссон, тэдний дундаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Т.Ж төрсөн.
Т.Э, А.Т нар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.Э-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот хаягт байрлах, Үл хөдлөхийн 0 бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 47,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний үнэ болох 47,000,000 төгрөгөөс Т.Э нь 28,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны 0 тоот данснаас 2020.08.28-ны өдөр, Худалдаа хөгжлийн банкны 0 тоот данснаас 12,900,000 төгрөгийг мөн өдөр худалдагч талд шилжүүлсэн. Харин А.Т нь байрны үлдэгдэл үнээс 6,100,000 төгрөгийг төлсөн.
Ингээд бид уг байрны хамтран өмчлөгчөөр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан.
Байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үед А.Т-тай цаашдаа хамтран амьдарч гэр бүл болно гэсэн итгэл найдвартай байсан. Гэвч хариуцагч А.Т 2021 онд биднийг орхиж явсан, бидний хүүхэд Т.Ж-г тэжээн тэтгэх үүргээ биелүүлэлгүй өдий хүрч байна. Одоо энэ байранд охин бид хоёр амьдарч байна.
Хариуцагч А.Т нь 2018 онд ГБ-аас зээл авч улмаар 13,403,701 төгрөгийн өр төлбөрт орсон байх ба шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх гэзраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч миний байрыг хамтран өмчлөгч А.Т-ын өр төлбөрт битүүмжлэн дуудлага худалдаанд оруулахаар болоод байна.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 87 хувийг нэхэмжлэгч миний бие төлсөн бөгөөд А.Т-ыг гэр бүлээ орхиж явснаас хойш жил гаруй хугацаанд Т.Э миний бие охиноо ганцаар тэжээн тэтгэх үүргээ биелүүлэн, охиноо асран халамжилж, ажиллаж байгаа бөгөөд нойр хоолгүй зүтгэж байна. Гэтэл хүүхдээ ч тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй, биднийг орхиж явсан хариуцагчийн өмнөөс өөрийн хүч хөдөлмөрөөр олж авсан үл хөдлөх хөрөнгөөр хариуцлага хүлээх болж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.
Мөн миний хувьд ГБ-аас зээл авсан талаар мэдэхгүй бөгөөд энэ зээлийн талаар Шийдвэр гүйцэтгэгчээс манай байрыг битүүмжлэх гэж ирэх үед анх удаа сонссон ба энэ зээл нь биднийг танилцахаас өмнө авсан зээл байх ба энэ зээлийг тэрээр яаж захиран зарцуулсныг мэдэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3-т заасны дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот хаягт байрлах, Үл хөдлөхийн 0 бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Т.Э-г тогтоож өгнө үү.
Харин хариуцагч А.Т-аас байрны үнэнд төлсөн 6,100,000 төгрөгийг түүнд буцаагаад өгөх боломжтой гэв.
Хариуцагч А.Т шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Т.Э-тэй 2019 оны 02 сараас хойш хамт амьдарч, 2019 оны 06 сараас хойш бид байр түрээслэн амьдарсан. Ингэхдээ байрны түрээс сарын 450,000 төгрөг, төлбөрийг 6 сараар авна гээд би байрны төлбөрт 2,700,000 төгрөгийг кредит картнаасаа төлөөд энэ байрандаа 1 жил амьдарсан. Үүнээс хойш 1 жилийн дараа Т.Э-тэй хамт ажилладаг дүүгийнх нь хуриманд хамтдаа очицгоосон.
Тухайн үед Баян-Өлгий аймаг руу явах автомашины шатахуун, хоол хүнсний зардлыг би өөрөө хариуцсан. Энэ үед ГБ-ны 5,000,000 төгрөгийн кредит карттай байсан бөгөөд Баян-Өлгий яваад дуусгасан.
Ингээд ГБ-аас 14,000,000 төгрөгийн зээл аваад Т.Э-тэй танилцахаасаа өмнөх эхнэрийн хамт 14,000,000 төгрөгөөр машин худалдаж авсны 7,000,000 төгрөгийг энэ зээлнээсээ өгсөн. Үлдсэн мөнгийг нь хамаатнуудаараа нийлээд бизнес хийхэд зарцуулж 5,000,000 төгрөгөөр багаж авсан. Тэгээд бизнес маань гайгүй байсан ч короно гараад бүтэлгүйтсэн. Мөн би ГБ-аас зээл аваад удаагүй байхдаа ажлаасаа халагдсан тул зээлээ төлж чадахгүй болсон.
Маргаан бүхий байрыг 2020 оны 08 сард 47,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн бөгөөд уг байрны өмчлөгчөөр тогтоолгох Т.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.
Байрны төлбөрт өгсөн 6,100,000 төгрөгийг буцааж өгнө гэж байгаа боловч би энэ мөнгийг буцааж авахгүй. Т.Э өөрөө салъя гэхээр нь салж явсан болохоос би охиноо орхиж яваагүй юм. Уг нь ажилд ороогүй байхдаа 7 хоногийн 2 өдөрт нь охиноо хардаг байсан. Энэ байрны төлбөрт манай эгч 10,000,000 төгрөг өгснөөс 6,100,000 төгрөгийг байранд, үлдснийг нь гэрээ тохижуулахад зарцуулсан. Энэ мөнгийг би өөрөөсөө гаргаагүй миний ээжийн дүү нэхэмжлэгч рүү шилжүүлсэн юм.
Иймд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс татгалзаж байна, өмчлөгчөөр Г.Э-г тогтоолгоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрч байна.
Хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулах гэтэл уг байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул шилжих хөдөлгөөнийг хаасан учир Т.Э-д шилжих боломжгүй болчихсон байгаа юм гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №22260230 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, Т.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот харилцах дансны хуулга, Хас банкны 0 тоот дансны хуулга, А.С-д олгосон итгэмжлэл, Ц.Э-ын нэр дээр 2015.03.17-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000370876 тоот гэрчилгээ /хх-ийн 4-10/,
Хариуцагчаас: А.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 17/ зэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2021/12874 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бүхий л баримтууд, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот орон сууцны бүртгэлтэй холбоотой бүхий л баримтыг /хх-ийн 36-98/ шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч А.Т-т холбогдуулан
Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч уг шаардлагыг зөвшөөрч маргахгүй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худалдагч Ц.Э, худалдан авагч Т.Э, А.Т нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагч нь 47,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 92-93/
Гэрээнд худалдан авагч нь 37,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн, дансаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн талаар дурдсан байна.
Уг гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дээрх орон сууцын өмчлөгчөөр Т.Э, А.Т нарыг өмчлөгчөөр бүртгэж, №0 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 94/
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2021/12874 дугаартай ”Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар:
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, өргөдөл гаргагч “ГБ” ХХК, эвлэрэлд уригдсан тал А.Т нар харилцан ярилцсаны үр дүнд, өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн 14,349,784.94 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 8,349,784.94 төгрөгийг тус тус бүрэн төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-ийн 40-42/
Дээрх шүүхийн шийдвэрийг А.Т нь сайн дураар биелүүлээгүй гэж үзсэн “ГБ” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/21415 дугаартай ”Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 101/ГХ2021/01675 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №22260230 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. /хх-ийн 37-44/
Энэхүү ажиллагааны явцад Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №0 тоот тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №0 тогтоолоор битүүмжилсэн үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 48-51, 95-97/
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.”,
мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т: “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.” гэж тус тус заажээ.
Зохигч талууд Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот орон сууцыг худалдан авахад Т.Э нь 40,900,000 төгрөгийг, А.Т нь 6,100,000 төгрөгийг тус тус төлсөн, уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах тухай нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариуцагч маргахгүй байна. /хх-ийн 7-8/
Иймд дээрх орон сууцны өмчлөгчөөр Т.Э-г тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4-т тус тус зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Э-г тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч А.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ