2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1448

 

 

 

 

 

 

 

 

2025       05          29                                    2025/ШЦТ/1448

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Ц-ын Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406017140522 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************** оршин суух, ял шийтгэлгүй,

******* овогт Ц-ын С /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СН” кино театрын ** дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “S” караокед Э.Штай маргалдаж улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406017140522 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32, 34-р хуудас/,

Гэрч Г.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36, 48-р хуудас/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41, 51-р хуудас/,

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3879 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-26-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Аззаяа: “... шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СН” кино театрын ** дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “S” караокед Э.Штай маргалдаж улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Э.Шгийн “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны 01 цагийн орчимд... найз Н эхнэр М-ын хамт тамхины өрөө рүү тамхи татахаар явсан. Хэсэг хугацааны дараа зөөгч нь ирээд танай найз чинь тамхины өрөөний дотор хэсэг залуучуудтай маргалдаж зодуулсан талаар хэлэх үед нь би гарч очоод тамхины өрөөнд ороод миний найзыг хэн зодсон бэ гэж хэлээд өөрөө зодуулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.З-ийн “... 2024 оны 03 дугаар сарын 17-ны 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********”-ын замын эсрэг талд байрлах “РС” тоглоомын газарт найз Б.М, Д, А, С, М, Б, Д нарын хамт уулзаж, Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо “СН” кино театрын 6 давхарт байрлах “S” нэртэй караоке, лоунжид орж хоол болон уух зүйл захиалсан... тэгээд хэсэг хугацааны дараа С хаалга татаж орж ирээд манай хэд зодолдоод байна гэсэн... тэгээд эхнээс нь салгаад явж байтал цаана нэг залууг С нь өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н-гийн “... 2024 оны 03 дугаар сарын 17-ны 21 цагийн орчимд... “СН” кино театрын 4 давхарт байрлах лоунжид найз Ш, А нарын хамт уулзаж 0,5 литрийн пиво тус бүр 2 шилийг ууж сууцгааж байгаад 23 цагийн орчимд 6 давхарт байрлах “S” караоке руу орж 0,75 литрийн цагаан архи хувааж уусан. Тэгээд хэсэг дуулж байгаад тамхины өрөө рүү тамхи татах гээд ганцаараа орж 30 орчим насны 3-4 залуучууд байхаар нь тамхи байна уу гэж асуухад нэг залуу нь 2 ширхэг тамхи өгсөн. Тэгээд тамхи татаад зогсож байхад цагаан цамц өмссөн 30 орчим насны залуу наадхаа аваад зайл гэж надад хэлээд хэрүүл маргаан үүссэн. Нэг мэдэхэд би тамхины өрөөний гадна гарч ирээд олон залуучуудтай маргалдаж байх үед найз Ш шалны дээр ухаан алдаад унасан  байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Д-ийн “... 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дүгээр хороонд байрлах СН-ийн ** дугаар давхарт байрладаг лоунжинд өөрийн найзууд М, С, З, А, Б бас нэг М, М нарын хамтаар цэргийн баяр тэмдэглэсэн... Би Сгийн хамтаар тамхины өрөөнд тамхи татахаар болоод тамхины өрөө лүү ороод тамхилж байтал тамхины өрөөнд 2 хүн орж ирсэн, орж ирээд бид ойр зуур юм яриад байж байтал тамхи надад өг бид нараас нэхээд тэгээд ярианы сэдэв нь цэрэгт явсан яваагүй гэдэг тал руу эргээд тэрнээс болоод би тухайн залуучуудтай маргалдаж эхэлсэн нэг намхан эрээн цамцтай залуутай барьцалдаад зууралдаад байж байх хооронд С гарч гүйгээд М-г дуудаад хүрээд ирсэн тэгээд биднийг ноцолдож байх үед надтай зууралдаж байсан залуу болон бид хамтадаа газарт уначихсан, тэгээд би нөгөө хүмүүстэй маргалдаад байж байтал тэр уначихсан байсан залуугийн нүүр хэсэгт С нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.М-ын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны 00 цагийн орчимд... Д, З, М, Д, А, С, Б нартай цэргийн баяр тэмдэглэсэн... би Д-ийг тамхины өрөөнөөс аваад гарах үед цаанаас дахин 1 залуу тамхины өрөө рүү гүйж ирээд орохоор нь Д сүүлд орсон залууг тамхины өрөөнөөс татаж гаргаж ирэх үед Дийн нүүрэнд 1 удаа цохиж барьцалдаж аваад манай найзууд болох С бид хоёр Дтой маргалдаж байсан залууг татах үед газарт унахаар нь би толгойны дагз хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн нь нэг эмэгтэй гүйж ирээд надаас зуураад байхаар нь би тухайн эмэгтэйг 1 удаа түлхэж газарт унагасан...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3879 дугаартай “Э.Шы биед зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

Эд зүйлд үзлэг хийсэн буюу “СН” нэртэй газрын 6 давхарт Э.Ш нь бусдад зодуулж буй үйл явдал нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 30 минутаас 02 цаг 31 минут 08 секунтын хооронд болсон болохыг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар:

 

Э.Ш, Г.З, Б.Н, А.Д, Ц.М, Ц.С нар “Цэргийн баяр” тэмдэглэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 21, 22 цагийн үедүүдэд өөрсдийн найз нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “S” нэртэй караокед тус тусдаа орж үйлчлүүлж, тэд тамхи татах өрөөнд тааралдан хамт тамхи татаж байхдаа маргаан үүсгэн маргалдаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг 30 минутаас 02 цаг 31 минут 08 секунтын хоорондох хугацаанд Ц.С нь хохирогч Э.Шгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ц.С нь хохирогч Э.Штай маргаан үүсгэн маргалдаж, нүүрэн тус газарт цохиж “зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлийн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Ц.Сгийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Э.Ш нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байх ба шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар дүгнэсэн зэрэг нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Ц.С учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Харин прокурорын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2406017140522 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай яллах дүгнэлтэд дээрх тогтоогдсон үйл баримтын талаарх цаг хугацааг буруу тодорхойлж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Тодруулбал, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд үйл явдал болоогүй харин 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн орчимд хэрэг учрал болсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

            Эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол болно.

 

            Гэтэл Ц.С нь 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн орчимд хохирогч Э.Шгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан цаг хугацаанаас 1 жил өнгөрсөн буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг шилжих шөнийн 02 цагийн орчимд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2406017140522 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоолыг үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Сд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “флаш”-ыг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар 3, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***** овогт Цо-ын Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Сд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ш нь хохирол нэхэмжлээгүй ба түүний Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,103,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “флаш”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР