2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1463

 

 

 

 

 

 

 

 

 

    2025      05         30                                    2025/ШЦТ/1463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогч Л.С , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,  

шүүгдэгч М.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С од холбогдох эрүүгийн 2406 00000 4064 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.С  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Л.С  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, Хохирогч Л.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9/, Гэрч О.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/, Шүүгдэгч М.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14336 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14366 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М  нарын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1511 дугаартай дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн С.Д, С.Г, С.Н, С.Д  нарын төрсний бүртгэлийн лавлагаа 4 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналтай нэг байна. Хохирогч шүүгдэгчид зодуулсны улмаас эмнэлэгт очсон байдаг. Шүүх эмнэлэг үзсний дараа хамрын таславч нь муруйлт үүссэн байна гэсэн байдаг. Шүүгдэгч ярьж байна. 4 хүүхэдтэй нь бидэнд хамаатай зүйл биш. Хохирогч мөн хүүхэдтэй. 4,500,000 төгрөгөөр хагалгаанд орох талаар хэлэхэд бидэнд хариу өгөөгүй. Энэ нь шууд гарах хохирол байх тул 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх дүгнэлтийг,   Хохирогч “Өмгөөлөгч адил байр суурьтай байна. гомдолтой байна. өөрийнхөө асуусан зүйлээ хэлээд гараад явдаг. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэх дүгнэлтийг,            

Шүүгдэгч “Тухайн өдөр шуурхай эмчилгээ авсан. Дүүтэй уулзаад эмнэлэг явсан. Би өөрийгөө зөвтгөсөн зүйл биш. Энэ хүн намайг бодоход машин янзалж зардаг. Дарханд дрифтийн холбооны том хүн. Би бас сайн ойлгохгүй байна. Энэ танхимд бид нар үнэн зөвөө хэлэх ёстой байх. Би үр хүүхдийнхээ талхны мөнгийг өгч чадахгүй. Намайг уучлаарай.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.С  нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..ийн ойролцоо хохирогч Л.С тай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

Хохирогч Л.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгөөд цэцэрлэгийн гадна талд эхнэрээ хүлээгээд зогсож байтал нэр усыг нь мэдэхгүй хоёр залуу өөдөөс тамхи татаад алхаад хүрч ирээд хүүхэд яагаад дарамтлаад байна гээд хэлэхээр нь би танай хүүхдийг дарамтлаагүй гээд хэлтэл миний цээж хэсэг рүү гараараа цохиж авахаар нь би “чи яагаад миний биед хүрээд байгаа юм бэ” гээд хэлтэл миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохиж авахаар нь би тэр залуугийн хоёр гараас нь барьж автал миний хамар руу мөргөж аваад миний өмсөж явсан куртик толгой дээгүүр давуулж татаад хажууд байсан тээврийн хэрэгслийн урд копудан дээр даж унагаасан юм. Тэгээд хажууд байсан залуу нь найзаа дэмжээд зодолд гээд хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч О.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд М.С  нэр усыг нь мэдэхгүй хүн дээр алхаж очоод цээжин дээр нь гараараа тогшиж байтал нөгөө залуу миний найз М.С ыг толгойгоороо мөргөх шиг болтол миний найз М.С  гараараа тэр залууг алгадаж авсны дараа миний найз тэр залуу хоёр заамдалцаж аваад байж байхаар нь би очиж салгахдаа эрчүүд байж ингэж болохгүй гэж хэлээд салгаад байж байтал тэр залуу машин руугаа очиж жолооч талын хаалга онгойлгож шар иштэй цаасны хутга аваад миний найз М.С  руу чиглээд явж байхад М.С  намайг бичлэг хийчих гэж хэлээд би гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд байж байтал цэцэрлэгийн хоёр багш гарч ирээд дараа нь цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Шүүгдэгч М.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би манай хүүхдийг хүүхдээрээ цохиулсан хүн болохыг таниад яваад тулж очоод “Би Дүүрэнсайханы аав байна. Чи адилхан аав хүн байж хүүхдээрээ хүүхэд цохиулж дээрэлхсэн байна” гэтэл Л.С  над руу “өчигдөр хоёулаа учраа олоогүй юм уу, учраа олсон гэж бодсон” гэхээр нь би цээж рүү нь хуруугаараа чичлээд бид заамдалцсан. Тэгээд Л.С  над руу мөргөх шиг болохоор нь би баруун гараараа Л.С ын эрүү тус газарт цохиод над руу дайраад ирэхээр нь өөрийнх нь куртикээр  толгойг нь давуулаад доош дарсан. О.А  цаанаас хүрч ирээд бид хоёрыг салгасан. Л.С  надаас салаад шууд машин руугаа явсан. Машинаасаа цаасны хутга гаргаж ирээд над руу цаасны хутгаараа зүсээд байсан. Тэгээд Л.С ын эхнэр цэцэрлэгийн багш нар гарч ирсэн. Тэгээд бид 2 салаад цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14336 дугаартай: “Л.С ын хамарт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, чихний дээд нугалаасанд зулгаралт, хүзүүний урд доод хэсэг, шилэн хүзүүний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр бусадтай тэмцэлдсэн үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хамрын цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэлд тус тусад нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтохгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14366 дугаартай: “М.С ын биед бүсэлхийд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М  нарын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1511 дугаартай: “Л.С ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын шинжтэй. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Хохирогчид тогтоосон зэрэглэл нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, нөлөөлөх бол үргэлжлэх цаг хугацааг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл болон хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх зэргээс хамаарна..” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч М.С ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Л.С ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч М.С  нь хохирогч Л.С ын эрүү тус газарт цохисон, куртикээр давуулж доошоо дарсан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсанхамарт цус хуралт, хамрын ясны хугарл, таславчийн мурийлт, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, чихний дээд нугалаасанд зулгаралт, хүзүүний урд доод хэсэг, шилэн хүзүүний зүүн дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохиржээ.

 

Иймд шүүгдэгч М.С ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд эмчилгээ, эм тарианы зардалд баримтаар 4,650,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгаа тус тус нэхэмжилсэн байна.

 

Шүүхээс хохирогч Л.С ын нотлох баримтын шаардлага хангасан эм, эмчилгээний зардал 150,000 төгрөгийг шүүгдэгч М.С оос гаргуулж, хохирогч Л.С т олгох нь зүйтэй гэж үзэв.  

   

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М  нарын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1511 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.С ын гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна гэжээ.

 

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,293,400 төгрөг, эмчилгээний зардалд шүүхийн шатанд баримтаар гаргаж өгсөн 150,000 төгрөг, нийт 3,443,400 төгрөгийг шүүгдэгч М.С оос гаргуулж хохирогч Л.С т олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Л.С  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.С оос жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,443,400 төгрөгийг хохирогч Л.С т бэлнээр төлсөн болох нь шүүхэд гаргаж өгсөн “хохирол төлсөн тухай”  баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч М.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд  саналтай байна..” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хохирол төлбөр төлсөн тул покурорын саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.С  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.С од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                 

Шүүгдэгч М.С од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.С  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч М.С од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.С од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Л.С  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.С оос жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО