Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/383

 

 

 

 

 2021               04            14                                        2021/ДШМ/383

                                       

С.Рд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

            шүүгдэгч С.Р,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2008032910109 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С-ын Р, Сэлэнгэ аймагт 1996 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ХМК үйлдвэрчний 000-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

С.Р нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч Г.Б-ийг “Гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ШТС-ын хажуугийн зогсоолд байрлуулсан “Toyota аqua” загварын 48-29 УАН улсын дугаартай автомашиных нь урд салхины шил, зүүн талыг хагалж, зүүн урд хаалгыг нь зурж 745,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.Рг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч С.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг гарсан нөхцөл байдлыг шат шатандаа шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийн жинхэнэ хохирогч хэн болохыг үнэн зөвөөр тогтоогоогүй байна. Учир нь, гэр бүлд маань эдийн засгийн болон сэтгэл санааны, цаашлаад амьдрал тэр чигтээ хохирч байхад анхаарч үзсэнгүй. Түүнчлэн, хэн гомдол гаргасан, гомдол гаргасан хүн хохирогч мөн үү.  Үүнийг зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хохирогч өөрөө дуудлага өгөөгүй, гомдол гаргаагүй, гэр бүлийн маргаан гэсээр байхад надаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль бус. Хэргийг дахин шалгаж, хэрэг мөн бишийг тогтоож өгнө үү. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Автомашин нь манай нөхөр бид хоёрын хамтын өмч мөн. Үүнийг гэрч Эрдэнэжаргал мэдүүлдэг. Байцаагч Мөнхжаргал нь камерын бичлэг шүүх нэрээр 2 удаа дуудаж, машиндаа суулгаад согтуурхан “Чи ч нөхөртэй, би ч эхнэртэй, чамайг нөхрөөс чинь салгаад өгье” гээд дарамтлаад байсан. Хүсэл зорилгод нь нийцэхгүй болохоор миний дүү бид хоёрын мэдүүлгийг худал бичиж, дарамталж байгаад зөвшөөрсөн гэж гарын үсэг зуруулсан. Энэ тухай прокурорт мэдэгдсэн ч авч хэлэлцээгүй. Үнэлгээг өөрсдийн танилаараа хийлгэсэн. Хуучин цуурсан байсныг харсан хэрнээ, хохиролд хамруулж үнэлгээг өндөр гаргуулж, өндөр төлбөр гаргасан. Үүний үр дүнд бодит хохирлыг би болон манай гэр бүл амслаа. Иймд хуулийг буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Ргийн үйлдсэн хэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч С.Рд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан боломжийг танилцуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх учир холбогдлыг тайлбарлаж өгсөн. Мөн шүүхээс ял оногдуулахдаа гэр бүлийн орлого, өөрийнх нь ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзсэн. Мөрдөгчтэй холбоотой асуудлыг тусад нь шалгуулах боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Рд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар С.Ргийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй байх тул шүүхээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Р нь гэр бүлийн маргааны улмаас хамтран амьдрагч Г.Б-ийн эзэмшилд байдаг “Toyota Aqua” загварын 48-29 УАН улсын дугаартай автомашины урд салхины шил, зүүн талын толийг хагалж, зүүн урд хаалгыг зурж гэмтээн бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийжээ.    

Харин шүүгдэгч С.Ргийн дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчилсан тул эд хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой. Хууль тогтоогч энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх, халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байхаар тодорхойлсноос үзвэл шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй ямар ч холбоогүй этгээд байх ёстой.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсэгт “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна” гэж заасан. Хэрэв шүүгдэгч өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа, эсхүл дундаа хэсгээр хамтран өмчилсөн эд хөрөнгөд халдан устгаж, гэмтээсэн бол гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг ...” гэсэн шинж үгүйсгэгдэж, гэм буруутайд тооцох боломжгүйг прокурор, шүүх анхаараагүй байна.

Toyota Aqua” загварын 48-29 УАН улсын дугаартай автомашины талаар гэрч Д.Э- “Г.Б- манай компанид олон жил тогтвортой, идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа тул 2020 онд “Toyota Aqua” загварын 48-29 УАН улсын дугаартай автомашиныг өгсөн юм” гэж /хх 22, 24/, хохирогч Г.Б- “... Манай компани намайг олон жил ажиллаж байгаа урамшуулал хэмээн уг автомашиныг өгсөн ...” /хх 19/ гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч С.Р, хохирогч Г.Б- нар 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа ба 2020 онд Г.Б-эд ажил олгогч нь автомашин бэлэглэсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Тэднийг Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцааны үндсэн дээр хамтран амьдарч байгаа гэж үзэх тул хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө болох автомашин нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран өмчлөх дундын өмч байна.

Шүүгдэгч С.Р нь гэр бүлийн маргааны улмаас хамтран өмчлөх дундын өмчдөө халдаж гэмтээсэн тул уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Рд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.Рд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН